Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 211/МА2022/00032

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                    211/МА2022/00032

 

                                        

                             

          О.С-ийн нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00538 дугаартай шийдвэртэй

О.С-ийн нэхэмжлэлтэй

Л.О-т холбогдох

8.650.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн өмгөөлөгч Э.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Л.От холбогдуулан гаргасан 8.650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа анхан шатны шүүх хуралдааны явцад 1.500.000 төгрөгт холбогдох хэсгийг багасгаж, үлдсэн 7.150.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Миний бие О.С нь н.Бтэй хамтын амьдралтай байхдаа н.О, н.От нараас 15.000.000 төгрөгөөр хашаа байшин авахаар тохиролцсон. Тэгээд тэдэнд 8.650.000 төгрөгийг н.Оийн данс руу хийсэн буюу заримыг нь бэлэн мөнгөөр өгч байсан. Ямар ч байсан 4.000.000 төгрөгийг н.От бэлнээр өгсөн. Сүүлдээ хашаа байшингаа авахаар болж буцаасан. Одоо н.Оээс хашаа байшин  авах зорилготой өгсөн 8.650.000 төгрөгийг буцааж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Энэ мөнгийг төлүүлэх гэж маш олон удаа шаардсан боловч өгөхгүй өдийг хүрч байна. Иймээс н.Оээс 8.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ж.Бтэй хамтын амьдралтай байхдаа н.От, Л.О нараас 15.000.000 төгрөгөөр хашаа байшин худалдан авахаар тохиролцоод 8.650.000 төгрөгийг Л.От дансаар нь болон бэлнээр өгсөн. Ж.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт амьдрахаа болиод хашаа байшингаа буцаагаад авахаа больсон. Тэгээд н.От, Л.О нараас мөнгөө авах гэсэн боловч өгөхгүй байсан. Би хашаа байшингаа зарахаар нь авъя гэж бодож байсан. Тэгээд удаан хугацааны дараа мөнгөө бага багаар өгөөч гэж гуйсан. Тэгээд өгөхгүй байсан учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгсэн чинь Л.О нь “чи яагаад шүүхэд өгч байгаа юм бэ?, чамайг мөнгөө олж авахыг чинь харна” гэж хэлсэн. Миний бие одоо хашаа байшин худалдан авсан мөнгөө буцаан авах хүсэлттэй байна. Одоо Ж.Б бид хоёр тусдаа амьдарч байгаа. Л.От өгсөн 8.650.000 төгрөгөөс 4.650.000 төгрөгийг Ж.Б бид хоёр хувааж, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг би өгсөн. Ж.Б Илч ХХК-д ажилладаг байсан. Манай цалин сарын 25-ны үеэр буудаг. Ж.Бгийн цалин сар дамнаж буудаг учраас би өөрт байгаа эд хөрөнгөө барьцаалан мөнгө болгоод өөрийн цалинтайгаа нийлүүлэн хашаа байшингийн мөнгөндөө өгдөг байсан. Тухайн үед банкны зээлтэй байсан учраас Ж.Бгийн цалингаар банкны зээлээ төлдөг байсан. Миний тооцоогоор Л.О-т өгсөн 8.650.000 төгрөгөөс би 6.000.000 төгрөгийг гаргаж Л.От өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ж.Бгийн авсан 1.500.000 төгрөгийг хасаад үлдэх хэсгийг нь хангаж өгнө үү. 

 

2. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга:

Л.О миний бие н.С гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй. н.С гэдэг хүний нөхөр н.Бямбаа гэдэг хүнд хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Оээс 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.150.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оээс улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Сд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Э.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: О.Сгийн нэхэмжлэлтэй Л.От холбогдох 8.650.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож буй Э.Мө миний бие хэргийн материалтай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр танилцаж, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00538 дугаартай шийдвэрээр хариуцагч Л.Оээс 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Уг шийдвэрээр нэхэмжлэгч О.С нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Л.О худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл болох 6.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Л.Оээс 7.150.000 төгрөг нэхэмжилснээс 6.000.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй болох нь тогтоогдсон, 1.150.000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй болохоо нотлоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Оээс 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх маргаан бүхий үйл явдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүйгээр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах хуулийн зарчим, журамд нийцээгүй гэж үзэж байна.

Тухайлбал нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эрх зүйн ямар маргаантай харилцаа үүссэн болохыг шүүх шалгаж тогтоогоогүй. Нэхэмжлэгч О.С шаардах эрхээ “би н.Бтэй хамтын амьдралтай байхдаа н.От, н.О нараас 15.000.000 төгрөгөөр хашаа байшин худалдаж авахаар тохиролцож, тэдэнд 8.650.000 төгрөгийг н.Оийн данс руу хийсэн буюу зарим хэсгийг бэлэн мөнгөөр өгч байсан. Ямар ч байсан 4.000.000 төгрөгийг н.От бэлнээр өгсөн” гэж, хариуцагч Л.О татгалзлын үндэслэлээ “миний бие О.С гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй. Түүний нөхөр н.Б гэдэг хүнд хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргадаг. Хавтаст хэргийн материалд зохигчдын хооронд амаар болон бичгээр худалдах, худалдан авахтай холбоотой эрх зүйн харилцаа үүссэнийг болон хэн нэгнийхээ дансанд мөнгө хийсэн, шийдвэрийн үндэслэлд дурдагдсан 6.000.000 төгрөг өгснийг нотлох бичгийн болон мэдүүлгийн нотлох баримт огт байхгүй. Хариуцагч Л.О нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд буюу жинхэнэ хариуцагч мөн эсэхийг шалгаагүй. Нэхэмжлэгч О.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “н.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрахаа болиод тухайн хашаа байшинг худалдаж авахаа больсон” гэж тайлбар өгдөг. Талуудын хооронд хэдэн онд, хаана байршилтай, хэдэн мкв талбайтай хашаа байшинг худалдах, худалдан авах харилцаа үүссэн болох нь болон нэхэмжлэгч тухайн худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг эсхүл гэрээнээс татгалзсаны үр дагаврыг нэхэмжлээд байгаа эсэх буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

Мөн хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШЗ2021/00310 дугаартай “Нэхэмжлэлийг буцаан олгох тухай” захирамж нотлох баримтаар хэрэгт авагдсан байх бөгөөд тухайн захирамжийг шинжлэн судлахад Ж.Бгээс Б.Отд холбогдуулан 8.650.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.Бгээс хариуцагч Б.Оттай харилцан ярилцах зүйл байгаа гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлээ татан авсан байна. Энэ тохиолдолд уг нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх зүйн боломжтой эсэхийг шалгах ёстой. Ингэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг үзэв. Уг тогтоолын тайлбарлах нь хэсэгт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн “нэхэмжлэгч нэхэмжлэлээ ... татан авч болно” гэдгийг мөн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан”-тай нэгэн адил ойлгоно гэжээ. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон атал хуулийн дээрх зүйл хэсгийг хэрэглэлгүй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хэргийн материалд Ж.Бгээс О.Сд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 3 жилийн хугацаатай олгосон н.От холбогдох 8.650.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээх эрх олгосон хүчин төгөлдөр 509 дүгээр итгэмжлэл нотлох баримтаар авагдсан байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00538 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд хариуцагчийн хамт биечлэн оролцоно.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх нь холбогдох үйл явдлыг үндэслэлтэй дүгнэсэн. Хариуцагч талын зүгээс мөнгө авсан талаар маргадаггүй. Харин нэхэмжлэгч О.Сг уг хэрэгт хамааралгүй, түүний нөхөр н.Бямбаад хохирлыг барагдуулсан гэсэн товчхон тайлбар л гаргасан байдаг. Хохирол барагдуулсан гэж яриад байгаа зүйл нь 1.500.000 төгрөгийг н.Бд өгсөн байсан. Тийм учраас уг 1.500.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх зөв үнэлэлт дүгнэлт хийсэн бөгөөд шүүхийн шийдвэр зөв гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээлгэх саналтай байна.

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

 

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Л.От холбогдуулан хашаа байшин худалдан авахад урьдчилан төлсөн 8.650.000 төгрөгийг буцаан авах тухай  нэхэмжлэлийн шаардлагаасаа  анхан шатны шүүх хуралдааны явцад 1.500.000 төгрөгт холбогдох хэсгийг багасгаж, үлдэгдэл 7.150.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан байна.

 

 

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Би Ж.Бтэй хамтын амьдралтай байхдаа н.От, Л.О нараас 15.000.000 төгрөгөөр хашаа байшин худалдан авахаар тохирсон бөгөөд 8.650.000 төгрөгийг Л.От дансаар болон бэлнээр өгсөн. Худалдан авсан хашаа, байшингаа буцааж Л.От өгсөн. Тэгээд 8.650.000 төгрөгөө буцааж авахаар удаа дараа Л.Оээс шаардсан боловч буцааж өгөөгүй. Иймд Л.Оээс хашаа, байшин худалдан авахад өгсөн 8.650.000 төгрөгөөс Ж.Бд өгсөн 1.500.000 төгрөгийг хасаад үлдсэн хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэж,

хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Би О.С гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй. О.С гэдэг хүний нөхөр н.Бямбаа гэдэг хүнд хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Хавтаст хэрэгт Ж.Б, О.С нарын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0509 дугаартай итгэмжлэл /хх-ийн 47-р тал/, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг буцаан олгох тухай” 129/ШЗ2021/00310 дугаартай шүүгчийн  захирамж /хх-ийн 48-49-р тал/, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 678 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэрч Ж.Бгийн мэдүүлэг /хх-ийн 52-57-р тал/ зэрэг бичгийн баримтууд авагдсан байна.

 

5. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Л.Оээс хашаа байшин 15.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаанд нь 8.650.000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

 

Харин хариуцагч Л.О нь нэхэмжлэгч О.Стай ямар ч хамааралгүй, түүний нөхөр н.Бямбаад хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

6. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд болон хашаа байшингийн төлбөрийн урьдчилгаанд 8.650.000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч Л.От бэлнээр болон дансаар шилжүүлж, хариуцагчийн хашаа байшинд нэхэмжлэгч нь Ж.Бтэй хамт амьдарч байсан зэрэг үйл баримтаас дүгнэвэл О.С, Л.О нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

7. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох хашаа байшинг хариуцагчид буцаан өгсөн үйл баримт дээр зохигчид маргадаггүй тул худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээний гүйцэтгэлд урьдчилан төлсөн үнийг нэхэмжлэгч буцаан шаардах  эрхтэй байна.

 

8. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох нэхэмжлэгч О.Сгийн “...миний тооцоогоор би Л.От 6.000.000 төгрөг өгсөн” гэх, гэрч Ж.Бгийн “...Л.Оээс хашаа байшинг 15.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. ... нийт 8.650.000 төгрөг өгсөн. 1.500.000 төгрөгийг нь би 2021 оны өвөл авч хэрэглэсэн. ...8.650.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг О.С гаргасан гэдгийг хүлээн  зөвшөөрнө. Би бэлнээр болон дансаар өгч байсан. Л.От өгсөн. ... Л.Оээс 8.650.000 төгрөг аваагүй. 1.500.000 төгрөгийг аваад банкинд хийсэн” гэх мэдүүлэг зэргээс дүгнээд үзэхэд анхан шатны шүүхийн худалдан авсан хашаа байшингаа буцааж, талууд гэрээнээс татгалзсан, нэхэмжлэгч О.С нь гэрээний гүйцэтгэлд урьдчилан төлсөн 6.000.000 төгрөгийг буцаан аваагүй, харин хариуцагч нь гэрч Ж.Бд 1.500.000 төгрөгийг буцаан өгсөн гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв үнэлсэн байна.

 

9. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Л.Оээс 7.150.000 төгрөг нэхэмжилснээс 6.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болох нь тогтоогдсон, харин 1.150.000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй болохоо нотолж чадаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Мөн хариуцагч Л.О нь нэхэмжлэгч О.Стай ямар ч хамааралгүй, түүний нөхөр н.Бямбаад хохирлыг барагдуулсан гэх тайлбар түүний үндэслэлээ нотлоогүй, энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх нь зүйтэй байна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ..

11. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул түүний гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00538 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                ШҮҮГЧИД                                    Т.ДАВААСҮРЭН

                                                                    Л.ЭРДЭНЭБАТ