Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 844

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Ханкелди овогт Нажикейгийн Мэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805031490901 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ................... дүүргийн ........ хороо ......... байр ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ханкелди овогт Нажикейгийн М

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мове” пабад иргэн Т.С-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М  мэдүүлэхдээ “2018 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө найзын төрсөн өдөрт очоод би текэн дээр зогсоод байж байхад нутгийн хэдэн таньдаг залуучууд гарч ирээд юм яриад орсон. Тэр үед манай нутгийн ах хараад тэр залуучуудтай маргалдсан гэж бодоод над дээр ирээд надтай юм яриад тэгээд өрөө рүү ороход Сэргэлэнбаатар орж ирээд бид хоёрыг маргалдаж байна гэж бодоод намайг чи манай найзтай маргалдаад байгаа юм уу гээд намайг цохисон. Тэгээд текний хажууд тооцооноос болоод маргаан үүссэн” гэв.

Шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “ХххХүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга болон шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Т.С-ын “2018 оны  05 дугаар сарын 28-ны орой 22 цагийн  үед Баянгол дүүргийн 1 дүээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мове пабад Тилеуханы хамт орж үйлчлүүлсэн. ... Нойлоос гарах үед М гэх залуу орилоод зогсож байсан. Бид хоёр хажуугаар нь гараад явах гэтэл Тилеуханыг ахаа гэж хэлсэнээ өөдөөс нь дайраад байснаа пизда минь гэж дайрсан. Би Тилеуханыг аваад сууж байсан өрөөндөө орсон. Ороод сууж байтал 4-5 минутын дараа хаалгаа түлхээд М орж ирсэн. Юм ярьж байснаа Тилеуханыг нүүр рүү нэг удаа цохисноо яаж байна аа гэж хэлтэл нүүр рүү баруун гараараа 1-2 удаа цохисон. Ингээд би шууд гараад цагдаа дуудсан. Сууж байсан караокены өрөөнд М, Тилеухан хоёр зодолдоод гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар хуудас/

“... Тилеуханыг караокены өрөөнд орж ирээд шууд цохиод авахаар нь яаж байгаан гэж хэлсэн чинь шууд нүүр рүү баруун гараараа 2 удаа цохиод авсан. ... Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны  05 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6927 дугаартай:

“1. Т.С-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Гэрч Р.Нуржудесын “... 01 цагийн үед нөхөр М гаднаас орж ирсэн. Би нойлын хажууд байхад нөхөр ахтайгаа маргалдаад байсан. Хамт явж байсан Сэргэлэнбаатар тооцоо хийхгүй гарч явах гээд байсан. Тооцоо хийгээрэй гэж хэлсэн чинь Сэргэлэнбаатар би тооцоо хийх хүн биш гээд хэл амаар доромжлоод байсан. Энэ үед манай нөхрийн ах 15 номерын өрөө рүү нөхөртэй маргалдаад орсон. Би хаалгаар ортол нөхрийн ах хаалгаа хаа гэж өөдөөс орилсон. ... Удалгүй Сэргэлэнбаатар гэх хүн утсаар яриад гараад явсан. Манай нөхөр ахтайгаа зууралдаад өрөөнөөс гараад текэн дээр ирсэн. Энэ үед Сэргэлэнбаатар гаднаас орж ирээд пивоны шил аваад манай нөхрийг цохих гээд дайрахаар нь би шилийг нь аваад болиулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Н.Мийн яллагдагчаар өгсөн “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Сэргэлэнбаатарын нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цуглуулсан дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, шүүхээс тогтоосон үйл баримт буюу хэргийн талаарх нотолбол зохих байдлыг бүрэн нотолж байх тул хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.М нь Т.С-тай үл ялих зүйлээс хоорондоо маргалдан улмаар цохиж зодон түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, Н.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.С- мөрдөн шалгах явцад “... Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/ өгсөн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Н.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасаныг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.М баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Н.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ямар хэмжээний орлого олдог нь тодорхойгүй тул түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ханкелди овогт Нажикейгийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.М баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ