| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/13426/И |
| Дугаар | 192/ШШ2026/02537 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/02537
2026 03 05 192/ШШ2026/02537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-нд холбогдох
******* улсын дугаартай Kia Bongo маркийн автомашины гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбямба,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ******* улсын дугаартай Kia Bongo маркийн автомашины гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Би 2015 онд хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй ******* улсын дугаартай Киа бонго маркийн автомашиныг ******* 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч хариуцагч нь дээрх автомашины гэрчилгээг шилжүүлж өгөөгүйгээс гадна улсын дугаарыг устгуулсан байна. Иймд хариуцагчид тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Би 2013 онд ******* улсын дугаартай Бонго маркийн автомашиныг хадам ах ******* гэх хүнээс бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан ч огт ашиглаж байгаагүй. 2015 онд ******* гэх хүн аваад явсан. 2025 оны 06 дугаар сард Автотээврийн үндэсний төвөөс надтай холбогдож ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022 оноос хойш замын хөдөлгөөнд огт оролцоогүй тул автотээврийн бүртгэлээс хасалт хийлгэх шаардлагатай гэсний дагуу холбогдох торгуулийг нь төлж, хасалт хийлгэсэн. Нэхэмжлэгчийн хувьд надтай огт холбогдож байгаагүй гэж тайлбарлажээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагааг,
Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, хариу тайлбар, ******* улсын дугаартай Киа бонго маркийн автомашины торгуулийг төлсөн баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвөөс ******* улсын дугаартай Киа бонго маркийн автомашины түүхчилсэн лавлагааг гаргуулан авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ******* улсын дугаартай Kia Bongo маркийн автомашины гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би 2015 онд ******* улсын дугаартай Киа бонго маркийн автомашиныг ******* 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд гэрчилгээг хариуцагч өгнө гэж хэлсэн. Гэвч хариуцагч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг одоог хүртэлх өгөхгүй, улмаар улсын дугаарыг автотээврийн бүртгэлээс хасуулсан байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ 2013 онд хадам ах ******* нь надад ******* улсын дугаартай Бонго маркийн автомашиныг бэлэглэсэн ба би уг автомашиныг хэрэглэж байгаагүй, бусдад худалдаагүй. 2025 онд Автотээврийн үндэсний төвөөс холбогдож тухайн тээврийн хэрэгсэл нь 2022 оноос хойш замын хөдөлгөөнд оролцоогүй байх тул хасалт хийнэ гэж холбогдсоноор хасалт хийлгэсэн гэж тайлбарлаж байна.
4.Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
4.1.******* улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэл нь 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд *******ын өмчлөлд байсан ба 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс Ж.Алдарчимэгийн өмчлөлд шилжсэн. (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
4.2.Нэхэмжлэгч нь ******* улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийг 2015 оноос хойш эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтын хувьд хариуцагч тал маргаагүй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заажээ.
6.Нэхэмжлэгчийн “…2015 онд ******* 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан…”, хариуцагчийн “…хадам ах ******* гэх хүнээс бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан ч огт ашиглаж байгаагүй…, 2015 онд *******ын дүүгээс тусдаа амьдрах үед тэр хүн аваад явсан…” гэх тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвөөс ирүүлсэн түүхчилсэн лавлагаагаар маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд *******ын өмчлөлд, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс Ж.Алдарчимэгийн өмчлөлд шилжсэн бүртгэл хийгдсэн зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн “2015 онд ******* улсын дугаартай Киа бонго маркийн автомашиныг ******* 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
6.1.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ******* улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг холбогдох этгээдээс шаардах эрхтэй.
7.Гэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулах шаардлагыг гэрээ байгуулснаас хойш 3 жилийн дотор гаргах журамтай байна.
7.1.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2015 онд ******* гэх иргэнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно” гэж заасны дагуу 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргах байжээ.
7.2.Гэтэл нэхэмжлэгч нь 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандсанаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг шаардах эрхээ алдсан гэж үзнэ.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчид холбогдох ******* улсын дугаартай Киа бонго маркийн автомашины гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Алдарчимэгт холбогдох ******* улсын дугаартай Kia Bongo маркийн автомашины гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД