Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 106

 

А.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                        А.Оргилбаяр

Ялтан нарын өмгөөлөгч               Н.Баярмаа

Ялтан                                             Э.Ц-

                                                        А.А-

                                                        Э.Б-

Хохирогч                                        Д.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэбатын Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ийн А-, Э-ийн Б-, Х-гийн Б- нарт холбогдох эрүүгийн 201609000048 дугаартай, 171/2016/0136/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтан нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 16-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд:

-2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 22 дугаар шүүхийн 17 дугаартай шийтгэх тотоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар

хянан харгалзах ял,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овгийн Эрдэнэбатын Ц- /РД: МФ94081615/,

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 07-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, 3 дүүгийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сум 02 дугаар баг Октябрийн 02-07 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд:

-2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 167 дугаартай шийтгэх тогоолоор эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар тус тус шийтгүулсэн, Боржигон овгийн А-ийн А- /РД: ТА94030736/,

3. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, эмээ, эхнэр хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сум 02 дугаар баг Октябрийн 06- 02а тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, Монгол овгийн Э-ийн Б- /РД:ТА91110235/,

4. Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, 3 дүүгийн хамтаар Дархан сум 02 дугаар баг, Октябрийн 03-10 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Х-гийн Б- /РД: МВ91071915/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

-Э.Ц- нь урьд хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Россия” зочид буудлын гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй иргэн С.Сод-Оргилын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 20.000 төгрөгийг нь дээрэмдсэн,

Э.Б-, А.А- нарын хулгайлж авсан 32 инчийн “Тошиба” загварын телевизорыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр хадгалж, зарж борлуулсан,

-Э.Б-, А.А- нар нь урьд хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 4-1 тоотод оршин суух иргэн Д.Б-ын гэрт нэвтрэн орж 32 инчийн “Тошиба” загварын телевизорыг хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Х.Б-, Б.Булганбаатар нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг Хараагийн 3-15 тоотод оршин суух иргэн О.Мягмарсүрэнгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 32 инчийн “БСБ” загварын телевизорыг хулгайлан авч 210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Б.Булганбаатартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 23- ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 2 дугаар баг Хушаатын 7-15 тоотод оршин суух иргэн Н.Оюунтунгалагийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 42 инчийн “Самсунг” загварын телевизорыг хулгайлан авч 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Боржигон овгийн Х-гийн Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 гэж өөрчилж, Эрүүгийн хуулийн 72 дүгээр зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-Боржигон овогт Эрдэнэбатын Ц-ыг ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг авах зорилгоор аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэргийг, Боржигон овогт А-ийн А-, Монгол овогт Э-ийн Б- нар ялтай байхдаа бүлэглэж, давтан үйлдлээр орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1- д зааснаар 3 жил 10 хоногийн хорих, Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.А-, Э.Б- нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Ц-т Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан нэг сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялд багтааж Э.Ц-ын эдлэх ялыг 03 жил 10 хоног хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.А-, Э.Б- нарт тус бүрт оногдуулсан 2 жил хорих, Э.Ц-т оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Э.Ц-ын 132, А.Алтантулгын 22, Э.Б-ы 14 хоног тус бүр цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-, Э.Б-, А,А- нараас нийт 350.000 төгрөгийг хувь тэнцүү гаргуулж, хохирогч Д.Б-од 150.000 төгрөг, Н.Тунгалагт 135.000 төгрөг,О.Мягмарсүрэнд 45.000 төгрөг, иргэний нэхэмжпэгч Х.Бат-Эрдэнэд 20.000 төгрөг тус тус олгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Э.Б-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор... тус тус заажээ.

Улсын яллагч С.Баттамир давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Гэмт хэрэг гарсан буюу 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Х.Б-, А.А-, Э.Б-, Н.Булганбаатар нар нь нийлж хамт явж байгаад Э.Б-, Э.Булганбаатар нар нь хохирогч О.Мягмарсүрэнгийн хашаагаар нь орж монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хулгайлсан эд зүйлээ хашааны араар нь дуудаж А.А- болон өөрт нь өгч байгааг Х.Б- нь мэдэж байсан бөгөөд зурагтыг цааш нь зарж борлуулахад идэвхтэй үйлдлээрээ нэгдэн оролцож өөрийн найз Б.Нэргүйг машинтай нь дуудан ирүүлж, хамт барьцаалан зээлдүүлэх газарт аваачиж уг хулгайлсан зурагтаа 90.000 төгрөгийн барьцаанд тавьж уг мөнгөө тэр дор нь хамтран үрэлцэж байгаа зэргээр Х.Б- нь уг хулгайн гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр нэгдэн оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Тодруулбал Х.Б- нь тухайн гэмт хэргийг үйлдэж эхлэсэн цаг мөчөөс эхлээд уг хулгайн эд хөрөнгийг зарж борлуулж дуусах хүртэл хугацаанд идэвхтэй үйлдлээр хамтран оролцож /Э.Б-, Э.Булганбаатар нарыг хулгай хийж байх үед А.Аптантулгын хамт гадаа хүн харж байсан, мөн өөрийн найз Б.Нэргүйг машинтайгаа ир хэмээн дуудаж ирүүлж идэвхтэй үйлдлүүд үзүүлсэн/ гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсэн, мэдсээр байж буюу мэдэх боломжтой этгээд тухайн хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн хойно нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг “шунахай” сэдэлтээр авч, борлуулж байгаа идэвхтэй үйлдлээр илэрдэг ба харин дээрх 4 этгээдийн хувьд Э.Б-, Э.Булганбаатар нар нь хулгайлсан зурагтаа гэрээс нь дөнгөж авч гарч ирээд хашааны гадаа байгаа А.Аптантулга, Х.Б- нарт хашааг нь давуулан өгч, улмаар Х.Б-ын дуудсан машинд авч явсан зэргээр бүлэглэн гүйцэтгэж байгаа үйлдлийн хувьд хулгайн эд зүйлийг захиран зарцуулах өөрийн бүрэн эрхэд бүрэн оруулаагүй буюу хулгайн гэмт хэрэг бүрэн төгсөөгүй байгаа нь харагдаж байна. Энэ байдал нь Х.Б-ын хувьд хулгайн гэмт хэргийг бүрэн төгссөний дараа хулгайн эд зүйлийг авч борлуулсан үйлдэл хийгдсэн гэж үзэх боломжгүйг нотлож байгаа ба энэ шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэж, харин бүлэглэн хулгайлах гэмт хэргийн объектив талын шинж хангагдаж байна.

Улсын дээд шүүхийн 2003 оны 10 дугаар тогтоолд Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан “...хамжигч...” гэдэгт бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан байхыг ойлгоно.” гэж тайлбарласнаас үзэхэд Х.Б- нь дээрх гэмт үйлдэлд хамтран оролцсон ба хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүх Х.Б-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо Х.Б-ыг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэн оролцсон гэх үндэслэл хангалттай нотлогдоогүй, эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд Х.Б-ын үйлдлийг зүйлчлэхэд, хууль хэрэглэхэд эргэлзээтэй байдал үүсээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, дүгнэлт өгч шийдвэрлээгүй, мөн нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар тодорхой дүгнэлт өгөөгүй нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 168 тоот анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Улсын яллагч А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ:

...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Ялтан А.А- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Х.Б- хулгайн гэмт хэрэгт оролцоогүй. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим Х.Б- н.Отгонхишигтэй наана уулзаад зогсож байсан. Э.Б-, н.Булганбаатар нар гэр лүү орж зурагтыг н.Булганбаатар надад өгөхөөр нь би гудамжаар чигээрээ явж байхад Х.Б- гудамжаар орж ирж байсан. Тэгээд Х.Б- юун зурагт вэ гэж асуухад н.Булганбаатар манай ахын гэрээс авсан зурагт гэж хэлсэн. Х.Б- яах гэж байгаа юм бэ гэж асуухад н.Булганбаатар ломбарданд тавих гэж байгаа гэж хэлтэл Х.Б- машин дуудаад өгье гэж хэлээд н.Булганбаатар, түүний найз, Х.Б- гурав машинд сууж явсан. Зурагтыг үйлчилгээний арын ломбарданд 90.000 төгрөгөнд тавьсан гэв.

Ялтан Э.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Намайг н.Булганбаатартай айл руу ороход А.А-, Х.Б- хоёр гадаа буланд зогсож байсан. Би зурагтыг хашаа давуулж А.А-д өгөхөд Х.Б- цаана буланд зогсож байсан. н.Булганбаатар бид хоёр урд талын хаалгаар гарч явахад А.А- араас гарч явж байсан. Намайг хүнтэй уулзчихаад очиход зурагтыг ломбарданд тавих гээд машинд суугаад явж байсан. н.Булганбаатартай хамт явж зурагтыг ломбарданд тавьсан гэв.

Ялтан нарын өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Х.Б- хүнтэй уулзаж байгаад эргэж ирээд юун зурагт вэ гэж асуусан. Х.Б- хулгайн гэмт хэрэгт оролцоогүй гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас:

-Э.Ц-ыг урьд хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Россия” зочид буудлын гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй иргэн С.Сод-Оргилын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 20.000 төгрөгийг нь дээрэмдсэн, Э.Б-, А.А- нарын хулгайлж авсан 32 инчийн Тошиба загварын телевизорыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр хадгалж, зарж борлуулсан гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар,

-Э.Б-, А.А- нарыг урьд хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 4-1 тоотод оршин суух иргэн Д.Б-ын гэрт нэвтрэн орж 32 инчийн Тошиба загварын телевизорыг хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Х.Б-, Б.Булганбаатар нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг Хараагийн 3-15 тоотод оршин суух иргэн О.Мягмарсүрэнгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 32 инчийн БСБ загварын телевизорыг хулгайлан авч 210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Б.Булганбаатартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 23- ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 2 дугаар баг Хушаатын 7-15 тоотод оршин суух иргэн Н.Оюунтунгалагийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 42 инчийн Самсунг загварын телевизорыг хулгайлан авч 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Х.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 гэж өөрчилж, Эрүүгийн хуулийн 72 дүгээр зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Э.Ц-ыг ялтай байхдаа бусдын эд хөрөнгийн авах зорилгоор аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэргийг,

А.А-, Э.Б- нар ялтай байхдаа бүлэглэж, давтан үйлдлээр орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1- д зааснаар 3 жил 10 хоногийн хорих, Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.А-, Э.Б- нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил хорих ялаар тус тус шийтгэж, Э.Ц-т Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оногдуулсан нэг сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялд багтааж Э.Ц-ын эдлэх ялыг 03 жил 10 хоног хорих ялаар шийтгэж, А.А-, Э.Б- нарт тус бүрт оногдуулсан 2 жил хорих, Э.Ц-т оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн 168 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал:

-1. Э.Б-, А.А- нар 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 4-1 тоотод оршин суух иргэн Д.Б-ын гэрт нэвтрэн орж 32 инчийн Тошиба загварын телевизорыг хулгайлан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял сонсгож, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлджээ.  Яллагдагч нар ял сонссоноос хойш дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн тул 2016 оны 04 дүгээр сарын 12 өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нэмж  ял сонсгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ял өөрчлөх гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухай зүйл, хэсгийн дотор хөнгөрүүлж буюу хүндрүүлж өөрчлөхийг хэлдэг.

Нэмэлт оруулах гэдэг нь урьд яллагдагч сонсгосон ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр зүйл, хэсэгт заасан ялыг шинээр нэмж сонсгохыг хэлнэ. Дээрхи тодорхойлолтоос үзэхэд яллагдагч Э.Б-, А.А- нарт урьд сонсгосон зүйл ангийг өөрчлөх, хүндрүүлэх түүнчлэн өөр зүйл анги нэмж сонсгох нөхцөл байдал үүсээгүй бол урьд сонсгосон эрүүгийн хуулийн зүйлчлэл хэвээр үргэлжилж зөвхөн үйлдэл холбогдлыг нэмсэн тухай байцаалт авах ёстой юм.

-2. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоолд Эрүүгийн 201609000048 тоот хэргийн яллагдагч Б.Булганбаатар Нийслэлийн Хан-уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст дээрмийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа тухай дурьдсан боловч энэ тухай нотлох баримт хэрэгт байхгүй байх тул 201623030567 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, уг хэрэгт Б.Булганбаатарыг сэжигтэн, яллагдагчаар тооцсон тухай тогтоолуудыг хэрэгт хавсаргах шаардлагатай байна. Түүнчлэн прокурорын эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоолд хэдэн тоот ямар, ямар хэргүүдийг тусгаарласныг нь тодорхой болгох.

-3. Хавтаст хэргийг дугаарласан байдал буюу яллах дүгнэлт ойлгомжгүй байна. Яллах дүгнэлтэнд “Эм Кэй Ти Ар Эс” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгө үнэлсэн “Тошиба” маркийн зурагт нь 250.000 төгрөг болох тухай 016 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-38 хуудас/ гэж байх боловч 1-р хавтас 32-р хуудсанд шинжилгээ хийлгэх тогтоол, 2-р хавтас 32-р хуудсанд “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт байх бөгөөд дээрх “Эм Кэй Ти Ар Эс” ХХК-ийн үнэлгээний тайлан аль хавтаст хэргийн хэддүгээр хуудсанд байгаа нь ойлгомжгүй, мөн яллагдагч Х.Б-ын мэдүүлэг /хх-ийн 215-218 хуудас/ гэж байх боловч 1-р хавтас 215-р хуудсанд сэжигтнээр тооцох тогтоол, яллагдагч Э.Б-ы мэдүүлэг /хх-ийн 223-226 хуудас/ гэж байх боловч 1-р хавтас 215-р хуудсанд сэжигтнээр тооцох тогтоол, яллагдагч А.Алтантулгын мэдүүлэг /хх-ийн 227-228 хуудас/ гэж байх боловч 227-р хуудсанд сэжигтнээр тооцох тогтоолууд байх бөгөөд дээрх ойлгожгүй хэргийн дугаарлалтууд яллах дүгнэлтэнд хэд хэд давтагдсан байх тул залруулах шаардлагатай.

-4. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ц-, А.А-, Э.Б- нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан “...өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэсэн заалтыг зөрчиж, урьд буюу Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Шүүгдэгч Х.Б- шүүх хуралдааны танхимд согтуурах ундааны зүйл үнэртүүлэн ирж шүүхийг үл хүндэтгэсэн тул түүнд энэ өдрөөс хэргийг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317 дугаар зүйлийн 317.1.4, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Ц-, А.А-, Э.Б-, Х.Б- нарт холбогдох эрүүгийн 201609000048 тоот 2 хавтас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Э.Ц-, А.А-, Э.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Х.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                     Я.ТУУЛ

                                        ШҮҮГЧИД                                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                              Б.МАНЛАЙБААТАР