2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/02697

 

 

 

 

 

 

 

 

      2026             03               09                              192/ШШ2026/02697

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 06 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,*******,*******,*******, 20 тоот хаягт оршин суух Боржигон овогт Заяабаатарын Одбаяр (РД:ОД99071351)-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,, 152 тоот хаягт оршин суух Гуч овогт Нэргүйн Мөнхнаран (РД:СР78113014)-нд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 669,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мядагсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 669,000,000 төгрөг гаруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.,,, хувийн сууцыг 2023 оны 09 дүгээр сард хариуцагчид худалдаж хүлээлгэж өгсөн ба гэрээг 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Гэрээний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 700,000,000 төгрөгөөс 105,000,000 төгрөгийг хүлээн авсан ба үлдэх төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 45,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 45,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 45,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 45,500,000 төгрөг, үлдэгдэл 400,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор эзэмшлийн дугаар дансанд төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 37,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 13,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 105,000,000 төгрөгт тооцож автомашин, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг, нийт 254,000,000 төгрөг төлсөн. Иймд үлдэгдэл төлбөр 446,000,000 төгрөг болон гэрээний 3.5-д зааснаар хугацаа хэтрүүлсний алданги 223,000,000 төгрөг, нийт 669,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн огноо бүхий бүртгэлийн 1846 дугаарт бүртгэгдсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь эзэмшлийн дугаар дансны хуулга, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн огноо бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэлийг,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариу тайлбарыг бичгээр гарган ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ,,, хувийн сууцыг 700,000,000 төгрөгөөр худалдсан ба үнийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах хуваарийг тохиролцсон боловч хариуцагч нь 254,000,000 төгрөг төлж, үлдэх 446,000,000 төгрөгийг төлөхгүй байх тул алдангийн хамт гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй учир нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” үйлдэж, гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн. (хавтаст хэргийн 5-6 дахь тал)

 

4.2.Дээрх гэрээний гол нөхцөл нь улсын бүртгэлийн Ү-2203039239 дугаарт бүртгэгдсэн , 20-р хороо, Сэлх /14070/ 43-р хэсэг гудамж, 4307 тоот, 214.88 м2, хувийн сууцыг 700,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах нөхцөл байна. (хавтаст хэргийн 5-6 дахь тал)

 

4.3.Хаан банк дахь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзэмшлийн дугаар дансанд дугаар данснаас “munkhnaran”, “Мөнхнаран” гэх утгаар 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 37,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 13,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг,

461098789 дугаар данснаас “Мөнхнаранг-с” гэх утгаар 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг,

5092124444 дугаар данснаас “Munkhnarand” гэх утгаар 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг,

5951072499 дугаар данснаас “urantes” гэх утгаар 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. (хавтаст хэргийн 7-12 дахь тал)

 

4.4.Хариуцагч болон Ч.Мядагсүрэн нарын хооронд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр JTMHV05J304110154 арлын дугаартай, 1219 УБҮ улсын дугаартай, Toyota, Land cruiser маркийн, хар өнгөтэй, 2013 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай, 05381968 дугаар гэрчилгээтэй сайн чанарын тээврийн хэрэгслийг орон сууцны төлбөрт 105,000,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон. (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 

5.Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж тус тус зааснаар зохигч талуудын үйлдсэн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн огноо бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-ний гол нөхцөл нь нэг талаас хувийн сууцыг шилжүүлэх, нөгөө талаас хувийн сууцны үнийг төлөх нөхцөл байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ шинжтэй байна.

 

5.1.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигч талууд дээр дурдсан 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн огноо бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн байх тул тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

6.Хавтаст хэрэгт авагдсан Хаан банк дахь эзэмшлийн дугаар дансны хуулга, тээврийн хэрэгсэл худалдсан худалдах, худалдан авах гэрээ зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч нь 149,000,000 төгрөг, 105,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх төлбөрийн зориулалтыг няцааж, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.

 

6.1.Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар “нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

7.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.5-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан бөгөөд уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцжээ.

 

7.1.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх 213 хоногийн алданги 474,990,000 (446,000,000₮*0.5%*213хоног=474,990,000₮) төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “…Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангид 223,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байна.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 669,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,502,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч гаас 669,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 3,502,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД