| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1482/Э |
| Дугаар | 1568 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Хохирогч Ч.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн /ҮД:2703/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох 1806 05649 1658 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, менежмент мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, 3 дугаар хорооллын 2Б дугаар байрны 16 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн бүртгэлтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 57 дугаар байрны 41 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Алаг овогт Э.О /РД/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.О нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нар” биллъярд тоглоомын газарт эхнэр Ч.Болор-Эрдэнэтэй хүүхдийн мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Болор-Эрдэнийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр амралтын өдөр байсан. Хүүхэд хардаг эгч сүүлийн 3-4 жил манай хүүхдүүдийг харж туслаж байгаа. 08 дугаар сарын 14-ний өдөр нөхөртэйгээ маргалдаж нөхөр миний машиныг эвдсэн. Тухайн өдөр дахин ийм үйлдэл гаргахгүй гэж амлаж байсан. Үйлчлэгчийн цалинг сүүлийн хэдэн сар өгөөгүй. Э.О манай ажлын газар болон гэрт ирж дарамталдаг. Жирэмсэн байх үед болон төрсний дараа гар хүрдэг байсан. Мөн мөнгө өгсөн гэх асуудал ярьж байна. Э.О хэд хэдэн удаа дансаар мөнгө шилжүүлсэн. Шүүх хуралдаан болох гэж байгааг мэдээд л мөнгө шилжүүлсэн гэж бодож байна. 10 дугаар сараас мөнгө шилжүүлсэн. Үүнээс өмнө мөнгө өгдөггүй байсан. Хүүхдүүдээ тэжээн тэтгэж чадахгүй бол надад өг гэж хэлдэг. Хүүхэд хардаг хүн өдийг хүртэл хүүхдүүдийг маань харж байгаа. Миний хувьд эрүүл мэндийн байгууллагаар оношлогоо хийлгэмээр байна. Мөн хүүхэд асрах мөнгөө нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Болор-Эрдэнийн өгсөн: “... Тэгээд О тамхи татаж байгаад тамхины ишээ шидэхээр нь текэн дээр байсан дэвтэр, зурагтын удирдлага зэргийг би өөдөөс нь аваад шидсэн. О өөдөөс билльярдын шарик шидэх гээд далайгаад байсан. Тэгээд ус буцалгагч булаацалдаж байгаад миний гар луу халуун ус асгарсан. Тэгээд би эгчийгээ дуудах гээд гараад явсан. Гаднаас эгч Жаргал орж ирээд битгий маргалд, муудалцахаа боль, учраа олоод хоорондоо ярилц гэж хэлсэн. Тэгээд билльярдын буланд зогсож байхад О араас ирээд үсдэж, нуруу, хөл, гуя руу өшиглөөд эгч Жаргал дундуур орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сайнжаргалын өгсөн: “... Тухайн үед Болор-Эрдэнэ билльярдын буланд зогсож байхад О очоод үсдэж унагаагаад гар, хөл рүү нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.45/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7984 дугаартай дүгнэлтэд: “Ч.Болор-Эрдэнийн биед зүүн гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.28/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.59/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.О нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нар” биллъярд тоглоомын газарт эхнэр Ч.Болор-Эрдэнэтэй хүүхдийн мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Болор-Эрдэнийн өгсөн: “... Тэгээд билльярдын буланд зогсож байхад О араас ирээд үсдэж, нуруу, хөл, гуя руу өшиглөөд эгч Жаргал дундуур орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сайнжаргалын өгсөн: “... Тухайн үед Болор-Эрдэнэ билльярдын буланд зогсож байхад О очоод үсдэж унагаагаад гар, хөл рүү нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.45/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7984 дугаартай дүгнэлт /хх.28/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Болор-Эрдэнийн өгсөн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Э.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Ч.Болор-Эрдэнэ баримтаар нэхэмжилсэн зүйлгүй гэсэн учир хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Оаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Оын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.От эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.От оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Энэ хэрэгт Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Алаг овогт Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.От оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.От сануулсугай.
5. Энэ хэрэгт Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ч.Болор-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Оаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР