Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/106

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,                                                                               

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г-н Ө-д холбогдох эрүүгийн 1817001910094 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 14-нд Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “Шивээ-Овоо” ХК-нд туслах машинч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 9 дүгээр байрны ............... дүгээр орцны ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х овгийн Г-н Ө /РД:.............../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.Ө нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Наран” дэлгүүрийн хажууд иргэн Н.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” дэлгүүрийн хажууд хохирогч Н.Б-той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Г.Ө мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр таньдаг дүү У эгэмээ эвгүй болгочихсон. Эмнэлэг орж татлага хийлгэнэ гэхээр хамт яваад эмнэлэг орсон. Эмнэлгээс гараад 10, 12 дугаар байрны голд байдаг билльярд орохоор явж байтал Наран дэлгүүрийн үүдэнд Б гэх танил залуу надтай хамт явж байсан У-г дуудсан. Тэгээд Б руу хамт яваад очсон. Тэгтэл Б У-с утасны мөнгө өг гээд нэхсэн. Тэгтэл У мөнгийг чинь өгсөн биз дээ гэж хэлсэн. Тэгтэл Б чи утас авч өгнө гэсэн биз дээ гээд У-той муудахаар шинжтэй болоод У руу дайрахаар нь би Б-д хандаад мөнгийг чинь өгсөн юм бол У-д хамаагүй юм биш үү гэсэн чинь чамд хамаагүй гээд над руу салаавч гаргаад ам руу салаавч гаргасан хуруугаа тулгасан. Тэгэхээр нь би арагшаа нэг ухраад зайгаа аваад Б-г түлхсэн. Тэгтэл Б У руу дайрахаар нь голоор орсон чинь Б намайг үсдээд миний үүдэн шүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь гарынхаа алгаар нэг удаа, гарынхаа алганы ар талаар нэг удаа алгадсан. Ш гэх залуу ирээд миний араас татаад салгасан. Тухайн үед Б-н хамраас цус гарсан байсан. Б над руу чамайг зодох ахтай хүн шүү гээд салаавч хуруу гаргаад элдэв бусаар хэлж байсан. Б У руу дайрч байхад нь ах нь ирээд болиулаад Б-г явуулсан. Өөр асуудал болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Н.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр билльярд тоглохоор У-той хамт гар утсаа барьцаанд тавьсан юм. Тэгээд маргааш нь У надаас авсан мөнгөө өгсөн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Шивээговь сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Наран дэлгүүрийн урд талд найз У-той уулзаад урьд нь зээлсэн мөнгөө нэхээд барьцаанд тавьсан утсаа авахгүй бол зарлаа гээд байна гээд яриад зогсож байсан чинь Ө ах дундуур орж ирээд одоо зарвал зарахаасдаа гэхээр нь би таньтай яриагүй байна шүү дээ, бид хоёр хоорондоо ярьж байна гэсэн чинь намайг багалзуурдаад Наран дэлгүүрийн хашаа руу дарсан. Тухайн үед би хөдөлж болохгүй байсан учир үснээс нь зулгаасан. Тэгсэн чинь Ө ах миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгтэл цаанаас нь мах зардаг Б ахын дүү Ш ах бид хоёрыг салгасан. Тэгээд миний хамраас цус гоожоод хамраа дарчихсан сууж байсан чинь Ө ах араас ирээд дахиад толгой руу хэд хэдэн удаа цохичхоод яваад өгсөн… гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч О.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эгэм эвгүй болчхоод Ө ахын хамт эмнэлэг орж татлага хийлгэчхээд гараад явж байсан чинь Б намайг Наран дэлгүүрийн үүдэнд дуудахаар нь яваад очсон. Б 2 хоногийн өмнө надаар гар утас барьцаанд тавиулсан юм. Би тухайн үед мөнгийг нь хэрэглэчхээд Б буцаагаад 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг нь өгчихсөн байсан юм. Тэгсэн чинь Б намайг чи урьд нь зээлсэн 20 000 /хорин мянга/ төгрөгөө өг, утас авах гэсэн чинь миний мөнгө хүрэхгүй байна гээд над руу уурласан. Тэгсэн чинь Ө ах чи мөнгөө авчихаад өөрөө утсаа авчихаж чадахгүй байгаа юм уу гээд Б хэлсэн чинь чи чимээгүй бай гээд Ө ах руу дайраад ам руу нь салаавч өгөөд байсан чинь Ө Б-г Наран дэлгүүрийн хашаа руу шахаад түлхсэн чинь Б зөрүүлээд үсдээд нүүр лүү нь цохиод авсан. Тэгсэн чинь Ө ах Б-н нүүр лүү 2 удаа алгадсан. Тэгээд би салгах гээд Ө-г бариад автал гараараа нэг удаа хальт цохисон. Тэгээд цаанаас Ш ах ирээд салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

1.5. Гэрч С.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 08 дугаар сарын 17-ны орой гэртээ харих гээд “Наран” дэлгүүрийн урд талаар явж байтал Ш /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ таараад танай дүү сая Ө аймар зодлоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд би гэрлүүгээ яваад орсон чинь Б цусаа угаагаад өмссөн цамцаа тайлсан байсан. Б-г харсан чинь хамар нь зүүн тал руугаа мурийсан байсан. Би Ө-н утас руу залгаж яриад хүүхдийн хамар цохисон байна, чи хүүхдийн хамар засуулж өг гэж хэлсэн чинь би ажилд гарч байна, очиж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирээд З-тэй уулзаад болсон асуудлын талаар хэлсэн чинь сумын эмнэлэг дээр очиж үзүүл гэж хэлсэн. Би тухайн үед Ө-г дуудаж уулзахгүй юм уу гэхэд миний хажууд Ө рүү утсаар яриад маргааш өглөө 10 цагт ир гэж хэлсэн. Ө-г ажилд гарсан байна гэж хэлсэн. Би маргааш нь эмнэлгээр явж байгаад өргөдлөө өгч чадаагүй. Тэгтэл Ө учраа олъё, цагдаа сэргийлэх гээд яах юм бэ гээд гуйхаар нь өргөдөл гаргаагүй. Тэгтэл Ө эмчилгээний зардлыг сүүлдээ маргааш нөгөөдөр өгье гээд худлаа хэлээд яваад байсан. Ө сүүлдээ утсаа унтраагаад алга болсон. Тэгэхээр нь өргөдөл бичээд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цагдаад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 08 дугаар сарын 17-ны орой 20 цагт Б гэх хүний биед үзлэг хийсэн. Эмнэлэг дээр 19 цаг 55 минутад ирсэн байсан. Б ээжийнхээ хамт явж байсан. Үзлэгээр хамар мурийсан тэгшрэхэд эмзэглэлтэй, хүзүү цамцны зах орчмоор улайж хэсэг газар зулгарсан. Баруун нүдний гадна ирмэгт хөхөрсөн эмзэглэлтэй байсан. Өөр шарх гэмтэлгүй байсан. Б-н хамрын яс хугарсан байж магадгүй гээд Говьсүмбэр аймгийн эмнэлэг рүү илгээх бичиг хийж өгөөд явуулсан. Б-н өөрийн ярьж байгаагаар таньдаг хүндээ зодуулсан гэж байсан. Сумын цагдаа дээр оччихоод ирлээ гэж хэлж байсан. Манайд рентген аппарат байдаггүй болохоор хамрын далд хугаралыг мэдэх боломжгүй байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн орой 19 цагийн үед ирсэн санагдаж байна. Б гэх залуу ээжийнхээ хамт ирж үзүүлсэн. Хүнд хамраа цохиулсан гээд ирж байсан. Б-н биед үзлэг хийхэд хамрын пирамидын доод угалз мөгөөрс хэсэг нь баруун талаасаа доош цөмөрсөн байсан. Тухайн үед би “Улаанбаатар хотоос эмч нар ирж байгаа тэр эмч нарыг ирэхээр нь ирж хамраа засуулаарай” гэж хэлсэн. Улаанбаатар хотоос З.М гэх эмч 1-р эмнэлгээс ирсэн. Тэр эмчийг ирэхэд Б хамрынхаа чихэгдсэн мөгөөрсийг гаргуулаад хамрын гэмтлийг нь янзлаад хамарт чихээс хийсэн. Б-н хамарт хуучин хугарал байсан. Тэр хугарал дээр нэмэгдээд шинэ хугарал үүссэн байсан. Шинэ хугарлыг тухайн үед янзалсан. Хуучин хугарал нь эдгээд бэхэжсэн байдаг учраас заавал хагалгаа, мэс заслын аргаар янзалж гэмтлийг засдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

1.8. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Наран дэлгүүрийн зүүн талд махны дэлгүүр ажиллуулдаг юм. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед байх дэлгүүр дотроо байж байтал манай дэлгүүрийн урд хэсэгт 2 хүн зодолдоод байхаар нь гараад очсон чинь Ө, Б нар зууралдсан байсан. Ө Б-г төмөр хашаа руу нуруугаар нь шахаад хэд хэдэн удаа нүүр лүү цохиод авсан. Би наанаас явж очоод Ө-г араас нь татаад салгасан. Б-н хамраас нь юм уу амнаас нь юм уу цус гоожиж байсан. Би тэр хоёрыг салгачихаад дэлгүүр лүү орсон. Тэр хоёр тэнд нэг хэсэг маргалдаад байгаад байсан. Б-н ах нь ирээд дүүгээ гэр лүүгээ яв гээд явуулсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

1.9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 255 дугаартай дүгнэлтэд: 

- Н.Б-н биед хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/

 

1.10. Шинжээч эмч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Н.Б-н хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байсан... гэх /хх-ийн 27 дугаар хуудас/

 

1.11. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 293 дугаартай дүгнэлтэд: 

- Г.Ө-н биед баруун дээд 1-р шүдний эмтрэлт гэмтэл тогтоогдлоо.

-  Дээрх гэмтлийн үүссэн хугацааг тогтоох боомжгүй байна.  

Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

1.12. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 293-н нэмэлт дугаартай дүгнэлтэд: 

- Г.Ө-н биед баруун дээд 1-р шүдний эмтрэлт гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Дээрх гэмтлийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

  Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/

 

1.13. 2018 оны  08 дугаар сарын 17-ны өдөр Н.Б-н эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Ө-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Ө нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 2.1. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

2.2. Хохирол төлсөн баримт /шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Ө эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Г.Ө  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

Мөн шүүгдэгч Г.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн болох нь шүүгчийн туслах Б.Чанцалдуламын хохирогч Н.Б-той утсаар ярьсан тэмдэглэл болон шүүгдэгч Г.Ө-с шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

            Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Г-н Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

5. Шүүгдэгч Г.Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ