Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 1600

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          Улсын яллагч Б.Мөнгөншагай,

          Хохирогч Б.Энхжаргал,

          Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох 1803 00737 0377 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 1978 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 6-17 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 47-04 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Хошууд овогт Г.А /РД: /,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Г.А нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 34 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын баруун урд уулзвар замд Тоёота приус маркийн 51-14 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдэлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Энхжаргалыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхжаргалын өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Нарантуул захын тэнд явж байгаад 51-13 дугаартай Приус-20 маркийн машинд гарцаар гарч байгаад мөргүүлсэн. Миний сээр нуруу хугарсан байна гэсэн. Доод Л4, 5, нугалам гэмтсэн. Тэгээд би гэмтэлийн эмнэлэг ороод дараа нь Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтсэн. Би өөрөө хөдөлмөр эрхэлдэг байсан. Нийт 4,400,000 төгрөгийн зардал надаас гарсан. Эмч надад махан хоол их идэхгүй байхыг зөвлөсний дүнд би жимс идсэн баримтаа өгсөн байгаа. Би сая 2 сар болоод дахин нурууны зураг авахуулахад бороолоогүй байна гэсэн тул хэвтэрт орчих вий гэж маш их айж байна. Одоо би өвчин намдаах лаа болон эмийг маш их хэрэглэж байгаа. Манайх хөдөөнөөс хотод орж ирээд түрээсийн байранд амьдарч байгаа. Охин маань сурахынхаа хажуугаар ажил хийдэг. Нөхөр маань харуул хийж амьдралаа залгуулж байгаа. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

          Зам тээврийн осол, хэргийн газарт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх.11-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхжаргалын өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг өнгөрч байх үед Нарантуул захын уулзварын ертөнцийн зүгээр зүүн талаар зам хөндлөн гарахаар урдаасаа хойшоо явган хүний гэрлэн дохио хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь гарц руу ортол баруун эргэж байсан саарал өнгийн машин миний зүүн ташаа хэсэг рүү мөргөөд би газарт унасан" гэх мэдүүлэг /хх 20-23/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Баттуяагийн өгсөн мэдүүлэг /хх 53/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10694 дугаартай “Б.Энхжаргалын биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн тохой, шуу, бугуйд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.57/,

          Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 622 дугаартай “... Тоёота приус маркийн 51-14 УБТ улсын дугаартай автомашины жолооч Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдэлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн” гэх дүгнэлт /хх.66/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Г.А нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 34 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын баруун урд уулзвар замд Тоёота приус маркийн 51-14 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдэлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Энхжаргалыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Зам тээврийн осол, хэргийн газарт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх.11-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхжаргалын өгсөн: “... явган хүний гэрлэн дохио хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь гарц руу ортол баруун эргэж байсан саарал өнгийн машин миний зүүн ташаа хэсэг рүү мөргөөд би газарт унасан" гэх мэдүүлэг /хх 20-23/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Баттуяагийн өгсөн мэдүүлэг /хх 53/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10694 дугаартай дүгнэлт /хх.57/,

          Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 622 дугаартай дүгнэлт /хх.66/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхжаргалын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Нарантуул захын тэнд явж байгаад 51-13 дугаартай Приус-20 маркийн машинд гарцаар гарч байгаад мөргүүлсэн. Миний сээр нуруу хугарсан байна гэсэн. Доод Л4, 5, нугалам гэмтсэн...” гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч Г.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Г.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Хохирогч Б.Энхжаргал нь эмчилгээ болон бусад зардал нийт 4,090,000 төгрөг, нэмж эмчилгээний зардал 2,225,670 төгрөг, мөн шинээр эмчилгээний зардал 266,790 төгрөг, бүгд 6,582,460 төгрөг нэхэмжилсэн боловч 2 сарын хугацаанд олох байсан өөрийн хөдөлмөрийн орлого 1,500,000 төгрөг, мөн хугацаанд асарсан охины цалин 1,670,000 төгрөг, ахуйн хэрэглээ, хүнсний 320,400 төгрөг, нийт 3,490,400 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Г.А нь 2,200,000 төгрөг нөхөн төлсөн учир үлдэх  898,060 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

          Мөн хохирогч Б.Энхжаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Г.Ааас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Г.А нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Г.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Г.Ат оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Энэ хэрэгт Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн 827236 дугаартай үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн 01964505 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олговол зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Хошууд овогт Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ат сануулсугай.

          5. Энэ хэрэгт Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн 827236 дугаартай үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн 01964505 дугаартай гэрчилгээг Г.Ат буцаан олгосугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ааас 898,060 төгрөг гаргуулж, хохирогч Б.Энхжаргалд олгосугай.

          8. Хохирогч Б.Энхжаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Г.Ааас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР