Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 788

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............оны 2 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.А /РД:............../.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

            Шүүгдэгч А.А нь ..................-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрүүлсэн хүүхдээ бусдаар асрамжлуулах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 07-с 08-нд шилжих шөнө тус төвийн төрөх тасагт үлдээж явсан буюу хаясан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрөөд хүүтэй болсон. Төрсний дараа 2 хоногийн дараа ээж рүүгээ залгаад хүүтэй болсоноо хэлсэн чинь ээж маань тэр чинь надад ямар хамаатай юм би эмээ болмооргүй байна гэсэн. Тэгээд эмээ рүүгээ залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд эмнэлгээс шөнө гарсан хүүгээ захиа бичиж үлдээгээд яваад өгсөн. Тэгээд маргааш нь цагдаагаас над руу ярихаар нь хорих байх гэж байгаад яваад өгсөн” гэв.

 

Гэрч Д.Амэдүүлэхдээ: “...А.А нь 18 настай, анхны төрөлт, хүүхэд нь 3 кг эрүүл саруул эрэгтэй хүүхэд гаргасан байсан. А.Агийн биеийн байдал хэвийн, ар гэрээс нь ирсэн хүнгүй эргэлтгүй байсан... орой ээлж хүлээж авахад А- байсан бөгөөд оройн эмчилгээгээ хийгээд 21 цагийн үед манай нярайн сувилагч нар А- оргох гээд байгаа шүү сайн хараарай гэж байсан. Тэгээд би А-г оргох гэж байгааг мэдээд ийш тийш гарах болгонд нь ороорой гэж хэлж байсан бөгөөд шөнийн 02 цаг 30 минутын үед А-гийн хажуугийн ээж надад А-гийн хүүхэд нь уйлаад байна, А- өөрөө алга гэж хэлэхээр нь өрөөнд яваад ортол хүүхдээ орон дээр үлдээгээд захиа үлдээсэн байсан. ...ингээд цагдаа дуудсан, хүүхдийг нь Нярайн тасгийн сувилагч нарт хүлээлгэж өгөөд тэндээсээ 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сувиллаас хүүхдийг шилжүүлж авсан” гэжээ. /хх 21/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/

Төрөлтийн түүх /хх 79-88/

Нярайн түүх /хх 89-94/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Аг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй байна.

 

Учир нь: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл ...баривчлах ялаар шийтгэх эрүүгийн хариуцлага оногдуулахаар байх бөгөөд өнөөгийн байдлаар баривчлах ял эдлүүлэх эрх зүйн зохиуцуулалт байхгүйгээс гадна торгуулийн хэмжээ нь тухайн төрлийн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан ялаас хэт өндөр байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэдэгт өмнөх хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж байсан ялын төрлийг эрүүгийн шинэ хуулиар ялын тогтолцооноос хассан, хүчингүй болсон, тодорхой төрлийн ял оногдуулах, эдлүүлэх, ял оногдуулахгүй тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага үндэслэл, журам нөхцлийг шинэ хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтай байдлаар хуульчилсан зэрэг болно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журам нь хуулийн хэм хэмжээний мөн чанараас шалтгаалан өөр өөрөөр хэрэгждэг ба шинэ хуулиар эрүүгийн хариуцлагад ялыг хөнгөрүүлсэн нөхцөл байдал өргөжсөн, ял оногдуулах, тэнсэх, хойшлуулах, чөлөөлөх үндэслэл журмыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтайгаар хуульчилсан бөгөөд шүүх 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн заалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.А нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрүүлсэн хүүхдээ бусдаар асрамжлуулах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 07-с 08-нд шилжих шөнө тус төвийн төрөх тасагт үлдээж явсан буюу хаясан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.А/хх 21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, төрөлтийн түүх /хх 79-88/, нярайн түүх /хх 89-94/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Аг хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага ногдуулахдаа ар гэрийн хараа хяналт байхгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, биеийн хөгжил, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.