| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2018/0807/э |
| Дугаар | 807 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., 13.8.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч С.Батгэрэл,
шүүгдэгч Н.Н түүний өмгөөлөгч М.Санчиндорж,
шүүгдэгч Ц.Бтүүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Зая уургач овогт Нямрэнцэнгийн Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Шарнууд овогт Цэцэгмаагийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805003690523 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 оны 05 сарын 12-ны адар Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, “...............” ХХК-нд менежер,орчуулагч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ......................... дүүргийн ... дугаар хороо ............. хотхон ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй Зая Уургач овогт Нямрэнцэнгийн Н-.
Монгол Улсын иргэн, 1971 оны 01 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ............... дүүргийн ..... дугаар хороо ... дүгээр байр 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Шарнууд овогт Цэцэгмаагийн Б-.
Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 38 дугаар байрны 6 тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хохирогч Ц.Б-ы халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 38 дугаар байрны гадна хохирогч А.Санчирмаагийн эзэмшлийн Самсунг Он-7 маркийн гар утсыг газарт шидэж, чихэвчийг нь тасдаж хууль бусаар гэмтээсний улмаас нийт 1.340.420 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 38 дугаар байрны 6 тоотод хохирогч Н.Н-ийн толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нмэдүүлэхдээ: “Орон гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч орсон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Би Ариунбуянгийн буюу нөхрийнхөө түрээслэж байсан оффис руу орсон гэж бодож байна. Учир нь 11, 12 дугаар сард Ариунбуян хүүхэдтэйгээ хамт оффисын байрандаа амьдарч байсан. Би энэ үед Солонгос улсад байсан. Намайг 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсад ирээд хүүхэдтэйгээ уулзахад Ариунбуян надад “энэ байрыг түрээслэж байгаа” гэж хэлсэн. Тэгэхдээ тухайн байрны гаднаас хүүхдийг маань өгч байсан. Ариунбуян тэндээ үлдэж байсан. Мөн намайг Солонгос улсад байхад хуучин түрээслэж байсан байраа сольсон, 20 дугаар сургуулийн ойролцоо 2 өрөө байр түрээслээд нэг өрөөндөө амьдраад нөгөө өрөөндөө ажлаа хийж байгаа гэж хэлж байсан. Тийм байхад Б- тэр байрыг яагаад өөрийн байр гээд байгааг би ойлгохгүй байна. Би хэрэг гардаг өдөр принтерээ авах гэж тэр байранд очсон болохоос хүнтэй маргалдах гэж очоогүй. Гар утас эвдэрсэн асуудал надтай ямар ч холбоогүй. Би эвдэрсэн гэх гар утсыг ч мэдэхгүй. Би Б-ы охин Санчирмаатай байрны гадна зөрж өнгөрөхдөө маш ууртай явж байсан бөгөөд тэр охиноос юм асуугаад явсан болохоос гар утсыг нь эвдэлж, зодоогүй. Надад Б-ыг хүүхэдтэйгээ хамт тэр байранд байгаа нь их хүнд туссан. Би хүүхэдтэйгээ хамт тэр байранд очоод хаалга тогшиж нэвтэрч ороход Б- зогсож байсан. Би үнэхээр их гайхсан. Би түүнээс “чи энд юу хийж байгаа юм бэ, Ариунбуян хаана байна вэ” гэж асуусан. Тэгэхэд надад ямар ч хариулт өгөөгүй. Манай хүүхэд дотогш шууд гүйгээд орсон. Тэгтэл Б- цаашаа яваад гал тогооны өрөөний ширээн дээр очсон. Би түүнд “Ариунбуян хаана байгаа юм бэ, Ариунбуян руу залга” гэхэд Б- гар утсаа шүүрч аваад надад юу ч хэлэлгүй намайг түлхсэн. Тэгээд бид хоёрын дунд маргаан эхэлсэн. Б- зүүн гартаа гар утсаа бариад намайг цохиж байсныг санаж байна. Би сандарч, бухимдсан байсан ба намайг түлхэхээр нь зөрүүлээд түлхсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Солонгос улсаас ирсэн. Ирэхдээ 2-3 найздаа түрээсийн байр захиж байсан. Надад хамгийн эхлээд олдсон байр нь энэ байр. Ариунбуян надад фэйсбүүкээр “Баянгол дүүргийн шүүхийн ард талд 2 давхарт, 2 өрөө байр байна” гэж хэлсэн. Хэрэг гардаг өдөр би Н-ийг цохиогүй. Н- гэрт орж ирээд шууд миний нүд рүү цохиод, үснээс зулгаагаад хана руу түлхээд байсан. Надад Н-тэй юм ярьж, эсэргүүцэх ч боломж гараагүй. Би Н-ийн гарыг нь тавиулах гэж “хүүе чи зүгээр яриач” гэж хэлсэн. Би Н-тэй хэрэлдэж маргалдаагүй. Түүний хүүхэд нь гэрт орж ирээгүй ба “ээжээ болиоч” гээд үүдэнд зогсож байсан. Тэр үед Н- “миний хүү цаашаа гараад зогсож бай” гэж хэлж байсан. Энэ үйл явдал ихдээ л 5 минутын хугацаанд үргэлжилсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Н.Н мэдүүлэхдээ: “Тухайн үед би Б-тай цохилцоод шууд өрхийн эмнэлэг рүү явсан. Тэнд очоод зовиураа хэлээд зөвлөгөө авахад шинжилгээ авах боломжгүй учраас өөр эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Байцаагчтай уулзахад заавал шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулах ёстой гэсэн учраас шинжилгээ хийлгэх бичгээ аваад Шүүх эмнэлэгт очсон. Тэгээд үзлэг хийлгэхэд толгойн зургаа авхуул гэхээр нь Эрүүл мэндийн үндэсний төвд толгойн зургаа авахуулсан. Тэгэхэд цохилтоос үүдэлтэй толгойн хавантай гэж гарсан. Тухайн үед шинжилгээ хийлгэхэд 200.000 төгрөгийн зардал гарсан. Надад маш их зовиуртай байсан учраас дараа нь Солонгос улс руу шинжилгээ хийлгэхээр очиход үнэтэй байсан учраас эмнэлэгт үзүүлээд буцаж ирсэн. Тэр өдөр Б-тай уулзахад гар утсаа барьсан гараараа намайг хэд хэдэн удаа цохиж, хэвлий рүү ёвроод, ширээ рүү түлхэхээр нь би өөрийгөө хамгаалсан. Үүний улмаас би компьютер томографийн зураг зураг авахуулахад 180.000 төгрөг, тархины цахилгаан бичлэг хийлгэхэд 30.000 төгрөгийн зардал гарсан. Цаашид тархины имрай зураг 900.000 воны төлбөртэйгээр авахуулна. Одоогоор тархины имрай зураг авахуулж чадаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Ц.Бмэдүүлэхдээ: “Би тухайн үед Н-д цохиулаад тархи хөдөлсөн байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 80.000 төгрөгөөр компьютер томографийн зураг авахуулсан. Мөн миний хөмсөг сэтэрч 4 оёдол тавиулсан. Би өдөр бүр оёдлоо боолгуулахаар такси барьж эмнэлэгт очсон. Ачтан эмнэлгийн үзлэгийн төлбөр 20.000 төгрөг, Ачтан эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгэхэд 75.000 төгрөг, Болор мэлмий эмнэлгийн үзлэгийн төлбөр 25.000 төгрөг, Гэмтлийн эмнэлгийн эмчийн бичиж өгсөн эм авахад 39.500 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг, гэмтсэн зураг угаалгахад 3300 төгрөг, сорвины тос авахад 44.000 төгрөгийн зардал гарсан. Хөмсөгний боодлоо солиулахаар бүтэн сар явахдаа такси барихад 150.000 төгрөгийн зардал гарсан. Мөн Н-д цохиулснаас болоод 1.5 см сорвитой болсон ба эмнэлэгт үзүүлсэн төлбөрт 35.000 төгрөг. Сорви арилгуулах эмчилгээг нэг удаа 500.000 төгрөгөөр хийлгэнэ. Нөхөн сэргээх эмчилгээ 500.000 төгрөг болно. Би нийт 1.615.800 төгрөгийн зардлыг Н-ээс гаргуулах хүсэлтэй байна. Энэ төлбөрөөс төлөгдсөн зүйлгүй” гэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:
Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:
Хохирогч Ц.Б-ы “2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 38 дугаар байр 6 тоотод байрлах түрээсийн байрандаа охин Сансармаагийн хамт байж байгаад охин Сансармаа дэлгүүр рүү гарч бие гэртээ ганцаараа байж байсан чинь хаалга тогшихоор нь би охиныгоо орж ирж байна гэж бодоод онгойлгосон чинь Н- гэх манай найз Ариунбуянгийн салсан эхнэр зогсож байсан.Тэгснээ Н- юм асуухгүй гэрт орж ирснээ намайг чи муу яадаг янхан бэ гээд шууд миний нүүр рүү нэг удаа цохиод үснээс зулгаагаад доош нь дарсан. Тэр үед зүүн талын нүд сонин болоод гараараа дараад үзсэн чинь цус гарсан байхаар нь яаж байгаа юм бэ чи болиоч гэсэн чинь миний үснээс доошоо дараад сэгсрээд, хэсэг хугацаанд тавиад гарт байсан утас авах гээд булаацалдаад байсан. Цагдаа дуудлаа гэсэн чинь намайг тавихаар нь гал тогооны өрөөний цонхны хажууд хүн дуудах гээд очсон чинь ширээ дээр байсан миний цүнхтэй бичиг баримтыг аваад гарсан.
... Н-д зодуулаад зүүн талын хөмсөг сэтэрсэн, нүд орчим хавдсан байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 36-37 дугаар хуудас/
“Би Н- гэх эмэгтэйг тийм сайн мэдэхгүй, зүс таних төдий л мэднэ. Надад уг эмэгтэйг дуудах шалтгаан байхгүй. Мөн тэр эмэгтэй ч манай гэрт ирэх шаардлага шалтгаан байгаагүй. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед би гэртээ ганцаараа байсан ба манай охин Сансармаа уг эмэгтэйг орж ирэхээс 10 орчим минутын өмнө дэлгүүр гарсан байсан. Тэгээд хаалга тогшихоор нь би охин Сансармааг ирж байна гэж бодоод асуулгүй шууд онгойлгоход Н- гэх эмэгтэй 10 орчим насны эрэгтэй хүүхэдтэй зогсож байсан. Тэгээд намайг тэр эмэгтэй түлхээд би арагшаа 2, 3 гишгэхэд тэр эмэгтэй гэрт орж ирээд намайг хэл амаар доромжилж байгаад нүүр лүү цохиод авсан. Тэгээд миний гар утсыг авах гэж булаацалдаад намайг үсдээд доош нь дараад хана руу саваад байсан. Тэгээд миний нүднээс цус гараад тэр эмэгтэй намайг тавьсан. Тэгээд би цаашаа явж 102-т дуудлага өгч байхад ширээн дээр байсан хар цүнхтэй бичиг баримтыг аваад гарсан. Н- надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, хаалга онгойлгоход намайг түлхээд шууд дайрч орж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 235-236 дугаар хуудас/
Хохирогч Н.Н-ийн “...Хаалга тогшиход Б- гэх манай байгууллагад ажилладаг байсан эмэгтэй хаалга онгойлгохоор нь би шууд хүүхэдтэйгээ ороол энд юу хийж байгаа юм, Ариунбуян хаана байна гэхэд нөгөө эмэгтэй намайг тоохгүй цаашаа алхаад байсан. Би дахин асуугаад Ариунбуян хаана байна наад утсаараа залгаадах гээд гар утас руу нь заахад ширээн дээр байсан гар утсаа аваад чамд ямар хамаатай юм гээд бид хоёр хоорондоо хэрүүл болсон. Тэгээд тэр эмэгтэй намайг түлхэхээр нь би нөгөө эмэгтэйг түлхсэн.Тэгэхэд тэр эмэгтэй намайг үсдээд би харилцан нөгөө эмэгтэйг үсдээд хана руу түлхсэн. Тэр эмэгтэй намайг ширээ рүү түлхсэн. Би тэгэхэд нь нөгөө эмэгтэйг цааш нь хүчтэй түлхсэн.Тэгээд тэр эмэгтэй дайраад байхаар нь би бас уг эмэгтэйг түлхэж өөрөөсөө холдуулсан. Эхлээд тэр эмэгтэй намайг түлхэж миний үснээс зулгаасан. Намайг ширээ рүү түлхэж миний давсаг руу өвдгөөрөө ёворсон. Тэгээд тэр эмэгтэй гартаа барьсан утсаараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Би биеэ хамгаалж түлхсэн. Цохисон асуудал байхгүй. Уг эмэгтэйгээс тархины нарийвчилсан шинжилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 40-41 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй хохирогч А.Сансармаагийн “2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед хүнсний юм цуглуулаад гэр рүүгээ орох гээд куртикнийхээ юүдэнг өмсөөд утасныхаа чихэвчээр дуу сонсоод доошоо хараад байрны гадаа ирэхэд 1 хүн цүнхээрээ миний хамар руу цохисон. Би юүдэнгээ буулгаад эргэж хараад ёо ёо гэхэд 40 гаран насны эмэгтэй намайг шууд үсдээд авсан. Намайг үсдэж байгаад доошоо тонгойлгож байгаад миний нүүр рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хөөе болиочээ, цагдаа дуудлаа шүү гэхэд Ариунбуянгийн эхнэр байна, гичий минь гээд байсан.Тэгээд эргээд намайг үсдэхэд миний утасны чихэвч татагдахад халаасанд байсан гар утас гараад ирсэн. Миний утсыг аваад цаашаа явах гээд байхаар нь би араас нь очоод гарнаас нь барьж аваад утсаа авах гэтэл миний гарыг маажиж хумс хугалаад миний утсыг шууд газар шидсэн. Тэгээд дахиад үсдээд толгой руу цохиод байсан. Би доошоо тонгойгоод утсаа авах гэтэл миний утсан дээр гишгээд хөлөөрөө цааш өшиглөхөд зогсож байсан машины доогуур орсон. Би утас руугаа явахад араас үсдээд толгой, нүүр рүү алгадаж гараа атгаж байгаад цохиод байсан. Миний барьж явсан Самсунг Галакси он-7 гэх утас эвдэж чихэвчийг нь тасалсан. Манай эгч Санчирмаа Солонгос Улсаас 2017 оны 5 сард надад авч өгч байсан. Манай эгчийн данснаас сар болгон лизенгээр Монгол мөнгөөр 130.000 төгрөг төлдөг. Гар утас Монгол мөнгөөр 1.800.000 орчим төгрөгний үнэтэй би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 44-45 дугаар хуудас/
Хохирогч А.Санчирмаагийн “Би 2016 онд БНСУ-ын Сөүл их сургуульд сурахаар явсан. Тэгээд гар утасны дэлгүүрээс 2017 оны 4 сарын сүүлээр 399.000 воны урьдчилгаа өгч 2 жилийн хугацаатай лизингээр авч сар болгон 65.900 вон төлөхөөр гэрээ хийж авсан. ... Тухайн үед Солонгост 7 хоног барьж байгаад Монголд ирээд дүүдээ шинээр нь өгч байсан. Гар утас хэвийн ажиллаж байсан. ... Би эвдэрсэн гар утасныхаа хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 234 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар Самсунг Галакси он-7 маркийн гар утас,саарал өнгийн чихэвчид үзлэг хийсэн “ ... гадна талаас харахад дэлгэцийн зүүн доод булан хагарч цуурсан, дэлгэцийн дээд хэсэг цуурсан, асаах товч дарахад асахгүй байгаа болно” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 34 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн 1322 дугаартай акт:
“1. Н.Н-ийн биед тархи доргилт, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 54 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн 1106 дугаартай акт:
“1. Ц.Б-ы биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, дух, баруун сарвууны хуруу, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар хуудас/
2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утас, чихэвчийг нийт 1.340.420 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний баримт. /хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дугаар хуудас/
Н.Н-ийн сэжигтнээр өгсөн “... Намайг тэр эмэгтэй түлхэхээр нь би хүүхдээ цаашаа зогсож бай гээд нөгөө эмэгтэйг түлхсэн. Тэгэхэд тэр эмэгтэй намайг үсдээд би харилцан нөгөө эмэгтэйг үсдээд хана руу түлхсэн. Тэр эмэгтэй намайг ширээ рүү түлхсэн. Би тэгэхэд нь нөгөө эмэгтэйг цааш нь хүчтэй түлхсэн. Тэгээд тэр эмэгтэй дахиад дайраад байхаар нь би бас уг эмэгтэйг түлхэж өөрөөсөө холдуулсан. ... Би уг эмэгтэйн охиноос юм асуухад дуугарахгүй байхаар нь утасны чихэвчийг нь татаж асуусан.Тэгээд нэг харсан чинь тэр охины утас унасан байсан. Тэр охин эхлээд миний куртикны захнаас татахад миний үс давхар татагдсан. Тэгээд би зөрүүлээд нөгөө охины үстэй куртикнээс барьцалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 83-84 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Н.Ннь Ц.Б-ы түр хугацаагаар амьдарч байсан Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 38 дугаар байрны 6 тоотод түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж гэрт нь байсан цүнхийг авч гарч дураараа авирласан бөгөөд ингэх явцдаа хохирогч Ц.Б-тай харилцан зодолдож түүний биед хөнгөн хохирол учруулж, мөн А.Санчирмаагийн өмчлөлийн Самсунг он-7 маркийн гар утсыг А.Сансармааг авч явахад нь булаан авч газар шидэн дэвсэж санаатайгаар гэмтээсэн үйлдлүүд нь хохирогч Ц.Б-ы мэдүүлэг, түүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт, А.Сансармааг тухайн үед хохирогчоор тогтоож авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Иймд шүүдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суучийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс доош хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Ц.Б-ыг хохирогч Н.Н-тэй маргалдаж харилцан зодолдож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч Ц.Б-ы мэдүүлэг, түүний биед гэмтэл тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоодсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь “Ачтан” эмнэлэгт үзүүлсэн 20.000 төгрөг, эмчилгээний зүйлс авсан 39.500 төгрөг, “Болор мэлмий” эмнэлгийн үзлэгийн 25.000 төгрөг, эмчилгээний зүйлс авсан 22.070 төгрөг, ГССҮТ-ийн томографийн төлбөр 80.000 төгрөг /хэргийн 59-64 дүгээр хуудас/ нийт 186.570 төгрөг тогтоогдсон тул уг төлбөрийг шүүгдэгч Н.Н-ээс гаргуулж хохирогч Ц.Б-д олгуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогч А.Санчирмаагийн гар утас, чихэвч зэргийг үнэлгээний эрх бүхий байгууллагаас нийт 1.340.420 төгрөгөөр тогтоосон тул уг төлбөрийг Н.Н-ээс гаргуулж хохирогч А.Санчирмаад олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Н.Ннь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтууд гаргаж өгөөгүй тул хохирлыг тооцох боломжгүй байх бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Samsung Galaxy On-7” маркийн №351457081902470 IMEA кодтой шаргал өнгийн гар утас, саарал өнгийн 1 чихэвч нь байхгүй чихэвч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Санчирмаад олгож, Н.Н-, Ц.Бнар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.
Шүүх, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч Н.Н-, Ц.Бнарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан Н.Н-ийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Ц.Б-ыг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зая Уургач овогт Нямрэнцэнгийн Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,
бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Шарнууд овогт Цэцэгмаагийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар
Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бторгох ялыг 6 сарын хугацаанд, Н.Нторгох ялыг 10 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б-, Н.Ннар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Н.Н-ээс 186.570 төгрөг гаргуулж Ц.Б-д, 1.340.420 төгрөг гаргуулж хохирогч А.Санчирмаад тус тус олгож, шүүгдэгч Ц.Бнь төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Samsung Galaxy On-7” маркийн №351457081902470 IMEA кодтой шаргал өнгийн гар утас, саарал өнгийн 1 /нэг/ ширхэг чихэвч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Санчирмаад олгосугай.
8. Хохирогч Н.Ннь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Н.Н-, Ц.Бнар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н-, Ц.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.