| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1483/Э |
| Дугаар | 1569 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Аод холбогдох 2016 2501 0328 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан шагналгүй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 06 сарын 26-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 сарын 30-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Шарнууд овогт Э.А /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.А нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Централ-Эйшиан” ХХК-й агуулахад нэвтэрч, хохирогч Н.Цэндсүрэнгийн жийп автомашины гоёлын никел обудтай, “Tranpath” брендийн 4 ширхэг зуны дугуй хулгайлж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх.8-10/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэндсүрэнгийн 2016 оны 01 сарын 27-ны өдөр өгсөн: “... манай компани нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд Цементиин үйлдвэртэй юм. 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс “Тулгат” хамгаалалтын албанаас А гэдэг залууг авч манаачаар ажиллуулж, үйлдвэрийнхээ хашаанд байрлуулан ажиллуулж байсан. 2016 оны 01 сарын 25-ны өдөр ажил дээрээ ирсэн чинь манай үйлдвэрийн хашааны хаалга онгорхой, манаач А байхгүй, складны хаалганы цоож эвдрээд онгойчихсон байхаар нь орж үзсэн чинь миний машины 4 ширхэг дугуй алга байсан. Тэгээд би харуул хамгаалалтын албаны дарга Баттогоо дарга руу утсаар мэдэгдсэн. Баттогоо дарга ирээд цагдаа дуудаж шалгуулсан. Тухайн үед дугуй хулгайлсан хүн Өгөөмөр зах дээр аваачиж 300,000 төгрөгөөр зарсан байсан. Би дугуйгаа авахын тулд өөрөөсөө 300,000 төгрөг гаргаж Өгөөмөр захын дугуйны ченжид өгч дугуйгаа авсан. Надад 300,000 төгрөгийн хохирол учирсан байсныг сая 300,000 төгрөг хүлээлгэж өглөө. Одоо надад санал хүсэлт, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.22, 82-83/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Баттогоогийн 2016 оны 01 сарын 27-ны өдөр өгсөн: “... 2016 оны 01 сарын 24-ний өдөр “Централ Айшин ХХК-й менежер Н.Цэндсүрэн утсаар яриад “4 ширхэг дугуйг танай манаач хулгайлсан юм шиг байна, манаач чинь алга байна, хурдан ирж энэ асуудлаа зохицуул” гэхээр нь яваад очсон чинь агуулахын хаалга, үүд онгорхой, манаач байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 2016 оны 01 сарын 26-ны өдөр Аоос энэ талаар асуухад “такси авч ирээд агуулахын цоожийг эвдэж ороод эхэлж 2 ширхэг дугуй авч гараад Өгөөмөр зах оруулж өгөөд эргэж тэр машинаараа дахин 2 ширхэг дугуйг нь аваад 300,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ганболдын 2016 оны 01 сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэцэгмаагийн “2016 оны 01 сарын 29-ний өдөр өгсөн: “... 2016 оны 01 сарын 24-ний орой Өгөөмөр зах дээр наймаагаа хийгээд хаах гэж байх үед эхлээд 1 өндөр шар залуу ирээд “дугуй зарна” гэхээр нь хойд зогсоол дээр очиж үзэхэд бас нэг намхан залуутай машинтай явж байсан. Тэгээд 300,000 төгрөгөөр зарна гэхээр нь авсан. Тэгээд тэр 2 залуугийн зургийг гар утсан дээрээ авсан. Хулгайн дугуй гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх.27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.73/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхбаярын өгсөн мэдүүлэг /хх.88-89/,
Хөрөнгийн үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-с гаргасан “Tranpath брэндийн 245x40x40 хэмжээтэй, гоёлын никель обудтай, хуучин дугуй нь 1,500,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх үнэлгээний тайлан /хх.94/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.А нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Централ-Эйшиан” ХХК-й агуулахад нэвтэрч, хохирогч Н.Цэндсүрэнгийн жийп автомашины гоёлын никел обудтай, “Tranpath” брендийн 4 ширхэг зуны дугуй хулгайлж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх.8-10/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэндсүрэнгийн 2016 оны 01 сарын 27-ны өдөр өгсөн: “... 2016 оны 01 сарын 25-ны өдөр ажил дээрээ ирсэн чинь манай үйлдвэрийн хашааны хаалга онгорхой, манаач А байхгүй, складны хаалганы цоож эвдрээд онгойчихсон байхаар нь орж үзсэн чинь миний машины 4 ширхэг дугуй алга байсан...” гэх мэдүүлэг /хх.22, 82-83/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Баттогоогийн 2016 оны 01 сарын 27-ны өдөр өгсөн: “... 2016 оны 01 сарын 26-ны өдөр Аоос энэ талаар асуухад “такси авч ирээд агуулахын цоожийг эвдэж ороод эхэлж 2 ширхэг дугуй авч гараад Өгөөмөр зах оруулж өгөөд эргэж тэр машинаараа дахин 2 ширхэг дугуйг нь аваад 300,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ганболдын 2016 оны 01 сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэцэгмаагийн “2016 оны 01 сарын 29-ний өдөр өгсөн: “... 2016 оны 01 сарын 24-ний орой Өгөөмөр зах дээр наймаагаа хийгээд хаах гэж байх үед эхлээд 1 өндөр шар залуу ирээд “дугуй зарна” гэхээр нь хойд зогсоол дээр очиж үзэхэд бас нэг намхан залуутай машинтай явж байсан. Тэгээд 300,000 төгрөгөөр зарна гэхээр нь авсан. Тэгээд тэр 2 залуугийн зургийг гар утсан дээрээ авсан. Хулгайн дугуй гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх.27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.73/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхбаярын өгсөн мэдүүлэг /хх.88-89/,
Хөрөнгийн үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-с гаргасан үнэлгээний тайлан /хх.94/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.
Э.Аын хулгайн гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хуулийг даган мөрдөж байсан бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд холбогдох заалт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих” ялаас тухайн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэсэн хулгайн гэмт хэргийн зүйлчлэлд дүйцэх заалт буюу Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ял нь харьцангуй хүндэрсэн байх тул уг хулгайн хэргийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй юм.
Иймд Э.Аыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Э.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Н.Цэндсүрэн нь хулгайд алдсан 1,500,000 төгрөгийн үнэтэй, автомашины 4 дугуйгаа буцаан олж авсан, шүүгдэгч Э.А нь хохирогчийн нэхэмжилсэн 300,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.А нь “Бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Э.Аод эрүүгийн хариуцлага оногдуулахад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Аын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон 47 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шарнууд овогт Э.Аыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аод эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Аод оногдуулсан нийт 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Аын урьд нь цагдан хоригдсон 47 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Э.А нь хохирогчийн нэхэмжилсэн 300,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Аод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР