| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/01456/И |
| Дугаар | 316/ШШ2026/00304 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 316/ШШ2026/00304
| 2026 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 316/ШШ2026/00304 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дэлгэрхаан баг Дэнжийн ******* тоотод оршин суух, Х******* овгийн Б*******гийн Б*******э /РД:*******/-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр багт байрлах Сэлэнгэ аймаг дахь *******ид холбогдох
Сэлэнгэ аймаг дахь *******ийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/61 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А*******, хариуцагч Д.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б*******э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие нь 2017 онд хариуцаг байгууллага буюу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСУТ-д /өмнөх нэршил/ хуний нөөцөөр ажилд ороод улмаар 2018 онд хяналт шинжилгээ мониторинг хариуцсан ажилтан, 2021 онд албан тушаалын нэр өөрчлөгдөж дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ахлах ажилтнаар тус тус ажиллаж байсан. Засгийн газрын 306 дугаар тогтоолоор Шаамар МСУТ, Сэлэнгэ МСУТ нь нэгдэж "Сэлэнгэ аймаг дахь *******" нэртэй болсон.
Одоогийн захирал Д.З******* нь ажилд орсон цагаасаа хойш үндэслэлгүйгээр дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ахлах ажилтнаас чөлөөлж 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар дотуур байрны багшаар ажиллуулсан. Улмаар Сэлэнгэ аймаг дахь *******" захирал Д.З*******гийн гаргасан 2025.09.30-ны өдрийн Б/61 дугаартай "Ажлаас чөлөөлөх" тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан.
Тушаалын хувийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гардуулж өгснөөр мэдсэн. Тушаалын агуулга нь байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт хийсэнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлсөн нь дараах хуулийн заалтуудтай нийцэхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т "аж ахуй нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан,ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгог хөдөлмөрийн гэрээг цуцлах заалттай.
Гэтэл яг бүтэц орон тоо цөөрөх болсон үндэслэл, албан бичиг, дүрэм журмыг танилцуулаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан "...80.1.1...-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ... гэснийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т "ажил олгог ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэх хугацааг заана... гэснийг мөн зөрчсөн байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь *******" захирал Д.З*******гийн 2025.09.30-ны өдрийн Б/61 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах/шүүхийн шийдвэр гарах үеийн өдрийг хүртэлх/, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... 2025 оны 11 сарын 04-ны өдөр тус байгууллагаас ажлаас чөлөөлөгдсөн Баяндоо овогтой Б*******ийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч танилцсан. Манай байгууллагын зүгээс Б.Б*******э багшийн гаргасан уг нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. 2024 оны Б/31 тоот тушаалаар үндэслэлгүйгээр дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ажилтан ажлын байрнаас чөлөөлж, дотуур байрны багшаар ажиллуулсан гэсэн тухайд:
Монгол улсын Засгийн газрын 2023 оны 08 сарын 23-ны өдрийн дугаар 306 тоот тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шаамар сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллеж болгон нэгтгэсэн. Үүнтэй холбоотой зарим ажлын байруудад давхардал үүссэн бөгөөдтухайн ажилтнуудтай Захиргааны зөвлөл нэг бүрчилэн уулзаж зөвшилцсөний үндсэн дээр өөр ажлын байранд сэлгэн ажиллуулах зохицуулалтууд хийгдсэн. 2024 оны 1 сарын 25-ны өдрийн байгууллагын бүтэц орон тоог захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн зарим орон тоог хавсран гүйцэтгэхээр шийдвэрлэсний дотордотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ажилтны ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр баталсан.Тухайн үед нэхэмлэл гаргагч нь Шаамар сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ахпах ажилтан орон тоон дээр ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын мэргэшил дуршлага гэсэн хэсгүүдэд тавигдсан тусгай шаардлагуудыг хангаагүй байсан тул өөртэй нь зөвшилцсөний үндсэн дээр дотуур байрны багшаар томилсон.
2. 2025 оны 09 сарын 30-ний өдрийн Б/61 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцаа цуцалсан гэсэн тухайд:
Манай байгууллагын бүтэц, орон тоо тухайн хичээлийн жилийн суралцагчийн элсэлтийн тооноос хамаардаг бөгөөд үүнтэй уялдуулан бүтэц орон тоогоо баталдаг. Мөн түүнчлэн дотуур байранд ажиллах багш ажилтны тоо, нормативыг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин үйлчилгээ.
Ерөнхий шаардлага МЫЗ 6890:2020 стандартын 6 дугаар хэсэг дэх Хүний нөөцөд тавих шаардлагын 6.2-т 50 хүртэлх сурагч тутамд нэг багштай байна. 6.3-т Багш нь нийгмийн ажилтан эсвэл багш мэргэжилтэй, хүүхэд, өсвөр үе, залуучуудтай 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, тэдэнтэй ярилцах, ойлголцох, харилцах ур чадвартай байх гэсэн стандартын баримтлан ажилладаг.
Тус стандартыг мөрдөн ажиллахад дотуур байрны багш нарын ажлын байрны асуудал хөндөгдсөн тул 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Даваа гаригт 16 цагаас дотуур байрны 6 багш, захирал, бичиг хэргийн ажилтан, сургалтын менежер, хүний нөөцийн ажилтан нар уулзалт хийж, 2025 оны 03 сард Боловсролын ерөнхий газраас ирсэн гүйцэтгэлийн үнэлгээний мэргэжилтэн стандартаа мөрдөж ажиллах чиглэл өгсөн, байгууллагын магадлан итгэмжпэлд ороход дотуур байранд 3 багш л байх болж байгаа тул намар дотооддоо сонгон шалгаруулалт явуулна гэдгийг танилцуулсан.
2025 оны 09 сарын 03-ны өдөр дотуур байр 70 хүүхэдтэй 6 багштай байгаа тул дотооддоо сонгон шалгаруулалт явуулж, тэнцээгүй багш нарт жижүүрийн ажил санал болгохыг хурал дээр танилцуулсан.
2025 оны 09 сарын 17-ний өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудад дотуур байрны багш нарын асуудлыг оруулсан бөгөөд сонгон шалгаруулалт явуулж 3 багшийг сонгон шалгаруулах, тэнцээгүй багш нарт жижүүрийн ажлын байрыг санал болгохоор болсон. Сонгон шалгаруултын зарыг 6 багшид өгч багш нар шалгаруултанд орох өргөдлүүдээ өгсөн бөгөөд багш Ж.Хүрэлхүү сонгон шалгаруултанд орохгүй гэдгээ мэдэгдсэн. Дотуур байрны багшийн сонгон шалгаруулалтыг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/41 захирлын тушаалаартомилогдсон ажлын хэсэг зохион байгуулсан бөгөөд хичээлийн А байрны 2 багшаас 1-ийг сонгон шалгаруулах, хичээлийн Б байрны 4 багшаас 2-ийг сонгон шалгаруулна гэдгийгтанилцуулсан.
Ийнхүү Б.Б*******э багш нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин үйлчилгээ. Ерөнхий шаардлага ММ5 6890:2020 стандартыг хангуулах хүрээнд бусад багш нарын адил бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх болсон бөгөөд тухайн үед өөрт нь дотуур байрны жижүүр, монгол хэл уран зохиолын багшийн ажлуудыг санал болгосон ч хийхгүй гэдгээ мэдэгдсэн тул ажлаас чөлөөлсөн.Дээрх бүх үйл ажиллагааны хүрээнд Б.Б*******э тэтгэмж авч ажлаас чөлөөлөгдөхөө илэрхийлж, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл гаргаж улмаар 7,070,000,0 /долоон сая далан мянган /төгрөгний тэтгэмжийг байгууллагын төсвөөс олгосон.
2025 оны 10 сарын 8-ны өдөр захирал, сургалтын менежер, арга зүйч нарын хамт хичээл А байран дээр дотуур байрны багш жижүүрүүдтэй уулзалт хийсэн бөгөөд Б.Б*******э багшийг дуудажтушаал танилцуулах гэсэн ч би байхгүй байна, Улаанбаатар хотод ажилтай явна гэдэг тайлбар өгсөн, маргааш очиж уулзана гэдгээ хэлсэн. Тус өдрийн хуралд А байрны багш Б.Отгонжаргал, жижүүр Нямгэрэл, Долгорсүрэн нартай уулзсан бөгөөд хүүхдийн тооноос хамаарч бүтэц орон тоонд орсон өөрчлөлтийг танилцуулсан. Цаашид үүнтэй уялдан ямар өөрчлөлтүүд хийгдэх талаар мэдээлийг хүргүүлсэн.
2025 оны 10 сарын 09-ны өдөр багш Б*******э ирж уулзсан бөгөөд сонгон шалгаруулалтын дүн, тушаал шийдвэрийн талаар ярилцаж тушаалтай танилцан хүлээн авсан. Дотуур байрны жижүүрээр ажиллахгүй гэсэн бөгөөд үндсэн мэргэжилтэй холбоотойгоор Монгол хэл-уран зохиолын багш дутагдалтай байгаа тул үндсэн мэргэжпийн ажлаа хийх үү гэдэг санал тавихад мөн хийхгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед өөрийнх нь төрийн албан хаагчийн хувийн хэргийн материалтай танилцаж байхад ширээн дээр байсан төрийн албан хаагчийн хувийн хэргээ миний юм, би өөрийнхөө юмыг авна гээд авч явсан.
2025 оны 10 сарын 20-ны өдөр хичээлийн А байрны үйл ажиллагаатай холбоотой хурал болсон бөгөөд уг хуралд сургуулийн захирал Д.З*******, сургалтын менежер Л.Солонго, сургалтын арга зүйч М.Тогоохүү, Г.Уугантуяа, байрны багш Б.Отгонжаргал, Б.Б*******э, тогооч Эрдэнэцэцэг нартай уулзав. Уг хурлаар А байрны дотуур байр 1 хүүхэдтэй байгаа тул цаашид дотуур байрны тогооч, багш ажиллах боломжгүй гэдгийг танилцуулсан.
2025 оны 10 сарын 21-ний өдөр багш Б.Б*******э сургуулийн захирлын хувь чатаар өргөдөл илгээсэн бөгөөд өмнө нь ажиллаж байсан дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ажилтан ажлын байранд эргүүлэн ажиллуулж өгнө үү байсан бөгөөд уг албан тушаалд тавигдах шалгуур шаардлагад тохирох эсэх талаар судлах гэхэд хувийн хэргээ аваад явсан, надтай хувь чатаар холбогдоход нь 2025 оны 10 сарын 28-ны өдөр хувийн хэргээ авчирч өгөх талаар хэлэхэд би аваагүй тэр чинь миний сонгон шалгаруулалтанд өгсөн материалаа авсан гэсэн бөгөөд хувийн хэргээ, дипломны эх хувьтайгаа авчирч өгнө үү гэсэн бөгөөд 29-ны өдөр авчирч өгнө гээд авчирч өгөөгүй.
3.Бүтэц орон тоо цөөрөх болсон үндэслэл, албан бичиг, дүрэм журмыг танилцуулаагүй гэсэн тухайд:
2025 оны 03 сард БЕГ-аас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг орон даяар зохион байгуулсан бөгөөд уг үнэлгээний үеэр стандартаа мөрдөж ажиллах, байгууллагын магадлан итгэмжлэлд орох талаар үүрэг чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор дотуур байрны стандартыг мөрдөх ажлууд хийгдсэн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жил дууссаны дараа дотуур байрны 6 багштай 2025 оны 06 сарын 02-ны өдөр уулзалт хийж, 2025 оны намар дотооддоо сонгон шалгаруулалт хийнэ гэдгийг мэдэгдсэн. Мөн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн багш ажилтнуудын хуралд танилцуулсан.Улмаар 2025 онч 10 сарын 29-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2025-2026 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт дууссантай холбоотойгоор элсэгчийн тоотой уялдуулан бүтэц орон тоогоо баталсан.
4.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэснийг зөрчсөн гэсэн тухайд:
Дотуур байрны багш нарын сонгон шалгаруулалт болсны дараа сонгон шалгаруулалтанд орсон болон ороогүй ажилтнуудад 2025 оны 09 сарын 19-ны өдрийн Баасан гаригт сонгон шалгаруулалтын дүнг танилцуулан, тэнцээгүй болон сонгон шалгаруултанд оролцоогүй багш нарт 2025 оны 09 сарын 30-ны өдрөөр дотуур байрны багшийн ажлын байрнаас чөлөөлж байгааг мэдэгдсэн. Тус сонгон шалгаруулалтанд багш Б.Б*******э нь хичээлийн 1-р байр буюу Шаамар суман дахь дотуур байрны багшийн ажлын байранд багш Б.Отгонжаргалын хамт оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дүнгээр Б.Отгонжаргал багш нь илүү оноо авч тэнцсэн тухай ажлын хэсэг дээрх багш нарт танилцуулан хуралдаж мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөгдөхөөр болсон дотуур байрны багш Б.Бат- Эрдэнэ, А.Халиун, Ж.Хүрэлхүү нарт 2025 оны 10 сарын 1-нээс дотуур байрны жижүүрийн албан тушаалыг санал болгосон. Ж.Хүрэлхүү, А.Халиун багш нар жижүүрээр ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Б.Б*******э багш хариу өгөөгүй. Иймээс 2025 оны 09 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тушаал гарсан бөгөөд багш нарт тушаалыг танилцуулсан. Тухайн өдөр Б.Бат- Эрдэнэ багш тушаалтайгаа танилцаагүй бөгөөд эхлээд би захиралтай уулзана гэж захирлын өрөөнд уулзаад тэгээд гараад явсан. Улмаар тушаалтайгаа танилцахгүй байсан тул удаа дараа утсаар ярьж сануулахад Улаанбаатарт ажилтай байна, би захиралтай ярьсан гэдэг тайлбар өгсөн.
5.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлцэх хугацааг заана гэснийг зөрчсөн гэсэн тухайд:
2025 оны 09 сарын 30-ний өдрийн Б/61 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцаа цуцалсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллежийн захирлын 2025 оны 11 сарын 04- ний өдрийн А/48 тоот тушаалаар байгуулан ажлыг хүлээлцүүлсэн гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б*******э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дотуур байрны багшийн ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа ажлын байраар хангуулах, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай гэж заасан.
Миний ажлаас халагдах болсон үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан ...орон тоо цөөрсөн... гэсэн. Манай байгууллагын бүтэц, орон тоо цөөрөөгүй. Дотуур байрны багшийн албан тушаал байгаа юм. Бүтэц, орон тоогоо батлаагүй байж надаас сонгон шалгаруулалт авсан. Сонгон шалгаруулалт ил тод, хууль бус байсан учраас би захиралд өргөдөл гаргасан. Захирал уг өргөдлийг сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт өгч, ажлын хэсгээс намайг дуудаж уулзсан боловч надад тус өргөдлийн хариуг одоог хүртгэл гаргаж өгөөгүй. Дотуур байрны багшийн орон тоо байсаар байтал ажлаас халсан учраас би нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Д.З******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Энэ маргаан нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 303 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь мэргэжил сургалтын төв болон Шаамар сумын мэргэжил сургалтын төвүүдийг нэгтгэн Хөдөө аж ахуйн сургуулийн харъяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллеж болгон шинэ бүтэц зохион байгуулалтад шилжүүлэх тухай холбоотой гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 303 дугаар тогтоолын зохион байгуулалтын ажил нь 2023 оны 12 дугаар сад буюу оны төгсгөлд болсон.Боловсролын сайдын тушаал гарч, ажлын хэсэг ирж, *******ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр намайг томилж, ажлын хэсэг, аймгийн ажлын хэсэг ажиллаж 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд сургуулийг нэгтгэх үйл ажиллагаа болж, тухайн ондоо багтгаж, 2024 оны 01 дүгээр сараас эхлэн шинэ Политехник колллежийн дүрэм, улсын бүртгэлд бүртгүүлэх ажил, тамга тэмдэг авах гэх мэт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болсон. Шинэ хуулийн этгээдээр үйл ажиллагаа явуулаад 2 жил гаруй болж байна.
Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь мэргэжил, сургалт үйлдвэрийн төвийн оюутан, суралцагчдын тоо эрс буурч, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал байхгүй болсон. Төсвийн үр дүнгүй зардал гарсан. Орон сууцны халаалт дулаан, цалин хөлсийн талаар яамны ажлын хэсэг урьдчилж судалсны үндсэнд нэгтгэх болсон. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Шаамар сумд тус тус оюутны байртай юм. Шаамар сумын оюутны байранд бол намайг ажилд авах үед 2 багш, жижүүрүүд ажилладаг байсан. Үндсэндээ оюутан, суралцагч байгаагүй. Насанд хүрэгчдийн регистрээр бүртгэсэн оюутнууд байгаа гэж мэдээлж байгаа боловч амьдарч байгаа байдал байдаггүй. Би өөрөө очиж үзсэн. Тийм учраас цаашид энэ асуудлыг засахгүй бол худал статистик мэдээ гаргаж, төсвийн мөнгийг хууль бусаар завшиж хуулийн хариуцлага хүлээх асуудал үүсэх болж байгаа юм. Захирлын түр орлон гүйцэтгэгч гэдэг нь захирлын нэрийн өмнөөс төсвийг шууд захирагч байдаг. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд эрх эдэлж, хариуцлага хүлээдэг. Тийм учраас уг байдлыг засах зайлшгүй шаардлага байна гэж үзсан. 2024 оны 06 дугаар сард дотуур байрны 6 багш байсан. Сангийн сайдын тушаалын дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн тоотой хамааруулан ажиллах багш, ажилчдын норм, нормативыг зохицуулсан. Уг нормативын дагуу манай сургуульд дээд тал нь 2 багш ажиллах шаардлага үүссэн. Гэтэл 6 багш байсан. Шаамар сумд үндсэндээ оюутан суралцагчгүй байхад 2 багшийг ажиллуулахад боломжгүй байдал үүссэн. Тийм учраас сонгон шалгаруулалт зарлахаас 3-4 сарын өмнө буюу нийт 6 багшаа хичээлийн төгсгөл буюу 6 дугаар сард дуудаж, захиргааны зөвлөлөөс урьдчилан мэдэгдэл өгсөн. Намар ажилд ороход сонгон шалгаруулалт зарлаж, 2 багшийг ажиллуулна, мөн сургуулийн захиргаанаас гаргасан орон тоод ажиллах боломжтой талаар мэдэгдсэн. Ингээд 2025 оны намар сонгон шалгаруулалт зарлаж, 6 багшийн дунд нээлттэй явуулсан. Сонгон шалгаруулалт явуулахад Отгонжаргал гэх багш байсан. Өөрөө Шаамарт амьдардаг байсан. Б.Б*******э, Отгонжаргал нарын хооронд сонгон шалгаруулалтыг холбогдох журамд заасны дагуу зохион байгуулсан. Отгонжаргал багш сонгон шалгаруултад тэнцэж, захирал, ажлын хэсгийн гарын үсэгтэй баримт байгаа юм. Сонгон шалгаруулалт ил тод болоогүй талаар Б.Б*******э багш хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг одоо арга зүйч хийж байгаа Ууганзаяа гэх хүн тайлбар өгч ажилласан. Тушаал гарсныг мэдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ямар ч үндэслэл байхгүй. Бусад багш нар бүгд мэдэж байсан. Сар байтугай 3, 4 сарын хугацааны өмнө мэдэгдэж тушаалыг гаргасан. Хүний нөөцийн мэргэжилтэн ч мэдэж байгаа юм. Б.Б*******э рүү утсаар ярьж дуудахаар ирдэггүй, тушаалаа хүлээж авдаггүй нөхцөл байдлууд байсан.
Цаашид багшийг ажлаар хангах ямар ч боломж байхгүй гэсэн байр суурьтай байна. Манай сургуульд 2 багшийн орон тоо бий. Одоогоор 2 багш ажиллаж байгаа юм. Өөр ажлын байранд шилжүүлэх боломж байхгүй! гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгч Б.Б*******ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан үйл баримтыг судалж үзвэл:
1. Б.Б*******э нь Сэлэнгэ аймаг дахь ******* захирлын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/61 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- орон тоо цөөрөх болсон үндэслэлэ, албан бичиг дүрэм журыг танилцуулаагүй
- Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан ...80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн харицааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ ... гэснийг зөрчсөн.
-хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлцэх хугацааг заана гэснийг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Б.Б*******ийг Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллежийн захирлын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дотуур байрны багшаар томилон ажиллуулж байсан байна.
3. Тус коллежийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, орон тоог Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллежийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай байгуулагын бүтэц орон тоог батлах тухай тушаалын хавсралтын 23-рт байрны багш 6 гэж баталсан байна.
4. Мөн коллежийн 2025-2026 оны хичээлийн жилд ажиллах бүтэц орон тоог Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллежийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/46 дугаартай Байгууллагын бүтэц орон тоог батлах тухай тушаалын хавсралтын 23-рт дотуур байрны багшийг 2 болгон өөрчилжээ.
5. Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллежийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/61 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.1.1 дэх заалт, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн С/62 дугаар тушаалыг үндэслэн Б.Б*******ийг дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн байна.
6. Хариуцагч маргаан бүхий Б/61 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллежийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/61 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.1.1 дэх заалт, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн С/62 дугаар тушаалыг үндэслэсэн байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.
7.1.Хуулийн энэ зохицуулалтын ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.
7.2. Харин орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасч багасгасныг хэлнэ.
7.3. Аливаа байгууллага, аж ахуйн нэгж нь зорилгодоо нийцүүлэн, батлагдсан төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлах эрхтэй боловч энэхүү ажиллагаа хуульд нийцсэн, бүтэц, орон тоог өөрчилсөн үндэслэл тогтоогдсон байхыг шаардана.
7.4. Эрх бүхий этгээдээс баталсан бүтэц, орон тооны өөрчлөлтийг үндэслэн уг ижил албан тушаалд ажиллаж байсан ажилтнуудаас тодорхой шалгуур, үзүүлэлтийг баримтлан нэг буюу хэд хэдэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж буй шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхыг шаардах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хууль бус шийдвэр гэж үзнэ.
9.Дээрхээс дүгнэвэл хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* захирлын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/61 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.1.1 дэх заалт, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн С/62 дугаар тушаалыг үндэслэсэн Б.Б*******ийг дотуур байрны багшаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
9.1. Учир нь: Ажилд олгогч маргаан бүхий Б/61 дүгээр тушаалаар орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх боловч уг бүтэц, орон тоо баталсан тушаал нь ажилтанг ажлаас чөлөөлсний дараа гарсан байх тул нэхэмжлэгчийг бүтэц, орон тоо өөрчилсөн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй.
9.2. Мөн ажилтан мэдэгдлийг зохих журмын дагуу өгөөгүй хэмээн маргасан нь үндэслэлтэй байна.
9.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цулахаар заасан.
9.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан ба хариуцагч талаас мэдэгдэл өгсөн, нэхэмжлэгч орон тоо хасагдсаныг мэдэж байсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул тайлбар үндэслэлгүй байна.
Иймд шүүх зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлж, Сэлэнгэ аймаг дахь ******* захирлын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/61 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал тушаалаар нэхэмжлэгч Б.Б*******ийг дотуур байрны багшийн чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн учраас уг тушаалыг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзлээ.
Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж хуульчилсан.
2. Ажил олгогч хууль бусаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Б*******ий ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй.
3. Шүүх нэхэмжлэгч Б.Б*******э ажилд нь эгүүлэн тогтоож, зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн, мөн ажилтны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан нь ажил олгогчийн хууль зүйн үндэслэлгүй тушаалын үр дагавартай шалтгаант холбоотой гэж үзэж, нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч Б.Б*******э нь ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө буюу 2025 оны 09 дүгээр сард 1,909,318 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1,820,543 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1,657,968 төгрөгийн цалин, хөлс авч байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдож байна.
5.Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1, 2.1.2, 2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн авч байсан болон түүний гаргаж өгсөн цалингийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тооцвол:
5.1. 2025 оны 3,4,5 дугаар сарын цалин 1,909,318 төгрөг + 1,820,543 төгрөг + 1,657,968 =5,387,829 төгрөг, 5,387,829 төгрөг : 3 сар = 1 сарын дундаж цалин, хөлс 1,795,943 төгрөг, 1,795.943 : ажлын 22 хоног= 1 өдрийн цалин 81,633 төгрөг, 81,633 төгрөгийг х 16 хоног= 1.306.128 төгрөг
5.2. Шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 8,489,920 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
6. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн. Иймээс нэхэмжлэгч Б.Б*******ий ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Сэлэнгэ аймаг дахь *******ид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ийг Сэлэнгэ аймаг дахь политехник коллежийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймаг дахь политехник коллежоос нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8.489.900 /найман сая дөрвөн зуун наян есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******эд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ий ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Сэлэнгэ аймаг дахь политехник коллежид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.Б*******ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймаг дахь политехник коллежоос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ