Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 316/ШШ2026/00367

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 316/ШШ2026/00367

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, компанийн байранд байрлах, ******* ОНӨААТҮГазар/РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, өөрийн байранд байрлах, Сэлэнгэ аймаг дахь *******т холбогдох,

21,405,808.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Манай Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазар нь Эрчим хүчний тухай хууль журмын дагуу дулаан үйлдвэрлэн иргэд, байгууллагад түгээж дулаанаар ханган ажиллаж байна.

Эрчим хүчний зохицуулах хороо 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоол гаргасан юм. Тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тариф-ыг баталсан, тус тогтоолын 2 дугаар хавсралтаар Цагааннуур сум, Алтанбулаг сум, Ерөө сумын Бугант тосгоны хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тариф-ыг баталсан. Эрчим хүчний зохицуулах хорооны 458 дугаар тогтоолд заахдаа батлагдсан тарифыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай гэж заасан байна.

Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймаг дахь ******* нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны төлбөр болох /Дулаанаар хангасан 8 сарын төлбөр/ 24,405,808.05 төгрөгийг төлөөгүй байна. Энэ төлбөр нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан үнийн дүнгээр төлөх төлбөр юм.

Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймаг дахь ******* нь хуучин мөрдөгдөж байсан тариф буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот тогтоолоор батлагдсан харин шинэчлэгдэн тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлсөн бөгөөд мөрдөгдөж байгаа тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлөөгүй тул шинэ хуучин тарифын үнийн зөрүү болох 21,405,808.05 төгрөгийг төлөх үүрэгтэй юм. Энэ төлбөр нь манай байгууллагын 2021 оны санхүүгийн тайланд тусгагдсан болно. Манай байгууллагын дулааны станц нь 1989 онд суурилагдсан, техникийн шинэчлэл хийгдэж байгаагүй учраас түүхий эд зарцуулалт өндөртэй, дулаан хэрэглэгчийн 70 хувь нь айл өрх, 30 хувь аж ахуйн нэгж байгууллага байдаг боловч орлогын 10 хувийг айл өрхөөс, үлдсэн хувийг аж ахуйн нэгж байгууллагаас төвлөрүүлдэг нөхцөл байдлаас шалтгаалан жил бүр нэг тэрбум төгрөгнөөс дээш хэмжээний санхүүгийн алдагдалтай ажиллаж байна. Манай аймаг олон айл өрхийг дулаанаар хангаж байдаг бөгөөд айл өрхийн дулааны төлбөр төлөх үнийн тариф хямд байдаг. Дулаан хэрэглэгч зарим иргэд, байгууллага нь дулааны төлбөрөө төлөхгүй байгаа нь санхүүгийн алдагдал үүсэхэд мөн нөлөөлж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас халаалтын төлбөр болох 21,405,808.05 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Сэлэнгэ аймаг дахь ******* нь Сэлэнгэ энерго
ОНӨААТҮГазрын дулааны төлбөр 21,405,808.05 төгрөг төлөх нэхэмжлэлийг
хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн
Тариф батлах тухай 458 дугаар тогтоолд заагдсан үнэ тарифыг нягтлан бодох
бүртгэл ийн тухай хуулийн 17.1.2 т Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг
зохион байгуулах, хянах" гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын
хэрэглэгчдэд танилцуулан дулааны төлбөрийг авах үүрэгтэй юм.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-д Анхан шатны баримтад
түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга
тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн
анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна, 13.5-д Анхан
шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн
авсан ажилтан хариуцна гэж заасны дагуу танай байгууллагаас ирүүлсэн хүчин
төгөлдөр анхан шатны баримтыг үндэслэн дулааны төлбөр тооцоог гүйцэтгэсэн.
Мөн хуулийн
20.2.6-0 Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр
дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж,
үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах гэж
заасны дагуу Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалын хавсралт маягтаар
2021 онд төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэгч, хариуцагч талууд баталгаажуулан
гарын үсэг зурсан.Мөн 2021 оны дулаан эрчим хүчээр хангах гэрээний сунгалтад
шинэчлэгдсэн үнэ тарифыг тусгаагүй байна.

Тухайн үед манайд мэдэгдэл өгөөгүй, 2021, 2022, 2023 онуудад тухайн үедээ тооцоо нийлээд өр авлагагүй гэж байсан. Тухайн газар нь 2015 оныхоо батлагдсан үнэ тарифаар манайд нэхэмжлэл өгсөн учраас тэр дүнгээр манайх гүйлгээ хийж байсан учраас өглөгө авлагын зүйл байхгүй тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна! гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазар нь хариуцагч Сэлэнгэ аймаг дахь *******то холбогдуулан Тогтоосон тарифын дагуу дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр 2021 оны 1,2,3,4,10,11,12 дугаар саруудын дулааны эрчим хүчний төлбөр 21,405,808.05 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Тариф батлах тухай 458 дугаар тогтоолд заагдсан үнэ тарифыг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.1.2-т холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд танилцууан дулааны төлбөрийг авах үүрэгтэй, 2021 оны дулаан эрчим хүчээр хангах гэрээний сунгалтад шинэчлэгдсэн үнэ тарифыг тусгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, маргажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж эхлэхээр тогтоосон байна.

Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 1,444.2 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр,подвол,0-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 374.2 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 1,963.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг мөрдөж ажиллахыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ / Э.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосон байна.

4.2. Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ нь Сэлэнгэ аймаг дахь *******тай 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын захирал Э.Эрдэнэбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

4.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна.

Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 2,166.1 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр,подвол,0-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 486.5 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 2,551.9 /НӨАТ-гүй/ төгрөг, халаалтын бус улиралд өрх тутамд 13,636.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ /Э.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосон байна.

4.4. Уг тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2019 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 4535 дүгээр бүртгэгджээ./Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. https://legalinfo.mn/mn/detail?lawId=14763/

5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Зохигчдын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн нэгжийн гэрээнээс үзвэл 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 3485м3 талбайг дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцжээ.

6. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3.1.19-д хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, хариуцагч нь дээрх хуульд заасан хэрэглэгч байна.

7.Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт хэрэглэгч нь зохицуулалтай халаалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар зохицуулалтгүй халаалтын төлбөрийггэрээний үнээр төлнө. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байна.

8.Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* нь 2021 оны 1,2,3,4,5,9,10,11,12 дугаар саруудын дулааны эрчим хүчний төлбөрт 21,405,808.05 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазрын няглан бодогчийн тайланд тусгагдсан байна.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан ба үндэслэлээ Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Тариф батлах тухай 458 дугаар тогтоолд заагдсан үнэ тарифыг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.1.2-т холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд танилцууан дулааны төлбөрийг авах үүрэгтэй, 2021 оны дулаан эрчим хүчээр хангах гэрээний сунгалтад шинэчлэгдсэн үнэ тарифыг тусгаагүй байна гэж маргасан.

10. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ гэж, гэрээний 2.7-д эрчим хүчний зохицуулах газраас дулааныүнэ тариф төөрчлөлт оруулсан тухай түүнийг мөрдлөж эхлэхээс 15 хоногоос доошгүй хоногийн өмнө мэдээлэлийн хэрэгслээр мэдэгдэх ба мэдэгдснээс хойш 15 хоногийн дотор гэрээнд өөрчлөлт оруулна. Хэрэглэгч гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж тус тус заасан байна.

10.1. Талууд хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээний 6.1-д дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоог хэмжүүрээр, задгайгаар хийж, ЭХЗГ-аас буюу АЗДТГазраас батлагдсан үнэ тарифыг мөрдөнө гэж заасан байна.

10.2. Зохигчдын хооронд шинэчилсэн тарифтай холбоотой бичгээр гэрээ байгуулаагүй байх боловч Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолтой маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл: Хэрэглэгч Сэлэнгэ аймаг дахь ******* нь эрчим хүчний тариф баталсан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг эс зөвшөөрч зохих журмын дагуу маргаагүй атлаа хангагч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазрыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоолоор шинээр батлагдсан үнэ тарифийн талаарх хэрэглэгчдэд танилцуулаагүй, гэрээний сунгалтад гэрээний шинэчлэгдсэн үнэ тарифыг тусгаагүй гэх үндэслэлээр халаалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар тооцон төлөхөөс татгалзах үндэслэлгүй юм.

11. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дулааны эрчим хүчний төлбөр 21,405,808.05 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгож шийдвэрлэв.

12. Хариуцагчаас тооцооны үлдэгдлийн баталгаатооцооны баримтын жагсаалт, төлбөрийн хүсэлт, ерөнхий журнал зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн боловч маргааны үйл баримтаас өмнөх хугацааны баримт байхаас гадна тухайн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар судлаагүй болно.

13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,979 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 264,979 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-ЭнергоОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дулааны эрчим хүчний төлбөр 21,405,808.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,979 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* 264,979 төгрөгийг гаргуулан Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗУЛ