2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/02864

 

 

 

 

 

 

 

   2026               03            12                                              192/ШШ2026/02864

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 06 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******, Хьёндэ Элеватор-503 хаягт байрлах “Анд ноёд” ХХК (РД:6411304),

 

Хариуцагч: *******,*******,,, Хаан цамхаг хаягт байрлах “ХААН банк” ХК (РД:2693321) нарт холбогдох

 

“Анд ноёд” ХХК болон “ХААН банк” ХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БГҮ2021146767816 дугаар барьцааны гэрээний *******,,,, талбай бүхий орон сууцнаас 11 дүгээр давхар, 1107 тоот хаягт байрлах 53.37 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор,

Хариуцагч “ХААН банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан “Анд ноёд” ХХК болон “ХААН банк” ХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БГҮ2021146767816 дугаар барьцааны гэрээний *******,,,, талбай бүхий орон сууцнаас 11 дүгээр давхар, 1107 тоот хаягт байрлах 53.37 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч нь хариуцагч “Анд ноёд” ХХК-тай 2019 онд орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийнны нутаг дэвсгэрт тус компанийн барьж буй “Смарт таун” орон сууцны 11 дүгээр давхар, 1107 тоот, 53.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан төлбөрийг бүрэн төлсөн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дугаар шийдвэрээр намайг дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахад хариуцагч “Анд ноёд” ХХК нь хариуцагч “ХААН банк” ХК-нд 8, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болохыг мэдсэн. Орон сууц захиалагч нарт мэдэгдэхгүйгээр тухайн орон сууцны барилгыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

1.2.Мөн хариуцагч “ХААН банк” ХК нь “Анд ноёд” ХХК-нд зээл олгож, барьцааны гэрээ байгуулахдаа тухайн барьцаа хөрөнгийг бусдад худалдсан эсэх, орон сууц захиалагч нарын мэдээллийг судалж шалгаагүй, олгосон зээлийн зарцуулалтад хяналт хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

 

2.Хариуцагч “Анд ноёд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргах зүйл байхгүй, “ХААН банк” ХК зөвшөөрсөн тохиолдолд бид татгалзах зүйлгүй гэжээ.

 

3.Хариуцагч “ХААН банк” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

3.1.Хариуцагч “Анд ноёд” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай Даун Таун төвөөс 2,900,000,000 төгрөгийг *******,, Жаргалантын эх-1, 128 айлын Смарт таун-1 төслийн орон сууцны барилгын зориулалтаар зээлж, *******,,,, талбайтай орон сууц үйлчилгээний зориулалттай барилга болон газрыг барьцаалсан. Ийнхүү барьцааны гэрээг байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй, “Анд ноёд” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлага байгаагүй. Иймд холбогдох хуульд нийцүүлэн гэрээг байгуулсан гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг барьцаа хөрөнгийн тодорхой хэсгийн өмчлөгчөөр тогтоосон нь барьцаалагч буюу “ХААН банк” ХК-ийн хууль ёсны эрхийг хөндөхгүй гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04/1231 дугаартай хариу мэдэгдэх хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 4/159 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг,

Хариуцагч “Анд ноёд” ХХК-аас хавтаст хэрэгт иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбарыг,

Хариуцагч “ХААН банк” ХК-аас хавтаст хэрэгт итгэмжлэл, “Анд ноёд” ХХК-тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/202146767816 дугаар зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БГХ/202146767816, БГҮ/202146767816 дугаар барьцааны гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, 000017070 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 001191540 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11-1758527 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан “Анд ноёд” ХХК болон “ХААН банк” ХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БГҮ2021146767816 дугаар барьцааны гэрээний *******,,,, талбай бүхий орон сууцнаас 11 дүгээр давхар, 1107 тоот хаягт байрлах 53.37 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ орон сууц захиалагч нарт мэдэгдэхгүйгээр орон сууцны барилгыг барьцаалах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн хариуцагч “ХААН банк” ХК нь барьцааны зүйлийг бусдад худалдан борлуулсан талаар шалгаагүй нь хууль зөрчсөн гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч “Анд ноёд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, “ХААН банк” ХК нэхэмжлэлийг зөвшөөрсөн тохиолдолд бид татгалзахгүй гэж тайлбарлаж байх бөгөөд шүүх хуралдааны товыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж, хэргийг эзгүйд нь хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно.

 

4.Хариуцагч “ХААН банк” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ барьцааны гэрээг байгуулах үед барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Анд ноёд” ХХК бүртгэлтэй, тухайн эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй байсан учир хуульд нийцүүлэн гэрээг байгуулсан гэж тайлбарлажээ.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1.Нэхэмжлэгч нь хариуцагч “Анд ноёд” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийнны нутаг дэвсгэрт баригдах “Смарт таун” нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 11 дүгээр давхар, 1107 тоот хаягт байрлах 53.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан. (Хавтаст хэрэг 7 дахь талын арын нүүр)

5.2.Нэхэмжлэгч нь *******,, “Смарт таун-1” үйлчилгээтэй, 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 1107 тоот хаягт байрлах 53.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. (хавтаст хэргийн 5-8 дахь тал)

5.3.Хариуцагч “Анд ноёд” ХХК болон “ХААН банк” ХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БГҮ/202146767816 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр *******,, Жаргалантын 1 гудамж,, талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. (хавтаст хэргийн 51-55 дахь тал)

5.4.Хариуцагч “Анд ноёд” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар *******,, Жаргалантын 1 гудамж, 6/2 тоот орон сууц, үйлчилгээний анхны өмчлөгчөөр бүртгэлтэй, тухайн эд хөрөнгөд үүрэг ногдуулсан бүртгэлгүй байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр барьцаалсан тухай бүртгэгдсэн. (хавтаст хэргийн 68-69 дэх тал)

 

6.Зохигч талуудын хувьд орон сууц захиалагчид мэдэгдэлгүйгээр орон сууцны барилгыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар барьцаалсан нь хууль зөрчсөн эсэх үйл баримтын хувьд маргаантай байна.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

7.1.Хариуцагч “ХААН банк” ХК-ийн зүгээс хариуцагч “Анд ноёд” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж тайлбарлаж, барьцааны гэрээ болон барьцааны гэрээг байгуулах үед бүрдүүлсэн улсын бүртгэлийн байгууллагын албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч компаниудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох шаардлагатай.

 

7.2.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 156.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана”, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

 

7.3.Хавтаст хэрэгт авагдсан “Анд ноёд” ХХК болон “ХААН банк” ХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БГҮ/202146767816 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, тус гэрээний удиртгал хэсэгт талуудын нэр, оршин суугаа газар, 2.3-д барьцаагаар хангагдах шаардлага, 2.4-т үүргийг хангах хугацаа, 2.2-т барьцааны зүйл, түүний хаягийг, үнийг тус тус тодорхойлжээ.

 

7.4.Энэ тохиолдолд хариуцагч компаниудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.Нэхэмжлэгчийн “орон сууц захиалагч нарт мэдэгдэхгүйгээр тухайн орон сууцны барилгыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр барьцааныг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.

 

8.1.Тодруулбал, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 дахь хэсэгт “Барьцаалуулагч дараахь үүрэг хүлээнэ”, 157.6.2-т “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” гэж зааснаар хариуцагч “Анд ноёд” ХХК нь барьцааны эрх үүссэн тухай орон сууц захиалагч буюу нэхэмжлэгчид, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдээгүй бол барьцаалагч нь гэрээнд өөрчлөлт оруулах буюу үүргийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар барьцаалагч буюу хариуцагч “ХААН банк” ХК-нд мэдэгдэх үүрэгтэй.

 

Харин барьцааны гэрээ байгуулах гэж байгаа тухайгаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй буюу гуравдагч этгээд болон барьцаалагчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна”, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 20.1-д заасан барьцаалуулагчийн эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна”, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.3-т заасныг зөрчиж байгуулсан гэрээг дараачийн барьцаалагч урьдчилан мэдэж байсан эсэхээс үл хамааран шүүх өмнөх барьцаалагчийн нэхэмжлэлээр дараачийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж тус тус зааснаар барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

 

9.Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ “банк олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд хяналт хэрэгжүүлээгүй, зээлийг олгохдоо судалгааг хангалтгүй хийсэн” гэж тодорхойлсон боловч уг үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниудад холбогдох “Анд ноёд” ХХК болон “ХААН банк” ХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БГҮ2021146767816 дугаар барьцааны гэрээний *******,,,, талбай бүхий орон сууцнаас 11 дүгээр давхар, 1107 тоот хаягт байрлах 53.37 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Анд ноёд” ХХК болон “ХААН банк” ХК нарт холбогдох “Анд ноёд” ХХК болон “ХААН банк” ХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БГҮ2021146767816 дугаар барьцааны гэрээний *******,,,, талбай бүхий орон сууцнаас 11 дүгээр давхар, 1107 тоот хаягт байрлах 53.37 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД