Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0024

 

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0024

Улаанбаатар хот

“СМГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “СМГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэрээр: ”Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “СМГ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, улсын байцаагч Д.Д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ор давж заалдах гомдолдоо: “...Манай компани Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулаагүй. ... Улсын байцаагч нар ... зах зээлд ... өрсөлдөж буй манай компанийг бараа бүтээгдэхүүнээ хэрхэн худалдан борлуулахыг тушаан шаардаж, улмаар ... үйлдээгүй, тогтоогдоогүй, нотлогдоогүй зөрчилд ... 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан нь илтэд өрсөлдөөний үндсэн зарчмаас гажуудсан.

        ... Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн зөвлөмжөөр аль нэг аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүнээ ямар үнээр, яаж борлуулах эсэх талаар хатуу тогтоох эрхгүй тул ... аж ахуйн нэгжүүд тухайн зөвлөмжийг мөрдөх эсэх нь үүрэг байх боломжгүй.

Гэтэл зөвлөмжийг зөрчсөн гэн үндэслэлээр торгууль оногдуулсан, хяналт шалгалт хийсэн явдал нь хуулийн хүрээнээс илтэд хальсан.

... Манай компаниас бараа авахаар хандсан этгээд бүр тус компанийн хувьд шууд хэрэглэгч гэх үндэслэлгүй. ... Шүүхээс ... өрсөлдөөнийг хэрхэн хязгаарласан болохыг тогтоосон, шалгасан зүйлгүй байхад байцаагч нарын дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн явдал нь тухайн хуулийг дутуу, буруу хэрэглэсэн гэх хангалттай үндэслэл болж байна. ... Улсын байцаагчийн 2018 оны 5\06 дугаар албан шаардлагын хувьд нэгэнт хууль зөрчиж хийж буй хяналт шалгалтын хүрээнд гаргасан энэхүү акт нь мөн л хууль бус болох учиртай тул түүнийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн үйл ажиллагаагаа төрийн байгууллагын хууль бус дарамт шахалтаас ангид хэвийн явуулах нөхцөлөөр хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх нэхэмжлэгч “СМГ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт болон 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэжээ.

        Нэг. “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

        “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийж байна” гэх хэрэглэгч нарын мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/19, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 дүгээр удирдамжуудаар “Нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр байгуулагдсан ажлын хэсэг удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийг үйлджээ.

        Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын хийсэн хяналт, шалгалтаар нэхэмжлэгч компанийн “ШТС-2” станцад дизель түлшийг 100 литрийн хязгаарлалттай, “ШТС-28”, “ШТС-40” станцууд дизель түлшийг өөрийн компанийн зөвхөн “Ай Си” картаар борлуулдаг, “ШТС-23” станц бэлэн мөнгөөр бус “Ай Си” картаар борлуулалт, худалдаалалтын хийж, хязгаарлалт тогтоосон, “ШТС-43” станц АИ-95 бензинийг хязгааргүй борлуулдаг атлаа АИ-92 авто бензин буюу өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг мөн “Ай Си” картаар худалдаалах хязгаарлалт хийж байсан зэрэг нь хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шалгалтын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

        Нэхэмжлэгч “СМГ” ХХК-ийн дээрх дизель түлш болон авто бензинийг борлуулахдаа гаргасан үйлдлийг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 /хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх/-ыг зөрчсөн гэж үзсэн улсын байцаагч нарын дүгнэлт үндэслэлтэй.

        Үүнээс гадна нэхэмжлэгч “СМГ” ХХК “улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан 20.000.000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах” тухай асуудал энэхүү захиргааны хэрэгт хамааралгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.

        Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

        Хоёр. “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

        Улсын байцаагчийн дээрх албан шаардлагаар нэхэмжлэгч компанид автобензин, дизель түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд үнийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шалгалт хийхэд “өргөн хэрэглээний автобензинийн үнийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан үнийн өөрчлөлтийн талаарх шатахуун түгээх станц тус бүрийн мэдээлэл болон үнэ нэмэгдүүлэх тушаал, шийдвэр, баримт материалыг ирүүлэх”-ийг шаарджээ.

        Үүнээс үзвэл маргаан бүхий албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шинжийг агуулаагүй, тухайн албан шаардлагын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

        Гэвч энэ тохиолдолд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзах байтал хянан шийдвэрлэсэн нь буруу, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүйг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “СМГ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “СМГ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ

                                ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР