Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/103

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч, хохирогч А.А, түүний өмгөөлөгч С.Г,

шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Г-ийн Б, Т. овогт А-ын А нарт холбогдох эрүүгийн 1817000150076 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.н овогт Г-ийн Б/РД:.........../, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 75 дугаар байрны .......... тоотод оршин суух, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид харуул хамгаалалтын ажилтан ажилтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

 

Шүүгдэгч Т. овогт А-ын А /РД:С......./, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1984 оны 02 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, “Андууд-3” дэлгүүрийн ........ оршин суух, “Д” ХХК-нд жолооч ажилтай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчим Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын 510/163 дахь километр шонгийн ойролцоо 08-87 ГСА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож  явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйл “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино” а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэж заасныг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан 19-52 УБҮ улсын дугаартай Хино Ренжер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Д, А.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Яллагдагч А.А нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчим Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын 510/163 дахь километр шонгийн ойролцоо 19-52 УБҮ улсын дугаартай Хино Ренжер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно” гэж заасныг зөрчиж зорчих хэсгийг чөлөөлж зогсоогүйгээс 08-87 ГСА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 08-87 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, 510/163 дахь километрийн шонгийн орчимд жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэснийг зөрчиж зам дээр зогсож байсан Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Д.Д, А.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч А.А нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар “Дэлгэрэхбилэг” ХХК-ний эзэмшлийн Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, 510/163 дахь километрийн шонгийн орчимд зогсоохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно” гэснийг зөрчиж Тоёота Приус маркийн 08-87 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж  Д.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр худалдааны төвийн гадаа байж байгаад 4 хүн аваад Чойр луу явсан. Самбар луу уруудаж байхад гэрэлгүй том тэрэг гарч ирээд тоормос гишгээд амжихгүй болохоор нь эсрэг урсгал руу дартал өөдөөс жийп машин ирж байхаар нь явж байгаа машинтай мөргөлдөөд яахав гэж бодоод зогсож байсан том тэрэг рүү дараад араас мөргөсөн. Намайг буугаад ирэхэд Ц эгч гар эвгүй болсон байна, өөр гэмтсэн зүйл байхгүй гэсэн. Тэгээд хүмүүсээ замын унаанд суулгаж өгөөд Чойр луу явсан. Гүйцэж түрүүлж байхдаа гэрэл тусаад өөдөөс машин ирж байгааг мэдсэн. Хурдаа хасаад тоормос гишгэсэн боловч амжаагүй. Том ачааны машин зам дээр зам чөлөөлөөгүй, аваарын дохиогоо асаагаагүй зогссон байсан. Ээж хохирогч нартай уулзаад эмнэлгээр цуг явж мөнгө өгсөн. Би сүүлд нь Ц-д 300 000 төгрөг өгсөн. 2014 онд Говьсүмбэр аймагт жолооны дамжаа төгссөн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улаанбаатар хотоос 16 цагийн үед ачаагаа ачиж дуусаад Чойр луу гарсан. Чойрын самбарын хажууд бууж бие засаад, уруудаад явж байтал өөдөөс тод гэрэлтэй машин гараад ирсэн. Тэр машины гэрэл тод байсан болохоор миний машины гэрэл бүүдийгээд юм харагдахгүй болсон. Тоормос гишгээд зогстол урдаас ирж байсан машин ирээд мөргөчихлөө гэж бодоод буутал, ард явж байсан машин мөргөчихсөн байсан. Миний машины хөдөлгүүр ажиллаж байсан. Хүмүүс нь гарч ирэхээр нь гайгүй юу гэж асуутал гайгүй гэсэн, би цагдаа дуудсан. Урдаас ирж байсан машин наашаа дохиод юм харагдахгүй болохоор нь замаа чөлөөлөлгүй зогссон. Тэр машинтай зөрөөд зогсоно гэж бодоод явж байгаад урдаас дохиод байхаар нь тоормос гишгээд зогсоход араас мөргөх нь таарсан. Би Хино Рэнжер маркийн 19-52 УБҮ дугаартай машин жолоодож явсан. Энэ машин нь манай компаний машин, байнга бараанд явдаг. Компаний машины хохиролд 600 000 төгрөг төлсөн. Би жолооны дамжаа төгссөн, В С ангиллын үнэмлэхтэй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.3. Хохирогч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ослын улмаас хүзүү, нуруугаар өвдөөд байсан. Одоо биеийн байдал зүгээр тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.4. Иргэний нэхэмжлэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Машины хохиролд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2 295 000 төгрөгийг шүүгдэгч А-аас нэхэмжилнэ. Миний унаж явсан машин нь миний өөрийн эзэмшлийн машин.“Сүмбэр алт” компанид 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн барьцаанд тавьсан. Тэр үед нэрээ уг компанийн нэр дээр шилжүүлсэн байсан. Дараа нь мөнгөө төлөөд авсан гэв.

 

1.5. Хохирогч Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...14 дүгээр зөрлөг өнгөрөөд замын уруу хэсэгт уруудаад явж байтал зам дээр бүхээгтэй ачааны машин зогсож байхаар нь жолооч тоормослоод зүүн гар тийшээгээ дарахад урдаас нь хурдтай машин гараад ирэнгүүт буцаж урд байсан ачааны машины зүүн хойд хэсэг рүү жолооч талаараа мөргөөд зогссон. Бид нар машинаасаа буугаад ачааны машины зүүн талд зогсож байсан намхан залуу дээр очоод чи чинь зам дээр зогсож байж аваараа татахгүй, ослын гурвалжингаа тавьдаггүй юм уу гэж хэлэхэд миний машин тоггүй болоод байна гэх утгатай хариу хэлсэн. Ц эгчийн гар нь өвдөөд байхаар нь зам дээр явж байсан унаа зогсоогоод Чойр луу явсан. Би тухайн ачааны автомашиныг зам дээр зогсож байна гэж харсан, ослын гурвалжин тавьсан зүйл байхгүй, аваарын гэрлээ асаагаагүй, бүхээгнийх нь дээд хэсэгт улаан өнгийн цацруулагч гэрэл л харагдаж байсан. Миний зорчиж явсан Приус маркийн автомашин хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан. Би Приус маркийн автомашины хойд талын голын суудал дээр суугаад явж байсан. Ослын улмаас толгой, хүзүү бага зэрэг өвдөж байгаагаас өөр гэмтэл шарх гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-36 хуудас/

 

1.6. Хохирогч А.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...унтаад явж байтал манай машин хүчтэй тоормос гишгэнгүүт огцом урагшаа болоод урд суудал руугаа хүчтэй гараараа цохиод сэрэхэд эсрэг урсгалаас жийп бололтой тод гэрэлтэй машин ирж байсан. Манай машины явж байсан зам дээр бүхээгтэй машин зогсож байсан ба машин тоормослосоор байгаад урд байсан машины зүүн хойд хэсэг рүү жолооч талаараа мөргөсөн. Би тэр үед нь айгаад нүдээ аньсан. Манай машины жолооч залуу ачааны машинаас бууж ирсэн хоёр хүнийг та нар аваарын гэрлээ татахгүй, гурвалжингаа тавьдаггүй, гэрэлгүй машинтай зам дээр зогсож байх юм, замаа чөлөөлөөд зогсоход яадаг юм гэж хэлж байгаа нь сонсогдсон. Миний гар өвдөөд байхаар нь явъя гэж бодоод замын хажууд гараа өргөж зогсож байгаад Бор-Өндөр лүү явж байгаа хэсэг залуучууд бие хаа зүгээр үү эмнэлэг дөхөх хүмүүс байна уу гэхээр нь Д бид хоёр уг машинд сууж яваад Чойрт ирж буугаад гэр лүүгээ харьсан. Би өглөө эмнэлэг орж үзэхэд рентген нь ажиллахгүй байгаа гэж байсан. Хойд суудалд хамгаалах бүс байгаагүй тул би хамгаалах бүс зүүгээгүй. Тухайн ослын улмаас миний зүүн гарны шууны яс зөрүүтэй хугарч хөдөлмөр эрхэлж чадахгүй, орлогогүй болгосон явдалд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41-45 хуудас/

 

1.7. Иргэний нэхэмжлэгч А.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зам тээврийн осол гарсаны улмаас манай “Д” ХХК-ны эзэмшлийн дэлгүүрийн бараа зөөдөг Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 650 000 төгрөгийн хохирол учирсан. О нь манай захирал Ж-ын төрсөн дүү байгаа юм. О нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, автомашин О-ын нэр дээр байдаг боловч манай компаний дэлгүүрийн бараа зөөхөд ашигладаг машин” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49 хуудас/

 

1.8. Гэрч Т.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг А худалдааны төвийн эзэмшлийн 19-52 УБҮ улсын дугаартай Хино Ренжер маркийн авто машиныг манай байгууллагын жолооч А жолоодоод би урд суудал дээр суугаад Говьсүмбэр аймаг орохоор гарсан. Би Налайх дүүрэг өнгөрөөд унтчихсан. Тэгтэл гэнэт хойноос машин мөргөх шиг болохоор нь сэрэхэд манай машин огцом урагшаагаа түлхэгдсэн. Жолооч бид хоёр машинаас буугаад харахад манай машины зүүн хойд хэсэг рүү 08-87 ГСА улсын дугаартай Приус-11 маркийн автомашин жолооч талаараа мөргөсөн байсан. Би унтсан байсан болохоор осол гарах үед манай машин явж байсан үгүйг мэдэхгүй. Намайг сэрэхэд  машины хөдөлгүүр асаалттай нормалдаад байж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 54, 64 хуудас/

 

1.9. Гэрч Х.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...17 цаг өнгөрч байхад Улиастайн гүүрний орчимоос 08-87 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Приус маркийн автомашинд суугаад шууд Чойр луу гарсан. 19 цагийн орчимд замд явж байтал нуруу чилээд байхаар нь тонгойгоод урагшаа хараад явж байтал урд улаан өнгийн бүдэг тоормосны гэрэлтэй машин зам дээр зогсож байхаар нь жолоочийг харсан юм болов уу гэж бодтол нилээн ойроос гэнэт тоормосоо гишгээд эсрэг урсгал руугаа орох гэхэд эсрэг урсгалаар машин урдаас ирэхээр нь буцаж гүйцэт орж амьжилгүй урд зогсож байсан ачааны машины зүүн талын хойд хэсэг рүү жолооч талаараа мөргөөд зогссон. Би жолоочийн ард сууж явж байсан. Манай машины жолооч ачааны машины жолоочтой балай юм зам дээр машинаа тавиад байхдаа яадаг юм гэж яриад цагдаа дуудъя гэж байсан. Хойд талын суудал дээр сууж явсан эгчийн гар нь өвдөөд байна гэхээр нь машин зогсоогоод хоёр эгч  суугаад явцгаасан. Миний зорчиж явсан машины мөргөсөн ачааны машин зам дээр зогсож байсан, аваарын дохио асаасан зүйл байгаагүй, дээд доод талд нь улаан өнгийн цацруулагч харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 59 хуудас/

 

1.10. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...14 дүгээр зөрлөг өнгөрөөд явж байтал зам дээр хойд талд нь 2 улаан гэрэл асаалттай бүхээгтэй ачааны машин зогсож байхад манай машины жолооч хурдаа хасалгүй гүйцэж түрүүлэх гээд хажуугаар гарах гэхэд урдаас машин ойртоод ирэхээр нь буцаж урсгал руугаа дараад урд байсан ачааны машины зүүн хойд хэсэг рүү жолооч талаараа мөргөсөн. Миний сууж явсан машины мөргөсөн ачааны машин зам дээр яалт ч үгүй зогсож байсан. Хойноос нь харахад зам дээр ачааны машин байгаа хангалттай харагдаж байсан. Миний зорчиж явсан Приус маркийн автомашин 100 орчим км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед хамгаалах бүс зүүсэн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 62 хуудас/

 

1.11. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Намайг авто засварын газартаа байж байхад А дэлгүүрийн машин гээд 19-52 УБҮ улсын дугаартай Хино Ренжер маркийн ачааны автомашин ирсэн. Уг машины зөв талын хойд тэвш, гэрэл нь эвдэрсэн гэмтэлтэй ирсэн. Тухайн машины гэрлийг, тэвшний булангийн эвдэрсэн хэсгийг л янзалсан. Цахилгааны масс байсан эсэхийг мэдэхгүй. 2 гэрлээ янзлаад үзэхэд хэвийн ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 66 хуудас/

 

1.12. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Намайг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үүрэг гүйцэтгэж 102-ын утсанд дээр мэдээлэл хүлээн авагчаар гарч байхад орой 19 цаг 28 минутанд 99026791 дугаарын утаснаас А-ын А гэх хүн залгаад дуудлага өгөх гэсэн юм 16-ын дөнгөж хойд талд нь араас машин ирээд мөргөчихлөө миний машины гэрэл дохио бүүдийхээр нь дөнгөж зогссон чинь араас ирээд мөргөчихлөө хүн нь гайгүй байна. Миний унаж явсан машин 19-52 УБҮ улсын дугаартай Хино Ренжер маркийн машин, араас мөргөсөн машин 08-87 ГСА улсын дугаартай Приус 11 маркийн машин. Миний унаж явсан машины гэрэл бүүдийгээд маслаад ирэхээр нь зогссон гэсэн дуудлага мэдээлэл ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 67 хуудас/

 

1.13. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаар дүгнэлтэнд: “А.А-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”

Дүгнэлт гаргасан шинжээч, Б.С гэжээ. /х.х-ийн 78 хуудас/

 

1.14. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар дүгнэлтэнд: “А.Ц-ын биед зүүн бугуйн үений зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.”

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 82 хуудас/

 

1.15. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 56 дугаар дүгнэлтэнд: “Д.Д-ийн биед тархи доргилт, хүзүүний С5,7-р нугаламын гулсалт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 91 хуудас/

 

1.16. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтэнд:Хэрэв зорчих хэсэг дээр байгаа тоормосны мөр Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай ачааны автомашины мөр мөн бол осол болохоос өмнө яагаад дугуйн мөр гартал тоормослох болсон шалтгааныг тогтоох шаардлагатай. Зам тээврийн ослын газрын үзлэгийн бүдүүвч зурганд дүрслэгдсэн анх мөргөлдсөн гэх А-цэг болон  хавтаст хэргийн 9 дүгээр хуудасны 2 дугаар зургаас харахад Тоёота Приус маркийн 08-87 ГСА улсын дугаартай суудлын автомашины баруун хойд дугуй мөргөлтийн улмаас хөндлөн гулгасан мөр байна. Иймээс тухайн Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай ачааны автомашин нь зогсож байсан байх магадлалтай. Мөн жолооч А.А нь 20 км/цаг хурдтай явсан гэж мэдүүлсэн байх бөгөөд Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай ачааны автомашин явж байсан тохиолдолд мөргүүлсэн газраас 4-5 метр явж зогсох тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ачааны автомашин зогсож байсан гэж үзлээ. Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай ачааны автомашины жолооч А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-т “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёото Приус маркийн 08-87 ГСА улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т “хамгаалах бүсээр тоногдлогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” 10.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх магадлалтай. Тухайн зорчих хэсэг дээрх тоормосны мөр Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай ачааны автомашины мөр мөн эсэхийг тогтоох шаардлагатай. Зорчих хэсгийг чөлөөлж зогссон бол уг зам тээврийн осол гарахгүй байх магадлалтай гэж үзэж байна”

Дүгнэлт гаргасан хурандаа Р.М, ахмад Т.А, дэслэгч Д.Д гэжээ. /х.х-ийн 115-117 хуудас/

 

1.17. Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 401 дүгээр дүгнэлтэнд: “19-52 УБҮ улсын дугаартай Хино Ренжер маркийн тээврийн хэрэгслийг тоормосны мөрийг зам тээврийн хэрэг ослын үзлэгийн тэмдэглэлд /хавтаст хэргийн 9,10-р хуудас/ зурагт мөн эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв 19-52 УБҮ улсын дугаартай Хино Ренжер маркийн тээврийн хэрэгслийн тоормосны мөр мөн бол тухайн ачааны авто машины тоормосны мөрний өргөн, тэнхлэг хоорондох зай, тухайн ачааны автомашины аль дугуйны мөр болох зэргийг үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй, Тоёота Приус 10 маркийн 08-87 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөх үедээ 87,10 метр тоормосны мөр гаргасан байгаа нь үзлэгийн тэмдэглэлд /хавтаст хэргийн 9-р хуудас, 3-р зурагт/ тухайн ачааны авто машиныг зогссон байж болох магадлалтайг харуулж байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ачааны авто машиныг зогсож байсан гэж үзэж байна. Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай ачааны автомашины жолооч А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-т “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Приус 10 маркийн 08-87 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх: б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх магадлалтай. Үзлэгийн тэмдэглэлд тоормосны мөрийг /хавтаст хэргийн 9,10 хуудас/ 19-52 УБҮ улсын дугаартай Хино Ренжер маркийн тээврийн хэрэгслийн тоормосны мөр мөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. 19-52 УБҮ улсын дугаартай Хино Ренжер маркийн тээврийн хэрэгслийн жолооч зорчих хэсгийг чөлөөлж зогссон бол, Тоёота Приус 10 маркийн 08-87 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гүйцэж түрүүлэх үйлдлийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж гүйцэтгэсэн бол уг зам тээврийн осол хэрэг гарахгүй байх магадлалтай гэж үзэж байна”

Дүгнэлт гаргасан хошууч Р.М, хошууч П.Я, ахмад Н.Б, ахмад Б.А, дэслэгч Б.Э гэжээ. /х.х-ийн 126-128 хуудас/

 

1.18. “Ашид билгүүн” ХХК-ний Автомашины техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 103-104, 106-107 хуудас/

 

1.19. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 17-22 хуудас/

 

1.20. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 23-24 хуудас/

 

1.21. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /х.х-ийн 25-30 хуудас/

 

1.22. “Д” ХХК-ний 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 48 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ /х.х-ийн 157-161 хуудас/

 

1.23. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхний хуулбарууд /х.х-ийн 162-166 хуудас/

 

1.24. “Сүмбэр-Алт капитал” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт /х.х-ийн 170 хуудас/  зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Г.Б, А.А нарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Г.Б, А.А нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг дурдлаа.

Харин шүүгдэгч А.А-н өмгөөлөгч С.Г нь гэм буруугийн дүгнэлтэндээ шүүгдэгч А.А тээврийн хэрэгсэл нь зогссон эсхүл явж байсан эсэх нь тогтоогдоогүй эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлтэнд зогссон байх магадлалтай гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн саналыг гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А-н жолоодож явсан Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам дээр зогсож байсан болох нь шүүгдэгч Г.Б-ын мэдүүлэг, хохирогч А.Ц, Д.Д нарын мэдүүлэг, гэрч Х.Э, Ц.Э нарын мэдүүлэг, шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2 удаагийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Б, А.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч А.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б намайг Улаанбаатар хот руу таксигаар авч явж Гялс төвд үзүүлж гарын зураг авахуулсан. Тухайн үед надад эмчилгээ хийлгээрэй гээд 50 000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн хот орж үзүүлэх зардлыг бүгдийг нь тэр даасан. Би оёдолчин хүн ослын улмаас хугарсан гараасаа болоод оёдлоо хийж чадахгүй байна. Б надад 2018 оны 03 сард бэлнээр 300 000 төгрөг өгсөн. Одоо надад 400 000 төгрөг төлж барагдуулвал гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45 хуудас/

 

2.2. Хохирогч Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Миний сууж явсан машины жолооч миний эмчилгээнд зориулж 120 000 төгрөг бэлнээр өгсөн. Толгой хүзүү бага зэрэг өвдөж байгаагаас өөр гэмтэл шарх байхгүй. Одоо миний бие хаа зүгээр болсон өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-35, 63 хуудас/

 

2.3. Гэрч О.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “А нь миний төрсөн эгч О-тай гэр бүлийн хүмүүс байгаа юм. А нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, хүнтэй эелдэг боловсон харьцдаг, гэр бүл, үр хүүхэд, хамаатан садандаа халамж анхаарал сайн тавьдаг. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, архи, дарс хэрэглээд байдаггүй. Одоо Андууд дэлгүүрт манаач, жолоочийн ажил хийдэг, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 70 хуудас/

 

2.4. Гэрч Б.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Г.Б нь надтай хамт ажилладаг миний хуурай ах байгаа юм. Б нь шударга, ажил хэрэгч, хүн чанартай, сайхан сэтгэлтэй хүн. Найз нөхөд, хамт олны дунд нэр хүнд сайтай, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй. Хань ижил үр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 71 хуудас/

 

2.5. Гэрч Л.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Г.Б нь төлөв даруу зантай, хамт олонч, нөхөрсөг миний итгэлтэй сайн найз минь байгаа юм. Хүн чанар сайтай, найз нөхөд, хамт олны дунд нэр хүнд сайтай, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй. Хань ижил үр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 хуудас/

 

2.6. Гэрч О.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “А нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, дөлгөөн, тайван, сайхан сэтгэлтэй, ажилч хичээнгүй, хүнлэг, амьдралын төлөө зүтгэж яваа хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 73 хуудас/

 

2.7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 155,168 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.А, Г.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өмгөөлөгч Б.Б, С.Г нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ холбогдуулан шүүхэд гаргасан шүүгдэгч нарыг болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хувийн байдлуудыг харгалзан 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүхээс хүлээн авах нь үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Шүүгдэгч А.А-н жолоодож явсан Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэдийгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчийг Г.О гэж тэмдэглэгдсэн боловч иргэний хариуцагч “Д” ХХК-ний эзэмшлийнх ба тус компанийн ачаа, барааг тээвэрлэхэд ашигладаг автомашин болох нь шүүгдэгч А.А, иргэний нэхэмжлэгч А.З нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг иргэний хариуцагч “Д” ХХК-ниас гаргуулж олгох үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын Тоёота Приус маркийн 08-87 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 295 000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. Үүнээс “Д” ХХК-ний эзэмшлийн Хино Ренжер маркийн 19-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоосон 360 000 төгрөгийн хохирлыг хасаж үлдэгдэл 1 935 000 төгрөгийг “Д” ХХК-наас гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Б-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар байгууллагад учруулсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болохыг дурдав.

 

Хохирогч А.Ц нь хөдөлмөрийн чадвараа алдасны улмаас олох байсан орлого гэж 400 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Шүүгдэгч Г.Б, А.А нар нь цагдан хоригдоогүйг, хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хохирогч А.А, Д.Д нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Г.Б нь хохирогч А.Ц-ын эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвар алдасны хохиролд 300 000 төгрөг төлсөнийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “SOMEI CD-R 730MB 80 MIN 52X” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г-ийн Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тангууд овогт А-ын А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.А-йг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар иргэний хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах “Д” ХХК-наас 1 935 000 /нэг сая есөн зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Б-д олгож, хохирогч А.Ц нь 400 000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар байгууллагад учруулсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Г.Б, А.А нар нь цагдан хоригдоогүйг, хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хохирогч А.А, Д.Д нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Г.Б нь хохирогч А.Ц-ын эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвар алдасны хохиролд 300 000 төгрөг төлсөнийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “SOMEI CD-R 730MB 80 MIN 52X” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БАТТУЛГА