Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Э.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самбаа овогт Энхмаагийн Хт холбогдох 1829001740138 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө шунахай зорилгоор иргэн Ч.Бямбатуяаг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд буюу Гоёотын 13-11 тоотод оршин суух гэртээ унтаж байхад нь түүний эзэмшлийн S8 PLUS маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х 2018 оны 6 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө айлын хашааны хажуугаар өнгөрч байхад цонх нь гэрэлтэй байсан тэгээд цонхоор нь харсан чинь утас байсан. Тэр үед айлын хаалга үүд нь онгорхой байхаар нь тэр утсыг аваад аймаг дээр очиж утас засвар дээр өгсөн. Тэгсэн чинь хулгайд алдсан утас байна гэсэн.  Би хохирол төлбөрт 1,000,000 /нэг сая/ төгрөг өгсөн гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/

Хохирогч Ч.Бямбатуяагийн өгсөн “.... Би гар утсаа эргүүлж бүрэн бүтэн авсан байгаа. Надад хохирлын мөнгө гэж 1,000,000 төгрөг өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би хавтаст хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд суухгүй. ...2018 оны 06 дугаар сарын 15-16-ны шөнө манай гэрт буйдан дээр байсан SAMSUNG S8 PLUS маркийн хар өнгийн гар утас хулгайд алдагдсан байсан. ...2018 оны 02 дугаар сарын 14-ний орчим Улаанбаатар хот TEDN төвөөс утас авдаг лангуунаас 2.200.000 төгрөгөөр авч байсан...” /хх-ийн 15-17-р хуудас/

Гэрч Э.Баттөмөрийн өгсөн: “... Би хүнээс Ханбогд суман дээрээс авсан тэр хүнээсээ асууя гэхээр нь би манай ангийн хүүхдийн хулгайд алдсан утас мөн байна гэж хэлсэн. ... би найз Бямбатуяа руугаа явуулсан чинь миний утас мөн байна баярлалаа гэж хэлсэн. ... Уг залуугийн фэйсбүүк хаягийг нь Бямбатуяа руу явуулсан. Би өөрийнхөө гаргасан 200.000 төгрөгийг уг залуугаас сүүлд нь гаргуулж авсан...” /хх-ийн 21-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ: Өмнөговь аймгийн Ханбогд сумны Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №25 дугаартай дүгнэлтээр Samsung S8 маркийн гар утсыг 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 22 -р хуудас/

Яллагдагч Э.Хийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “.... Баадай гэдэг залуугаар тэр утасны кодыг нь тайлуулах гэтэл Баадай миний зарсан утас байна, манай Ханбогд суманд байдаг найзын утас байна гэхээр нь би олсон гэж хэлээд өөрийнхөө барьж байсан “I phone-6” маркийн гар утасныхаа дэлгэцийг үнэгүй янзлуулж, дээр нь 100.000 төгрөг нэмж авсан....”/ хх-н 18-19 -р хуудас/

 Шүүгдэгч Э.Хийн хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Э.Хийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгч Э.Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-р хуудас/,

Шүүгдэгч Э.Хийн жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө шунахай зорилгоор иргэн Ч.Бямбатуяаг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд буюу Гоёотын 13-11 тоотод оршин суух гэртээ унтаж байхад нь түүний эзэмшлийн S8 PLUS маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/, Хохирогч Ч.Бямбатуяагийн өгсөн “.... Би гар утсаа эргүүлж бүрэн бүтэн авсан байгаа. Надад хохирлын мөнгө гэж 1,000,000 төгрөг өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. ...2018 оны 06 дугаар сарын 15-16-ны шөнө манай гэрт буйдан дээр байсан SAMSUNG S8 PLUS маркийн хар өнгийн гар утас хулгайд алдагдсан байсан. ...2018 оны 02 дугаар сарын 14-ний орчим Улаанбаатар хот TEDN төвөөс утас авдаг лангуунаас 2.200.000 төгрөгөөр авч байсан...” /хх-ийн 15-17-р хуудас/, Гэрч Э.Баттөмөрийн өгсөн: “... Би хүнээс Ханбогд суман дээрээс авсан тэр хүнээсээ асууя гэхээр нь би манай ангийн хүүхдийн хулгайд алдсан утас мөн байна гэж хэлсэн. ... би найз Бямбатуяа руугаа явуулсан чинь миний утас мөн байна баярлалаа гэж хэлсэн...” /хх-ийн 21-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ: Өмнөговь аймгийн Ханбогд сумны Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №25 дугаартай дүгнэлтээр Samsung S8 маркийн гар утсыг 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 22 -р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Иймд Э.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан хохирогч Ч.Бямбатуяа “миний бие гар утсаа эргүүлж бүрэн бүтэн авсан. Надад хохирлын мөнгө гэж 1,000,000 төгрөг өгсөн, ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Х урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Самбаа овогт Энхмаагийн Хийг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт хорих ял оногдуулахгүйгээр 1  /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 5, 6, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч Э.Хт тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

5.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.Хийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА