| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 136/2022/00423/И |
| Дугаар | 202/МА2022/00023 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 202/МА2022/00023
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2022/00441 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д. Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М. Га,
Хариуцагч: Л.Б нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Л.Б нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Д.Э миний бие Т.Эгээр дамжуулан өөрийн өмчлөлийн **** УНУ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгийн Тоёота ланд круйзер 100 маркийн автомашиныг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн иргэн Л.Б, М.Га нар нь 51,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх автомашины төлбөрт **** УБМ улсын дугаартай HS250 лексус маркийн суудлын автомашин /ар талаасаа машинд мөргүүлсэн, бороо ороход багажаар ус орж ирдэг засвартай/-г 15,000,000 төгрөгт тооцон авсан, үлдэгдэл 36,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг М.Га 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Т.Эгийн дансаар төлсөн боловч үлдэгдэл 16,000,000 төгрөгийг худалдан авагч нар өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй, хэн нь төлөх нь тодорхойгүй байх тул Л.Б, М.Га нараас 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Л.Б худалдах, худалдан авах гэрээг байгуулж, М.Га өөрийн нэрээр мөнгө шилжүүлсэн учраас хамтад нь хариуцагчаар татсан болно” гэжээ.
2. Хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “... Нэхэмжлэгч Т.Эгийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Га, Т.Э нар Тоёота ланд круйзер маркийн **** УНУ дугаартай автомашиныг 44 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, үнийн дүндээ **** УБМ улсын дугаартай Лексус-250 маркийн машиныг 20 сая төгрөгт бодож Говьсүмбэр аймагт хоёр талаасаа уулзан бартер хийж, зөрүү 24 сая төгрөг өгөх ёстойгоос 20 сая төгрөгийг Т.Эгийн дансаар шилжүүлсэн. Тухайн үед М.Гын эхнэр Н.Н машин солилцоход хамт явсан байдаг. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллага нь Дорноговь аймгийн харьяат хүнээс шилжүүлэг хийсэн тохиолдолд зээл гардаг гэсэн шаардлага тавьсны дагуу М.Га нь танил Л.Быг гуйж Т.Эгээс түүн рүү итгэмжлэл хийж, Л.Б, Т.Эг төлөөлөн М.Гатай худалдах, худалдан авах үнийн дүн 44 сая төгрөг болохыг тодорхой бичсэн байдаг. Урьд шүүхэд нэхэмжлэл гаргахад нь ч Га түүнд 3, 4 сая төгрөгийн л үлдэгдэлтэй болохоо хэлж байсан. Тиймээс Т.Эгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 сая төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх 12 сая төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.
3. Хариуцагч Л.Б анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “...2021 оны 5-р сард миний найз болох Дорноговь аймгийн Сайншанд сумын **** иргэн М.Га надад Найз нь Улаанбаатар хотоос ланд-100 маркийн машин авах гэж байгаа юмаа, тэгээд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэсэн чинь нөгөө автомашин зарах эзэмшигч хүн маань Улаанбаатар хотын хүн болохоор зээл гарахгүй байна. Харин худалдагч иргэн нь Сайншанд хотын харьяат хүн байвал зээл гаргах боломжтой гэж байна. Чи иргэний үнэмлэхээ тэр Улаанбаатар хотын машины ченжид өгчих, тэр хүн машинаа чиний нэр дээр шилжүүлээд өгнө. Тэгээд би чамаас худалдан авахаар болбол банк бус санхүүгийн байгууллагаас зээл гарах боломжтой юм байна. Чи найздаа ингэж нэг туслаач гэж хэлсэн. Миний хувьд найздаа тусалъя гэсэн сэтгэлийн үүднээс дээрх саналыг нь зөвшөөрч иргэний үнэмлэхийн зургаа мессенжерээр явуулсан. Иргэн Э миний иргэний үнэмлэхийн зургийг мессенжерээр аваад машинаа надад шилжүүлсэн. Миний бие М.Гын хамт банк бус санхүүгийн байгууллагад очиж зээл авахад нь хамт байсан ба уг машиныг иргэн М.Гад шилжүүлж өгсөн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагаас миний дансанд 23 сая төгрөг шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгөнөөс 20 сая төгрөгийг нь иргэн Эгийн дансанд, 3 сая төгрөгийг нь М.Гын дансанд шилжүүлж өгсөн болно. Л.Б миний хувьд энэнээс өөр энэ хүмүүсийн хооронд ямар наймаа тохиролцоо хийгдсэнийг мэдэхгүй. Миний бие иргэн Д.Э, Э нартай машин худалдах, худалдан авах талаар ямар нэгэн яриа хэлэлцээр, гэрээ огт хийгээгүй, биеэр болон утсаар энэ тухай огт ярилцаагүй болно. Миний нэр дээр машинаа шилжүүлж зээл гаргаж болно гэсэн саналыг машин худалдагч Э гаргасан гэдгийг М.Гаас сонссон. Мөн машины зээл гэгдэх Э, Э нартай мөнгө өгөлцөж авалцах тухай огт ярилцаж байгаагүй, ямар нэгэн гэрээ байгуулаагүй болно” гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэнийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Л.Б, М.Га нараас 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, үлдэх 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 190,950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эийн давж заалдсан гомдлын болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...**** УНУ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 100 маркийн автомашины худалдах, худалдан авах тохиролцоо зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э болон хариуцагч М.Га хоёрын хооронд хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах хүчин төгөлдөр хэлцэл аман хэлбэрээр байгуулагдсан.
Тээврийн хэрэгсэл худалдан авагч М.Гын хувьд худалдан авч байгаа машинаа барьцаалж байгаад банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, машины төлбөрийг төлөх зорилготой байтал тээврийн хэрэгсэл нь Дорноговь аймгийн харьяат хүний нэр дээр байвал зээл гаргана гэх банк бус санхүүгийн байгууллагын шаардлагын дагуу найз Л.Быг гуйж, түүний бичиг баримтыг Т.Эд явуулж, үүний дагуу Э нь Л.Бд тээврийн хэрэгслээ худалдсан мэт гэрээ байгуулагдсан нь зөвхөн дүр эсгэсэн гэрээ юм. Үнэн бодит байдал дээрээ Бын хувьд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах хүсэл зорилго огт байгаагүй гэдгийг талууд бүгд мэддэг ярьдаг үүнийг үгүйсгэдэггүй. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... Л.Б нь Д.Этой өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн 2965 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний нэг тал юм. Иймд тус гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаанд хариуцагчаас хасах үндэслэлгүй" гэж үзсэн нь хэргийн бодит үйл явдалтай нийцэхгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. улмаар энэ дүгнэлтийнхээ дагуу хариуцагч Л.Б, М.Га нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Харин иргэн Т.Э. М.Га нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах хүсэл зориг байсан, энэ талаар харилцан тохиролцсон талаар хүчин төгөлдөр аман гэрээ байгуулсан болохыг хэн аль нь маргаагүй,тодорхой тайлбарладаг. Харин уг гэрээний үнийн дүнгийн талаар маргадаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Бтай байгуулсан гэх гарын үсэггүй, өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангаагүй 51 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг үндэслэн шаардлага хангаагүй 51 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг үндэслэн шаарддаг.
Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтын шаардлага хангаагүй, эргэлзээ бүхий нотлох баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийг 51 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон гэж шүүх үзэж, зөрүү 11 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч М.Гын хувьд 44 сая төгрөгөөр үнийн дүнг тохирсон, төлбөрийн үлдэгдэлд 4 сая төгрөг өгөх ёстой гэдэг бөгөөд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
6. Хариуцагч Л.Бын давж заалдсан гомдлын агуулга: “ ... би нэхэмжлэгч Д.Э болон Эгээс ямар ч машин худалдан аваагүй, харин би найз Гын гуйснаар энэ 2 хүний нэг нь машин зарсан, нэг нь худалдан авч байгаа үйлдэлд нь бичиг баримтаа өгч нааш цааш явуулахгүйгээр ажлыг нь бүтээхэд туслалцаа үзүүлсэн. Гэтэл бүтэн жилийн дараа надаас машины төлбөр нэхэмжилсэнд үнэхээр гайхаж байна. Энэ талаар Га ч Э ч аль аль нь сайн мэдэж байгаа. Би энэ хоёр хүний ажлыг бүтээж өглөө гээд нэг ч төгрөг аваагүй, сайхан сэтгэлийн үүднээс хүмүүст тус больё гэж бодсон. Тухайн болсон процессын талаар Э ч, Га ч, Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч ч ярьж хэлсээр байтал шүүх намайг Д.Этой хүсэл зоригоо илэрхийлэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан учраас гэрээний нэг тал мөн гэж үзэж, намайг хариуцагчаас хасаагүйд гомдолтой. Би Э, Э гэх хүмүүсийг огт танихгүй, хэзээ ч уулзаж, утсаар ярьж ч үзээгүй. Харин М.Га, Э нарын хооронд хэдэн төгрөгийн үлдэгдэл төлбөр байгааг миний хувьд мэдэхгүй. Хэрвээ үлдэгдэл төлбөр байгаа бол тэр асуудлаа М.Га ганцаараа хариуцах ёстой. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж энэ маргаанд хамааралгүй иргэн Л.Б намайг хэргийн хариуцагчаас хасч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ ... Хариуцагч Л.Быг хамтран хариуцагчаас хасаж болохгүй. Яагаад гэхээр хуульд заасан үндэслэлээр хариуцагчаар тодорхойлсон бэ гэхээр Л.Б нь худалдах худалдан авах гэрээ хийгээд өөрийнхөө өмчлөлд тухайн авто машиныг шилжүүлж авсан байгаа. Тийм учраас хариуцагчаар Л.Быг тодорхойлоод явж байгаа. 44,000,000 төгрөгийн гэрээ хэлцэл Л.Б болон М.Га нарын хооронд хийгдсэн байдаг. Энэ 44,000,000 төгрөгийн гэрээнд Д.Э гэдэг хүн анхнаасаа оролцоогүй. Анхнаасаа М.Га гэдэг хүнтэй 51,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байдаг. Гэхдээ 54,000,000 төгрөгөөр худалдахаар ярьсан юм. М.Га бол өөрөө яриад 51,000,000 төгрөг болгоод өгөөч гэж гуйсан байдаг. Үүнийг Д.Э хүлээн зөвшөөрөөд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулаад тухайн автомашиныг худалдсан байдаг. Уг нь **** УБМ улсын дугаартай HS250 лексус маркийн суудлын автомашиныг 20,000,000 төгрөгөөр биш 15,000,000 төгрөгөөр тооцож авсан байдаг юм. Яагаад 15,000,000 төгрөгөөр тооцсон бэ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байгаа. Мөн шүүх хуралдаанд өгсөн диск, зургуудаар тогтоогдсон байгаа. Тухайн машин нь араасаа мөргүүлээд ус ороод эвдрэл гэмтэлтэй байсан. Тийм учраас хариуцагч нараас 11,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Л.Бын гарын үсэггүй гэрээг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзээд байдаг. Энэ бол зөвхөн 1 талын хэлцэл юм. Яагаад гэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулаад тухайн автомашиныг зарах хүсэлт зоригоо илэрхийлээд нотариатаар оруулсан. Үүнийг Л.Б хүлээж авалгүй шилжүүлэн авсан нь тухайн хүний машин зарах хүсэл зоригоо илэрхийлээд авчихсан байгаа юм. Авчхаад одоо болохоор гарын үсэггүй гэрээ байсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй, зөв шийдсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт гомдол гаргаагүй. Албан ёсны шүүхийн шийдвэрээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн байгаа учраас гомдол гаргаагүй юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэж хүсэж байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Л.Б нарын гаргасан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эгээс хариуцагч М.Га, Л.Б нарт холбогдуулан 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...өөрийн өмчлөлийн **** УНУ улсын дугаартай, ... саарал өнгийн Тоёота ланд круйзер 100 маркийн автомашиныг Л.Б, М.Га нар 51,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх автомашины төлбөрт **** УБМ улсын дугаартай HS250 лексус маркийн суудлын автомашин 15,000,000 төгрөгт тооцож, авсан бөгөөд үлдэгдэл 36,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 16,000,000 төгрөгийг худалдан авагч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй, хэн нь төлөх нь тодорхойгүй байх тул Л.Б, М.Га нараас 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.
Харин хариуцагч М.Га нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...би Д.Эоос Тоёото ланд 100 маркийн автомашиныг 44,000,000 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Lexus автомашиныг 20,000,000 төгрөгт тооцож, өгсөн, өөрийн танил Л.Быг гуйж Т.Эгээс түүн рүү итгэмжлэл хийж, Л.Б, Т.Эг төлөөлөн надтай гэрээ хийсэн, гэрээнд худалдах, худалдан авах үнийн дүн 44 сая төгрөг болохыг тодорхой бичсэн байгаа, Т.Эгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 сая төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх 12 сая төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж,
мөн хариуцагч Л.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Миний бие М.Гын хамт банк бус санхүүгийн байгууллагад очиж зээл авахад нь хамт байсан ба уг машиныг иргэн М.Гад шилжүүлж өгсөн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагаас миний дансанд 23 сая төгрөг шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгөнөөс 20 сая төгрөгийг нь иргэн Эгийн дансанд, 3 сая төгрөгийг М.Гын дансанд шилжүүлж өгсөн. Миний хувьд энэнээс өөр энэ хүмүүсийн хооронд ямар наймаа тохиролцоо хийгдсэнийг мэдэхгүй. Миний бие иргэн Д.Э, Э нартай машин худалдах, худалдан авах талаар ямар нэгэн яриа хэлэлцээр, гэрээ огт хийгээгүй, би ямар нэгэн гэрээ байгуулаагүй” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу хариуцагч Л.Б, М.Га нараас 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, үлдэх 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Л.Б нараас эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар “Худалдах худалдан авах гэрээгээр...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд автомашин нь хөдлөх хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 243-т зааснаар “Худалдах худалдан авах гэрээ”-г заавал бичгээр байгуулсан байхыг шаардахгүй учир талууд гэрээнд гарын үсэг зураагүйг, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Хуулийн агуулга болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл:
Д.Эыг төлөөлж Т.Эгээс, Л.Бтай **** УНУ улсын дугаартай Тоёота ланд круйзер 100 маркийн машиныг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2965 дугаартай худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/ байгуулж /хх 5/, гэрээний зүйл болох “Тоёото ланд 100” маркийн автомашины үнийг 51,000,000 төгрөг гэж тохирчээ.
Хэдийгээр гэрээнд худалдан авагч тал болох Л.Бын гарын үсэг зурагдаагүй байх боловч автомашин эзэмшигчийн нэрийг Л.Б өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа хариуцагч О.Гад уг автомашиныг худалдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон 2026 дугаар худалдан авах гэрээ зэргээр нотлогдон, тогтоогдож байх тул энэхүү гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхээс оролцогчийн өгсөн тайлбарыг бодит байдалд нийцсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлэн, 2965 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Д.Эоос тухайн авто машиныг худалдан авсан Л.Б нь М.Гын нэр дээр уг машиныг шилжүүлж, худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар оролцогчид маргаагүйг, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.
Түүнчлэн зохигчдын тайлбараар хариуцагч Л.Б, М.Га нар болон нэхэмжлэгч Т.Э нар нь **** УНУ улсын дугаартай Тоёота ланд круйзер 100 маркийн машиныг худалдах, худалдан авахаар хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн болох нь тогтоогдсон ба гагцхүү худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулахдаа Д.Эыг төлөөлж Т.Эгээс, Л.Бтай гэрээ байгуулсан байх ба энэ нь тэдний хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.
4. Хариуцагч М.Га худалдан авсан автомашины үнэ 51,000,000 төгрөг биш, 44,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх боловч түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлоогүйн гадна хариуцагч/Л.Б, М.Га/ нарын хооронд байгуулсан 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 2026 дугаар “Тоёото ланд 100” маркийн автомашиныг, худалдах худалдан авах гэрээ/1хх 37/ нь зөвхөн хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ тул гэрээнд тусгагдсан үнийн дүн болох 44,000,000 төгрөгийг, Т.Э болон Л.Б нарын хооронд байгуулагдсан 2965 дугаар гэрээний зүйлийн үнэ буюу автомашины үнэ гэж үзэх үндэслэлгүй болно.
Харин анхан шатны шүүх хариуцагч М.Гаас төлбөрт тооцож өгсөн **** УБМ улсын дугаартай HS250 лексус маркийн суудлын автомашины үнийг 20,000,000 төгрөгөөр тооцсон нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэсэн, нэхэмжлэгч уг машиныг 15,000,000 төгрөгөөр тооцохоор, тохирсон болохоо нотлоогүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах гомдлыг хангахгүй орхисон учир хариуцагч М.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөг, хариуцагч Л.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2022/00441 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Л.Б нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч М.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөг, хариуцагч Л.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА