Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/104

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Р овогт Д-н Н-д холбогдох эрүүгийн 1817002010097 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 16-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 9 дүгээр байр 5 дугаар орц......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Р овогт Д-н На /РД: ............/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 9 дүгээр байрны 5-70 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И.Я-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гар утсаар нэг удаа чулуудаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 9 дүгээр байрны 5-70 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр И.Я-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гар утсаар нэг удаа чулуудаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 09 дүгээр сарын 24-нд би хөдөө яваад жоохон юм уугаад ирэхэд манай эхнэр бас гэрт жоохон юм уусан халамцуу сууц байсан. Би “чи яагаад архи уусан юм бэ?” гэхэд манай эхнэр “ урд нохой шиг оцойж суучихаад байх юм холд” гээд намайг үг хэлээр доромжлоод байхаар нь би барьж байсан жижиг хар гар утсаа шидсэн гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хөдөө явж байгаад гэртээ ирсэн чинь манай эхнэр архи уусан байдалтай байхаар нь чи чинь яагаад архи дарс уудаг юм бэ, ямар хаашаа юм бэ гэсэн чинь яадаг юм бэ, чамд ямар хамаатай юм бэ найз нөхөдтэйгээ уусан. Битгий урд нохой шиг оцойж суучаад солиороод бай гэхээр нь гартаа барьж байсан утсаа шидсэн чинь эхнэрийн нүдний голд хамар дээр оносон. Дараа харахад хамар нь шалбарсан байсан. Маргааш нь харахад хоёр нүднийх нь доод зовхи хөхөрсөн байгаа харагдсан. Би 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр архи уугаагүй эрүүл байсан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед найз Э Айраг сумаас ирлээ гээд дуудсан. Тэгээд Э-тай уулзаад 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Би гэртээ 12 цаг өнгөрч байхад ирсэн. Гэрт хүргэн Т, охин О, хүү Б нар байсан. Охин О Улаанбаатар хотоос дөнгөж ирсэн гээд байж байсан. Тэгээд байж байтал эхнэр Я цайндаа ирсэн. Эхнэр цайгаа уучихаад жижиг өрөөнд орсон. Би Э-г гэртээ харьсан юм болов уу гэж бодоод утсаар ярих гэсэн миний утас нэгжгүй болсон байсан. Тэгэхээр нь эхнэрийг утсаа өгч бай гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгэхээр нь очоод утсыг нь авах гэсэн өгөхгүй чинийх юм уу гээд маргалдаад би утсыг нь авах гээд, эхнэр өгөхгүй гээд булаацалдсан. Тэгээд уурандаа зүүн талын хацар луу нь гараараа хоёр удаа алгадсан. Тэгтэл хүргэн Т, охин О нар нөгөө өрөөнөөс жижиг өрөөнд орж ирээд бид хоёрыг салгасан. Би уурлахаараа яасан талаараа мэддэггүй юм. Нэг мэдсэн цагдаа ороод ирсэн байсан. Би зүрхний өвчнөөр группэд байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч И.Я мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа цайны цагаар 12 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай нөхөр Н архи уусан байдалтай халамцуу байж байсан. Би цайгаа уучхаад найзтайгаа утсаар ярьчхаад ажил руугаа гарах гэтэл манай нөхөр Н хэнтэй ярьсан, утсаа өгч шалгуул гэхээр нь би утсаа өгөөгүй. Тэгтэл Н миний утсыг булааж авах гээд ноцолдоод байсан. Би утсаа өгөөгүй. Тэгтэл Н миний толгойн зүүн тал руу гараараа 2 удаа цохиод явсан. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд цээж рүү түлхсэн. Тэгтэл Н миний хоолойг гараараа шахаад хананд түлхсэн. Манай хүргэн Т, охин О нар нөгөө өрөөнөөс орж ирээд Н-г надаас салгасан. Тэгээд би жижиг өрөөний орон дээр сууж байтал Н намайг хардаад байгаа бололтой над руу дайраад миний үснээс зулгаасан. Хүргэн охин хоёр мөн салгасан. Тэгээд би гэрээс гараад ажил руугаа явах гэтэл Н араас гарч ирээд намайг ажил руу явуулахгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа удаагүй ирээд Н-г аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд Н, хүргэн ах Т, дүү Б нар гэрт байсан. Аав архи уусан байдалтай жоохон халамцуу байсан. Тэгээд байж байтал ээж ажлаасаа цай уухаар гэртээ ирсэн. Ээж цайгаа уучхаад жижиг өрөөнд ороод амрахаар хэвтсэн. Хүргэн ах дүү бид нар том өрөөнд байсан. Хүргэн ах Т унтаж байсан. Аав ээж хоёр хоорондоо юм яриад байгаа бололтой байсан. Дүү бид хоёр том өрөөндөө зурагт үзээд сууж байтал жижиг өрөөнд түжигнэлдээд эхэлсэн. Би жижиг өрөө рүү яваад ортол аав ээж хоёр гар утас булаацалдаад байсан. Ээж утсаа өгөхгүй гээд аав утсыг авах гээд байсан. Тэгээд манай бага дүү хүргэн ах Т-г дуудаад аав ээж хоёрыг салгасан. Ээж утсаа аваад цагдаа дуудсан. Өөр асуудал болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

1.5. Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай аавыг Н, ээжийг Я гэдэг. Би 2018 оны 09 дүгээр сарын 24-ний орой /цагийг нь санахгүй байна/ манай ээж гадуур ажлынхаа хүмүүстэй явж байгаад архи уусан гэртээ орж ирсэн. Аав мөн гадуур явж байгаад ээжийн дараахан гэртээ орж ирсэн. Ээж аавыг янз бүрээр хэлээд байсан. Аав эхлээд чимээгүй л байгаад байсан. Аав надаас ээж чинь хэзээ орж ирсэн юм бэ гэж асуухаар нь хоёр эмэгтэй хүн оруулж өгчхөөд явсан гэж хэлсэн. Аав ээжид хандаад чи эмэгтэй хүн байж архи дарс уулаа гэж хэлж байсан. Ээж аавын өөдөөс үг хэлээрээ янз бүрийн зүйл хэлээд байсан. Мөн ээж миний хэнтэй уух нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгтэл аав өөрийнхөө барьдаг товчлууртай хар өнгийн жижиг гар утсаа ээж рүү шидсэн. Тэр утас нь ээжийн хамрын нурууны ясны гол дээр оносон. Тухайн үед хамар дээр нь шалбарсан байгаа харагдсан. Би ээжийгээ том өрөөнд оруулаад унтуулсан. Аав жижиг өрөөндөө ороод унтсан. Өөр асуудал болоогүй. Маргааш өглөө ээжийг босож ирэхэд нь харахад хамрын нурууны шалбарсан хэсэг нь хөхөрсөн байгаа харагдсан. Би маргааш Улаанбаатар хот руу ажил руугаа явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

 

1.6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/

 

1.7. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

1.8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 270 дугаартай дүгнэлтэд:

-И.Я-н биед хамрын нуруунд зулгаралт, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

 Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж заасныг ойлгоно гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 9 дүгээр байрны 5-70 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр И.Я-тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гар утсаар нэг удаа чулуудаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг иш татаж заасан бөгөөд уг зүйлийн 2.8 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн талаар зохицуулж хуульчилсан байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Н-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Н нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч И.Я мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл болон хэрэгт нэмж шалгуулах зүйл байхгүй. Н бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирлын тал дээр маргаангүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/ 

 

2.2. Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Н-н хувьд амьдрал ахуйн хувьд бололцооны амьдралтай. Зан аашны хувьд хүнтэй эвсэг харилцаатай. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Хаяа гэрээр нь орохоор гэр орныхоо хоол ундыг хийгээд байж байдаг. Хөндлөнгөөс харахад эхнэртэйгээ эвсэг харьцаатай байдаг. Урьд эхнэртэйгээ муудлаа гэж сонсож байгаагүй. Өөрөө группэд байдаг гээд тодорхой ажил хийдэггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

2.3. Хохирогч И.Я-н  мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р овогт Д-н Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ЭНХМАНДАХ