Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2022/00022

 

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Бмаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Бмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2022/00410 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: К ХХК,

Хариуцагч: Гын Ү , Мийн М нарт холбогдох  

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3016-19/33 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, зээлийн гэрээний үүрэг 27,682,562 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3016-19/33 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, зээлийн шимтгэл 0,80 хувь болох 200,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын өмгөөлөгч О.Үын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.Б, хариуцагч М.М, хариуцагчийн өмгөөлөгч О.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч КХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Иргэн Г.Ү, М.М нар нь К банктай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3016-19/33 тоот Зээлийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3016-19/33-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийг Эрээн гарах зөвшөөрөлтэй машин худалдан авах зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд М.Мийн өмчлөлийн ... 61.32 м.кв талбайтай хувийн сууц, М.Мийн эзэмшлийн ... 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. Зээлдэгчдийн хүсэлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3016-19/33-2 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нь өнөөдрийн байдлаар дээрх үндсэн зээлээс 2,276,355 төгрөг, үндсэн хүүнээс 11,066,548 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 160,623 төгрөг, нийт 13,503,526 төгрөг төлсөн бөгөөд зээлдэгчид нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй.

... Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу Банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, үр дагаврыг арилгуулах хүсэлтэй байна. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоотой анхаарах асуудлын талаар авч үзсэн байх ба тухайн зөвлөмжийн 2-т “Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана” гэж заасан байна. К банкны хувьд шүүхэд цуцлах шаардлагыг гаргаж байгаа тул шүүхээс цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй юм. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч Г.Ү, М.М нартай байгуулсан зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 22,723,645 төгрөг, зээлийн хүү 4,931,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,269 төгрөг, нийт 27,682,562 төгрөг болно.

Иймд Г.Ү, М.М нартай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3016-19/33 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, Г.Ү, М.М нараас 3016-19/33 тоот Зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт 27,682,562 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 3016-19/33-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

2. Хариуцагч Г.Ү, М.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Эрээн хотын чөлөөт худалдааны бүсээс ачаа тээвэр зөөх замаар олсон орлогоор зээлийг төлж байгаад 2020 оны хятадын цагаан сар, цагаан сарын дараагаар ковид-19 цар тахал дэгдсэн улмаас хил хааж орлого олох боломжгүй болсон. 2020 оны 03 сараас өөрсдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогоор зээлийг төлж нийтдээ 13,503,526 төгрөгийг төлөөд байгаа. ... 2021 оны 12-р сараар тогтоон цуцлуулах саналтай байна. Зээлийн гэрээг 2021 оны 12-р сараас цуцлах хүсэлтээр зээлийн үлдэгдэл төлбөрийг тогтоолгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.     

3. Хариуцагч М.М сөрөг нэхэмжлэлдээ: “...К банк, Г.Ү, М.М нарын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 3016-19/33 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.1, 20.2.4 дэх заалтаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэгч нь зээлийг тодорхой, заасан чиглэл зориулалтаар олгож байхаар, хуулийн 19.10-д банкнаас олгосон зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Монгол банкнаас баталсан байхыг тус тус хуульчилсан тул банкнаас гаргасан нотлох баримтад буй 2019 оны 05 сарын 02-ны өдрийн өргөдөл бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч хариуцагч хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 30-ны өдрийн 3016-19/33 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1-р хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжүүдийг агуулж байх тул маргаан үүсгэж буй дээрх зээлийн гэрээг хучин төгөлдөр бусад тооцож, шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж өгөх,  2019 оны 05 сарын 30-ны өдрийн 3016-19/33 тоот зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийн зээл олгосны шимтгэл 0,80 хувь буюу 200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.   

4. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: “...Банк нь зээл хүсэгчийн өргөдөлд дурдсан зориулалтаар зээл олгосон бөгөөд  талуудын хооронд байгуулагдсан 3016-19/33 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д дурдсан бөгөөд хариуцагч нар тухайн нөхцөлийг уншиж танилцан, гарын үсгээ зурж баталгаажуулсан... энэхүү гэрээг талууд нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу зээлдүүлэгчийн зүгээс тогтмол олон нийт харах боломжтойгоор веб хуудсанд мэдээллэж байсан бөгөөд М.М, Г.Ү нар нь өөрсдөө зээлийн зориулалтыг К банкнаас нийтэд ил тод мэдээлсэн зориулалт буюу өрхийн хэрэглээний зээлийн хүрээнд тодорхойлсон байдаг. Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэл дэх тодорхой чиглэл, зориулалтаар зээл олгох шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

....Хариуцагчийн гаргаасан сөрөг нэхэмжлэл нь 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж байгаа талаар тодорхойгүй, нэхэмжлэлийн үндэслэл болгон дурдсан хуулийн заалтууд нь гэрээ байгуулах үед батлагдаагүй буюу 2021 оны 07 сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг үндэслэл болгосон байгааг дурдах нь зүйтэй. Иймд 2019 оны 05 сарын 03-ны 3016-19/33 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

... Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д заасны дагуу нийтэд ил тод, нээлттэй зарласан байсан бөгөөд зээл олгох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 5.1.14.5-д заасны дагуу зээлдэгч нь “13 сар ба түүнээс дээш хугацаатай” бизнесийн болон хэрэглээний зээлийг авах тохиолдолд зээлийн дүнгийн 1,0 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн үйл ажиллагааны шимтгэлийг авахаар байсан. Дээрх нөхцөлийн дагуу банк нь зээлийн олголтыг бүрэн хийсний дараа зээлийн үйл ажиллагааны шимтгэл 250,000 төгрөгийг хариуцагчтай байгуулсан гэрээ, нөхцөлийн дагуу тус өдөр бэлэн бусаар тооцон авсан байдаг. Энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба зээлдэгч Г.Ү нь мемориалын баримтад гарын үсэг зурсан, хүлээн зөвшөөрсөн байдаг. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т заасны дагуу зээл олгох үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулж байдаг. Мөн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу банк нь өөрийн болзол, нөхцөлийг нийтэд ил тод зарлаж, түнийг харилцагч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр зээлийг олгон ажилладаг. Тодруулбал банкнаас харилцагчид зээл олгох нөхцөл, болзлоо нээлттэй байршуулсны дагуу харилцагчаас тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 40.1-д заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, түүний илэрхийлэл нь Иргэний хуулийн дагуу 42.1-д заасны дагуу хэлбэржсэн гэж  үзэх үндэслэл болно. Банкны тухай хууль болон Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 тоот тушаалын  хавсралтаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д тодорхойлон заасны дагуу Кнь “хүү”, “шимтгэл”, “хураамж” болон бусад ойлголт мэдээллийг бүтээгдэхүүн тус бүрээр үнэн зөв, ил тод нээлттэй мэдээлж, гэрээний дагуу тооцож авсан болно.

Иймд банк шимтгэл авах эрх нь Банкны тухай холбогдох хууль болон Монгол банкнаас баталсан журмын дагуу тодорхойлогдсон байх учир банк шимтгэл авах эрхтэй байна. Энэ эрхийн хүрээнд хариуцагчийн зөвшөөрснөөр зээлийн үйл ажиллагааны шимтгэлийг тооцон авсан байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг Кнь бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч  Г.Ү, М.М нараас зээлийн төлбөр 22,723,645 төгрөг, зээлийн хүү 4,931,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,269 төгрөг, нийт 27,682,562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төвд олгож, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д зааснаар К банкны Замын-Үүд тооцооны төв, хариуцагч Г.Ү, М.М нарын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3016-19/33 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагч М.Мийн нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төвөөс зээл олголтын шимтгэл 200,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох М.Мийн өмчлөлийн Дорноговь аймаг Замын-Үүд сумын ***** 61,32 мкв талбайтай, улсын бүртгэлийн ***** дугаар бүхий гэрчилгээтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймаг Замын-Үүд сумын *****, нэгж талбарын 100500857 дугаар бүхий 500 мкв/га, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж, борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,362.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ү, М.М нараас 296,362.81 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн 296,362.81 төгрөгийн 289,712.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 200,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 6,650 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч М.Мт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч нарын өмгөөлөгч О.Үын давж заалдсан гомдлын болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Шүүхээс Иргэний хуулийн ... хоёрдугаар дэд бүлгийн 451.1, 451.3, Банкны тухай хуулийн 10-р зүйлийн 1, 3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р бүлэг, 19-р зүйлд заасан шаардлагад нийлцүүлж хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй байна хэмээн гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч буюу банк хуульд заасан зээл олгох үндэслэл журмыг өөрөөр хэлбэл зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоосон байгаа гэтэл талууд тавигдаж буй шалгуураас оор зориулалтаар зээл олгон гэрээг байгуулж буйг мэдсэн байгаа зээлийн өргөдөл бусад баримтаар тогтоогдож байна.

Тэгэхээр нэхэмжлэгч, хариуцагч хооронд 2019.05.03-ны өдрийн 3016-19/33 дугаартай гэрээг байгуулахаар буюу зээлийг олгох судалгаа хийх явцад Иргэний хуулийн 56-р зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тодорхойлогдсон байхад гэрээг байгуулж, зээлийг олгосноор маргаан үүссэн гэж хариуцагч талаас үзэж сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Зээлийн гэрээг байгуулж, гэрээнд заасан зориулалтаар зээлийг ашигласан, ашиглаагүй асуудлаас үүдэж сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, нотлох баримтыг үнэлж өгөхийг хүссэн. ...Нэхэмжлэгч, хариуцагч нар 2019.05.03-ны өдрийн 3016-19/33 дугаартай гэрээг байгуулж, хариуцагчаас зээл олгосны шимтгэл 0.80 хувь буюу 200,000 төгрөгийг тушаасан дараагаар зээл авсан. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хариуцагч М.Мээс 200,000 төгрөгийг гаргуулсан байх тул сөрөг нэхэмжлэлийг гаргаж улмаар хариуцагч М.Мээс 200,000 төгрөг тушаасан баримтыг К банкны Замын-Үүд салбараас гаргуулах хүсэлтийг гаргасан байхад, 250,000 төгрөг тушаасан баримт гаргуулан улмаар уг баримтыг шүүхийн шийдвэрт үнэлсэнд, шүүх хүсэлт бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байх тул дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Б.Оын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Зээлийн гэрээг хүчин төгөлдөрт бусад тооцох үндэслэл тогтоогдоогүй. Энэ бол хуулийн дагуу явагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаар асуудал нь зээлийн үйл ажиллагааны шимтгэл буюу зээл олгосны хүрээнд банкнаас үзүүлж байгаа шимтгэл хураамжийн асуудал байдаг. Энэхүү асуудалд банк 1 хувийн шимтгэл 250,000 төгрөгийг авсан байдаг. Үндсэн зээлдэгч буюу Г.Үор төлүүлээд гүйлгээ хийж, мемориалын баримтад гарын үсэг зурагдсан нь хүчин төгөлдөр гэж үзсэн. М.Мийн хувьд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл итгэмжлэл аваагүй байна гэдэг асуудлыг дурдаж нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн байгаа. Нөгөө талаас гаргаж байгаа, тавиад байгаа энэ асуудлууд дээр нь нэгдүгээрт зээлийг зориулалтын дагуу олгоогүй гэдэг асуудал яригдаад байгаа. Банкны хувьд энэхүү зээлийг зээлдэгчийн эрэлт хэрэгцээнд нь зориулаад хэрэглээний болоод бизнесийн холимог зориулалтаар олгосон. 25,000,000 төгрөгөөс энэ хүмүүс маань17,000,000 төгрөгөөр нь бусад банк санхүү дээр байсан өр төлбөрөө тэглээд хаана гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлээд банк түүнийг нь хүлээн зөвшөөрөөд шийдүүлсэн байдаг. Үлдсэн 8,000,000 төгрөгт хил гаалиар зорчих, зорчигч тээврийн Стана маркийн машин авна гэдэг эрэлт хэрэгцээг тодорхойлсон тул банкны зүгээс бизнесийн болоод хэрэглээний зориулалтыг хангах зорилгоор өөрийн нөхцөлт байдлаар асуудлыг шийдвэрлэсэн. Ингээд банкны зүгээс тэр үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа зээлийн санхүүжилт олгосон. Тусгай нөхцөлтэй зээлийг банк үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн гүйцэтгэх захирлын тушаал болоод бүтээгдэхүүний нөхцөлийг зээл олгоход гаргасан зээлийн хорооны шийдвэрүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд нотлох баримтын хүрээнд хангадсан гэж үзэж шүүх шийдсэн гэж бид нарын зүгээс ойлгож байгаа. Тэгэхээр хариуцагч талаас гаргаад байгаа зээлийн зориулалтыг хангуулахтай холбоотой асуудалд анхан шатны шүүхээр нэлээн дэлгэрэнгүй ярилцаад шийдсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт 0,8 хувь буюу 200,000 төгрөгийн шимтгэлийг зээл олгосны дараагаар авсан гэдэг асуудал байгаа. Энэ бол банкны зүгээс зээлийн үйл ажиллагаа үзүүлэхийн өмнө зээлдэгчид бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлийг бүрэн танилцуулаад хүлээн зөвшөөрсний үндсэн дээр зээл олголтыг хийгээд зээл олгосны дараагаар 250,000 төгрөгийг банканд төлүүлсэн процесс байдаг. Эдгээр бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан. Ямарваа нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй тул хариуцагч талаас гаргаад байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна.” гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Э.Бын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Тухайн зээлдэгч М.М, Г.Ү нарын авсан зээл нь Гүйцэтгэх захирлын 2012 оны 608 дугаарт тушаалаар анх банканд нэвтрүүлсэн. Замын-Үүд тооцооны кассаар олгох тусгай нөхцөлийн бичил зээл, бизнесийн зээлийн нөхцөлийг тогтоох тухай гэсэн ийм тушаалаар нэвтэрч байсан бүтээгдэхүүн байдаг. Энэхүү бүтээгдэхүүн нь сая дурдсан тоот тушаалын хавсралтын 1-т зааснаар бизнесийн болон хэрэглээний зориулалтаар энэ зээлийг олгоно. Мөн тус зээлийн хэмжээ 30,000,000 төгрөг хүртэл, зээлийн хугацаа, шимтгэл гэх бүх зүйлийг нь тодорхойлж өгсөн. Ийм баримт бичиг байдаг. Үүнийг банкны зүгээс нотлох баримтыг нь хангаж гаргаж өгсөн байгаа. Энэ тусгай нөхцөл буюу бизнесийн болон хэрэглээний зориулалтаар олгох энэ бичил зээлийг банкны зүгээс тухайн хариуцагч нарт гаргаж өгч байсан. Үүнийг зээлийн дэд хорооны хурлын 30161943 гэх шийдвэрээс харж болно. Энэ шийдвэрт юу гэж заасан гэхээр олгох зээлийн хэмжээ 25,000,000 төгрөг, зээлийн хүү нь 22,8 хувь, зээлийн хугацаа 2 сар гэж анх заасан боловч харилцагчийн бизнесийн нөхцөл байдлыг харгалзан 60 сарын хугацаагаар олгоё гэсэн банкны шийдвэр гарсан байдаг. Бүтээгдэхүүний төрөл нь Замын-Үүд бизнесийн болон хэрэглээний зээл гэсэн шийдвэр гарсан. ... Анх зориулалтын дагуу олгож байсан. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх гомдол аль талуудаас гаргадаггүй.

Хоёрдугаарт зээлийн шимтгэлийн талаар яриад байгаа. Мэдээж банкны зүгээс зээлийн шимтгэлийг сая тайлбарласны дагуу бүгдийг нь олон нийтэд хүртээлтэй байдлаар онлайн, цахим орчинд дэлгэрэнгүй байдлаар тавьж байгаа. Мөн харилцагч хэрвээ зээл авсан тохиолдолд тухайн харилцагчдаа бүх зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийг тайлбарлаж өгдөг процесс явагддаг. Банк нь мэдээж ойлгомжтой Монгол банк болоод бусад байгууллагын шаардлага, хяналт доор үйл ажиллагаагаа явуулж байдаг учраас үүнийг бол дэлгэрэнгүй, олон нийтэд хүртээх байдлаар тавих ёстой байдаг.

Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж хариуцагчаас зээл олгосны шимтгэл 0,80 хувь буюу 200,000 төгрөгийг тушаасны дараа зээлийг авсан. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хариуцагч М.Мээс 200,000 төгрөг гаргуулсан байх тул сөрөг нэхэмжлэл гаргаж улмаар хариуцагч М.Мээс 200,000 төгрөг тушаасан баримтыг “К банк” ХХК Замын-Үүд салбараас гаргуулах хүсэлтийг гаргасан байхад  250,000 төгрөг тушаасан баримтыг гаргуулан уг баримтыг шүүхийн шийдвэрт үндэслээд шүүх үндэслэл бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэж бичсэн. “К банк” ХХК-ийн зүгээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүссэний дагуу тухайн 250,000 төгрөгийн шимтгэл төлсөн баримтыг анх гаргаж өгсөн байдаг. Анх бол тухайн Г.Ү гэх зээлдэгч маань 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг байгуулаад зээл олгосны дараа энэ зээлийн шимтгэлийг төлсөн байдаг. Тэгэхэд ямар ч 200,000 төгрөг төлсөн процесс болоогүй, ийм үйл баримт байхгүй. Тухайн өдөр банкнаас энэ зээлийг олгосны дараа тухайн зээлдэгч нар маань өөрсдөө 250,000 төгрөг буюу тухайн зээлийн үнийн дүнгийн 1 хувийн шимтгэлийг зээлийн үйл ажиллагааны журмын дагуу зээлийн шимтгэл гэж төлсөн байдаг. Ийм процесс болсон байхад ерөөсөө 250,000 төгрөг төлсөн баримтыг үндэслэж анхан шатны шүүх шийдвэрээ  гаргасан гэж гомдол гаргаж буруу гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч нарын өмгөөлөгч О.Үын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2022/00410 дугаартай   шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Учир нь: Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасанд нийцүүлж шийдвэр гаргаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болсон.

2. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар иргэн Г.Ү, М.М нар нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр К банкны Замын-Үүд салбарт 25 сая төгрөгийн зээл авахыг хүссэн тухай хүсэлтийг бичгээр гаргасан ба К банкны Замын-Үүд тооцооны төв нь хүсэлтийг хүлээн авч 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3016-19/33 тоот зээлийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 03-ны 3016-19/33-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 25.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн.

 

3. Зээлдэгч нарын хүсэлтээр 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3016-19/33-2 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээг байгуулсан боловч зээлдэгч нар зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй тул К банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд хандан үндсэн зээлд 22.723.645 төгрөг, зээлийн хүүд 4.931.648 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 27.269 төгрөг, нийт 27.682.562 төгрөгийг зээлдэгч Г.Ү, М.М нараас гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаа зээлдэгчдийн зээл хүссэн тухай өргөдлийн хуулбар, зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, 3016-19/33 тоот зээлийн гэрээ, 3016-19/33-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 3016-19/33-2 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан тухай нэмэлт гэрээ, зээлдэгч нарын зээл, зээлийн хүүний тооцоолол зэрэгт тус тус үндэслэсэн.

 

4. Хариуцагч Г.Ү, М.М нараас “ ... 2020 оны цагаан сарын дараагаас ковид 19 цар тахал дэгдсэний улмаас хил хаагдаж орлого олох боломжгүй болсон, ... М.М 2021 оны 11 дүгээр сард баруун гартаа гэмтэл авснаас 2 удаагийн хагалгаанд орж, эмчилгээний зардлын улмаас зээлийг цаашид төлж чадахгүй байдалд хүрсэн, ... нэхэмжлэлийн шаардлагын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин гэрээг ноцтой зөрчсөн зөрчил үүссэн буюу бидний хугацаа хэтэрч эхэлсэн, аргагүй байдал үүссэн 2021 оны 12 дугаар сараар тогтоон цуцлуулах, ...зээлийн үлдэгдэл төлбөрийг 2021 оны 12 дугаар сараар тогтоолгож шийдвэрлэж өгнө үү" гэж маргасан боловч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан 2019.05.03-ны өдрийн 3016-19/33 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1-р хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжүүдийг агуулж байх тул маргаан үүсгэж буй дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаалгахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээл олгох үед 200.000 төгрөгийн шимтгэлийг үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн тул нэхэмжлэгчээс гаргуулахаар  шаардлага гаргасан.

 

Хариуцагч Г.Ү, М.М нар хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхийн журмаар нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу нэхэмжлэгч талаас зээл олгохыг зөвшөөрсөн зээлийн хорооны шийдвэр, зээлийн дансны хуулга, зээл олгосны шимтгэлд 250.000 төгрөг тооцсон тухай мемориалын баримт, К банкны зээлийн хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

 

5. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нийт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд бүгд 27.682.562 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төвд олгох, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, хариуцагчаас гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч нараас гаргасан зээл олголтын шимтгэлд илүү авсан гэх 200.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын хувьд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч О.Үаас “ ... банк хуульд заасан зээл олгох үндэслэл журмыг зөрчиж ...талууд тавигдаж буй шалгуураас өөр зориулалтаар зээл хүссэн нөхцөл байдлыг мэдсээр байж зээлийн гэрээг байгуулсан,  ...зээлдэгч нар ... гэрээ байгуулсны дараа зээл олгосны шимтгэл 0.80 хувь буюу 200.000 төгрөгийг тушаасны дараагаар зээл авсан буюу нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хариуцагч М.Мээс 200.000 төгрөгийг гаргуулсан,  ... баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байхад 250.000 төгрөг тушаасан баримт гаргаж өгснийг шүүх үнэлсэн,  шүүх хүсэлт бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан.

 

7. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцвэл хариуцагч Г.Ү, М.М нар нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр К банкны Замын-Үүд тооцооны төвд “ ... танай банкнаас 25 сая төгрөг зээлэх хүсэлтэй байна,  тус зээлээрээ өөрийн болон нөхрийн нэр дээрх зээлүүдийг нэгтгэн нэг зээлтэй болж олон зээлийн хүү төлөхгүй байх санаатай байна. Бидний зээл 18 сая төгрөгт бүрэн дарагдана. Үлдсэн 7 сая төгрөгөөр хагас ачааны зориулалттай “Istana” авах хүсэлтэй байна. Нөхөр маань амралтын өдрүүдээр чөлөөт бүсээс ачаа зөөж өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм. Иймд хүсэлтийг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү" гэсэн хүсэлт бүхий өргөдлийг гаргасан /хх-ийн 21/.

 

К банкны Замын-Үүд тооцооны төвийн Зээлийн хорооны  2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3016-19/43 дугаартай шийдвэр /хх-н115/ гарч Г.Үд 25.000.000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, зээлийн хугацаа 24 сар боловч харилцагчийн бизнесийн нөхцөл байдлыг харгалзан 60 сарын хугацаатайгаар, бизнесийн болон хэрэглээний зориулалтаар зээл олгохоор зөвшөөрч шийдвэрлэсэн.

 

 Энэ дагуу 2019/05/03-ны №3016-19/33 зээлийн гэрээ байгуулагдсан ба хамтран үүрэг гүйцэтгэгч М.Мийн өмчлөлийн улсын бүртгэл ***** дугаартай 61.32 м.кв талбайтай хувийн орон сууц,  М.Мийн эзэмшлийн 000486271 тоот гэрчилгээний дугаартай, 100500857 тоот нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн №3016-19/33-1 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулагдаж зээлийн гэрээнд зээлдэгч Г.Ү, хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.М нар гарын үсэг зурж, үл хөдлөх барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

Хариуцагч талаас зохигчдын хооронд  Кзээл олгох ерөнхий нөхцөлөө зөрчиж   зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа зэрэгт тогтоосон шалгууртаа нийцээгүй өргөдөл хүсэлтэд үндэслэн зээл олгосон нь Иргэний хуулийн ерөнхий ангийн 56.1 дүгээр зүйлд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус нөхцөл бүрдсэн тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, зээл олгохын өмнө 200.000 төгрөгийн илүү шимтгэл төлүүлсэн гэж маргаж, энэхүү нөхцөл байдлууд нь маргааны зүйл болсон.

 

Зээлийн гэрээний Ерөнхий зүйлийн 1.2-т  “ гэрээгээр нэг талаас зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийг энэхүү гэрээнд заасан нөхцөлөөр авах, эргүүлэн төлөх, нөгөө талаас банк нь гэрээнд заасан нөхцөлөөр зээл олгохоор харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн болно” гэж заасан нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэсэнд нийцсэн.

 

К банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн “Бүлэг 5. Зээл” хэсгийн 5.1.2-т “Хөрөнгө оруулалтын зээлийг бизнесийн цар хүрээнээс хамаарч 60 хүртэл сар, жилийн хүү нь 20.0-24.0% байх”-аар, 5.1.3-т “Өрхийн зээлийн хугацаа нь 30 сар, жилийн хүү нь 25.2-31.20% байх”-аар тус тус шалгуур тогтоосон ба зээлийн хорооны шийдвэрээр Г.Үд 25 сая төгрөгийн бизнесийн болон хэрэглээний зориулалтаар, жилийн хүү 22.8%-ийн,  харилцагчийн бизнесийн нөхцөл байдлыг харгалзан 60 сарын хугацаатайгаар олгохоор шийдвэрлэсэн нь банкнаас тогтоосон зээлийн ерөнхий нөхцөлд заасан шалгуурыг зөрчсөн гэх нөхцөл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч талаас буюу зээлдэгч нараас 25,000,000 төгрөгийн зээлийг хүсэхдээ зориулалтыг өөр банкин дахь зээлийг хаах, мөн машин худалдан авч өрхийн хэрэглээнд зориулах гэж тодорхойлсон, улмаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч уг нөхцөлийг зөвшөөрч тухайн зориулалтаар зээл олгосон нь холбогдох журам болон хуулийг зөрчөөгүй, мөн хүссэн зориулалтын дагуу зээлийг олгосноор талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төв,  зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Ү,  М.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан  “банк ...зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэнд тус тус нийцсэн,  банкнаас зээл олгох үндэслэл, журмаа зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн ба зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1-т заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх  үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагчаас зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан үндэслэлүүдээс аль нөхцөлөөр хүчин төгөлдөр бусад тооцуулах гэдгээ тодорхойлоогүй боловч хэрэгт авагдсан баримтуудаар зохигчдын хооронд  хийгдсэн 2019/05/03-ны №3016-19/33 зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1 дүгээр зүйлийн 56.1.1-56.1.10-т тус тус заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцлийн аль ч нөхцөлд хамаарахгүй байна.

 

8. Хариуцагч Г.Ү, М.М нар нь зээлийн гэрээний 6.2.3-д: “зээлийг гэрээний хавсралт 1-д тусгасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулах, гэрээний 2.1.10-д: “ноцтой зөрчил гэдгийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан” зэргийг тооцохоор гэрээнд тус тус заасан ба  Г.Ү, М.М нар нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн  удаа дараа үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зээл, зээлийн хүүний тооцоолол /хх-ий 11-12/ баримтаар тогтоогдсон.

 

Мөн гэрээний 6.2.5-д: “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд дансан дахь мөнгөн хөрөнгө нь зээлийн төлбөр, зээлтэй холбогдон гарах бусад төлбөрт хүрэлцэхгүй бол барьцааны зүйлээр тэргүүн ээлжинд төлбөрийн барагдуулах, барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх” үүргийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч Кзээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2021/01/13-ны өдөр 3016-19/33-2 гэрээ байгуулж зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээг /хх-ийн 17/  байгуулж зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж байсан ба 2019 оны 10 дугаар сар, 2021 оны 6 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сар, 2022 оны 05 сард тус тус зээл төлөлтийг зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу зохих ёсоор төлөхийг шаардсан мэдэгдэл, албан шаардлагууд /хх-ийн 24-27/-ыг хүргүүлж байсан боловч зээлдэгч Г.Ү, М.М нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдсон.

 

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” ба зээлийн гэрээний 10 дугаар зүйлд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк гэрээ хугацаанаас нь өмнө дангаар цуцлах үндэслэлүүдийг  тус тус заасан.

 

Иймд зээлийн гэрээ банкны санаачилгаар хугацаанаас өмнө цуцлагдсан байна гэж анхан шатны шүүх үзэж, зээлийн гэрээг шүүхээс хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

           

            Өөрөөр хэлбэл гэрээг хугацаанаас өмнө цуцлах нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж, улмаар нэхэмжлэгч үр дагаврыг шаардсан буюу гэрээний үүрэгт нийт 27.682.562 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх тул анхан шатны шүүх энэ талаарх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

 

9. Харин хариуцагч М.Мээс зээл олгохоос өмнө 200.000 төгрөгийг илүү төлүүлсэн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх  “ ...Г.Ү шимтгэлийн мөнгийг төлсөн нь К банкны мемориалын баримтаар нотлогддог. Хариуцагч М.М нь хариуцагч Г.Үүлэнсолонгын итгэмжлэлгүйгээр уг шаардлагыг гаргах эрхгүй юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэх үндэслэлтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзсэн нь үндэслэлгүй болсон буюу энэ тухай дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй.

Зээлийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.17-д “зээл олгосны шимтгэлийг 0.80%-иар тооцох”-оор заасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.5-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй” гэсэнд нийцсэн, хэрэгт хариуцагч нарын хүсэлтээр нэхэмжлэгч талаас зээл олгосны шимтгэлд 250.000 төгрөг төлсөн тухай мемориалын баримт  авагдсан, өөрөөр илүү шимтгэл тооцож 200.000 төгрөг авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

Зээлийн гэрээ ёсоор зээлдэгч Г.Ү, М.М нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид тул эдгээр хүмүүсийн аль нь ч гэрээний талаар маргаан үүсгэх эрхтэй байхад анхан шатны шүүх “...М.М нь Г.Үүлэнсолонгыг төлөөлөх бүрэн эрхгүй” гэж дүгнэж, 200.00 төгрөгийн шимтгэлийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон.

Хариуцагч М.М нь зээл олгосны шимтгэлд 200.000 төгрөгийг илүү төлүүлснийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу өөрөө нотолж чадаагүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эдгээр нөхцөл байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох, зарим хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгч О.Үаас гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2022/00410 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д зааснаар К банкны Замын-Үүд тооцооны төв, хариуцагч Г.Ү, М.М нарын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3016-19/33 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

 

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч К Кбанк ХХК-д холбогдох К банкны Замын-Үүд тооцооны төв, хариуцагч Г.Ү, М.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 03-ны 3016-19/33 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,  зээл олгохдоо илүү төлүүлсэн шимтгэл 200.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

3 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагч М.Мийн нэхэмжлэгч К банкны Замын-Үүд тооцооны төвөөс зээл олголтын шимтгэл 200.000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хүчингүй болгож,

 

5 дугаар заалтын  “...хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн 296,362.81 төгрөгийн 289,712.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 200.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 6.650 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч М.Мт олгосугай.” гэснийг

 

“хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн 296,362.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн,  хариуцагч нарын өмгөөлөгч О.Үын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч М.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                                                         А.САЙНТӨГС