Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 218/МА2022/00024

 

*******ийн нэхэмжлэлтэй 
иргэний хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, шүүгч Д.Уранчимэг, З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2022/00461 тоот шийдвэртэй, 
Нэхэмжлэгч *******
Хариуцагч *******, ******* нарт холбогдох 
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3047000 төгрөг гаргуулах тухай
хэргийг хариуцагч ******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн, хариуцагч *******, *******, хариуцагч *******ын өмгөөлөгч Д.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: 2020 оны 9 дүгээр сард иргэн ******* миний эзэмшлийн хашаанд надаас зөвшөөрөл авалгүйгээр *******тай тохиролцож их хэмжээний өвс буулгасан байсан. Уг өвс нь 2020.02.02-ны өдөр хашаанд шатаж үүний улмаас манай хашааны тал нь галд шатсан. Би 2020.01.15-ны өдөр аймаг орж явахдаа манай хашаанд их хэмжээний өвс буулгасан байгааг хараад 2020.01.17-ны өдөр өөрийн 98606852 дугаарын утсаар хамар хашааны *******тай ярьж хэн буулгасан талаар асуухад “манай нэг таньдаг жолооч надаас гуйгаад байхаар нь би буулгасан” гэж хэлсэн. Дараа нь *******тай аймгийн зах дээр таараад хүүхдүүд өвсөн дээр тоглож байна, өвс шатах аюултай шүү гэж сануулсан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хашаанд буулгасан өвс нь шатаж улмаар хашааны тал нь шатсан. Сүүлд уг өвсний эзэн ******* гэдэг хүн болохыг мэдсэн. Хашаанд гал гарснаас болж манай хашааны хойд хэсэг 24 метр, баруун хэсэг 20 метр шатсан байсан. Хажуу хашааны ******* манай хашаанд миний зөвшөөрөлгүйгээр өвс буулгаагүй бол би эд хөрөнгөөрөө хохирохгүй байсан. Иймээс уг хохирол болох 3047000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. ******* Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 24-7 тоотод 1200 м2 газар дээр хашаа бариад эзэмшиж байсан. Уг хашааны хажуу талын хашаа буюу Мандалын 24-6 тоотод оршин суудаг ******* гэдэг хүн уг хашааг 2020 оны 1 дүгээр сараас хариуцаж харж байсан. 2020 оны 1 дүгээр сард *******ийн эзэмшлийн хашаанд ******* *******ийн зөвшөөрөлгүй өвс буулгасан. Уг өвс бол ******* өвс байсан. 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр өвс шатсан. Ингэж хашаа шатсанаар *******ид гэм хорын хохирол учирсан. Уг учирсан хохирол шинжээчийн дүгнэлт гаргуулахад хашааны хохирол 2171350 төгрөгөөр үнэлэгдсэн. ******* гэдэг хүн тухайн хашааг хариуцаж байхдаа *******ийн зөвшөөрөлгүй ******* гэдэг хүний өвсийг буулгасан. Анх бид 3047000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа 875650 төгрөгөөр бууруулж үлдсэн 2171350 төгрөгийг *******, ******* нараас хувь тэнцүүлж гаргаж өгнө үү гэв. 
           2.Хариуцагч талын тайлбар, агуулга: 
2.а. Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өвс буулга гэж зөвшөөрөл өгөөгүй. ******* ирээд л 2 сарын хугацаатай өвс буулгая гээд буулгасан. Би эзнээс нь асуу гэж хэлэхэд эзнээс нь асуулгүй буулгасан. Манайх Б.******* гуайн хашааг хариуцаж байгаагүй. Хашаанд чинь хүмүүс мал хийгээд байна гэж би хэлж л байсан. Надад *******ас өвс буулгасны хөлсөнд мөнгө авсан асуудал байхгүй. ******* өвс буулгах үед байсан. Гал гарч түймэр болоход үлдсэн хашааг нь Батдэлгэр гуай аваад явсан. *******тай хамт явсан хүмүүс *******ийн шатсан хашааг нь төлж өгнө гэж хэлж байсан шүү дээ гэв.
2.б. Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед 2020 оны 1 дүгээр сарын 04, 05-ны үед хашаанд өвс буулгасан. Манай найз ******* гуайтай уулзаж тохиролцоод өвс буулгасан. 2020 оны 2 дугаар сарын эхээр утасны сүлжээнд гарахад өвс шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Би өөрөө 30 гаруй сая төгрөгөөр хохирсон. Би өөрөө нэхэмжлэл гаргаагүй тэгээд өнгөрсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв. 
             3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт гийн ******* //-аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2171650 /хоёр сая нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овогт ий ******* /РД:/-ид олгож, хариуцагч овогт гийн ******* /РД:/-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63075 /жаран гурван мянга далан таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 49696 /дөчин есөн мянга зургаан зуун ерэн зургаан/төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ. 
4. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... миний бие Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2022/00461 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өвс шатаасан эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй, галын шалтгааны нөхцөлийг тогтоосон тухай дүгнэлтгүйгээр “хохирогч *******” миний биеийг гэм буруутайд тооцож нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гаргаж дахин хохироож байгаад гомдолтой байна. 
Миний бие 2020 оны 01 сарын 04, 05-ны үед найз М.Соронзонболдтой хамт явж байсан, манай найз нэг айл руу ороод гарч ирэхдээ өвсөө буулгахаар тохирчихлоо гэсэн. Тэр айлын тохирсон хүн нь ******* байсан. Тухайн үед сарын 250000 төгрөг өгөхөөр амаар тохирч буулгасан. ******* нь зөвшөөрч хашааны хаалганы цоожийг онгойлгож өгсөн. Энэ тухай би хохирогч болон гэрчийн мэдүүлэгтээ удаа дараа мэдүүлж байсан. Өвсний нэг боодол нь 400 кг буюу нийт 250 орчим том боодолтой өвс хадгалуулсан. Өвс буулгаснаас хойш нэг сар буюу төлбөр төлөх хугацаа хүрэлгүй өвс шатсан тул тохиролцсон 250000 төгрөг төлөгдөөгүй болно. 
Тухайн үед би *******аас өвсний үнэ болох 30.000.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй боловч настай хүн зовоогоод яах вэ гээд зүгээр орхисон. Иймд надад учруулсан их хэмжээний бодит хохирлыг харгалзан үзэлгүй дахин хашааны мөнгө нэхэмжлэн “хариуцлага алдсан” гэм буруутайд тооцож үнэн зөв шийдвэр гаргахгүй байна. Өвс буулгахыг зөвшөөрч хадгалах хөлс тохиролцож дараа нь хариуцлага алдсан хүн бол ******* гэж үзэх нь зүйтэй байна. Мөн *******ын үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэхийг харгалзалгүй нэг талд туйлшран шууд намайг буруутгаж байна. 
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 
ХЯНАВАЛ:
Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт хариуцагдах гэм хорын хохиролд 3047000 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд гаргасан Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2022/00461 тоот шийдвэрийг хариуцагч ******* давж заалдсан гомдлын дагуу хүлээн авч хянав. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг үндэслэн гомдлоор хязгаарлалгүйгээр хавтаст хэрэг, түүний дотор авагдсан маргааны үйл баримт, холбогдох нотлох баримтуудыг бүхэлд нь судалж хянан үзэв. 
Нэхэмжлэгч ******* нь *******ыг хашаанд дур мэдэн өвс буулгаснаас өвс шатаж, улмаар хашааны тал хэсэг нь хамт шатсаны улмаас 3047000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн түүнээс уг мөнгийг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвсний эзэмшигч болох хариуцагчаар нэмж татан, гарсан төлбөрийг хамтран хариуцаж төлөхийг шаардсан бол хариуцагч нар эс зөвшөөрчээ. 
Иргэний хэргийн анхан шатны шүүх маргааныг хянаад *******ыг гэм буруугүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 2171650 төгрөг гаргуулж *******ид олгож шийдвэрлэжээ. 
Хариуцагч бусдын эд хөрөнгөд санаатай гэм хор учруулсан гэж үзсэн болон төлбөрийг бүхэлд нь түүнд хариуцуулахаар шийдсэн шүүхийн энэхүү шийдвэрийн үндэслэл эргэлзээтэй байна. 
Хариуцагч ******* нь бусдын хамт *******тай зөвшилцөж *******ийн хашаанд өвсөө буулгаж хураахдаа эзнээс нь зохих ёсоор зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдож байна. Үүнийг хэргийн оролцогчид шүүхэд тайлбарласан байна. 
Хариуцагч ******* нь өвс буулгах үйлдлийг зөвшөөрөөгүй, мэдээгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ нь үндэслэлгүй болох нь Мандлын 24-7 тоот хашааны хаалгыг нээж өгсөн болон хашааны эзэн *******той уулзахдаа өвс буулгуулсан талаараа хэлж байсан гэснээс илэрхий байна. 
*******, ******* нарын бусдын өмчлөл эзэмшлийн хашаанд өвс буулгасан үйлдлийг дураар авирласан шинжтэй гэж үзэж болох ч тэдний зүгээс өвсийг болон хашааг шатаах гэх мэт санаатай үйлдлийг огт гаргаагүй байгаа нь тогтоогдож байгаа учир тэднийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг санаатай гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. 
Бусдын эд хөрөнгөд гэм хор болгоомжгүйгээр учруулах үйлдэл байж болохыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заан зохицуулжээ. 
Хариуцагч ******* бусдын хашаанд өвс дураар буулгасан, аливаа нэг эрсдэл үүсч болох эд хөрөнгийг арчлан хамгаалах талаарх эрхээ хэрэгжүүлээгүй учраас бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин хариуцагч *******ын хувьд өөрт олгогдоогүй эрхийг эдэлсний улмаас эрсдэл бүхий зүйлийг бусдын хашаанд буулгахад дэмжлэг үзүүлсний улмаас бусдын эд хөрөнгө хохироход хүрсэн байх тул гарсан хохирлын талаар хариуцлага хүлээх шаардлагатай гэж үзсэн *******ийн шаардлагыг үндэслэлтэй бөгөөд түүнийг үгүйсгэх татгалзсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгч ******* хашаанд өвс буулгасан талаар хариуцагч *******тай уулзаж ярилцаж байсан талаараа шүүхэд тайлбарласан бөгөөд өвс буулгасан талаараа ******* тайлбарлаж байсан гэдгийг нэхэмжлэлдээ нотолжээ. 
Хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийсний үндсэн дээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тогтов. 
Энэхүү маргааны хариуцагч нар өвс шатах зэрэгт санаатай оролцсон гэм буруу байхгүй боловч дээрх нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн нөхцөл байдал оролцоог харгалзан үзэж Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар хохирлын асуудлыг хэн алинд нь тэнцүү хуваан хариуцуулах, гэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 заалтуудыг журамлан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. 
Энэ хэргийн нэхэмжлэгч ******* нь хашаанд нь өвс буулгасныг үзэж мэдсэн атлаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ямар нэг арга хэмжээ аваагүй орхисон байх тул хохирлын тодорхой хэсгийг өөрөө хариуцах /учрах эрсдэлийг/ үүрэгтэй гэж үзэв.  
Хашаанд нь галын эрсдэл бүхий эд зүйл багагүй хугацаагаар хараа хяналтгүй байсан тохиолдолд эзэмшигч этгээдийн хувиар зохих арга хэмжээ авч болох байсан. Ийм үйлдэл огт хийгээгүй байсан бөгөөд энэ хэргийн хариуцагч ******* хувьд эд хөрөнгийн маш их хохирол хүлээснээ шүүхэд тайлбарласан болон, *******ын хөрөнгийн байдал тодорхойгүй, төлбөрийн чадвартай эсэхийг нэхэмжлэгч талаас нотлоогүй зэрэг байдалд үндэслэн, хариуцагч нараас шаардсан хашааны үнээс 50% /тавь/ бууруулж гаргуулан төлбөрийг хариуцагч нарт тэнцүү хуваан хариуцуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс тогтоон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2022/00461 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас тус бүр 542913 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгосугай” гэж, 2-р заалтын “*******ас” гэснийг “*******, ******* нараас” гэж, “49696” гэснийг “тус бүр 16397” гэж өөрчилсүгэй. 
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49696 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай. 
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                              ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                  ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА 

                                                                                 Ш.ТӨМӨРБААТАР