| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 184/2023/01226/И |
| Дугаар | 192/ШШ2026/04903 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2026/04903
| 2026 05 04 | 192/ШШ2026/04903
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......оршин суух, Б отогт овогт М-ийн Э-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ төвд байрлах, Ц ББСБ ХХК-д холбогдох,
10,231,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Ж, хариуцагчий өмгөөлөгч Ч.Ж, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр М.Э миний бие Б.О-тай түүний өмчлөлийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд Монгол Улсад орж ирсэн, ....улсын дугаартай ....... маркийн автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод 10,500,000 төгрөг тооцож өөрийн ..... маркийн автомашиныг О-д өгч үлдэх 14,500,000 төгрөгийг Ц ББСБ ХХК-с зээл авч төлөхөөр гэрээг О-тай бичгээр байгуулсан. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөө Ц ББСБ ХХК-с ...... улсын дугаартай ....... маркийн автомашиныг барьцаалж, 14,500,000 төгрөгийг нэг сарын 3,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлж мөн фидуцийн гэрээ байгуулсан ба ........ улсын дугаартай автомашин нь 14,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан ба тээврийн хэрэгслийн гэрчилгээ Ц ББСБ ХХК-ийн нэр дээр шилжсэн юм. Миний бие зээлээ 2022 оны 07 дугаар cap дуустал хэвийн төлөөд явж байсан ба зээлийн үлдэгдэл зээлийн эргэн төлөх хуваарь дээр 12,927,359 төгрөг байсан. Би нийт 5 удаагийн эргэн төлөлт хийсэн ба нийт 3,782,000 төгрөг буцаан төлсөн. Би зээлийг буцаан төлөх боломжгүй нөхцөлд хүрлээ гэдгээ миний бие Ц ББСБ ХХК-д хэлсэн барьцаанд байгаа автомашиныг өөрөө худалдан борлуулж зээлийн гэрээг дуусгавар болгох зорилгоор зар тавьсан байсан юм. Гэтэл Цэгц хөрөнгө ББСБ ХХК нь миний зөвшөөрөлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө манай хашаанд байсан машиныг ачуулаад аваад явсан байсан. Би өөрийн автомашиныг буцааж авах, үлдэгдэл төлбөрийг төлөх гэж Ц ББСБ ХХК-ийн захиралтай ахыгаа уулзуулж, утсаар холбогдуулсан чинь 25,000,000 худалдан авсан машиныг минь 16,000,000 төгрөгт худалдан борлуулж зээлийг чинь хаасан гэж хэлээд надад нэг ч төгрөг өгөхгүй байна. Миний машины зах зээлийн үнэлгээ одоогоор 30,000,000 төгрөгөөр зарагдаж байхад зах зээлээс доогуур үнээр зарсан гэж худал хэлээд байгаа. Хариуцагч компани нь үндсэн зээл 12,921,917.10 төгрөг, хүү 1,846,927.66 төгрөг, нийт 14,768,889.66 төгрөгийн үүргийг хангуулах ёстой байсан. Миний 25,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг зах зээлийн үнээр худалдан борлуулж, зээлийн гэрээгээр төлөх ёстой үүргийг хангуулаад илүү гарсан 10,231,110 төгрөгийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Ц ББСБ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай Ц ББСБ нь М.Э-тай 2022 оны 02 сарын 26-ны өдөр ЗГ0500220229 тоот зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээний барьцаа болгон 2022 оны 02 сарын 26-ны өдөр ЗБ0500220229 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцын гэрээ байгуулан ..... улсын дугаартай, ...... арлын дугаартай ...... авто машины өмчлөлийг шилжүүлэн авсан байдаг. М.Э зээлийн төлбөрөөс нийт 3,782,000 төгрөгийг төлсөн. 2022 оны 08 сарын 20-ны өдрийн төлөх төлөлтөөс 2022 оны 11 сарын 20-ны өдрийн төлөлтийг төлөөгүй. Тиймээс Ц ББСБ нь Фидуцын гэрээний 1.5, 2.2.2, 2.2.4-т заасны дагуу 2022 оны 12 сарын 04-ний өдөр авто машиныг эзэмшилдээ авсан. Тухайн авто машиныг худалдан борлуулах гэтэл эвдрэлтэй байсан учир засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Эвдрэл гэмтлийн талаарх баримтыг хавсаргасан болно. Хурдны хайрцаг эвдрэлтэй, толь хагархай, диск эргэсэн, дугуй элэгдсэн машин байсан учраас уг засваруудыг хийлгэсэн. Фидуцын гэрээний 3.1.6-д заасны дагуу 18,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Уг авто машин нь механик хурдны хайрцагтай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд импортлогдсон. Зах зээлийн ханшаар худалдсан. Худалдан авагч Б.Ө нь 10,500,000 төгрөгийг дансаар, 8,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Машиныг худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлүүлэх хүртэл буюу 2023 оны 01 сарын 11-ний өдөр М.Э-ны үндсэн зээл 12,921,917.10 төгрөг, зээлийн хүү 2,356,957.68, нэмэгдүүлсэн хүү 31,987.63 төгрөг нийт 15,310,862.24 төгрөг байсан. Машины ачилтын зардал 150,000 төгрөг, түлхүүр хийлгэх зардал 150,000 төгрөг, татвар торгууль 185,000 төгрөг, засварын зардал 2,650,000 төгрөг болсон. Зээлийн үлдэгдэл төлбөр 15,310,862.24 төгрөг дээр машин худалдан борлуулахад гарсан зардал 3,135,000 төгрөгийг нэмэхэд 18,445,862.24 төгрөг болж машин худалдан борлуулж олсон орлого болох 18,500,000 төгрөгөөр барагдуулсан. Тиймээс нэхэмжлэгчийн Фидуцын гэрээнд барьцаалсан 30,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий машиныг 16,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх нэхэмжлэл болон Очирвааньд төлчихсөн автомашиныг тооцон авсан мөнгөн дүн 10,500,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд төлсөн 3,782,000 төгрөг, даатгал 341,100 төгрөг, зээл олгоход төлсөн төлбөр 30,000 төгрөг, нэр шилжүүлэхэд гарсан нотариатын зардал 30,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 145,000 төгрөг нийт 14,828,100 төгрөг манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд М.Э-аас манай Ц ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1908 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/, ..... улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ0500220229 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, М.Э-ны ХААН банкны ..... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗБ0500220229 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, М.Э-ны ....... тоот ХААН банкны дансны хуулга, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт, үнэлгээ хавсралтын хамт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчаас компаниас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, автомашин засварлах, худалдан борлуулахад гаргасан зардал тооцсон хүснэгт, авто машины зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ0500220229 дугаартай Зээлийн гэрээ, М.Э зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗБ0500220229 дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, ...... улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, М.Э-ны зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Г.С...... тоот депозит дансны хуулга, Д.М ....... тоот ХААН банкны депозит дансны хуулга, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримт, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, Б.Ө тоот хаан банкны дансны хуулга, Ц ББСБ 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн кассын орлого ордерын баримт, 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Мастер үнэлгээний төвийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан,үнэлгээний хөлс төлсөн төлбөрийн баримт, Г.С тоот хаан банкны дансны хуулга, Ц ББСБ ХХК болон Б.Ө нарын хооронд байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ0500230005 дугаартай зээлийн гэрээ, Б.Ө зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ЗБ05000230005 дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Д.М тоот дансны дэлгэрэнгүй хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ тус тус шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч М.Э нь фидуцийн зүйлийг худалдан борлуулсны зөрүүд 10,231,110 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зах зээлийн үнээр тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан, түүнтэй холбоотой гарсан зардлыг тооцвол нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Э болон Ц ББСБ ХХК нар 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ0500220229 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалттайгаар зээлэхээр тохиролцсон байна. /хэргийн 51-53 тал/
Нэхэмжлэгч М.Э нь Ц ББСБ ХХК-д зээлийн хүсэлт гаргахдаа арлын дугаартай улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр худалдан авч байгаа, автомашины урьдчилгаа төлбөрт 10,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 14,500,000 төгрөгийн зээл хүсэж байгаагаа илэрхийлсэн болох нь зээлдэгчид гаргасан автомашины зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл гэх баримт /хх-ийн 50-р хуудас/, Б.О 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр тус тус нотлогдож байна.
Зээлдүүлэгч Ц ББСБ ХХК нь зээлийн гэрээгээр 14,500,000 төгрөгийг зээлүүлэх, зээлдэгч М.Э нь мөнгө зээлэхээр харилцан тохирч, уг мөнгийг М.Э нь маркийн автомашиныг худалдан авах зориулалтаар хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй.
Мөн талуудын хооронд зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗБ0500220229 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагчийн хөдлөх эд хөрөнгө болох арлын дугаартай улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг дуусгавар болоход өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна./хэргийн 54-55 тал/
Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээ байгуулагдсан мөн өдрөөр автомашины өмчлөгчөөр Ц ББСБ ХХК бүртгүүлсэн болох хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Харин тээврийн хэрэгслийг М.Э эзэмшил, ашиглалтад үлдээхээр тохиролцсон талаар талууд маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Улмаар Ц ББСБ ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн эзэмшил ашиглалтад байсан барьцаа хөрөнгө болон автомашиныг хариуцагч М.Э эзэмшлээс өөрийн эзэмшилд шилжүүлэн авч улмаар Б.Ө 18,500,000 төгрөгөөр худалдан, түүнээс 10,500,000 төгрөгийг тус ББСБ-ийн зээлийн эдийн засагч Г.С өөрийн дансанд шилжүүлэн авч, үлдэх 8,000,000 төгрөгт Б.Ө зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан болох нь хариуцагчаас гарган ирүүлсэн Г.С ХААН банкны дансны хуулга, Б.Ө байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн болон фидуцийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 63, 132-136 тал/
7. Ц ББСБ ХХК нь М.Э 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ0500220229 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалттайгаар зээлдүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагджээ.
Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусах бөгөөд гэрээний хугацаанд зээлдэгч М.Э нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу нийт 3,782,000 төгрөгийг төлснийг зээлдэгч үндсэн зээлд 1,578,083 төгрөг, зээлийн хүүд 2,202,826 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 1,091 төгрөгийг тооцон хассан байна. Зээлдэгч зээл, зээлийн хүүд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, зээлийн эргэн төлөлт нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш доголдож эхэлсэн байна.
Хариуцагч Ц ББСБ ХХК нь зээлдэгч М.Э 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор нийт зээлийн үлдэгдэл 14,759,376 төгрөгийг төлөх, дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаарх мэдэгдсэн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч М.Э хүлээн зөвшөөрч, уг мэдэгдлийн хуулбарыг шүүхэд ирүүлжээ.
Иймээс зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдүүлэгч талаас зээлдэгч М.Эрдэнэсайханыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн гэх үндэслэл зааж зээлийн гэрээг 1 талын санаачилгаар цуцалж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ц ББСБ ХХК-иас маркийн улсын дугаартай, автомашиныг хураан авсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Талуудын маргааны зүйл нь тээврийн хэрэгслийн үнэлгээний асуудал байх бөгөөд нэхэмжлэгч М.Э нь уг автомашиныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл эзэмшиж, ашигласан байх тул тээврийн хэрэгслийг худалдан борлуулж байх үеийн үнэ буюу 25,000,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоох боломжгүй байна. Түүнчлэн И ХХК-иас тухайн автомашинтай ижил 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд Монголд орж ирсэн, ижил маркийн автомашины үнэлгээг 2022 оны 4-р улирлын байдлаар гарган ирүүлсэн дүгнэлтэд маркийн автомашины тухайн үеийн зах зээлийн ханшийг 23,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч бодитоор тээврийн хэрэгслийг үзээгүй тул түүнийг мөн үндэслэх боломжгүй байна.
Энэ талаар нэхэмжлэгч нь маргаан бүхий маркийн улсын дугаартай автомашины үнэлгээнд маргаж шүүхээс шинжээч томилуулан тухайн үеийн зах зээлийн үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх ханган хөрөнгө үнэлгээний А ХХК-иар хөрөнгийн үнэлгээг хийлгүүлэхээр шүүгчийн захирамжийг хүргүүлсэн боловч уг хөрөнгө нь хаана байгааг тодорхойлох боломжгүй, улмаар өөр этгээдэд дамжин худалдагдан эцсийн өмчлөгчийг олох боломжгүй, биет байдлаар үзлэг хийх замаар үнэлгээ хийх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр үнэлгээг гаргах боломжгүй гэсэн тайлбар, хүсэлтийг шүүхэд гаргадаг. Улмаар нэхэмжлэгч талаас дээрх шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлгэжээ.
Харин хариуцагч Ц ББСБ ХХК нь маркийн улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч улмаар дээрх засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу 18,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх тайлбарыг гарган уг тайлбараа нотлох зорилгоор М ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг гарган ирүүлдэг. Уг тайланг автомашиныг Б.Өнөрт 18,500,000 төгрөгөөр 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр худалдан борлуулснаас хойш буюу 2023.04.17-ны өдөр үнэлгээг хийхдээ уг автомашины зах зээлийн үнэлгээг 2022 оны 3 дугаар сарын 14-ний байдлаар 18,600,000 төгрөг гэж үнэлэхдээ тээврийн хэрэгслийг бодитоор үзэж, тухайн үеийн эвдрэл, гэмтлийн талаарх баримтад үндэслэн үнэлгээ хийгдсэн тул тухайн үеийн зах зээлийн бодит ханш гэж үзэх боломжтой байна.
Иймд шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан талуудаас гарган ирүүлсэн үнэлгээний тайлангууд, автомашин худалдах худалдан авах гэрээ зэргийг харьцуулан дүгнэж, маркийн улсын дугаартай автомашины үнэлгээг 18,600,000 төгрөг байх боломжтой гэж үзэж, тухайн автомашиныг худалдан борлуулсан 2023 оны 01 сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг 15,310,862 төгрөг байсан нь автомашинаар зээлийн гэрээний үүргийг хангахад хүрэлцэхүйц хэмжээнд байсан тул зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцох үндэслэлтэй.
9. Хариуцагч Ц ББСБ ХХК нь автомашиныг хураан авахдаа М.Э болон түүний төрсөн ах М.Э нарт мэдэгдсэний дараа тухайн автомашиныг 150,000 төгрөгийн төлбөр төлж ачилтын компаниар ачуулан авч ирж өөрийн зогсоолд байршуулж, эзэмшилдээ авсан гэх тайлбарыг гаргадаг бөгөөд мөн өдөр автомашиныг хаанаас, хэний эзэмшилд, ямар байдалтай байхад нь хураан авсан талаар ямар нэгэн тэмдэглэл байхгүй, авто машиныг хүлээн авахад техникийн бүрэн бүтэн байдал ямар хэмжээнд байсан талаар тэмдэглэл акт үйлдээгүй боловч нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна.
Улмаар автомашиныг эзэмшилдээ авах үед автомашины түлхүүр байхгүй байсан тул түлхүүрийг дахин хувилахад 150,000 төгрөг зарцуулсан, автомашины хурдны хайрцаг, диск, толь эвдрэлтэй байсан тул сольж засварлахад 2,150,000 төгрөг зарцуулсан, мөн дугуйг солиход 500,000 төгрөг зарцуулсан, автомашины торгууль, татварт 185,000 төгрөг төлж, нийт 3,135,000 төгрөгийг автомашинд зарцуулсан тул уг дүнг зээлийн төлбөр дээр нэмж тооцон автомашины зарагдсан үнээс хасаж тооцсон үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагч нэмэлт зардлаа өөрөө хариуцна.
10. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээх, мөн 235.3-т гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч М.Э 10,231,110 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3,289,138 төгрөгийг хариуцагч Ц ББСБ ХХК-иас гаргуулах, үлдэх 6,941,972 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ББСБ ХХК-иас 67,576 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Ц ББСБ ХХК-иас 3,289,138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э олгож, үлдэх 6,941,972 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67,576 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ