Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02068

 

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02068

 

 

Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/02591 дугаар шийдвэртэй,

Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д-д холбогдох,

11,271,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамъяндагва, хариуцагчийн өмгөөлөгч А.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч Д- нь зээлдүүлэгч Б-гаас 2018 оны 06, 07 дугаар сард Тоёото приус 20 болон Тоёото приус 30 маркийн 2 ширхэг автомашины урьдчилгаа төлбөрт 11,271,100 төгрөгийг буцааж өгөх нөхцөлтэйгөөр зээлж авсан. Хариуцагч Д- шүүхэд өгсөн хариу тайлбартаа тус автомашинуудын урьдчилгааг нэхэмжлэгч Б-, түүний нөхөр И.Баттулга нараас авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Талууд тухайн үед зээлийн гэрээ байгуулахгүйгээр Нэткапитал ББСБ ХХК-д хариуцагч нь өөрөө санал тавиад урьдчилгаа төлбөрийг төлөөд автомашиныг эзэмшиж, ашигласан ба тэрхүү төлбөрийг нэхэмжлэгч нь төлж барагдуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч Д- нь нэхэмжлэгч Б-д мэдэгдэлгүйгээр автомашинуудыг хувьдаа авч, худалдан борлуулж ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдсан байдлуудаар тогтоогдсон.

 

Ийм учраас автомашинуудыг өөрөө худалдан авах зориулалттай байсан ч гэсэн эсхүл нэхэмжлэгчид буцаан өгөх зориулалттай байлаа ч гэсэн нэхэмжлэгчээс 11,271,100 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул буцаан төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас 11,271,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д- нь Тоёото приус 20 маркийн автомашиныг авахдаа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Н ББСБ ХХК-аас зээл авсан. Д- Б-гаас мөнгөн хөрөнгө зээлээгүй. Тус автомашиныг авахад Д- 1,500,000 төгрөг гаргаж, Б-гийн нөхөр И.Баттулга нь бэлэг болгож 3,000,000 төгрөг өгснөөр урьдчилгаа 4,500,000 төгрөгийг төлж, зээлээр авсан.

Удалгүй Б- нь банкинд өртэй учраас зээл авах боломжгүй байна гэж тайлбарлан Д-ы авсан зээлийн төлбөрийг төлөөд Тоёото приус 20 маркийн автомашиныг авахаар тохиролцон, автомашины урьдчилгаа 6,000,000 төгрөг өгсөн. Улмаар Д- нь Н ББСБ ХХК-аас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Тоёото приус 30 маркийн автомашиныг зээлж авсан. Гэтэл Д-д 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Тоёото приус 20 маркийн автомашины зээлийн төлөлтөө хийхгүй тохиолдолд хураах авах тухай мэдэгдэл ирсэн. Б- нь зээлийн төлбөрийг төлөөгүйгээс болж автомашин хураагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн тухайд, мөнгийг буцаан төлөхөөр зээлж аваагүй, эрүүгийн хэргийн явцад өгсөн мэдүүлгээс үзэхэд зээлсэн тухай асуудал яригдаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоод байгаа зүйл нь прокурорын гомдлын хариу, мөн хохирогчийн мэдүүлэг болно. Гэтэл эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн баримтыг иргэний хэргийн нотлох баримт гэж үзэхгүй ба албан бичгийн агуулгаас урьдчилгаа авсан гэдэг зүйл яригдсан болохоос зээлж авсан гэдгийг тогтоогоогүй. Хариуцагч тал нэхэмжлэгчийг хохироогоогүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг хохироосон гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Д-аас 11,271,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 195,286 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Б-гийн нөхөр И.Баттулга нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл нийт 8 сарын хугацаанд Д-ы унаж байсан 34-44 УБМ улсын дугаартай Тоёото витиз маркийн автомашиныг ашигласны хөлсөнд 3,000,000 төгрөг өгсөн. Ингээд И.Баттулгын өгсөн 3,000,000 төгрөг дээр Д- 1,500,000 төгрөг нэмж, урьдчилгаа 4,500,000 төгрөг төлж, үлдэх мөнгийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Н ББСБ ХХК-аас зээл авч Тоёото приус 20 маркийн автомашиныг авсан.

Үүний дараа Б- нь өөрийн нэр дээр зээл авах боломжгүй тул зээлийн төлөлт хийгээд авъя гэж 4,500,000 төгрөгийн урьдчилгаа төлж авсан автомашины оронд 6,000,000 төгрөг өгсөн. Д- уг 6,000,000 төгрөгөөр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Тоёото приус 30 маркийн автомашиныг зээлээр авсан. И.Баттулгаас 3,000,000 төгрөг, Б-гаас 6,000,000 төгрөг авсан гэх тайлбараа дурдсан боловч буцаан төлөх гэж авсан талаар дурдаагүй. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэсэн боловч хариуцагчийг 11,271,100 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,271,100 төгрөгийн задаргааг дурдаагүй байсан бөгөөд хариуцагчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон шүүх хуралд тодруулахад Тоёото приус 30 маркийн автомашин 6,000,000 төгрөг, Тоёото приус 20 маркийн автомашин 4,500,000 төгрөг, татвар, даатгал нийт 770,100 төгрөг, зөрүү 1,000 төгрөгийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Анхан шатны шүүх Д-ыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагааны явцад бүрдсэн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагааны явцад бүрдсэн нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан хохирогч Б-гийн өгсөн 1 удаагийн мэдүүлэг, гэрч Д-ы өгсөн 2 удаагийн мэдүүлэг зэргийг хооронд нь харьцуулж үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд хоорондоо зөрүүтэй, бие биенээ үгүйсгэсэн эргэлзээтэй, мөн нэхэмжлэлийн шаардлага болох 11,271,100 төгрөг буюу түүний хариуцагч хүлээн зөвшөөрсөн эсхүл баримтаар тогтоогдсон зүйл байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч Б-гийн нэхэмжилсэн 11,271,100 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Зээлийн гэрээ байгуулагдаагүй талаар нэхэмжлэлд дурдсан байгаа. Хоёр автомашиныг Д- зарсан. Тус автомашины урьдчилгаа төлбөрийг Б-гаас авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Д- автомашины худалдаад урьдчилгаа төлбөрт авсан мөнгөө эргүүлэн төлсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Б-гийн нөхөртэй холбоотой цалин хөлсний маргаан нь тусдаа шийдвэрлэгдэх ёстой асуудал. Баттулгын гэх мөнгийг Саран өгсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б- нь Тоёото приус 20 маркийн автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 4,500,000 төгрөг, Тоёото приус 30 маркийн автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг Д- нь тус тус зээлсэн гэх үндэслэлээр 10,500,000 төгрөг, мөн хоёр автомашины татвар, даатгалын төлбөрт 770,100 төгрөг төлсөн, үндэслэл заалгүй 1,000 төгрөг, нийт 11,271,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Энэ тухайд анхан шатны шүүхийн өгсөн дүгнэлт үндэслэлтэй.

 

3.1 Б- нь Д-д түүний нэр дээр автомашин худалдан авах зорилгоор мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч нь Н ББСБ ХХК-аас зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан зээл авч Тоёото приус 20 маркийн **-** УНН улсын дугаартай автомашин, Тоёото приус 30 маркийн **-** УБЧ улсын дугаартай автомашинуудыг худалдан авсан боловч нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад автомашин шилжүүлж өгөөгүй үйл баримт тогтоогдсон /хх5-6, 58-69, 74-77, 94/. Энэ талаарх татгалзлаа хариуцагч баримтаар нотолж чадаагүй.

 

3.2 Дээрх үйл баримтыг харгалзан анхан шатны шүүхийн зүгээс хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэсэн зохицуулалтыг баримталсныг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

 

4. Харин анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нэхэмжлэгчийг 11,271,100 төгрөгийг хариуцагчид өгсөн гэж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудас, Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсанд заасныг шууд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх 5-6/

 

4.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөг хүлээн авсан гэдэгтэй маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэлээс үлдэх 5,271,100 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагчид дээрх мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн, автомашинтай холбоотой татвар, даатгалыг төлсөн, мөн өөрийн нөхөр И.Баттулгаас Д-д шилжүүлсэн гэх 3,000,000 төгрөгийг шаардах эрхтэй болохоо нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасны дагуу баримтаар тус тус нотолж чадаагүй тул хэрэгсэхгүй болгов.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/02591 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д-аас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,271,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...хариуцагчаас 195,286 төгрөг гэснийг ...хариуцагчаас 110,950 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 780 дугаартай Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох тухай захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,300 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ