| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/05874/И |
| Дугаар | 192/ШШ2026/03203 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2026/03203
2026 03 23 192/ШШ2026/03203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******, 57-29 тоот хаягт байрлах “Харлагын нуруу” ХХК (РД:4287843)-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******, 33-710 тоот хаягт байрлах “Нью плас тек” ХХК (РД:6127576)-нд холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 143,000,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Н.Нарантуяа,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жаргал, П.Аюушжав,
Хариуцагчийн төлөөлөгч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Г.Баттогтох,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов.
Шүүх хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 143,000,390 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна.
Үүнд:
1.1.Хариуцагч компанитай 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 22-18 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Актив гарден” цогцолборын 503 блок барилгын гадна металл фасад угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд 275,146,750 төгрөг авахаар тохиролцсон. Дээрх гэрээний дагуу ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэж, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлын гүйцэтгэлийн акт үйлдэж, 80,170,790 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон боловч уг төлбөрийг төлөөгүй байна.
1.2.Хариуцагч компанитай 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2023/04/16/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, А блокийн 7 ширхэг хаус, Б блокийн 5 ширхэг хаус, нийт 12 барилга, газар шорооны ажил, гар тэгшилгээ, компактораар нягтруулга хийх, 12 хаусны суурийн ажил, зоорийн давхрын шалны арматурчлал бетон, мужааны угсралт, бетон, паркетын угсралт, барилгын талбайд хэрэглэгдэх бүх багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг ажил гүйцэтгэгч хариуцахаар тохиролцсон. Уг гэрээний гүйцэтгэлийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талууд байлцан дүгнэж, материалын акт үйлдэж гүйцэтгэлийн төлбөрөөс 24,961,400 төгрөг, нэмэн өртгийн албан татварын 42,029,200 төгрөгийг тус тус хасаж, үлдэгдэл төлбөр 41,886,400 төгрөг гэж тооцоо нийлсэн боловч уг төлбөрийг төлөөгүй.
1.3.Гэрээнд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор заасан учир дээрх үлдэгдэл төлбөрийг төлөөгүй хугацааны алдангийг үндсэн төлбөрийн хамт хариуцагч компаниас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч компанитай 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 22-18 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах Актив гарден цогцолбор, 503 блок барилгын гадна метал угсралтын ажил хийхээр тохиролцсон. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 02 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах Актив гарден цогцолбор барилгын метал угсралтын ажил, мөн А блокын 7 ширхэг хаус, Б блокийн 5 ширхэг хаус, нийт 12 барилга, газар шорооны ажил, нягтруулаг хийх, 12 хаусын суурийн ажил, зоорины давхрын шалны арматурчлал бетон, зоорины 1, 2 дугаар давхрын арматурчлал, мужааны угсралт, паркетны угсралт гэх мэт ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч компани нь гэрээнд заасан ажлыг дутуу, чанарын шаардлага хангахгүй, зураг төсөл, стандартын дагуу хийгээгүйгээс болж төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох “Бетон Арматур” ХХК нь нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй. Иймд чанарын шаардлага хангаагүй, зураг төсөл, стандартын дагуу хийгээгүй ажлуудаа засаж, гэрээний үүргээ биелүүлээгүй байж төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22-18 дугаартай гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай гэрээнүүдэд гүйцэтгэл нь чанарын шаардлага хангахгүй, зураг төсөл, стандартын дагуу хийгээгүйгээс учирсан хохирлыг “Харлагын нуруу” ХХК хариуцахаар заасан. Манай компани төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох “Бетон Арматур” ХХК-тай ажлаа хүлээлцэж чадаагүйн улмаас маш хүнд байдалд орсон, үлдэгдэл санхүүжилтийг аваагүй гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “Харлагын нуруу” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Харлагын нуруу” ХХК болон “Нью плас тек” ХХК-ийн хооронд үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн огноо бүхий материалын акт гэх баримтын эх хувь, “Харлагын нуруу” ХХК-нд 2023/04/16/02 дугаар гэрээний дагуу олгох А блок зоорийн давхрын газар шорооны ажлын санхүүжилт 3,424,000 төгрөг, А блокийн 7 хаусын суурь, зоорь, 1, 2 дугаар давхрын барилга угсралт, нэмэлт хана, пракетын санхүүжилт 309,926,000 төгрөг, Б блокийн 7 хаусын суурь, зоорь, 1, 2 дугаар давхрын барилга угсралт, нэмэлт хана, пракетын санхүүжилт 206,942,000 төгрөг болохыг баталсан баримтын эх хувь, “Харлагын нуруу” ХХК-ийн 23/04/16/02 тоот гэрээний санхүүжилт гүйцэтгэлийн тайлан, 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/04/16/02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний эх хувь, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22-18 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний эх хувь, 22-18 тоот гэрээний санхүүжилт гүйцэтгэлийн тайлан, болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Мөнгө өгөх, авах тухай хэлцэл” гэх баримтын эх хувь, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, () нас барсан тухай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Харлагын нуруу” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагааг,
Хариуцагч талаас хавтаст хэрэгт “Нью плас тек” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, “Бетон арматур” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай “Гүйцэтгэлийн талаар” гэх албан бичиг, түүний хавсралт фото зураг, давж заалдах шатны журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Тээвэр хөгжлийн банк дахь “Нью плас тек” ХХК-ийн эзэмшлийн MN980019009000022844 дугаар дансны 2023 оны 04 дүгээр сарын 14, 18, 2023 оны 05 дугаар сарын 26, 2023 оны 06 дугаар сарын 13, 28, 2023 оны 08 дугаар сарын 11, 23, 31, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдийн хуулга, Хаан банк дахь *******ын эзэмшлийн 5003949482 дугаар дансны 2023 оны 03 дугаар сарын 17, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулга, Хас банк дахь “Нью плас тек” ХХК-ийн эзэмшлийн 5004121905 дугаар дансны 2023 оны 02 дугаар сарын 17, 2023 оны 03 дугаар сарын 25-31, 2023 оны 04 дүгээр сарын 24, 2023 оны 05 дугаар сарын 10-30, 2023 оны 07 дугаар сарын 08, 2023 оны 08 дугаар сарын 02, 2023 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрийн хуулга, Хас банк дахь *******ын эзэмшлийн дугаар дансны 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулга, Хаан банк дахь “Нью плас тек” ХХК-ийн эзэмшлийн дугаар дансны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, Голомт банк дахь *******ын эзэмшлийн дугаар дансны 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 143,000,390 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлээ хариуцагч компанитай 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 22-18 дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2023/04/16/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн боловч хариуцагч компани нь 22-18 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 80,170,790 төгрөг, 2023/04/16/02 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 41,886,400 төгрөгийг төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр болон хугацаанд дээрх төлбөрийг төлөөгүйн алданги 20,493,200 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай, зохих стандартын дагуу гүйцэтгээгүй, ажлыг хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар дараах үйл барим тогтоогдож байна. Үүнд:
4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 22-18 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр “Харлагын нуруу” ХХК нь “******* 8-р хороонд хэрэгжиж буй АКТИВ ГАРДЕН-цогцолборын 503-блок барилгын гадна металл фасад угсралтын ажил”-ыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх, “Нью плас тек” ХХК нь ажлын хөлсөнд 275,146,750 төгрөг төлөхөөр тохиролцсон. (хавтаст хэргийн 18-21 дэх тал)
4.2.Нэхэмжлэгч “Харлагын нуруу” ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “№22-18 тоот гэрээний санхүүжилт гүйцэтгэлийн тайлан”-аар 275,145,750 төгрөгийн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн, захиалагч тал болох “Нью плас тек” ХХК-аас 194,974,960 төгрөгийн санхүүжилт олгосон, олгох дүн 80,170,790 төгрөг болохыг тайлагнасныг “Нью плас тек” ХХК нь хянаж, гүйцэтгэх удирдлага ******* гарын үсэг зурсан. (хавтаст хэргийн 22-25 дахь тал)
4.3.Зохигч талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2023/04/16/02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр “Харлагын нуруу” ХХК нь “А блокийн 7 ш хаус, Б блокийн 5 ш хаус, нийт 12 барилга. Газар шорооны ажил, гар тэгшилгээ, компактораар нягтруулга хийх, 12 хаусны суурийн ажил, зоорийн давхрын шалны арматурчлал бетон, зоорийн 1, 2-р давхрын арматурчлал, мужааны угсралт, бетон, парпетны угсралт”-ын ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх, “Нью плас тек” ХХК нь ажлын хөлсөнд 462,880,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. (хавтаст хэргийн 14-17 дахь тал)
4.4.Нэхэмжлэгч “Харлагын нуруу” ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “№23/04/16/02 тоот гэрээний санхүүжилт гүйцэтгэлийн тайлан”-аар 520,292,000 төгрөгийн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн, захиалагч тал болох “Нью плас тек” ХХК-аас 411,415,000 төгрөгийн санхүүжилт олгосон, олгох дүн 41,886,400 төгрөг болохыг тайлагнасан. (хавтаст хэргийн 10-13 дахь тал)
4.5.Зохигч талууд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 23/04/16/02 дугаар гэрээнээс суутгах “материал, ажил саатсаны зардал”-ыг 24,961,400 төгрөг болохыг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2023/04/16/02 дугаар гэрээний дагуу А блокийн зоорь, зоорийн давхрын нэмэлт ажил 3,424,000 төгрөг олгохыг, “А блокийн 7 ширхэг хаусны суурийн давхрын угсралтын ажил, зоорины давхар, 1 дүгээр давхар, 1 дүгээр давхрын нэмэлт хана, 2 дугаар давхар, хаус паркет” ажлын санхүүжилтэд нийт 309,926,000 төгрөг олгохыг, “Б блокийн 5 ширхэг хаусны суурийн давхрын угсралтын ажил, зоорины давхар, 1 дүгээр давхар, 1 дүгээр давхрын нэмэлт хана, 2 дугаар давхар, хаус паркет” ажлын санхүүжилтэд нийт 206,942,000 төгрөг олгохыг баталгаажуулсан. (хавтаст хэргийн 6-9 дэх тал)
4.6.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолоор “Харлагын нуруу” ХХК-ний гүйцэтгэх захирал н эрх залгамжлагчаар тогтоосон. (хавтаст хэргийн 130-131 дэх тал)
5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлөөс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
5.1.Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй, харин нэхэмжлэгч компани нь тус гэрээгээр хүлээсэн үүрэг болох ажлыг зохих стандартын дагуу чанартай гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн эсэх үйл баримтын хувьд талууд маргаантай байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн болно.
5.2.Иймд нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч компаниас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрх үүсжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компанийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэж хариуцагч компанид хүлээлгэж өгсөн болохоо, хариуцагч компанийн хувьд ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй болохоо, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй, зохих стандартад нийцээгүй болохыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
6.1.Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “№22-18 тоот гэрээний санхүүжилт гүйцэтгэлийн тайлан”, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “№23/04/16/02 тоот гэрээний санхүүжилт гүйцэтгэлийн тайлан” гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд уг баримтуудаас үзэхэд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь “22-18 дугаар гэрээний ажлын гүйцэтгэл 100 хувь, үлдэгдэл төлбөр 80,170,790 төгрөг” болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан, харин 23/04/16/02 дугаар гэрээний гүйцэтгэл, үлдэгдэл төлбөрийг тодорхойлсон баримтад гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байна.
6.2.Энэ тохиолдолд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигч талууд 22-18 дугаартай гэрээг дүгнэж, үлдэгдэл төлбөр 80,170,790 төгрөг болохыг баталгаажуулсан буюу 22-18 дугаартай гэрээний 6.1-д “Гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн тухай гүйцэтгэгчийн мэдэгдлийг захиалагч хүлээн авмагц комисс томилон тус гэрээт ажлыг стандарт технологийн дагуу чанартай гүйцэтгэсэн эсэхийг хамтран шалгаж актаар хүлээлцэнэ”, 6.2-т “Талуудын бүрэн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарснаар акт хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасны дагуу ажлыг хүлээж авсан гэж үзнэ.
6.3.Иймд 22-18 дугаартай гэрээний үндсэн төлбөрт 80,170,790 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй, хариуцагчийн “ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй, ажил чанаргүй, зохих стандартын дагуу гүйцэтгээгүй” гэх татгалзал үндэслэлгүй байна.
6.4.Түүнчлэн, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 22-18 дугаартай гэрээний гүйцэтгэлийн тайланд дурдсанаар нийт 194,974,960 төгрөгийг хариуцагч төлсөн тухай тэмдэглэсэн, хариуцагч талаас гаргаж өгсөн дансны хуулгаас 22-18 дугаартай гэрээний төлбөрт нийт 159,055,200 төгрөг шилжүүлсэн гүйлгээний мэдээлэл дурдагдсан байх тул харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан баримтын хүрээнд 194,974,960 төгрөг төлсөн гэж үзлээ.
6.5.Харин 2023/04/16/02 дугаартай гэрээний хувьд хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын нэг үндэслэлээ “ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн болохоо нотлох үүрэгтэй бөгөөд түүний шүүхэд гаргаж өгсөн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “№23/04/16/02 тоот гэрээний санхүүжилт гүйцэтгэлийн тайлан” гэх баримттай хариуцагч компанийн эрх бүхий этгээд танилцсан, улмаар хүлээн зөвшөөрсөн, гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлсэн гэх байдал тогтоогдохгүй буюу ажлыг хүлээлгэж өгсөн гэх байдал тогтоогдохгүй байна.
6.6.Түүнчлэн, 2023/04/16/02 гэрээний 3.1-д “...462 880 000” гэж дурдсан, уг гэрээний санхүүжилтэд хариуцагч компаниас нийт 430,745,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч компаниас 41,886,400 шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна.
6.7.Иймд 23/04/16/02 дугаартай гэрээний хувьд “ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй” гэх хариуцагч компани татгалзлыг үндэслэлтэй буюу нэхэмжлэгчийн 41,886,400 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй байна.
7.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4 дэх хэсэгт “…Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаар хариуцагч компаниас 80,170,790 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 40,085,395 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 120,256,185 төгрөг гаргуулан нэхэмжлэгч компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 22,744,205 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,030,906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 759,231 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нью плас тек” ХХК-аас 120,256,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Харлагын нуруу” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 22,744,205 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Харлагын нуруу” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,030,906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нью плас тек” ХХК-аас 759,231 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Харлагын нуруу” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ТӨРБОЛД