Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0034

 

“Х х б” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х х б-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э” ХХК-ийн нэр дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсэгт байрлах 9247 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалтаар эзэмших, ........... тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн, ............ тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг нэхэмжлэгч Х х б-ны нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж заасан байдаг. Гэтэл Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрт Газрын тухай хуулийн 38.2.3, 38.2.4 дахь хэсгийг шийдвэрт дурдаагүй байна. Х х б-ы нэхэмжлэлийн гол агуулга нь газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэн авах, гэтэл эрх шилжүүлэхэд баримтлах Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн баримт”, 38.2.4-т “Татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолтыг хавсаргана” гэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон.

Гэтэл “Э” ХХК нь Х х б-д газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэхдээ дээрх 2 баримтыг хүсэлтэндээ ирүүлээгүй тул тус компанийн газар эзэмших гэрчилгээг Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлэх боломжгүй байсан. Үүнийг анхан шатны шүүхэд тодорхой тайлбарлан нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзсэнгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талаа барьсан шийдвэр гаргасан тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэстэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх боловч маргааны үйл баримтад хамаарах хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар захирамжаар хариуцагч “Э” ХХК-ийн “Х х б” ХХК-ийн Дархан салбарт 564.721.865.96 төгрөг төлөх, төлөхгүй бол барьцааны эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг зөвшөөрлийг баталсан, тус захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 756 дугаар захирамж гарсны дагуу гүйцэтгэх хуудас бичигдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай” 09 дүгээр акт[1]-аар хураагдсан эд хөрөнгө болох автомашины гражуудыг газрын хамт Х х б-д хүлээлгэн өгсөн байна.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 15, мөн оны 03 дугаар сарын 07-ны өдөр хоёр удаа дуудлага худалдаа зарлагдсан боловч сонирхогч гараагүй, улмаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “... төлбөр авагчид хоёр дахь дуудлага худалдааны үнэ болох 380.992.450 төгрөгөөр санал болгоход төлбөртөө тооцон авах хүсэлт гаргасан, төлбөр төлөгч уг үнээр төлбөртөө шилжүүлэх хүсэлтийг тус тус гаргасны дагуу ... 9247 м.кв талбайтай газрын хамт төлбөр авагч Х х б-ны өмчлөлд шилжүүлж өгөхийг мэдэгдье” гэх 03/2227 дугаар албан бичиг[2]-ээр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж байсан үйл баримтууд тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д “Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний ... хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, ... байна” гэж зааснаас үзвэл хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахаар байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно ... ” гэж албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр төлөгчид санал болгох нөхцөл журмыг,  54 дүгээр зүйлийн 54.1-д “Төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно”, 54.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ” гэж төлбөр төлөгчийн барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулах боломж, барьцаалагч хохирлоо арилгуулах ээлж дарааллыг тус тус зааж хуульчилжээ.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/2227 дугаар албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хандсан байхад хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь цаг хугацаан хувьд сүүлд буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3, 38.2.4 дэх хэсгийн зүйл заалтуудыг үндэслэн “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт, тодорхойлолтыг ирүүлээгүй” гэх үндэслэлээр иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг биелүүлээгүй буюу “Э” ХХК-ийн нэр дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсэгт байрлах 9247 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 08..........., газар эзэмших эрхийн 0......... дугаар гэрчилгээ бүхий газрыг “Х х б” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь үндэслэлгүй, хууль бус, тус эс үйлдэхүйн улмаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах барьцаалагч “Х х б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3, 38.2.4-т ... заасан баримтыг ирүүлээгүй тул тус компанийн газар эзэмших эрхийг Х х б-д шилжүүлэх боломжгүй байсан ... шүүх үүнийг анхаараагүй ... “ гэх гомдол, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна” гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад барьцаалах, шилжүүлэх боломжтой, түүнчлэн эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар байна. 

Хэрэгт авагдсан хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын “... шүүгчийн ... захирамжаар Х х б-д “Э” ХХК нь 564.721.895.96 төгрөгийг төлөхөөр бүрэн хүлээн зөвшөөрч хэрэв төлөгдөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөс хангуулна гэж тайлбарласан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна ... 9247.0 м.кв ... газар эзэмших эрхийг Х х б-д шилжүүлэн шинээр гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй” гэж  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байхад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь дээд шатны албан тушаалтны шийдвэрээс зөрүүтэй байр суурьтай байгаа нь, түүнчлэн хугацааны хувьд маргааны үйл баримтаас сүүлд гарсан хуулийн өөрчлөлтийг үндэслэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь үндэслэлтэй биш байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж, харин газар эзэмшигч газар эзэмших эрхээ барьцаалсан, улмаар барьцаа хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгээгүй захиргааны үйл ажиллагаатай холбоотой энэхүү маргааны тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн холбогдох зүйл, заалт хэрэглэгдэхээр байх тул шүүхийн шийдвэрт холбогдох хуулийн зүйл заалтуудыг нэмж оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х х б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э” ХХК-ийн нэр дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсэгт байрлах 9247 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалтаар эзэмших, 08....... тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн, 0........... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг “Х х б” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                                       ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ

 

 


[1] Хавтаст хэргийн 89 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 88 дугаар хуудас