Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 316/ШШ2026/00283

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 316/ШШ2026/00283

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг , Баянхаан 4 дүгээр хэсэг ******* тоотод оршин суух, Ж*******ын Б******* /РД:*******/ -ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр багт байрлах ******* ТӨХК /РД:*******/,

Хариуцагч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Интер оццис 3 давхар, ******* тоотод байрлах ******* ТӨХК-д тус тус холбогдох

*******ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* ТӨХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарын харуул хамгаалалтын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл, хариуцагч ******* ТӨХК-ийн итгэмлэгдсэн төлөөлөгч Б.Амартүвшин, хариуцагч ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түвшинзаяа, Э.Ганбүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие "*******" ТӨХК-ийн харуулын албан тушаалд анх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар түр томилогдож, 2027 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн Б/125 тоот тушаалаар үндсэн албан тушаалд томилогдож "*******" ТӨХК-ийн нийт 7 жил 6 сарын хугацаанд ажилсан байна.

Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил гаргахгүй ажлын байраны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгэж байсан.

"*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Батболд 03 дугаар сарын 28-нд надтай уулзахдаа "манай компанийн 4-н Харуулын ажилтаны орон тоог цөөрч хасагдсан. Та нар замчины албан тушаалд ажиллах уу гэхэд нь би тухайн үед нас 53 хүрсэн, грүппийн хүн тул замчин хийж дийлэхгүй болохоор санал болгосон ажилд нь ажилж чадахгүй, боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл захирал 04 дүгээр сарын 01-ний өдрөөр ажлаас чөлөөлөх тушаал гарна гэж хэлсэн.

Би 2025 оны 04 дүгээр сарын 01-09-ний өдрүүдэд ажилдаа ирэхэд ажлаас халах тушаал гараагүй, "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-иас тушаал шийдвэр албан ёсоор ирээгүй байна гэсэн хариу хэлдэг байсан.

Маргааш нь буюу 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа ирээд хамт ажлаас халагдаж байсан харуулын ажилтан болон хуулийн мэргэжилтэн, дотоод аудитын ажилтантай хамт гүйцэтгэх захирал М.Батболдын өрөөнд орж уулзахад захирал бүтэц орон тоо баталсан тушаал "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-аас ирээгүй байна. Манай компанийн 4-н харуулын ажилтан болон хуулийн мэргэжилтэн, дотоод аудитын албан тушаал хасагдаж байгаа. Тушаал шийдвэрүүд нь 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлж байгаа тул та нар энд ирээд хэрэггүй болов уу. Ажлаас халах тушаалын он, сар өдрийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр гарган тиймээс та нарын ажилд ирсэн хугацааны цалинг бодож өгч чадахгүй гэхэд нь хуулийн мэргэжилтэн, дотоод аудитын ажилтан бид нарыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахад бид нараас шалтгаалж гарахгүй байгаа асуудал байхгүй биз дээ өнөөдрөөр тушаалаа гаргаад өгчих, бид нар нийгмийн даатгалаас ажлаас халагдсан тэтгэмжээ авах хүсэлт өгөхөд тушаал гарснаас хойш 14 хоногийн дотор өгөх юм байна. Та тушаалыг 04 дүгээр сарын 01-ний өдрөөр өгөх юм бол бид нарын тэтгэмж авах хугацаа бараг дуусаж байна. Тиймээс өнөөдрөөр тушаал гаргаж өгөө гэхэд гүйцэтгэх захирал М.Батболд "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн бүтэц, орон тоо баталсан тушаал, албан тоотын бланк, тамга тэмдэг ирээгүй болохоор өнөөдөр тушаалыг чинь гаргаж өгч чадахгүй гэсэн.

Маргааш нь 04 дүгээр сарын 11-ний өглөө бичиг хэрэг Г.Мөнхзул миний гар утас руу залгаад гүйцэтгэх захирал "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай өчигдөр орой холбогдож та нарыг 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг өгөхөөр болсон тул тушаалыг чинь энэ өдрөөрөө гарахаар болсон та тушаалаа 04 дүгээр сарын 15-ны өдөр ирж аваарай гэж утсаар хэлсэн.

Ингээд 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад гүйцэтгэх захирал М.Батболд ажлаас халах тушаалыг уншиж өгөөд бичиг хэргийн ажилтан Г.Мөнхзул хурлын тэмдэглэл гэсэн хэвлэмэл баримтыг оруулж ирээд танд тушаал уншиж танилцууллаа энэ баримтад гарын үсэг зураад тушаалаа аваарай гэхэд нь хэвлэмэл баримтад гарын үсэг зураад тушаалаа аваад явсан.

"*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана.

Гэвч Ж.Б******* намайг ажлаас халахдаа "*******" ТӨХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд 2024 онд байгуулсан хамтын гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан боловч хамтын гэрээ болон Хөдөлмөрийн хуульд заасан хугацаанд ажлын байр орон тоо цөөрч хасагдсан талаар надад 30 хоногийн өмнө нь бичгээр мэдэгдэлгүй халсан.

Би Сүхбаатар сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргаж, уг гомдлын хурлыг 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдөр хуралдахад "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын менежер М.Батболд нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар болж орон тооны бүтцэд өөрчлөлт орсон тул ажилд буцаан авах боломжгүй гэсэн.

Сүхбаатар сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж өгсөн "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын гаргаж өгсөн баримтуудаас харахад "Харуул хамгаалалтын ажилтаны" хоёр орон тоо байсаар байхад үндсэн харуул хамгаалалтын 4-н ажилтанг ажлаас нь халж оронд нь гэрээт гүүр арчлагч болон сахиул нарыг "Харуул хамгаалалт"-ын албан тушаалд шилжүүлэн томилсон байдаг.

"*******" ТӨХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тушаалыг гаргахад үндэслэл болгож байгаа баримтуудаас харахад "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр болж хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй, М.Батболд нь Менежерээр томилогдож гэж Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэтэл хуулийн этгээдийн эрхгүй "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар, түүний менежер М.Батболд томилогдсон байж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тоот тушаалыг "*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Батболд гэж намайг ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ба энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэд, хэдэн зүйл заалтыг зөрчиж миний эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд *******ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* ТӨХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарын харуул хамгаалалтын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Ж.Б******* нь ******* ТӨХК-д 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/100 тушаалаар харуулын албан тушаалд томилогдож, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/125 тушаалаар харуулын албан тушаалд жинхлэгдэн ажилласан. 8 жил 7 сарын хугацаанд ажиллахдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Үнэнч шударгаар ажлаа гүйцэтгэж явсан. ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б/13 дугаар тушаалаар Ж.Б*******ыг ажлаас цуцалж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж ажлаас нь халсан байдаг. Тухайн үед гүйцэтгэх захирал Батболд нь ажилтантай уулзахдаа манай компани нь татан буугдаж, хуулийн этгээдийн эрхгүй болсон, Авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн Сэлэнгэ салбар болж, харуулын албан тушаал байхгүй болсон тул та ажлаас чөлөөлөгдөж байна гэсэн байдаг.

Нэхэмжлэгч Ж.Б******* нь ******* ТӨХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Автозамын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын Харуул хамгаалалтын албан тушаал-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ******* ТӨХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, дээрх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм.

******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан аж ахуй нэгж, байгууллагын харъяа, хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн ч ажилтнб хөдөлмөр эрхлэлт харилцааг дуусгавар болгох үндэслэл болохгүй гэсэн заалт бий. ******* ТӨХК нь хуулийн этгээдийн эрхгүй болж Автозамын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар болж ажлын байх байхгүй болсон гэх үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Автозамын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/45 дугаар тушаалаар харуулын албан тушаалд үндсэн 2 орон тоо байхад 4 харуулаа ажлаас халсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгийн дэх хэсэгт зааснаар Ж.Б*******ыг ажлаас халсан байдаг. Уг зүйл заалтаар халсан тохиолдолд ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой гэсэн заалтыг мөн хариуцагч нар нь зөрчсөн.

******* ТӨХК нь 40-50 ажилтны орон тоотой үйл ажиллагаа явуулдаг байсан. 4 харуул, 1 хуулийн мэргэжилтнийг ажлаас халсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан бөөнөөр нь халах заалт бас явагдаж байгаа юм. Бөөнөөр нь халж байгаа тохиолдолд мөн ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдээгүй ажлаас халсан.

Ажлаас халах тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, Ж.Б*******т харуулын 2 орон тоо байгаа талаар мэдэгдээгүй. Зөвхөн хүнд нөхцөлд хамаарах замчны ажлын байрыг санал болгосон.

Гэтэл Ж.Б******* нь хөдөлмөрийн чадвараа 60 хувиа алдсан, группт байдаг бөгөөд хүнд нөхцөлд ажиллах боломжгүй, өндөр настай гэдгийг мэдсээр байж хэлбэрийн төдий ажлын санал болгосон гэж үзэж байна. 53 настай, тэтгэвэртээ гарах гэж байгаа хүн зам дээр зогсож замчин хийх боломжгүй. Гэтэл санал тавьсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон гэж байна. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасныг үндэслэл болгож ажлаас халсан. Харилцан тохиролцоогүй байж харилцан тохиролцсон гэж байгаа нь үндэслэлгүй.

Хуулийн этгээдийн хэлбэр, агуулга өөрчлөгдсөн нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. 2025 оны 08 дугаар сард эрхгүй болсон гэж байна. 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн эрхтэй байсан бол яагаад 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй вэ. Хурлын тэмдэглэл эрх зүйн акт биш шүү дээ. Процессын дагуу хуулийн хүрээнд явагдах ёстой. Б/13 тушаалыг захирал өөрөө танилцуулсан. Танилцуулсны хувьд ямар нэгэн гомдол байхгүй гэжээ.

Хариуцагч ******* ТӨХК -ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түшинзаяа нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Иргэн Ж.Б******* нэхэмжпэлтэй Авто замын засвар, арчлалтын нэгтгэл" ТӨХК, түүний Сэлэнгэ аймаг дахь салбарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ:

******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 5/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, харуул хамгаалалтын ажилд эргүүлэн томилуулах, мөн хугацааанаас хойшхи хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй тухайд:

Авто замын засвар, арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 25/07 дугаартай Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол, Авто замын засвар, арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/35 дугаартай Сэлэнгэ аймаг дахь салбарын бүтэц зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тушаалаар иргэн Ж.Б*******ын ажиллаж байсан харуул хамгаалалтын ажлын байр хасагдсан болно.

Дээрх шийдвэрүүдийн дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсгийг баримтлан Авто замын засвар, арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын Харуул хамгаалалтын ажилтан Ж.Б*******ыг 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн Б/13 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан бөгөөд одоогоор нэхэмжлэлд дурдсан албан тушаалд Т.Нямаа гэх хүн ажиллаж байгаа тул түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг томилох, эсхүл шинээр харуул хамгаалалтын албан тушаалыг нэмэх эрх зүйн боломж байхгүй тул хэрэгжих боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн зарим шаардлага тодорхойгүй тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах гэжээ. ИХШХШтХ-ийн 62.1-т Нэхэмжлэлд дараах зүйлсийг тусгасан байна, мөн зүйлийн 62.1.5.-Т нэхэмжлэлийн үнэ мөн хуулийн 63 дугаар зүйл нэхэмжлэлийн үнийг тодорхойлох, 63.1.Нэхэмжлэлийн үнийг дараахь байдлаар тодорхойлно, 63.1.1-мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр; гэжзаасан ба нэхэмжлэгч санхүүгийн ямар аргачлалаар, хэдэн төгрөг нөхөн олгуулах талаар дурдаагүй байгаа нь нэхэмжпэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжпэлд дурдсан шаардлага нь үндэслэлгүй, үйл баримтууд нь холбогдох нотлох баримтын шаардлага хангаагүй.

Автозамын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25/05 дугаартай компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол, Автозамын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/35 дугаартай Сэлэнгэ аймаг дахь салбарын бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тушаалаар Ж.Б*******ын ажиллаж байсан харуулын албан тушаалыг хассан тул Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Нэхэмжлэгч Ж.Б*******тай гүйцэтгэх захирал М.Батболд 03 дугаар сарын 28-ны өдөр уулзаж замчны ажлын байрыг санал болгоход би 53 нас хүрсэн учраас замчны ажил үүргийг дийлэхгүй, санал болгосон ажилд ажиллаж чадахгүй гэсэн гэжээ.

Хариуцагч ******* ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч талаас маргаан бүхий Б/13 тоот тушаалыг хүчингүй тухай 2 үндэслэлээр тайлбарлаж ярьдаг. Нэгдүгээрт, хуулийн этгээдийн эрхгүй учраас уг шийдвэр хууль бус гэж, хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр хууль бус гэж тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт, ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболд нь тухайн ажиллаж байсан Ж.Б*******ыг ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй тухайд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын 220 дугаар тогтоол, Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын 661 дүгээр тогтоолуудаар 21 аймагт байрлах Авто зам, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 24 компанийг Компанийн тухай хуулийн 19.1-т заасны дагуу нийлүүлж шинээр компани бий болгох тушаал гарсан байдаг.

Өөрөөр хэлбэл, 2 тогтоол гарсны дараа 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уг компани шинээр улсынх бүртгэлд бүртгэгдсэн. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр салбар нэгжийнхээ гэрчилгээг гардаж авч, тамга тэмдэг, хяналтын дугаар олгогдож нэлээдгүй хугацаа орсон. Нэхэмжлэгчийн зүгээс хуулийн этгээдийн эрхгүй болсон атлаа ******* ТӨХК-иар гаргаж байгаа талаархи асуудлыг яриад байгаа юм. Компанийн тухай хуулийн 19.1-т заасан зохицуулалтаар эрх бүхий байгууллагы тогтоол, шийдвэр гарснаар шинээр байгуулагдсанд тооцно гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр Төрийн өмчит компаниуд бүгдээрээ 1 компани болсон гэсэн үг. Энэ нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр АЗЗА Нэгтгэл компани ******* ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх удирдлагаас ирүүлсэн тушаал шийдвэр буюу гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаалыг Б.Батболд гүйцэтгэх үүрэгтэй. Нөгөө талаараа салбар болсон атлаа хуулийн этгээдийн эрхгүй гэх асуудлыг ярьдаг. 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлиийн 25/07 тогтоол байдаг. Уг тогтоолоор тухайн салбарын үйл ажиллагааны журмыг баталсан.

Уг журмын 5.5-т итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэдгийг заасан. Мөн 5.8 болон 6.22-т хүний нөөцийг удирдах албан тушаалтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх нь олгогдсон. Уг хоёр үндэслэлээр Ж.Б*******ыг ажлаас чөлөөлөх эрх, үүрэг нь байсан. Хэлбэрийн хувьд АЗЗА нэгтгэл ТӨХК-ийн албан бичиг нь 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр АЗЗА ТӨХК татан буугдсан.

Хавтаст хэргийн 82 дугаар талд энэ талаар тусгагдсан. Тэгэхээр хуулийн зөрүүтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Нэгдүгээрт, ******* ТӨХК бүртгэл байх хугацаанд дунд нь АЗЗА нэгтгэл компани байгуулагдаж, салбар нэгжээ байгуулаад явж байсан. Одоог хүртэл явж байгаа юм. Үүний дараа АЗЗА ТӨХК татан буугдах хугацаа гарч байгаа юм. Компанийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд, нарийвчилсан хууль буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийг баримтлах ёстой. Хуулийн этгээдийн эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хасалт хийгдэх, эсхүл татан буугдаснаар эрх, үүрэг нь дуусгавар болдог онцлогтой. ******* ТӨХК нь 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр татан буугдсан. Энэ өдрөөс тус компанийн эрх зүйн чадвар байхгүй болсон. Хэлбэрийн хувьд Б.Батболд нь Ж.Б*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ******* ТӨХК-ийн зүгээс байгуулсан. Харин гэрээг цуцлахдаа АЗЗА нэгтгэл ТӨХК-ийн салбарын менежер гэж цуцлах нь хэлбэрийн хувьд зохимжгүй, үндэслэлгүй нөхцөл байдал байгаа юм. ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Батболд нь хувьцаа эзэмшигч байгууллага, холбогдох тушаал, шийдвэрийг биелүүлэх үүргийн хүрээнд ч тэр салбар төлөөлөгчийн менежерийнхээ хувьд дотоод журамд заасны дагуу тухайн ажилтныг халах эрх нь бүрэн байгаа юм. Эрхгүй этгээд тушаал гаргасан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, тус хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж заасан. Өнгөрсөн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс ажиллаж байгаа цалингийн тодорхойлолт, мөн Сэлэнгэ аймаг дахь нийгмийн даатгалын хэлтсээс цалин хөлсний тодорхойлолт гаргуулах хүсэлт гаргаж, тус хүсэлтийг шүүхээс хангасан.

Холбогдох байгууллагуудаас ирсэн баримтуудыг харахад Ж.Б******* нь 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа юм. Тэгэхээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах гэх шаардлагын тухайд тооцох боломжгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэлийн хувьд 30 хоногийн дотор мэдэгдээгүй гэж байна.

З.Түвшинзаяагийн гаргаж өгсөн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл бий. Уг тэмдэглэлд Ж.Б******* нь гарын үсэг зурахдаа холбогдох ямар нэгэн санал байхгүй, уг тушаалыг хүлээн зөвшөөрч байна гэдэг. Маргаан бүхий Б/13 тушаалын 2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ цуцлах болсныг ажилтан, ажил олгогч нар тохиролцсон болсныг дурдсугай гэж байгаа юм. Уг хугацааг харилцан тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ цуцлахтай холбоотой шаардлагыг тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй байсан бол Ж.Б******* нь уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тэмдэглэл тусгаж, гарын үсэг зурах бүрэн боломжтой байсан. Уг баримтаас харахад Ж.Б******* нь уг тушаалыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал харагддаг. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой хугацааг харилцан тохиролцсонтой холбоотойгоор маргаан бүхий тушаалын 3 дахь хэсэгт Ж.Б*******т Хөдөлмөрийн тухай хуулийн 82-т зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, ажилтантай тохиролцсон байхад заавал бичгээр мэдэгдэх шаардлагагүй.

Хоёрдугаарт, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай шаардлагын хүрээнд Ж.Б*******ыг 4 сард халаад 5, 6, 7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Ж.Б******* үргэлжлүүлээд Сэлэнгэ аймаг дахь хот тохижилтын газар ажилласан байдаг. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлага үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч ******* ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш улсын бүртгэлээс хасагдсан болон татан буугдсанаар хуулийн этгээд байх эрхээ алддаг. Та болохоор 04 дүгээр сарын тушаалыг хараад хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тушаал гаргасан гэж маргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуултаа асуугаад өөрөө өөртэйгөө мэтгэлцэж байна. 3 төлөөлөгч Автозамын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийг төлөөлж оролцож байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа 04 дүгээр сарын актыг хуулийн этгээдийн эрхгүй этгээд буюу гүйцэтгэх захирал М.Батболд гаргасан нь үндэслэлгүй гэж ярьж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбүрэн тайлбартаа хангалттай дурдсан гэж үзэж байна. Компанийн тухай хууль, Иргэний хууль, болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудаар компанийг нийлүүлэх, бүртгэх, татан буулгах тухай нарийвчилсан хуулийн зохицуулалт бий. ******* ТӨХК нь хуулийн этгээдийнхээ хувьд 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлээс хасагдсан байгаа юм. Тэгэхээр 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хууль зүйн хувьд хуулийн этгээд хэвээрээ байсан гэсэн үг.

2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн маргаан бүхий Б/13 тоот тушаал нь ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй тушаал гарсан байдаг. Опэндата.мн-ээс харвал ******* ТӨХК хуулийн этгээд хэвээрээ байсан гэдэг нь хангалттай нотлогддог.

Маргааны агуулгыг 2 хувааж ойлгохгүй бол болохгүй байна. ******* ТӨХК нь Автозам арчлалт засварын нэгтгэл ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 25/06 тоот тушаалаар Сэлэнгэ салбар байгуулагдсан. ******* ТӨХК нь хуулийн этгээдийнхээ хувьд татан буугдаад салбар байгууллага шилжихийн тухайд төрийн өмчид ажиллаж байгаа бүх албан тушаалтнуудыг чөлөөлөх эрх зүйн үндэслэл үүссэн.

Өөрөөр хэлбэл, ******* ТӨХК-ийн хөдөлмөрийн харилцаа дууссан гэсэн үг. Маргаан бүхий Б/13 тоот тушаалыг үзвэл хэлбэрээ өөрчилж байгаагийн тухайд ажилчдаа чөлөөлөөд байгаа юм. А/35 тоот тушаалд 2 орон тоо байна, яагаад уг орон тоод ажилд авч болоогүй вэ? гэх тухайд салбарын зохицуулалт буюу хуулийн этгээдийн эрхгүй байгууллага руу шилжиж байгаа гэсэн үг. АЗЗА ТӨХК нь 20 аймагт салбар төлөөлөгчийн газраа байгуулж, тухайн салбар төлөөлөгчийн газарт буцаагаад ажиллах ажилчдыг шинээр ажилд авах харилцаа үүссэн. Э.Ганбүрэн төлөөлөгчийн дурдсанчлан АЗЗА ТӨХК-аас олгосон эрхийн хүрээнд салбар төлөөлөгчийн удирдлага нь ажилчдаа томилох, чөлөөлөх эрхийнхээ хүрээнд тухайн ажилчдыг авсан гэсэн үг. Тухайн батлагдсан бүтэц, орон тоонд хэнийг авах нь тухайн албар төлөөлөгчийн дотоод зохион байгуулалтын асуудал юм. Чөлөөлөх асуудлын хүрээнд бид уг шүүх хуралдаанд оролцож байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн товч агуулга хэсгийн 4 дэх хэсэгт өөр сул орон тоо санал болгосон гэдгийг дурдсан бөгөөд замчны орон тоод авах боломжтой гэж ажил олгогчийн зүгээс санал болгосон байдаг.

******* ТӨХК нь бүтцийн хувьд өөрчлөлт хийж байгаа учраас бүх ажилчдаа чөлөөлсөн. Буцаагаад тухайн салбарын орон тоод нийцүүлэн ажилчдаа авах боломжтой байсан бөгөөд боломжтой сул орон тоог нэхэмжлэгчид санал болгосон. Нэхэмжлэгч уг сул орон тоогоос татгалзсан, татгалзсан тухайгаа нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч уг тушаалтай танилцаад өөрөө гарын үсэг зурж, хүлээгээд авсан байдаг. Үүнийг үндэслэн маргаан бүхий Б/13 тоот тушаал гарсан. Тухайн тушаалын 2 дахь хэсгээс харвал ажилтантай харилцан тохиролцсон болохыг дурдсугай гэж заасан. Мөн тушаалын 3 дахь заалтаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжийг олгоё гэсэн байдаг. Үүнээс үзэхэд Ж.Б******* нь ажил олгогчтой харилцан тохиролцсон гэж үзэхээр байгаа юм. Одоо Ж.Б******* ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь харилцан тохиролцсон болох нь нотлогддог. Мөн тэтгэмжээ авсан нь Б/13 тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгч Ж.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Ж.Б******* нь ******* ТӨХК , ******* ТӨХК-д тус тус холбогдуулан *******ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* ТӨХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарын харуул хамгаалалтын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажлын байр орон тоо цөөрч хасагдсан талаар надад 30 хоногийн өмнө нь бичгээр мэдэгдээгүй.

-Автозамын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/45 дугаар тушаалаар харуулын албан тушаалд үндсэн 2 орон тоо байхад 4 харуулаа ажлаас халсан.

-53 нас хүрсэн, группийн хүнд замчингийн ажил санал болгосон

- хуулийн этгээдийн эрхгүй этгээд намайг ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Ж.Б*******ыг Сэлэнгэ авто зам арчлалт төрийн өмчит хувьцаат компаний захирлын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/125 дугаар тушаалаар харуулаар, томилон ажиллуулж байсан байна.

3. Монгол улсын засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаартай авто замын засвар арчлалтын компаниудыг өөрчлөн байгуулах зарим арга хэмжээний тухай тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 661 дугаартай авто замын засвар арчлалтын нэгтгэл төрийн өмчит хувьцаат компаний харъяа 20 охин компанийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ******* төрийн өмчит хувьцаат компанийн орон нутаг дахь салбар байгууллага болгон зохион байгууллалтын арга хэмжээ авах тогтоол, авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25/06 дугаартай компаний салбар байгуулах, салбарын үйл ажиллагааны журам батлах тухай тогтоол, ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн авто замын арчлалтын нэгдэл төрийн өмчит хувьцаат компанийн харъяа 20 компанийг тус компаний орон нутаг дахь салбар болох зохион байгууллалтын шийдвэр гарснаар хариуулын ажлын байр хасагдсан гэсэн үндэслэлээр нэр бүхий 4 хүнийг ажлаас чөлөөлсний дотор нэхэмжлэгч Ж.Б******* багтжээ.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан бөгөөд орон тоо цөөрсөн гэдэгт ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгоно.

5. Хариуцагчаас маргаан бүхий Б/13 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82.1, Монгол улсын засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаар тогтоол, авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25/06 дугаар тогтоол,Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 661 дугаар тогтоол, ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар хэсгийн 11 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн байна./хх-ийн 27 тал/

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан,

6.1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаар тогтоолоор ... авто замын засвар арчлалтын ажил эрхэлдэг энэ тогтоолын хавсралтад заасан төрийн өмчит 20 компанийг нийлүүлэн авто замын засвар арчлалтын нэгдэл төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсугай... гэж шийдвэрлэсэн./хх-ийн 133 тал/

6.2. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 661 дугаар тогтоолоор Авто замын засвар арчлалтын нэгдэл төрийн өмчит хувьцаат компаний харъяа 20 охин компанийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авто замын засвар арчлалтын нэгдэл төрийн өмчит хувьцаат компаний орон нутаг дахь салбар байгууллага болгон зохион байгуулалтын арга хэмжээг авахаар шийдвэрлэж, дүрмийг хавсралтаар баталсан байна./хх-ийн 134-142 тал/

6.3. авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25/06 дугаартай компаний салбар байгуулах, салбарын үйл ажиллагааны журам батлах тухай тогтоолоор авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг орон нутагт эрхлэн явуулах үүрэг бүхий 20 20 салбарыг 1 дүгээр хавсралтаар байгуулсан бол салбарын үйл ажиллагааны жишиг журмыг 2 дугаар хавсралтаар баталжээ./хх-ийн 143-150 тал/

6.4. Авто замын засвар арчлалтын нэгдэл ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/35 дугаартай тушаалаар авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын бүтэц , зохион байгуулалтыг 1 дүгээр, орон тооны дээд хязгаарыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан бол харуул хамгаалалтын ажилтаны орон тоог 2 гэж тогтоосон байна./хх-ийн 154-156 тал/

7. Хэрэгт цугларсан дээрх үйл баримтаар авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын бүтэц, зохион байгуулалтыг 1 дүгээр, орон тооны дээд хязгаарыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан бол харуул хамгаалалтын ажилтаны орон тоог 2 болгож өөрчилжээ.

7.1. Уг шийдвэрээр үндсэн ажилтны тоог багасгасан байх тул орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д нийцсэн гэж үзнэ.

7.2. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас хариуцагч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай нэхэмжлэгчид 30 хоногийн дотор мэдэгдээгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал танилцуулсан уулзалтын тэмдэглэл гэх баримтад Ж.Б******* нь ... надад гомдол санал байхгүй, гүйцэтгэх захирлын тушаалыг хүлээн зөвшөөрч байна ... гээд гарын үсэг зурсан байх бөгөөд энэхүү Б/13 тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр тохиолцож дуусгавар болгожээ.

7.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалт нь 10-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахаар зохицуулалт тул зохигчид хэлэлцэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр тохиолцож дуусгавар болгож, түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгосон нь хуульд нийцсэн байна.

7.4. Тушаалд хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацааг ажилтан нь ажил олгогчтой тохиролцсон болохыг дурьдаж, Ж.Б*******т хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж, ажилласан хугацааны ээлжийн амралтыг олгож шийдвэрлэснийг үгүйсгэх боломжгүй байна.

8. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн *******ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* ТӨХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарын харуул хамгаалалтын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага үндэслэлгүй байна.

Иймд түүний дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б*******ын хариуцагч ******* ТӨХК, ******* ТӨХК-д тус тус холбогдох *******ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* ТӨХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарын харуул хамгаалалтын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ