Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 22/МА2022/00013

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн талаар

 

1.1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 399 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч “П даатгал” ХХК-ийн “даатгалын нөхөн төлбөрт давхардуулан олгосон 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй, 

хариуцагч Т.Н-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор тус шүүх 2022 оны 12  дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.2. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

2.1. Нэхэмжлэгч “ П” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга:

а. Нэхэмжлэлийн шаардлага: “даатгалын нөхөн төлбөрт давхардуулан олгосон 15,000,000 төгрөгийг  гаргуулахыг хүссэн. 

б. Нэхэмжлэлийн үндэслэл: Цагдаагийн ерөнхий газар нь “П даатгал” ХХК-тай 2019 оны 09 сарын 20-ны өдөр гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх даатгалын гэрээг байгуулж, үүний хүрээнд цагдаагийн албан хаагчдын амь насыг даатгасан. Уг гэрээний хугацаанд цагдаагийн албан хаагч Г.Б нь болгоомжгүйн улмаас буу алдаж, тус газрын албан хаагч М.Б-ийн амь насыг хохироосон даатгалын тохиолдол үүссэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу манай байгууллагаас олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ болох 15,000,000 төгрөгийг талийгаач М.Б-ийн эхнэр Т.Н-д олгосон. Ингээд Даатгалын тухай хууль болон талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасны дагуу хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээд болох Г.Б-ээс нэхэмжилж, тус шүүхэд хандсан. Тус шүүхээс цагдаагийн албан хаагч Г.Б нь болгоомжгүйн улмаас буу алдаж, тус газрын албан хаагч М.Б-ийн амь насыг хохироосон даатгалын тохиолдол үүссэн. хариуцагч Г.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хууль болон гэрээний дагуу буруутай этгээд нөхөн төлбөр олгосны хохирлыг төлөх үүрэгтэй байх боловч эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр Г.Б нь хохирогч Т.Н-д 21,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь тогтоогдсон гэж шийдвэрлэсэн. Манай байгууллага Г.Б-с хуулийн хувьд нөхөн төлбөр шилжүүлсний хохирлыг нэхэмжлэх боломжгүй болсон. Улмаар ЦЕГ-тай байгуулсан даатгалын гэрээний 5-р зүйлийн 5.2.13-д буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн бол нөхөн олговор олгохгүй гэж заасан болон тус шүүхийн 154 тоот шийдвэрийн дагуу манай компанийн зүгээс Т.Н-д нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхээргүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл буруутай этгээд учруулсан хохирлоо барагдуулсан байхад манай байгууллагаас Т.Н-д нөхөн төлбөрийг давхардуулан олгосон нь үндэслэлгүй болсон байна. Иймд Т.Н-аас даатгалын нөхөн төлбөрт давхардуулан олгосон 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

а. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

б. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би 2020 оны 02 сарыг хүртэл нөхөр хүүхдүүдийн хамт элэг бүтэн сайхан амьдарч байсан. Гэтэл 2020 оны 02 сарын 20-ны өдөр миний нөхөр албан үүргээ гүйцэтгэж яваад ажлын байрандаа бусдад буудагдаж, амь насаа алдсан. Би хүүхдүүдтэйгээ өнчирч үлдсэн. Одоо хүүхдүүдээ тэжээх, хүний зэрэгтэй сургаж хүмүүжүүлэх боловсролтой, мэргэжилтэй болгох, ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа авч явах гээд амьдралын бүх ачааг үүрч яваа өрх толгойлсон эмэгтэй болоод байна. Тухайн үед хэргийг шалгаад СБ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  сарын -ний өдрийн  тоот шийтгэх тогтоолоор Г.Б-ийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэлийг оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Шийтгэх тогтоолоор Г.Б-аас гэм хорын хохиролд 14,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ төлбөрийг Г.Б 2020 оны 06 сарын 29-ний өдөр миний данс руу шилжүүлсэн. Мөн оршуулгын зардалд мөнгө өгсөн.  Миний нөхөр талийгаач М.Б нь эрхэлж байсан ажил албан тушаал, учирсан хохирол, эрсдэл, цаг хугацааны хувьд “П даатгал” ХХК, Цагдаагийн ерөнхий газрын даргын хооронд байгуулсан 2019 оны 09 сарын 20-ны өдрийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үйлчлэлд хамаарч байгаа тул “П даатгал” ХХК нь гэрээний дагуу үүргээ биелүүлж төлсөн нөхөн төлбөр байна.  Гэрээгээр буруутай талаас төлбөр нэхэмжлэхээр тохиролцсон байна. Гэрээний даатгуулагч буюу нөхөр М.Б маань Г.Б-ийн буруутай үйлдлийн улмаас нас барсан. Шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Б гэм буруутай нь тогтоогдсон. Миний хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өрх толгойлсон эмэгтэй. Гэрээний даатгуулагч буюу буруутай тал биш тул нөхөн төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

2.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.Н-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П даатгал” ХХК-д  олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид  232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П даатгал” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

2.4. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “нэхэмжлэгчийг иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж зааснаар давхардуулан олгосон нөхөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэлээ, “... П даатгал ХХК-ны тухайд буруутай этгээд хохирлыг барагдуулсан тохиолдолд уг үүргийг давхардуулан гүйцэтгэх үүрэг гэрээгээр болон хуулиар хүлээгээгүй байх тул шүүх баримтаар нотлогдож байгаа 15.000.000 төгрөгийг хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буцаан гаргуулахаар шийдвэрлэв” гэж дүгнээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.Н-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 15.000.000 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч “П даатгал” ХХК-д олгохоор тогтоожээ. “П даатгал” ХХК нь “Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ний өдрийн тоот шийдвэрийн дагуу Н-аас 15.0 сая төгрөг шаардах эрхтэй байх тул  үндэслэлгүй шилжүүлсэн 15.0 сая төгрөгийг Н-аас гаргуулж өгнө үү” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 431.2-т “Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна”, 431.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж,  Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ”,  4.1.2-т "даатгагч" гэж энэ хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг; 4.1.3-т "даатгуулагч" гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг; 4.1.4-т "даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг; 4.1.6-д "даатгалын нөхөн төлбөр" гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг; 8 дугаар зүйлийн 8.3-т Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар цагдаагийн ажилтан, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тул “П даатгал” ХХК, Цагдаагийн Ерөнхий газрын  хооронд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаагаар байгуулсан Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үйлчлэлд хамаарч,  тус даатгалаас 15,0 сая төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нарантуяад олгосон үйл баримт тогтоогддог. Гэрээ нь хууль тогтоомжид нийцсэн, аль нэг талынхаа эрх ашгийг хохироогоогүй гэрээ бөгөөд даатгалын тохиолдол, түүнийг бүртгэх, нотлох баримт бүрдүүлэх, нөхөн олговор олгох ажиллагаа нь Даатгалын тухай хууль, Иргэний хуулийн дээрхи заалтуудад нийцсэн,  гэрээний нөхцөл болон нөхөн төлбөр төлсөн, хүлээн авсан үйл баримтад нэхэмжлэгч, хариуцагч талууд маргадаггүй. Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 10-р бүлэгт  “Буруутай талаас төлбөр нэхэмжлэх, шалгалт хийх” асуудлыг зохицуулсан бөгөөд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 124 тоот шийтгэх тогтоолоор цагдаагийн газрын мөрдөгч Г.Б-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн ............ дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэлийг ногдуулсан. Нэгэнт Б нь бусдын амь насыг хохироосон гэм буруутай нь тогтоогдсон тул бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-д  гэм хорын төлбөрийг төлсөн байдаг. Харин даатгалын байгууллага гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу олгосон нөхөн төлбөр 15.0 сая төгрөгийг буруутай этгээд Г.Б нэхэмжилснийг Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн  тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон. Энэхүү шийдвэрт Т.Н-аас төлбөр гаргуулахаар тогтоогоогүй, “буруутай этгээд” биш байтал шүүх Т.Н-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж даатгалын нөхөн төлбөрийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж шийдвэрлэж чадсангүй. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээний харилцаатай холбогдох маргааныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэж байна. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ны өдрийн дүгээр шийдвэртэй хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.5. Нэхэмжлэгч “П даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газартай манай компани 20 оны  дүгээр сард -ны өдрөөс 20 оны  дүгээр сарын -ны өдрийн хооронд нэг жилийн хугацаатай гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-д 2020 оны 04 дүгээр сард 15.000.000 төгрөгийг нөхөн олгосны дараа Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, гэрээний 10.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхээр Г.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Г.Б-ийг хохирлыг нөхөн төлсөн гэж үзээд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэртэй холбогдуулан Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 20 оны сарын -ний өдөр Т.Н-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр давхардуулан олгосон учраас буцаан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Т.Н үндэслэлгүй хөрөнгөжсөн, Г.Б-ийг буруутай боловч учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзсэн. Даатгалын гэрээний 5.2.13 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээр учруулсан хохирлоо нөхөн төлүүлсэн бол даатгалын нөхөн олговрыг давхардуулан олгохгүй гэж заасан байгаа. Даатгуулагч нэг удаагийн хохирлоос 2 удаагийн нөхөн төлбөр авсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлтэй гэж үзэж байна. Амь насны даатгал гэж ярьж байна гэрээнд зааснаар гэнэтийн ослын даатгал гэж байгаа.  Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв

2.6. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж гаргах тайлбар байхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

3.1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн  давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

3.2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мэтгэлцэх эрхээр хангаж оролцуулсан байна.

3.3. Нэхэмжлэгч “П даатгал” ХХК хариуцагч Т.Н-аас “даатгалын нөхөн төлбөрт давхар олгосон 15.000.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд ирүүлснийг хариуцагч “би гэнэтийн ослоор нөхрийгөө алдсан хохирогч байхад намайг  буруутай этгээд гэж даатгалын  нөхөн төлбөр  нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

            3.4. Нэхэмжлэгч “П даатгал” ХХК нь Цагдаагийн ерөнхий газартай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэг жилийн хугацаатай цагдаагийн ажилчин, албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг даатгасан “Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулжээ. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймаг дахь  Цагдаагийн газрын ахлах ахлагч М.Б албан үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн осолд орж, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсны улмаас тус компани гэрээний дагуу талийгаачийн даатгалын нөхөн төлбөрт 03 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг, 04 сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг тус тус гэр бүлд нь шилжүүлсэн, шүүгдэгч Г.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-д гэм хорын хохиролд 21.500.000 төгрөг төлсөн талаар зохигчид  маргаагүй байна.

            3.5. Хариуцагч Т.Н “би нөхрийгөө гэнэтийн ослоор алдаж, хүүхдүүдтэйгээ өнчирч үлдсэн, шүүх 20 оны  сарын -ний өдрийн  дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцсон. Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж надад даатгалын нөхөн төлбөрт 15.000.000 төгрөг өгсөн хэдий ч одоо Г.Б-ийн өгсөн гэм хорын хохиролтой давхардуулан олгосон үндэслэлээр  “намайг буруутай” гэж үзэн буцаан нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би хууль,  гэрээнд заасан буруутай этгээд биш гэж мэтгэлцжээ.      

3.6. Анхан шатны шүүх “хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэсэн  дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан  нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй  талаас нь үнэлж, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.7. Даатгагч, даатгуулагчийн хооронд “Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдсан ба  гэрээний 5.1.40-д заасан даатгалын эрсдэл бий болж даатгуулагчийн амь эрсэдсэн тохиолдолд даатгалын компани гэрээний 7.1.1 дэх заалт, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь даатгуулагчийн  хууль ёсны  буюу гэрээслэлээр өв залгамжлагчид  олгоно гэж заасан нь зохигчдын хооронд даатгалын харилцаатай холбоотой маргаан үүссэн байх бөгөөд үүнийг Иргэний хуулийн даатгалын гэрээний харилцааг зохицуулсан холбогдох зүйл хэсгээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

3.8. “Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.2.13-т “Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн” бол даатгагч  хариуцлага хүлээж нөхөн олговор олгохгүй, гэрээний 10.3-т “ Даатгуулагч болон түүний ажилтан даатгалын тохиолдолд буруутай бол даатгагч нь хохирлын нөхөн төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхээсээ татгалзана. Даатгалын хохиролд буруутай этгээд нь гуравдагч этгээд бол хохирлыг нэхэмжлэх эрхтэй” гэж  зааснаас үзэхэд хууль болон гэрээнд “буруутай этгээд ” гэдгийг даатгалын эрсдэлийг  бий болгосон этгээд гэж ойлгоно. Тухайлбал: Цагдаагийн газрын ажилтан Г.Б даатгалын тохиолдолд гэм  буруутай болох нь шүүхээр тогтоогдсон тул даатгагч нь хохирлын нөхөн төлбөрийг Т.Нарантуяагаас нэхэмжлэх эрхгүй болно.

3.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч даатгуулагч, талийгаач М.Б-ийн гэр бүл Т.Н-ийг “буруутай этгээд” гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулж байгаа нь  дээрх хуулийн зүйл хэсэгт нийцэхгүй төдийгүй Т.Н энэ нэхэмжлэлийн хариуцагч биш байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.   

3.10. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Н-д олгохоор тогтов.                        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            Нэг. Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ны өдрийн   дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1,*******,

1.1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасныг баримтлан “П даатгал” ХХК-ийн  “даатгалын нөхөн төлбөрт давхардуулан олгосон 15000000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Н-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Практикал даатгал” ХХК-ийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

1.3. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Т.Н-д олгохыг дурдсугай.  

Гурав. Зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.БАЙГАЛМАА

                                                 ШҮҮГЧИД                    О.БААТАРСҮХ

                                                                           С.ОЮУНТУНГАЛАГ