Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 809

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч С.О түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

шүүгдэгч Ч.Г түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

бусад оролцогч гэрч Г.Баярням, Г.Жавхлан, Б.Амаржаргал, П.Сарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Алдарзайсан овогт Сангийн О-, Ласар овогт Чулуунбаатарын Г- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805019520424 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ритм бүжгийн клубт бүжгийн багш ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот ................. дүүрэг ...... дүгээр хороо .............. гудамжны ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алдарзайсан овогт Сангийн О-.

 

Монгол улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот ............... дүүрэг .... дугаар хороо .................... дүгээр гудамжны ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ласар овогт Чулуунбаатарын Г-.  

 

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагсанаар/

Шүүгдэгч С.О нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ритм бүжгийн клубт Ч.Г-тай маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь зулай, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун алганд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Гнь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ритм бүжгийн клубт С.Отэй маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “Тухайн өдөр намайг ажил дээрээ байхад Г- нь манай сургалтанд явж байсан Сарантунгалагтай хамт орж ирсэн. Намайг сандал дээр хувцсаа өмсөж байхад Г- миний хажууд суугаад “чи яагаад манай шавь нарыг оруулахгүй давраад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэнд Г-ийн шавь нар байгаагүй ба ганцхан Сарантуяа гэж Г-тай хамтран амьдарч байсан хүний 2-3 шавь нь байсан. Би Г-т “би чамтай хэрэлдмээргүй байна” гэж хэлээд цүнхтэй юмаа аваад босоход Г- миний араас эхэлж цохисон. Тэгээд эргээд хартал миний зүүн талын шанаа руу цохиход нь цус гарсан. Тэгээд алнаа гээд дайрахаар нь би аргагүйн эрхэнд хөлнөөс нь тэвэрч сандал дээр суулгаад үсдсэн. Манай шавь нар биднийг салгасан ба нэг мэдэхэд цагдаа болон эмнэлгийнхэн ирсэн байсан. Тэгтэл Сарантуяа намайг Г-ийг өшиглөсөн гэж ярьсан байсан. Бид хоёрын дунд болсон зүйл 5-6 секундэд болсон. Тэрнээс биш 5-10 минут зодолдоод байсан зүйл байхгүй. Г-ийн хамтран амьдрагч Сарантуяа худал мэдүүлэг өгсөн. Би ажлынхаа байран дээр зодуулсан байж яллагдагч болсон нь харамсалтай байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Гмэдүүлэхдээ: “Сарантуяа бид хоёр Ритм бүжгийн клубын захирлын урилгаар очиж ажилласан. О- урд өдөр нь манай шавь нарыг хувцсаа сольж байхад нь загнасан байсан. Маргааш нь ахиад тэр асуудлаас болж маргалдсан гэхээр нь би Г-т “чи хурдан хувцсаа өмсөөд гар, манай цаг болчихлоо” гээд маргалдсан. Тэгээд бид хоёр заамдалцаад О-г нэг удаа цохисон. Тэгэхэд миний гарт түлхүүр байсныг мэдээгүй. О- намайг үсдэж доош нь дараад өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс биднийг салгасан. Би тэндээс ухаан балартаад гарсан. Тэрнээс биш худал ярьсан зүйл байхгүй” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор С.О мэдүүлэхдээ: “Г- миний зүүн шанаа руу хатгуулаад Баянзүрх дүүргийн төлбөртэй эмнэлэгт 10 хоног хэвтэж, 10 хоног өдрийн 35.000 төгрөгийн бариа засал хийлгэсэн. Эмнэлгийн төлбөр нийт ойролцоогоор 600.000 төгрөг болсон. Би илүү юм нэхэмжлээгүй. Мөн би тухайн үед 280.000 төгрөгөөр авсан ноолууран цамцтай байсан ба миний тэр цамцыг урсан байсан. Одоо хүртэл оёогүй чигээрээ манай гэрт байгаа. Би Г-аас 700.000-800.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Ч.Гмэдүүлэхдээ: “Ритм бүжгийн зааланд цагийн хуваарийн дагуу ороогүйгээс болж О- бид хоёр маргалдсан. Тэгээд зодоон болоход О- нь намайг үсдэж дараад 4-5 удаа өшиглөсөн. Би тухайн үед заалнаас ухаан балартаад гарсан. Үүнээс болоод би толгойдоо гэмтэл аваад Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо ч гэсэн миний толгой муу байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд намайг 280.000 төгрөгөөр зураг авхуул гэж хэлсэн боловч мөнгөгүй учраас толгойн зураг авахуулж чадаагүй. Би эмчилгээнд 700.000-800.000 төгрөг зарцуулсан” гэв.

 

Прокуророос С.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч С.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх боловч  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал дараах нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр буюу аргагүй хамгаалалт хийсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ч.Г-ийн “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ритм бүжгийн клубт уулзаад чи яагаад миний шавь нарыг загнаад байгаа юм бэ гэж хэлсэн. О- өөдөөс чамд ямар хамаатай юм бэ, би ямар шавь нарыг чинь загнасан юм уу гээд маргалдан хэл амаар доромжилон О- намайг цохисон. Тухайн үед би нүүрэн дээр байсан цусыг хараад миний хамарнаас цус гарлаа гэж бодсон чинь О-гээс цус гарсан юм байна лээ. Тухайн үед гарт барьж байсан түлхүүрэнд О-гийн чих цохигдоод цус гарсан юм байна лээ. ... Би баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тухайн үед гарт машины түлхүүр байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч Б.Амаржаргалын “...  Гаднаас Г- гэх хүн орж ирээд чи муу яах гээд байгаан, чи муу ингэхгүй шүү гэж хэлсэн. Би О- багшийг яасын бэ гээд тоохгүй болохоор нь найзууд юм байна гэж бодсон. О- багш газар унасан нүдний шилээ авах гэж байтал Г- гэх О-гийн зүүн мөрөн дээр нь цохисон. О- уурлаад яаж байна чи гэж хэлээд эргээд хартал Г- гартаа байсан улаан толгойтой автерка шиг зүйлээр зүүн чихийг хатгасан. Би хөөе яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн үед О- багшийн байж байсан газарт цус гараад нил цус болсон. Г- зодох гээд дайраад байсан. О- цааш нь түлхсэн. Дийлдэхгүй дайраад байхаар нь О- үсдэж аваад доош нь дарсан. Би цагдаа дуудна гэж хэлсэн чинь Г- гараад явсан. ... Г- гартаа байсан зүйлээрээ О-гийн зүүн чихийг хатгаж цус гаргасан. Хоолойг нь боож, өшиглөсөн. Зодоон бол огт болоогүй. О-г Г- ална гээд дайраад байхаар нь О- үсдэж доош нь дарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 95-96 дугаар хуудас/

Гэрч Г.Жавхлангийн “... Би хувцсаа өмсөөд явах гээд гадаа гараад юмаа мартсан байна гэж бодоод буцаад бүжгийн заал руу ороод буцаад эргэтэл битгий давраад байгаарай гэж орилохоор нь хартал О- багшийн хажууд нэг эрэгтэй хүн зогсож байснаа О- багшийн зүүн далан дээр нь  нэг удаа, зүүн чих рүү нь нэг удаа цохиж харагдсан. Гэтэл зүүн чихнээс нь цус олгойдон гарсан. О- багш чихээ дараад доошоо тонгойгоод нөгөө гараараа Г-ийг холдуудах гэж түлхэж байснаа Г-ийн үс нь гарт нь баригдангуут доошоо дарсан. Удалгүй хажууд байсан хүмүүс ирж тэр хоёрыг салгасан. Би цуснаас айдаг болохоор очиж чадаагүй зогсож байтал манай ангийн Баярням алчуураар О- багшийн чихийг боож өгөн зогсож байсан. ...Зодоон бол болоогүй. Г- гэх хүн О-гийн зүүн чих рүү цохиж цус гаргасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 97-98 дугаар хуудас/

Гэрч Г.Баярнямын “Би бүжгийн клубээс дөнгөж гартал хүн орилсон. Би буцаад эргээд харсан чинь О- багшийн зүүн чихнээс цус годогдоод гарсан. Би цүнхнээсээ алчуур аваад цусыг нь дарж өгсөн. Хажууд байсан хүмүүс орилолдоод байсан.  О- Г-ыг үсдэж дарсан. Хажууд байсан хүмүүс очиж салгасан. Чамайг гадаа гарч байгаад алнаа гээд Г- гэх хүн гараад явсан. Тэгээд Ритм бүжгийн клубын зохион байгуулагч орж ирсэн. Мөн Сарантуяа гэх багш гаднаас орж ирсэн байсан. ...Г- гартаа байсан зүйлээрээ санаатай О-гийн зүүн чихийг хатгаж цус гаргасан. Харилцан зодоон болсон зүйл бол огт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 99-100 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг №4623 дугаартай:

“1.Ч.Г--н биед зулай, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ...эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж  мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаас үзвэл шүүгдэгч Ч.Г-ийн илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийсэн байх бөгөөд түүний үйлдэл нь шүүгдэгч С.Огийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учирах, эсхүл хор хохирол учруулсан бодитой шууд аюул тулгарсан нөхцөл байдал бий болжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Од холбогдох хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хийсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн мөрдөн шалгах явцад гэрч П.Сарантуяа “... Тэгээд хүмүүс салгасан. Тэгээд О-, Г-ийг нүүр рүү нь 4-5 удаа өшиглөж үснээс нь зулгаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/, гэрч Б.Батбаярын “О- үснээс Г- багшийг зулгаан өөр лүүгээ татаж доош дараад өшиглөж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 110 дугаар хуудас/ гэрч Н.Цогзолмаагийн “О- багш Г- багштай юм ярьж байснаа гэнэт Г- багшийн үснээс нь зулгаагаад доош дараад өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 112 дугаар хуудас/ тус тус өгчээ.

Эдгээр мэдүүлгүүдэд зөвхөн “О- багш Г- багшийг үсдээд өшиглөж байсан” гэсэн нь тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн биш нэг талыг барьсан мэдүүлгүүд байх бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай  болж чадаагүй байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг №4623 дугаартай дүгнэлтийн “Хэсэг газрын үзлэг” хэсэгт: Зулай зүүн чамархай хэсгийн хуйх нэлэнхүйдээ улайж 0,5х1 см-ээс, 3х2 см хүртэл хэмжээтэй, олон тооны үс халцарч унасан” гээд:

“1.Ч.Г--н биед зулай, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хэргийн 20 дугаар хуудас/ гаргажээ.

Энэ дүгнэлтээс харахад С.О нь өөрийн эсрэг бий болсон бодит довтолгооны эсрэг хариу үйлдэл хийж Ч.Г-ийн үснээс зулгааснаас үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд харин өшиглөсөн гэх нөхцөл байдлаас ямар нэгэн гэмтэл үүссэн болох нь тогтоогдоогүй болно.

 

Харин шүүхээс шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч С.Огийн “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 11 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ритм бүжгийн клубт ажлаа хийгээд байж байтал гаднаас Г-, Сарантунгалаг хоёр орж ирсэн. Г- намайг чи давраад байгаа шүү миний эхнэрийн шавь нарыг чи заал руу оруулаагүй байна гэж  хэл амаар доромжилсон. Би чамтай хэрэлдэх хүсэл алга гээд босоод явсан. Гэтэл Г- ар нуруунаас татах шиг болсон. Эргээд хартал зүүн талын чих рүү үзүүртэй юмаар хатгасан. Зүүн чихнээс цус гарсан. Би уур хүрээд Г-ийг үсдэж дарсан. Нэг харсан чинь Г- цугтаад яваад өгсөн байсан. ... Зүүн гартаа байсан зүйлээ зүүн чих рүү нэг удаа цохисон. ...Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-6 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4565 дугаартай:

“1. С.Огийн биед зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн юм уу хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 19 дүгээр хуудас/

Ч.Г-ийн яллагдагчаар өгсөн “ ...Баруун гараараа, нэг удаа нүүр рүү нь цохисон. Тухайн үед баруун гарт машины түлхүүр байсан. Хүлээн зөвшөөрч байна, миний буруу. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Гнь хохирогч С.Огийн биед зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь  хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл  Ч.Г-ийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Ч.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилжээ.

Хэрэгт цуглуулсан С.Огийн эмчилгээ хийлгэсэн тухай Баянзүрх эмнэлэг ХХК-ийн орлогын ордер болох өрөөний төлбөр 280.000 төгрөг, толгойн томографийн үзлэгийн 120.000 төгрөг, мөн 2500 төгрөгийн баримтууд нь хэрэгт хамааралтай гэж үзэж нийт 402.500 төгрөгийн хохирол тогтоогдсон тул уг төлбөрийг шүүгдэгч Ч.Г-аас гаргуулж хохирогч С.Од олгохоор шийдвэрлэв. /хэргийн 28 дугаар хуудас/

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Г-, С.О баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй байна.

Шүүх, хуульд зааснаар Ч.Г-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт,  37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Алдарзайсан овогт Сангийн О-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Ласар овогт Чулуунбаатарын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч.Гторгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Гнар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.О, Ч.Гнар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Ч.Г-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 402.500 төгрөг гаргуулж хохирогч С.Од олгож, Ч.Г-ийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О, Ч.Гнарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ