Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 124/2017/0006/з |
Дугаар | 04 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 04
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн Ч.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Сонгуулийн хороонд холбогдох,
Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 1 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” 06 дугаар тогтоолуудын С.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С.Д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Св түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Наранбулаг сумын Сонгуулийн хорооны дарга П.Дашдорж, гуравдагч этгээд С.Дашдэмбэрэл, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэхэмжлэгч Ч.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16.9-д заасан “Шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй, сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ, сонгогдох эрхийг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэсэн заалт мөн Сонгуулийн тухай хуулийн 11-р зүйл болох “Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх” гэсэн заалтын 11.8-д заасан “25 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум дүүрэгт санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуулинд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг мөн Сонгуулийн тухай хуулийн 11.9-д заасан “энэ хуулиар тогтоосон насанд хүрсэн гэдгийг сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн гэдгийг сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн эсхүл түүнээс дээш настай байхыг ойлгоно” гэсэн заалт, мөн хуулийн 125 дугаар зүйл “нэр дэвшүүлэх нийтлэг журам” гэсэн заалтын 125.4.5-д заасан ”Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх” гэсэн заалтуудыг 1991 оны 11-р сарын 02-ны өдөр төрсөн .... дугаартай иргэн С. Д нь 24 нас 11 сар 16 хоногтой байхдаа сонгуулийн хуулийн дээрх заалтуудыг зөрчин Монгол Ардын намаас нэр дэвшин сумын сонгуулийн хороонд хууль бусаар бүртгүүлж оролцон сонгогдож, улмаар иргэн Ч.С миний биетэй Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшин өрсөлдөж 1 хүний саналын зөрөөтэйгээр хууль бусаар ялалт байгуулж иргэн Ч.С миний хууль ёсны ашиг сонирхол, үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхэд ноцтойгоор халдсан болно.
Увс аймгийн Наранбулаг сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 5-р зүйл болох “Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах зарчим”–ын 5.1.1-д заасан “Хууль дээдлэх” 5.1.2-д заасан “Ил тод байдлыг хангах” 5.1.3-т заасан “Шударга ёсыг сахих” гэсэн зарчмууд зөрчсөн. Энэ нь дараах байдлаар нотлогдож байна.
Сонгуулийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.8, 11.9 дэх заалтыг зөрчсөн иргэн С.Д г хуульд заасан 25 насанд хүрээгүй байхыг мэдсээр байж хуйвалдан бүртгэж Сонгуулийнн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.1, 5.1.3-т заасан заалтуудыг зөрчсөн.
Сонгуулын хорооны мэдээллүүдэд иргэн С. Д н төрсөн он, сар , өдөр, рд, -ыг оруулалгүй нуун дарагдуулж, үл мэдээлж, Сонгуулийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.2-дахь заалтыг зөрчсөн болох нь сонгуулийн суртчилгааны материал, сумын сонгуулийн хорооны шийдвэрүүдээс харагдаж байна.
Дээрх хууль бус үйлдлүүдээс үүдэн иргэн Ч. С би сонгуультай холбоотой мэдээллийг авч чадаагүй ба 2016 оны 11-р сарын 08-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар иргэн С.Д РД-ыг мэдсэн болно. Мөн иргэн С.Д хууль бусаар нэр дэвшүүлснээр сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 27-р зүйл сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны дотоод журам гэсэн заалтын 27.2, 27.9-дэх заалт, 34-р зүйл сум дүүргийн сонгуулийн хорооны эрх хэмжээ гэсэн зүйлийн 34.1.16 дахь заалт, 129-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах гэсэн зүйлийн 129.1.2 дахь заалт мөн 131-д заасан нэр дэвшигчийг жагсаалтаас хасах гэсэн заалтын 131.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 228 дугаар шийтгэвэрт иргэн С.Д тайлбар хийхдээ “Намайг Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн. Би 25 насанд хүрээгүй хүн нэр дэвшиж болохгүй гэдгийг мэдээгүй. Би Наранбулаг сумын хөдөөгийн багт амьдардаг ба 2016 оны 9-р сарын 28-ны өдөр сумын сонгуулийн хороо намайг бүртгэж нэр дэвшигчийн түр үнэмлэх олгосон. Тухайн үед намаас болон сонгуулийн хороо шаардлага гаргасан учир л нэр дэвшүүлж улмаар бүртгэсэн гэж үзэж байна. Иймд гомдол гаргагч Ч. С гомдолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ. Энэ тайлбарт С.Д г Сонгуулийн хуулинд заасан өөрийнх нь хүсэлтээр биш “Тухайн үед намаас болон сонгуулийн хороо шаардлага гаргасан учир нэр дэвшүүлж улмаар бүртгэсэн гэж үзэж байна” гэснээс үзэхэд энэ хүнийг нэр дэвшихэд сумын сонгуулийн хороо нөлөөлсөн гэдэгтэй хэн ч маргахгүйгээр дүгнэлт хийх боломжийг үүсгэж байна.
С.Д дээд боловсролтой залуу сэхээтэн хүн нэр дэвшигчийнхээ хувьд иргэнийхээ үүргийн дагуу Сонгуулийн тухай хуулийг мэдэж судлах байтал гаргасан зөрчлөө нуун дарах зорилгоор “Би 25 насанд хүрээгүй хүн нэр дэвшиж болохгүй гэдгийг мэдээгүй. Би Наранбулаг сумын хөдөөгийн багт амьдардаг. Иймд гомдол гаргагч Ч. С гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбар өгсөн нь өөрийгөө өмгөөлсөн харамсалтай тайлбар гэж үзэж байна.
Эдгээрээс дүгнэхэд иргэн С. Д нь өөрийгөө 25 нас хүрээгүйгээ мэдсээр байж нэр дэвшсэн сонгуулийн хорооны дарга П.Д , нарийн бичгийн дарга Б. нар дээрх хуулийн заалтуудыг зөрчин иргэн С.Д хуйвалдан бүртгэж нэр дэвшүүлэн улмаар иргэдийн Төлөөлөгчпийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар чуулганд оруулж бүрэн эрхийг нь баталгаажуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилуулсан явдал нь сонгуулийн хуулийн 29-р зүйл “Сонгуулийн байгууллагын ажилтан албан тушаалтны эдийн засаг, хууль зүйн баталгаа”-ийн 29.5-д заасан “сонгуулийн байгууллагын ажилтан албан тушаалтан дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтын 29.5.2-т заасан нэг нэр дэвшигчийг дэмжсэн, 29.5.2-т заасан хуулиар хориглосон бусад аливаа үйлдэл гаргах, зохион байгуулах, оролцох гэсэн заалтуудыг зөрчсөн урдаас төлөвлөсөн хууль бус үйл ажиллагаа байсан гэж үзэж байна.
Гэтэл тус сумын сонгуулийн хорооны гишүүн Р.Цолмон \Улаанбаатар хот шилжсэн\ А.Н, Ж.Н нараас асуухад нэр дэвшигчдийг бүртгэхээс эхлэн 2016 оны 11-р сарын 8-ийг хүртэл иргэн С. Д 25 нас хүрээгүй байсныг мэдээгүй гэж ярьсан нь сумын сонгуулийн хорооны хурлаар нэр дэвшигчдийн анкет материалыг хүн бүрээр нь авч хэлэлцээгүй жагсаалтаар танилцуулаад өнгөрсөн нь сонгуулийн тухай хуулийн 27-р зүйл “Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны дотоод журам”-ын 27.9-д “ Сонгуулийн хуралдаан нээлттэй ил тод байна” заалтыг ноцтой зөрчиж иргэн Ч.С миний бие мэдэх боломжгүй уг зөрчил нуугдмал байсан гэдгийг гэрчлэх ба хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд гомдол гаргах боломжгүй болгосон нь илт байна.
Мөн сонгуулийн хорооны 2016 оны 10-р сарын 19-ний өдрийн сонгуулийн дүн батлах тухай 06 тоот тогтоолын 2-р заалт сонгуулийн тухай хуулийн 34.1.11- дэх заалт “Шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан сум дүүргийн хуралд өргөн мэдүүлэх” гэсэн заалтыг зөрчин зөвхөн сонгуулийн үйл ажиллагааны мэдээлэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд хэлэлцүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан явдалыг хууль бус гэж үзэж байна.
Ингээд иргэн С.Д , Наранбулаг сумын сонгуулийн хорооны хууль бус үйлдлийн талаар 2016 оны 11-р сарын 11-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан ба харъяаллын дагуу өргөдөл шилжигдэн явсаар байгаад 2016 оны 11-р сарын 17-ны өдөр Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний бие анхны нэхэмжлэл гаргасан юм.
Наранбулаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” дугаар 01 тоот, мөн сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 19-ны өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” дугаар 06 тоот тогтоолуудын С. Д тэй холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож С.Д г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс нь нэрийг нь татуулж, сонгуулийн тухай хуулийн 162.2 “ Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно” заалтыг үндэслэн тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахыг сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулиар 3 шатны сонгууль явагдсан. Сонгуулийн тухай хуулийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Наранбулаг суманд орон нутгийн сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгуулиар МАН-аас нэр дэвшигч С.Д Наранбулаг сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 11.8, 11.9 дүгээр зүйлүүдэд зааснаар 25 нас хүрээгүй байхад нэр дэвшигчээр бүртгэж сонгуульд өрсөлдүүлсэн. Улмаар нэр дэвшигч С.Д сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаар Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалтад надтай өрсөлдөж мөн ялалт байгуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон. Би энэ үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа.
Нэр дэвшигч С.Д хувьд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагаас цэргийн алба хаасан байх гэсэн шаардлагыг хангаагүй. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн тухай болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.8, 12.5 дахь хэсгүүдэд зааснаар 25 нас хүрсэн бол дүйцүүлэхээр цэргийн алба хаах ёстой байсан. Миний хувьд С.Д насанд хүрээгүй байхдаа цэргийн алба хаасан гэж үзэж байна.
Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 11.9 дэх болон Сонгуулийн тухай хуулийн олон заалтыг Наранбулаг сумын Сонгуулийн хороо зөрчиж С.Д сонгуульд оролцуулсан гэж үзэж байгаа. Энэ үр дагаврын дагуу миний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн учраас С.Д хуульд зааснаар Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн бүртгэлийн нэрсийн жагсаалтаас хасаж, тухайн багт нөхөн сонгууль явуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Лхагважав би иргэн Ч.С эрх зүйн туслалцаа үзүүлж түүний өмгөөлөгчөөр оролцож байна. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгууль болж сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийг сонгосон. Тухайн үед Наранбулаг сумын Монгол Ардын Намын хорооны дарга С.Д нэрийг хууль бусаар дэвшүүлж, ялалт байгуулсан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгоход мөн ялалт байгуулж хуралд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж, хурлын даргыг хууль бусаар хийсээр байгаа тул Монгол Улсын Үндсэн Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж заасан. Сонгуулийн тухай хууль 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдаж, Монгол орон даяар дагаж мөрдөхөөр хуульчилж, 3 шатны сонгууль амжилттай явагдсан. Наранбулаг сумын Сонгуулийн хорооны дарга П.Д нарын таван төрийн албан хаагч Сонгуулийн хороонд ажиллахдаа хуулийг илт буруу ойлгож Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд зааснаар нэр дэвшигчийг бүртгэхдээ хууль зөрчиж сонгох сонгогдох эрх гэсэн бүлэгт 25 насанд хүрсэн, тухайн сум орон нутагтаа санал авах өдрөөс 180 хоног тасралтгүй байнга оршин суусан иргэн сонгох эрхтэй гэсэн байхад С.Д 24 нас 11 сар 16 хоногтой байхад нэр дэвшигчээр бүртгэсэн нь эрх зүйн чадамжгүй этгээд ард түмний саналыг илт хууль бусаар авч улмаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга хийж байгаа нь орон нутгийг төсөв төлөвлөгөөгүй болгож, хууль бус тогтоол, захирамж гаргаж ажиллаж байгаа тул Наранбулаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолуудын С.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасаж, дахин сонгууль явуулахыг Наранбулаг сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү.
С.Д сонгуульд нэр дэвшихдээ насанд хүрээгүй байсан талаар аймгийн Цагдаагийн газарт хандаж шалгуулахад хэрэг бүртгэгч Я.Б нас тоолсон тэмдэглэл үйлдсэн. С.Д насыг тоолсон тэмдэглэлээс үзэхэд 24 нас 11 сар 16 хоногтой байсан нь тодорхой байна. Хэрэгт авагдсан С.Д н иргэний үнэмлэхийн лавлагаагаар 25 нас хүрээгүй байсан гэдэг нь харагдаж байна.
Иймд 25 нас хүрээгүй иргэнийг Сонгуулийн тухай хууль зөрчиж нэр дэвшгчийн нэрсийн жагсаалтад бүртгэсэн гэдэг нь нотлогдож байна. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.10-д зааснаар Сонгуулийн байгууллага, албан тушаалтан хуулиар хориглосон бусад аливаа үйлдэл гаргах, зохион байгуулахыг хориглосон байхад Наранбулаг сумын сонгуулийн хороо хууль зөрчиж насанд хүрээгүй С.Дашдэмбэрэлд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосон. Сонгуулийн хорооны хууль бус үйлдлийн улмаас С.Д санал өгсөн Наранбулаг сумын Хужирт багийн иргэдийн эрх ашиг хохирч байна. Наранбулаг сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хууль зөрчиж С.Д г нэр дэвшигчээр бүртгэсэн учраас Ч.С захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 71.1-д хугацаа тодорхойлохыг заасан. Хугацааг хуанлийн өдөр, сар, жилээр, хоногоор, цагаар тодорхойлно гэсэн байгаа. Сонгуулийн тухай хуульд насны хязгаар заасан байхад Сонгуулийн хороо хууль зөрчиж нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль зөрчсөн. С.Дэшдэмбэрэл өөрөө 25 хүрээгүйгээ мэдэж байсан. Мэдсээр байж баримт бүрдүүлж өгсөн нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.Сонгуулийн тухай хуулийн 158.1.2-т нэр дэвшигчид тавих шаардлага хангаагүй байхад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах байсан.
Иймд Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолуудын С.Д лд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг сумын сонгуулийн хороонд даалгуулахаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Сонгуулийн хорооны дарга Д шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ".... С.Д нь Монгол Ардын намаас нэр дэвшин сумын сонгуулийн хороонд хууль бусаар бүртгүүлж оролцон сонгогдож, улмаар иргэн Ч.С миний биетэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшин өрсөлдөж 1 хүний саналын зөрүүтэйгээр хууль бусаар ялалт байгуулж иргэн Ч.С миний хууль ёсны ашиг сонирхол, Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхэд ноцтойгоор халдсан болно" гэжээ. Ч.С , С.Д нар нь хоёулаа Монгол Ардын намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд Ч.С нь 1-р хэсэгт, С.Д нь 3-р хэсэгт тус тус дэвшсэнийг тухайн намын хорооны 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 09 дугаар тогтоол, 2016 оны 08 сарын 28-ны өдрийн 11 тоот албан бичиг зэрэг сонгуулийн хороонд ирүүлсэн материалаас харж болно. Ч.С нь Хужирт баг 3-р хэсгийн сонгогч, сонгогдогч биш юм. С.Д нь Гүнбүрд баг 1-р хэсгийн сонгогч, сонгогдогч биш тул Ч.С сонгох, сонгогдох эрхийг ямар нэгэн байдлаар зөрчсөн асуудал байхгүй. Наранбулаг сумын Сонгуулийн хороо Намуудаас ирсэн нэр дэвшигчдийн материалыг 2016 оны 09 сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэн, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.2 дахь хэсэгт заасны дагуу бүрэн байсан тул 01 дугаартай тогтоолоороо бүртгэсэн юм. Манай сонгуулийн хороо байгуулагдснаас сонгууль дуусах хүртэлх хугацаанд нэр дэвшигч С.Д нь сонгуулийн хороонд өөрийн биеэр ирээгүй, уулзаагүй, ямар нэгэн холбоо тогтоогоогүй тул бид энэ хүнтэй ямар нэгэн байдлаар хууль зөрчин хуйвалдан бүртгэсэн асуудал байхгүй. С.Д нь 1991 онд төрсөн тул бид оноор нь энэ хүнийг 25 нас хүрсэн гэж үзсэн. Харин Монгол Ардын намын нэр дэвшигчдийн материалыг 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 16 цаг 56 минутад намын дэд дарга М.Ж , тэргүүлэгч Ц.З нар Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн юм. Энэхүү хүлээлгэн өгсөн баримт бичгээс харахад иргэн Ч.С нь тухайн намын хорооны хуралдааны орлогч даргын хувьд Монгол Ардын намаас нэр дэвшсэн хүмүүсийн бүртгэлийг хийж танилцсан, хуралдаанд оролцсон, төлөвлөсөн гэж үзэж байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, хурлын даргад нэр дэвшүүлэх, сонгох асуудал нь тухайн хурлын асуудал бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн "11.1. ... сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. 11.2. Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй. 11.З.Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно гэж заасан заалтын дагуу тухайн хурал хуралдаанаараа хэлэлцэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хуралдаанд оролцсон бүх төлөөлөгчдийн 100 хувийн саналаар зөвшөөрч бүрэн эрхийг олгосон нь Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 1/01 тогтоол, тэмдэглэлээр нотлогдоно гэж үзэж байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11.4-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр хэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсонд тооцно гэж заасны дагуу тухайн хурал Хурлын даргад иргэн Ч.С, С.Д нарыг нэр дэвшүүлээгүй, бүрэн эрх нь зөвшөөрөгдсөн төлөөлөгч Ч.С , С.Д нар тухайн хуралд нэр дэвшсэн болохоос манай сонгуулийн хороонд тэд хурлын даргад нэр дэвшээгүй учир тэдгээрийн сонгох, сонгогдох эрхэд манай сонгуулийн хороо ямар нэгэн буруугүй саад хийгээгүй гэж үзэж байна. Иймд манай сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоол, 2016 оны 10 сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр гэж үзэж байна. Мөн Ч.С нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчдэд нэр дэвшсэн ба улмаар хурлын тэргүүлэгчээр томилогдсон нь түүний хурлын дарга л болж чадаагүй болохоос бусад талаар сонгогдсон нь түүний сонгох, сонгогдох эрхэд Сонгуулийн хороо буруугүй гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал нь түүний өөрийнх нь өөрт нь зориулсан албан тушаал биш юм.
Иргэн Ч.С Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин зөвхөн сонгуулийн үйл ажиллагааны мэдээллийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд хэлэлцүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан явдлыг хууль бус гэж үзжээ. Сонгуулийн хороо 2016 оны 11 сарын 08-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд сонгуулийн дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэл, тогтоолын төслийг Сонгуулийн хорооны дарга П.Д танилцуулахдаа сонгуультай холбоотой бүх зүйлийг багцлан мэдээлж танилцуулсан бөгөөд хурлын төлөөлөгчдөд нөлөөлсөн, хүчээр баталгаажуулсан асуудал байгаагүй бөгөөд энэхүү асуудал нь тухайн хурлын тэмдэглэл хуралдааны явцаас харж болно. Сонгуулийн хороо нь мэдээллээ тухай бүр сумын Засаг даргын Тамгын газрын мэдээллийн самбарт гарган тавьж мэдээлснээс гадна сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын фейсбүүк хуудсаар мэдээлж ил тод байдлыг ханган ажиллаж байсан.
Иймд иргэн Ч.С- ын Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд С.Д шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би тухайн үед орон нутгийн сонгуульд нэр дэвшинэ гэж бодоогүй байсан. Гэтэл Хужирт багийн Монгол Ардын намын үүрийн хурал болж, намайг орон нутгийн сонгуульд Хужирт багт нэр дэвшүүлэхээр сонгож бусад 4 хүний хамт Наранбулаг сумын Монгол Ардын намын хороонд миний нэрийг хүргүүлсэн. Тэгэхэд сумын Монгол Ардын намын хорооны өргөтгөсөн хурал дээр зарим гишүүд танихгүй хүмүүсийг нэр дэвшүүлсэн байна. Энэ хүмүүсээ соль гэж хэлж байсан. Би тэр үед өөрийн нэрээ татъя гэхэд залуу хүмүүс байх нь зөв гээд сумын Монгол Ардын намын хорооны гишүүдийн олонхи нь зөвшөөрөөгүй учраас орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр болсон. Монгол Ардын намын хороо намайг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж Наранбулаг сумын сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэсэн. Би тухайн үед өөрийгөө 25 нас хүрч сонгуульд нэр дэвших боломжтой гэж үзэж байсан. Би орон нутгийн сонгуульд Наранбулаг сумын Хужирт багт нэр дэвшиж санал өгсөн сонгогчдын олонхийн санал авсан. Одоо намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болж улмаар Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшин ялалт байгуулж томилогдсоны дараа нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчим байдаг. Ч.С 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Миний үйлчлүүлэгч 25 нас хүрээгүй байхдаа сонгуульд нэр дэвшсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. С.Д төрсөн оноороо тоолоод 25 нас хүрсэн гэж үзсэн учраас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн. Нэр дэвшигчийн насыг тоолох үүрэг нь Наранбулаг сумын Сонгуулийн хороонд байсан. Нэр дэвшигчдийн гаргаж өгсөн материалуудад нэр төрсөн он, сар, өдөр бүгд байсан. Үүнийг хянах эрх бүхий байгууллага нь Наранбулаг сумын сонгуулийн хороо байсан. С.Д цэргийн албыг мөнгөн дүнгээр дүйцүүлэн хаасан. Нэхэмжлэгч талаас С.Д насанд хүрээгүй байхдаа цэргийн алба хаасан гэдгийг юугаар нотлож байгаа нь тодорхойгүй байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабаас авсан лавлагаагаар С.Д дүйцүүлэхээр цэргийн алба хаасан байна гэдгийг тодорхойлсон байна. Нэхэмжлэгч Ч.С ,С.Д, нэр дэвшиж байх үед Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн тогтоолын орлогч дарга гэсэн хэсэгт гарын үсгийг зурж баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч С.Д г 1991 онд төрсөн гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Ч.С төрсөн хүүхэдтэй нь С.Д нэг ангид сурч байсан гэдгийг дурдсан байгаа. Тийм учраас мэдэх боломжтой байсан гэж үзэж байна. С.Д 25 нас хүрээгүй байхдаа нэр дэвшин сонгогдсон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй. Хэрэв нэхэмжлэгч Хужирт багийн иргэн байсан бол та сонгогчийнхоо хувьд нэхэмжлэл гаргах боломжтой юм. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн гэх үндэслэл байхгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь.
Иргэн Ч.С шүүхэд хандан “Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” 06 дугаар тогтоолуудын С.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С.Д г нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах тухай” шаардлагуудтай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэлийн агуулгад дурдсан асуудлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд ямар нэгэн дүгнэлт өгөхгүйгээр буюу тус шүүхийн шүүгчийн 148 дугаар захирамжийг[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосноор нэхэмжлэгчид “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар[2] хугацаа тогтоож шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэн хугацаанд нэхэмжлэлээ гаргаснаар захиргааны хэрэг үүсгэгдэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбарууд бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь хэргийн үйл баримттай харьцуулан судалж, үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргахдаа, нэр дэвшигч С.Д г 25 насанд хүрээгүй буюу хуанлийн тоогоор 24 нас 11 сар 16 хоногтой байхдаа орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн энэ нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д: “Хорин таван нас хүрсэн... иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй, мөн зүйлийн 11.9-д: “Энэ хуулиар тогтоосон насанд хүрсэн гэдгийг сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн, эсхүл түүнээс дээш настай байхыг ойлгоно” гэж заасныг зөрчсөн, түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй, яагаад гэвэл мөн 25 насанд хүрээгүй байхдаа цэргийн албыг орлуулан хаасан нь холбогдох хууль зөрчсөн, цэргийн албыг буруу хаасан улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өөртэй нь өрсөлдөж ялалт байгуулсныг буруутгаж, энэ тохиолдолд сумын Сонгуулийн хороо хууль зөрчсөнийг дурдан, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хууль бус ажиллагаа болсон талаар маргааны зүйлээ тодорхойлж, шүүх хуралдаан дээр мэтгэлцэв.
Хариуцагч Наранбулаг сумын Сонгуулийн хорооны дарга П.Д , орон нутгийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшсэн Ч.С , С.Д нар нь сонгуулийн өөр өөр хэсэг дээр нэр дэвшсэн, тэд өрсөлдөгч биш, тэдний хэн алины нь ч сонгуулийн эрхийг манай Сонгуулийн хороо зөрчөөгүй, С.Д нь 1991 онд төрсөн тул бид оноор нь энэ хүнийг 25 нас хүрсэн гэж үзсэн, ямар нэгэн байдлаар хууль зөрчин хуйвалдан бүртгэсэн асуудал байхгүй гэж маргааныг няцааж байна.
Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээд С.Д , надад орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших бодол байгаагүй, үүрийн хурлаас миний нэрийг дэвшүүлж суманд болсон өргөтгөсөн хурлаар олонд танигдаагүй, өөр нэр дэвшигчээр солино гэж ярьсан ба би нэрээ татъя гэдэг асуудал тавихад залуу хүн байх нь зөв гээд олонхи гишүүн зөвшөөрөөгүй учир нэр дэвшин өрсөлдсөн. Одоо намайг санал өгсөн нийт сонгогчдын олонхийн санал авч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болж улмаар ялалт байгуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болсон байхад нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасуулна гэж байгааг зөвшөөрөхгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Хариуцагч захиргааны байгууллага болох Наранбулаг сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 9 сарын 1-ний өдөр сумын Монгол Ардын намын хорооноос ирүүлсэн нийт нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч бүртгэх эсэх асуудлыг хуралдаанаараа авч хэлэлцээд нэр дэвшигч С.Д г 25 нас хүрсэн гэж үзэж, бүртгэхээр шийдвэрлэсэн болох нь Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл[3], гэрчээр тайлбар өгсөн Сонгуулийн хорооны гишүүн Б.Б , Ж.Н[4], А.Н[5] нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д: “Сум, дүүргийн хурлын сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо бие дааж хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д: “Сум, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн сум, дүүргийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна” хэмээн хуульчилсан ба хуралдаанд оролцсон сонгуулийн хорооны гишүүд нэр дэвшигч С.Д г Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчээр бүртгэсэн нь бүрэн эрхийн хүрээнд байх бөгөөд маргаан бүхий үйл баримтын талаар захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ дотор шийдвэрлэсэн байна гэж шүүх үзэв. Ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Гуравдагч этгээд С.Д нь цэргийн албыг Засгийн газраас 2016 онд тогтоосон мөнгөн төлбөрийн 14 хувь болох 673008 төгрөгийг төлж, 2016 оны 5 сарын 31-ний өдөр мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаажээ[6]. Тэгвэл нэхэмжлэгчийн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д: “цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх” гэснийг С.Д буруу биелүүлсэн, үүгээрээ нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй байхад Сонгуулийн хороо бүртгэсэн нь хууль бус болсон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Нэр дэвшигч С.Д г цэргийн алба хаасан талаарх зохих эрх бүхий байгууллагын шийдвэрийг Наранбулаг сумын Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлж, Сонгуулийн тухай хуулийн 154.3.5 дахь заалтыг хангасан гэж үзсэн нь хуулийн хүрээнд байх бөгөөд нэхэмжлэгч Ч.С н хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл баримт тогтоогдохгүй байна.
Хариуцагч Наранбулаг сумын Сонгуулийн хороо 2016 оны 9 сарын 06-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар МАН-ын 21 нэр дэвшигчийн бүртгэлийг бүртгэн баталгаажуулсан ба уг бүртгэлийн 13-д: “тойргийн дугаар-3, С. Д, регистрийн дугаар ....., 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй” гэсэн ба энэхүү тогтоол нь гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилжээ.
Хариуцагч Наранбулаг сумын Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Сонгуулийн дүн батлах тухай” 06 дугаар тогтоолыг гаргасан ба уг тогтоолоор 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдохоор нэр дэвшсэн нэр дэвшигчдийн авсан саналыг, сонгуулийн хэсэгт ногдох мандатын тоогоор хамгийн олон саналыг авч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох болсон нэр дэвшигчдийг тус тус баталжээ.
Дээрх маргаан бүхий захиргааны актуудыг нийтэд мэдээлэхийг сумын Сонгуулийн хороо тогтоолоороо дарга, нарийн бичгийн даргадаа даалгасан байдаг ба тухай бүр нийтэд мэдээлж байсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Харин нэхэмжлэгч мэдээллийн агуулгыг бүрэн гүйцэд олж мэдээгүй нь захиргааны байгууллагыг буруутгаж, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Наранбулаг сумын Монгол Ардын намын хороо нь Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар орон нутгийн хурлын сонгуульд оролцож, уг хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй байна. Түүнчлэн мөн хуулийн 151.3-д орон нутгийн хурлын сонгуульд нам оролцож болохыг заасан байна.
Сонгуулийн тухай хуулинд нам сонгуульд оролцохоо илэрхийлж хүсэлтээ хүргүүлэх, нэр дэвшүүлэх нийтлэг журам, намаас нэр дэвшүүлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан байх ба Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Наранбулаг сумын Монгол Ардын намын хороо оролцохоо илэрхийлсэн тогтоолыг[7] сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн ба энэ тогтоол дээр нэхэмжлэгч Ч.Сундуйжав гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тэгэхээр Сонгуулийн тухай хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхээ Наранбулаг сумын Монгол Ардын намын хороо бүрэн хэрэгжүүлээгүй, түүнийг тухайн намын тэргүүлэгч гишүүн, нэхэмжлэгч Ч.С мэдээгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Энэ тохиолдолд нам нэр дэвшүүлэх эрхээ хэрэгжүүлсэн, захиргааны байгууллага болох сумын Сонгуулийн хороо бүрэн эрхийн хүрээнд олонхийн саналаар нэр дэвшигч С.Д бүртгэсэн нь иргэн Ч.С эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, түүний эрх, ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.
Маргаан бүхий захиргааны актууд болох Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 1 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” 06 дугаар тогтоолуудын С.Дашдэмбэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүхээс үзсэн тул дээрх шаардлагуудтай холбогдуулан гаргасан С.Д г нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасаж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Наранбулаг сумын Сонгуулийн хорооноос 2016 оны 11 сарын 08-ны өдөр “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд сонгуулийн дүнг танилцуулан төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай” танилцуулгыг анхдугаар хуралдаанд хэлэлцүүлж, сонгуулийн хэсгүүдэд ногдох мандатын тоогоор хамгийн олон санал авч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчдийг эрэмбэлэн танилцуулж, /С. Д-215 санал буюу 57 хувь авч Хужирт багаас нэгд бичигдсэн/ төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тогтоол гаргаж өгөхийг хүсчээ. Ингэснээр Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас 1/01 дугаартай “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг батлах тухай” тогтоолыг 2016 оны 11 сарын 08-ны өдөр батлан гаргажээ.
Бүрэн эрх нь баталгаажсан Хурлын төлөөлөгч С.Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвших эрхтэй байх ба нэхэмжлэгчийн “надтай өрсөлдүүлж, ялалт байгуулан Хурлын даргаар сонгогдсон нь миний эрхийг зөрчиж байна” гэх тайлбар нь хариуцагч Сонгуулийн хорооны шийдвэрүүдтэй хамааралгүй байх тул эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүхээс сонгуулийн маргааны онцлогийг харгалзан Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчим, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.3-д заасан хэрэг үүсгэх эсэх асуудлыг нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн заалт, 115.4-д заасан сонгуулийн маргаанаар үүссэн захиргааны хэргийг шүүх 30 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг баримтлан ажилласан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.С “Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 1 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” 06 дугаар тогтоолуудын С.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С.Д г нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.С ээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-д зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгчид нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 17-19-р хуудас 2016 оны 11 сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 148 дугаартай шүүгчийн захирамж
[2] Хавтаст хэргийн 44-45-р хуудас 2017 оны 1 сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай” 06 дугаартай шүүгчийн захирамж
[3] Хавтаст хэргийн 102-103-р хуудас
[4] Хавтаст хэргийн 109-114-р хуудас
[5] Хавтаст хэргийн 121-123-р хуудас
[6] Хавтаст хэргийн 140-р хуудас Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2017-01-19-ний өдрийн 17 албан тоот
[7] Хавтаст хэргийн 95-р хуудас Наранбулаг сумын МАН-ын хорооны ээлжит 5 дугаар хуралдааны 9-р тогтоол