| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0136/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч: Т.О, Б.О, Б.Т, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О, Б.О, Б.Т, Н.Б нарт холбогдох 1829002100135 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Оюу толгой ХК-ийн дулааны станцын талбайд үйл ажиллагаа явуулж буй “МCS” ХХК-ийн ажлын талбайгаас 18 021 500 төгрөгийн үнэлгээтэй, 189.7 метр урттай зэс кабел утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй гэв.
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Намсрайн мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Билэгтийн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-23-р хуудас/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-32-р хуудас/,
- Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 сарын 06-ны өдрийн №144/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/,
- Шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-86-р хуудас/,
- Шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90-93-р хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Намсрайн “...Манай компанид хохирол учраагүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдэнд 6 сарын хорих ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Оюу толгой ХК-ийн дулааны станцын талбайд үйл ажиллагаа явуулж буй “МCS” ХХК-ийн ажлын талбайгаас 18 021 500 төгрөгийн үнэлгээтэй, 189.7 метр урттай зэс кабел утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэм хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Намсрайн “...Би 2018 оны 09 сарын 04-ний өдөр энэ талаар мэдсэн. Манай компанийн ажлын талбайгаас 4 залуу зэс кабел хулгайлж байгаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,
Гэрч Э.Билэгтийн: “...Тухайн үед шөнийн ээлжид ажиллаж байсан ажилчид хоолондоо орчихоод гарч ирээд ажлын талбайд очоод над руу “энгийн хувцастай гаднын хүн байна” гэж станцаар мэдэгдсэн. Би ажлын талбайд очоод харахад хүмүүс зугтааж байгаа нь харагдсан. Би хойноос нь хөөгөөд гүйцээгүй алдсан. Ажлын талбай руу буцаж байхдаа дамарнаас таслаад ороож ажлын талбайгаас холдуулсан зэс кабелуудыг олсон. Тэгээд зургийг нь аваад кабел хадгалах ажлын байранд буцааж тавьсан. Би тухайн өдөр татахаар төлөвлөсөн байсан кабелаа авах гэж байхдаа хоёр дамарны голд хүн сууж байгааг харсан. Тэгээд хамгаалалтын албаныхан ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 сарын 06-ны өдрийн №144/01 дугаартай шинжээчийн: 120 мм2 зэс кабел утас нийт 18 021 500 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/,
- Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Намсрайн “Зэс кабелыг бүрэн бүтэн хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/-ийг үндэслэн шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нарыг хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлууд зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдлээ бүлэглэж гүйцэтгэсэн ч тэдний тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Мөн тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээр завдсан нөхцөл байдлыг харгалзав.
Шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нарын үйлдэхээр завдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэлх хугацаагаар тогтоосон.
Иймд энэхүү гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их-Өлзийт овогт Түмэннастын О, Авангаа овогт Батхуягийн О, Авангаа овогт Биндэрмаагийн Т, Гүн овогт Нямдаваагийн Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.О, Б.О, Б.Т, Н.Б нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэж, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Т.О, Б.О, Б.Т, Н.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас тус тус гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА