Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 202/МА2022/00025

 

  

Дорноговь аймаг дахь ЦГ-ын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 136/ШШ2022/00435 дугаар шийдвэртэй

 

Хүсэлт гаргагч: ЦГ,

 

Эт холбогдох,  

 

Албадан эмчилгээ хийлгэх тухай иргэний хэргийг,

 

О.Эийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: О.Э /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Хүсэлт гаргагч байгууллага шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...О.Э нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон. Байнгын архидан согтуурдаг, согтуурах мансуурах донтой болох нь Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

2. О.Эийн татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга:  “...хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 9 настай охиныг минь харж хандах хүн байхгүй. Энэ хугацаанд манай дүүгийнд байсан боловч одоо гурван нялх хүүхэдтэй болохоор харж хандах хүнгүй. Мөн манай нөхөр татаж унадаг учраас миний хүсэлтийг хүлээн авч өгнө үү. Би дүү нараа тэжээдэг” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Э /РД:****/-ийг албадан эмчилгээнд хамруулж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар О.Эийн албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдэж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар О.Эийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар О.Эийг албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

4. О.Эийн давж заалдсан гомдлын болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нөхөр болох Б.Б нь албадан эмчилгээнд хамт явах шүүхийн шийдвэр гарсан. Миний охин болох Б.Өэ нь түр хугацаанд миний дүү болох О.Гынд амьдарч байсан боловч эхнэр нь саяхан төрсөн. Хоёр нярай хүүхэдтэй учир охиныг минь харах боломжгүй болсон. Иймд миний бие нь өөрөө охиноо харах шаардлагатай болж байна. Цаашид өөрийн биеэ хүндэтгэн дахин ийм асуудал гаргахгүйн тулд амлалт өгч байна. ... Манай дүү хүүхдийг чинь харж хандаж чадахгүй, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авч чадахгүй гэж байсан юм. Одоо хүүхдийн маань хувцас хунар муу байгаа. Би өөрөө бой хийж, гэдэс арилгаж байж идэж уух юмаа, хүүхдийнхээ хувцсыг зохицуулдаг. Би нөхөртэйгөө хамт хоёулаа энд ирсэн байдалтай байна. Урд, хойгуураа хашаа байхгүй, гэр орноо задгай орхисон. Хүүхэдтэйгээ хамт байх гээд байгаа юм. Нааш, цааш явж, хичээл сургуульд нь хүргэж өгөх гэж гомдол гаргасан. Гэр орондоо бас санаа зовоод байна.” гэжээ.

        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс О.Эийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

1. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн иргэн О.Эийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндэслэлээр албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасныг О.Э  эс зөвшөөрч “... албадан эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй, 9 настай охиныг харж хандах хүн байхгүй ...” гэж татгалзжээ.

2. Анхан шатны шүүх Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж, Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар О.Эийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснийг О.Э эс зөвшөөрч “... нөхөр болох Б.Б нь албадан эмчилгээнд явах шийдвэр гарсан. ... Иймд өөрөө охиноо харах шаардлагатай болж байна ... ” гэх үндэслэлээр албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

3. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Тодруулбал Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах ба хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү хуульд заасан албадан эмчлэх үндэслэл болсон нөхцөл шалтгааныг ямар нотлох баримтаар хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагаас гаргаж өгсөн зөрчлийн талаарх лавлагаа баримтанд /хх6/ О.Э нь  2012.09.28-ны өдөр эрүүлжүүлэгдсэн, 2015.06.24-ний өдөр гэмт хэрэгт холбогдсон, 2021.11.20-ны өдөр зөрчилд холбогдсон гэсэн байх эдгээр үйл баримт нь цаг хугацааны хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар тухайн хүн согтуурсан, мансуурсан үедээ зөрчил гаргасан, эсхүл эрүүлжүүлэгдсэн гэж үзэх үндэслэлгүйн гадна энэхүү баримтаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан албадан эмчлэх үндэслэл болох  ... өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

4. Улмаар согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэхдээ тухайн этгээд өвчтэй болохыг, мөн түүнийг албадан эмчлэх зайлшгүй шаардлагатайг тус тус тогтоохоос гадна энэ нь тухайн этгээдийн эрхийг хязгаарлаж байгаа албадлагын арга хэмжээ болохынхоо хувьд түүний хувийн байдлыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатайг анхан шатны шүүх анхаараагүй.

Энэ нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журам тул нотлох баримт хангалтгүй, эсхүл бүрдүүлсэн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй бол  Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар нотлох баримтыг шүүх шаардан авах ба энд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “хэргийн оролцогчийн хүсэлт” хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл О.Э нь анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн нөхөр Б.Быг мөн албадан эмчилгээнд хамрагдах болсноос 9 настай охиныг асран хамгаалах хүнгүй гэсэн татгалзал гаргасан байгааг анхан шатны шүүх харгалзаагүй, анхаараагүй байна.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед дээрх тайлбар, татгалзалтай холбоотой баримтыг О.Эээс гаргаж өгөөгүй боловч нийгмийн ажилтан Э.А, хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч энэхүү нөхцөл байдлыг үгүйсгээгүй.

Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нийгмийн ажилтны хүсэлтэд /хх4/ Б.Б, О.Э нар нь 9 настай охин Б.Өийн хамт ... оршин суудаг,  охин Б.Өэ нь нагац эгч О.Гийн бүрэн асрамжид байдаг талаар дурдсан боловч энэ нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүйгээс О.Эийн бага насны охин Б.Өийг хэн асран хамгаалах нь тодорхойгүй болжээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх ... эрхтэй бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах зэрэг үүрэгтэй болно.

Иймд анхан шатны шүүх О.Эийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэхдээ энэхүү хүүхдийн эцэг, эх болохынхоо хувьд хуульд заасан үүргээ биелүүлэх нөхцөлийг хязгаарласнаас хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байгааг анхаараагүй байх тул О.Эийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүх албадан эмчлүүлэх хүнийг шийдвэртээ гуравдагч этгээд гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд нийцээгүйн гадна тухайн хүн ийнхүү хүсэлт гаргаагүй байхад түүнийг гуравдагч этгээд гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т нийцэхгүй болохыг магадлалд тэмдэглэв.

Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын О.Эийг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг /нэхэмжлэлийг/ хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 136/ШШ2022/00435 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан  эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын О.Эийг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  О.Эийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар О.Э нь давж заалдсан гомдол гаргахдаа Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШЗ2022/01753 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                       Н.БАТЧИМЭГ