Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 316/ШШ2026/00078

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 316/ШШ2026/00078

Сэлэнгэ аймаг

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, ******* тоотод оршин суух А******* овогт Б*******гийн О******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, Хөгжил хотхон 7б байр, *******од түр оршин суух хаяг О******* овогт Д*******ын Д******* /РД:/- ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Э /РД:/-д холбогдох

...2025 оны 8 дугаар сарын цалинг үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох, тухайн сарын дутуу олгосон цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугцаагаар гаргуулах, үндэслэлгүй цалин бууруулсны улмаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй тасарсныг нөхөн төлүүлөх-ийг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О*******, Д.Д*******, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагч У.Э, түүний өмгөөлөгч Ц.Э, Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У, түүний өмгөөлөгч Р.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.О*******, Д.Д******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэгч Б.О******* нь 2017 оноос хойш одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. 2024 оны 08 сарын 28-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан боловч байгууллагын буюу ажил олгогчийн хүсэлтээр 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс эрхэлсэн ажлаа харилцан тохиролцож. гэрээр үргэлжлүүлэн хийхээр болж, өнөөдрийг хүртэл ажлаа гэрээсээ хийж гүйцэтгэж байна. Гэтэл 2025 оны 08 сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Э дарга утсаар холбогдож ажилтай чинь холбоотой аудитын дүгнэлт гарсан, уг дүгнэтийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчыг өдрийн 8 цагаар ажиллуулах, эсвэл гэрээгээ цуцал гэх шаардпага тавьсан, тийм учраас О*******ээ ажилдаа ор, эсвэл гэрээгээ цуцал гэж хэлсэн. Миний бие хариуд нь 10 сартай хүүхэдтэй, хүүхэд харах хүнгүй учир өдрийн 8 цагаар ажиллаж чадахгүй гэж хэлсэн. Маргааш нь буюу 2025 оны 08 сарын 19-ний өдөр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Э даргатай уулзаж, аудитын дүгнэлттэй танилцая гэхэд танилцуулаагүй. Төрийн аудитын дүгнэлтээр миний ажиллаж буй гэрээг цуцлахаар болсон гэж хэлсэн. Тухайн үед 2025 оны 08 сарын 18-ны өдрийг хүртэл цалингаа авч, хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхгүй, цуцлахаар болсон боловч цалин орохдоо 7 хоногийн цалин л орсон. Одоог хүртэл яагаад цалин буруулсан тухай мэдэгдэл, тушаал танилцуулаагүй, тийм тушаал шийдвэр ч гараагүй. Мөн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон тушаал, шийдвэр гараагүй, миний бие ажлаа үргэлжлүүлэн хийсээр л байгаа. Үндсэндээ Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт 2025 оны 09 сараас хойш цалингүй ажиллаж байна.

Тухайн үед нь цалин, хөлсний маргаанаа шийдвэрлүүлэхээр Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 09 сарын 17-ны өдөр хандсан боловч тус комисоос асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг 2025 оны 09 сарын 22-ны өдөр ирүүлсэн.

Иймд 2025 оны 08 сарын цалинг тушаал шийдвэргүй, огт мэдэгдэлгүй бууруулж, 7 хоногийн цалин 387.888 төгрөг л олгосныг хууль бус болохыг тогтоолгож, 2025 оны 08 сарын үлдэгдэл цалинг гаргуулах, үндэслэлгүй цалин бууруулсны улмаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал дутуу төлөгдсөнийг цалин хөлснөөс тооцуулан бүрэн төлүүлэх,

Түүнчлэн ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гараагүй тул 2025 оны 9 сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах. эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж байна.

Хоёр. Нэхэмжлэгч Д.Д******* нь 2024 оны 11 сарын 13-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвд Сүрьеэгийн тандалт сэргийлэлт хариуцсан албан хаагчаар Хөдөлмөрийн гэрээ" байгуулан ажиллаж байна. Гэтэл Д.Д******* миний ажлыг шалгаагүй, ажлын дутагдал гарсан эсэх талаар тогтоогоогүй, засаж сайжруулах гэх мэт мэдэгдэл өгөлгүйгээр шууд 2025 оны 08 сард 437,642 төгрөгний цалин л олгосон. Тухайн цалин нь 7 хоногийн л цалин байсан. 2025 оны 08 сарын 25-ны өдөр бичиг хэргийн ажилтан Б.Батцэцэг залгаж У.Э дарга уулзая гэнэ" гэж хэлсэн. Би цахим хаягаар ирсэн цалингийн мэдээллээ харлаа, хөдөлмөрийн харилцааг дуусгаж байгаа гэж ойлголоо, уулзах шаардлагагүй, тушаал шийдвэр гарсан бол мэйл хаягаар авъя гэдгээ хэлсэн. Үүнээс хойш надтай байгууллагаас нэг ч удаа холбоогүй, яагаад цалин бууруулж олгосон талаар, цаашид хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаа талаар мэдэгдэл, тушаал, шийдвэр огт ирээгүй.

Дутуу авсан цалингийн асуудлаа шийдвэрлүүлэхээр 2025 оны 09 сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх комисст хандсан боловч тус комисоос асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг 2025 оны 09 сарын 22-ны өдөр ирүүлсэн.

Иймд 2025 оны 08 сарын цалинг тушаал шийдвэргүй, огт мэдэгдэлгүй бууруулж, 7 хоногийн цалин 437.642 төгрөг л олгосныг хууль бус болохыг тогтоолгож, 2025 оны 08 сарын үлдэгдэл цалинг гаргуулах, үндэслэлгүй цалин бууруулсны улмаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй тасалдсан тул нөхөн төлүүлэх,

Түүнчлэн ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гараагүй тул 2025 оны 9 сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч У.Э, түүний өмгөөлөгч Ц.Э, Х.О нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... О******* нь өөрөө төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд албан тушаал дэвшүүлэх, цалин хөлс өөрчлөх, цол зэрэг зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

Энэ маргаан нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч нь холбогдох гомдол, баримт бичгийн хамт Төрийн албаны салбар зөвлөл буюу Төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргах эрхтэй. Өнөөдөр энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн төрийн албаны байгууллага уг гомдлыг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх асуудлуудаар шийдвэрээ гаргаад танилцуулчихсан байх ёстой. Гэтэл төрийн албан хаагч өнөөдөр хөдөлмөрийн гэрээ гээд тушаал гаргаж ирсэн. Бид нар нотлох баримтаар шүүхэд гаргасан 2024 оны 09 сарын 24-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын даргын тушаал байдаг. Энэ тушаалд хөдөлмөрийн гэрээ гэдэг зүйл яригдах ёсгүй. Тэгэхээр энийг хөдөлмөрийн гэрээ гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бол гэрээг нь гаргуулъя гэж хэлсэн. Шүүх энэ хүсэлтийг хангасан ч өнөөдөр ийм гэрээ ирээгүй. Хавтаст хэрэгт ажлаас халагдсан тушаал байхгүй. Төрийн жинхэнэ албан хаагч хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гэх хуулиас гадуур зохицуулалт яригдаад байгаа юм. Энэ гэрээгүйгээр шүүхэд ямар үндэслэлээр хандаад байгаагаа бид нарт маш сайн томьёолж хэлж өгөхгүй болохоор ойлгохгүй байна. Тэгэхээр О*******ийн хувьд төрийн албан хаагч болохоор төрийн албаны зөвлөлдөө л хандах эрх нь байгаа тул харьяаллаа зөрччихөөд байна.

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 25.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчаар энэ хүнийг томилсон. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах зүйл байхгүй.

Төрийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой маргааны талаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар бүлэгт маш тодорхой заагаад өгчихсөн. Төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллагад хандана гэж заасан. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд энэ зөвлөлдөө хандах байсан. Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж 30 хоногийн дотор хянан шийдвэрлээд, шаардлагатай тохиолдолд энэ хооронд 14 хоног сунгаж болно гэж байгаа юм. Төрийн албаны төв байгууллагын гомдлыг төрийн алба жинхэнэ албан хаагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргах асуудал яригдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус, үндэслэл шаардлагаа тодорхойлж чадаагүй. Төрийн албан хаагч байж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэрэг хуулиар зохицуулагдах ёсгүй харилцааг нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2025 оны 11 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн агуулгатай шаардлагыг гаргасан. Энэ шаардлага дээр Эрүүл мэндийн газарт холбогдуулаад 2025 оны 09 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг даалгах шаардлагыг гаргасан. Эрүүл мэндийн газрыг өнөөдөр О******* болон Д******* нарт ямар нэгэн байдлаар хор уршиг, хохирол учруулаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Тэгэхээр энэ одоо нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О*******ийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар гэрээс ажиллах эрх, нөхцөлийг талууд хоорондоо тохиролцоод байгуулчихсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулиараа ажил олгогчид байдаг. Гэтэл энэ хурлын явцад чи хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, чи байгуулах ёстой гэдэг зүйлийг яриад байгаа нь үндэслэлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Эад холбогдуулан ...2025 оны 8 дугаар сарын цалинг үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох, тухайн сарын дутуу олгосон цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугцаагаар гаргуулах, үндэслэлгүй цалин бууруулсны улмаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй тасарсныг нөхөн төлүүлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 651.1, 65.1.3-65.1.8,65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа явдөл биш харин энэ маргааныг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байгааг илэрхийлсэн ажиллагаа юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д шүүхээс гадуур шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллагад хандана гэж заасан. Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж 30 хоногийн дотор хянан шийдвэрлээд, шаардлагатай тохиолдолд энэ хооронд 14 хоног сунгаж болно гэж байгаа юм. Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг төрийн алба жинхэнэ албан хаагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргах асуудал... гэх үндэслэлийг дурдсан.

Нэхэмжлэгч Б.О******* нь 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар хариуцсан мэргэжилтнээр томилогдож, улмаар төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тангараг өргөж баталгаажуулсан болох нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газарын даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/25 дугаартай Б*******гийн О*******ийг төрийн жинхэнэ албан томилох тухай тушаал, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, албан тушаалын тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д ...төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т ...Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана... гэж, 75.3-д ...Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно... гэж, 76.3-д ...Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно...гэжээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Б.О*******ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Эад холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хуулийн дээрх зохицуулалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.О*******ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Эад холбогдох ...2025 оны 8 дугаар сарын цалинг үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох, тухайн сарын дутуу олгосон цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугцаагаар гаргуулах, үндэслэлгүй цалин бууруулсны улмаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй тасарсныг нөхөн төлүүлөх тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ