| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/01735/И |
| Дугаар | 316/ШШ2026/00369 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 316/ШШ2026/00369
| 2026 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 316/ШШ2026/00369 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, компанийн байранд байрлах, ******* ОНӨААТҮГазар /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, өөрийн байранд байрлах, ******* чуулгад холбогдох,
79,543,551.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Манай Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазар нь Эрчим хүчний тухай хууль журмын дагуу дулаан үйлдвэрлэн иргэд, байгууллагад түгээж дулаанаар ханган ажиллаж байна.
Эрчим хүчний зохицуулах хороо 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоол гаргасан юм. Тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тариф-ыг баталсан, тус тогтоолын 2 дугаар хавсралтаар Цагааннуур сум, Алтанбулаг сум, Ерөө сумын Бугант тосгоны хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тариф-ыг баталсан. Эрчим хүчний зохицуулах хорооны 458 дугаар тогтоолд заахдаа батлагдсан тарифыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай гэж заасан байна.
Сэлэнгэ аймгийн АДБСД чуулга нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны төлбөр болох /Дулаанаар хангасан 8 сарын төлбөр/ 79,543,551.03 төгрөгийг төлөөгүй байна. Энэ төлбөр нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан үнийн дүнгээр төлөх төлбөр юм.
Сэлэнгэ аймгийн АДБСД чуулга нь хуучин мөрдөгдөж байсан тариф буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот тогтоолоор батлагдсан харин шинэчлэгдэн тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлсөн бөгөөд мөрдөгдөж байгаа тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлөөгүй тул шинэ хуучин тарифын үнийн зөрүү болох 79,543,551.03 төгрөгийг төлөх үүрэгтэй юм. Энэ төлбөр нь манай байгууллагын 2021 оны санхүүгийн тайланд тусгагдсан болно. Манай байгууллагын дулааны станц нь 1989 онд суурилагдсан, техникийн шинэчлэл хийгдэж байгаагүй учраас түүхий эд зарцуулалт өндөртэй, дулаан хэрэглэгчийн 70 хувь нь айл өрх, 30 хувь аж ахуйн нэгж байгууллага байдаг боловч орлогын 10 хувийг айл өрхөөс, үлдсэн хувийг аж ахуйн нэгж байгууллагаас төвлөрүүлдэг нөхцөл байдлаас шалтгаалан жил бүр нэг тэрбум төгрөгнөөс дээш хэмжээний санхүүгийн алдагдалтай ажиллаж байна. Манай аймаг олон айл өрхийг дулаанаар хангаж байдаг бөгөөд айл өрхийн дулааны төлбөр төлөх үнийн тариф хямд байдаг. Дулаан хэрэглэгч зарим иргэд, байгууллага нь дулааны төлбөрөө төлөхгүй байгаа нь санхүүгийн алдагдал үүсэхэд мөн нөлөөлж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн АДБСД чуулгаас халаалтын төлбөр болох 79,543,551.03 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч ******* чуулга нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... *******" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас халаалт дулааныг гэрээний дагуу манай байгууллагыг ханган ажилладаг. "*******" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай 2021 оны санхүүгийн жилд хийсэн дулаан эрчим хүчээр хангах гэрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоолоор батлагдсан үнэ тарифаар байгуулаагүй ба "*******" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ирүүлсэн дулаан төлбөрийн нэхэмжлэхийн үнэ тариф нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 16 тоот тогтоолоор батлагдсан тарифт үнэлгээгээр 2021 оны 1-4 сар, 2021 оны 10-12 саруудад 19,907,097 төгрөгөөр, 2021 оны 5,9 дүгээр саруудад 9,953,599 төгрөгийн нийт 159,256,878 төгрөгийн нэхэмжлэхийг ирүүлж байсны дагуу төлбөрийг ирүүлсэн нэхэмжлэлийн дүнгээр тооцоог хийж, төлбөрийг барагдуулсан.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасан "... бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах" гэж заасны дагуу байгууллагын нягтлан бодогч үүргийн дагуу улирал бүр Сангийн сайдын 2017 оны 347 тоот тушаалаар батлагдсан "Маягт, заавар батлах тухай"-ын ТМ-1 нэхэмжлэх, НХМаягт ТМ-3 тооцооны үлдэгдлийн баталгааг "*******" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч Д.Ванчигмаатай өр авлагыг тулган баталгаажуулж өр төлбөргүй болохыг батлан баталгаажуулж байсан учир Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 19-т заасны дагуу Болзошгүй өр төлбөр-ийг хүлээн зөвшөөрөхгүй болно.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 16 тоот тогтоолоор батлагдсан тарифийг хүчингүй болгосон, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоолоор шинээр батлагдсан үнэ тарифийн талаарх албан ёсны мэдээллийг манай байгууллагад 2020, 2021 онуудад албажуулан ирүүлээгүй болно. /Байгууллагын ирсэн албан бичигт бүртгэгдээгүй болно.
Харин 2022 оны төсвийн төсөв боловсруулахад Сэлэнгэ аймгийн санхүү төрийн сангийн хэлтсээс чиглэл ирүүлсэнээр Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоолоор шинээр батлагдсан үнэ тарифын дагуу төсвийн төсвөө боловсруулж батлуулсан учир 2022 оны 1 дүгээр сараас шинэ үнэ тарифыг төсөвт тусган хэрэгжүүлж ажилласан болно.
Мөн Сэлэнгэ аймаг дахь төрийн аудитын газар болон Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас манай байгууллагын 2021 оны санхүүгийн баримтад шалгалт орж санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт гарсан нь бүртгэлийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн дүгнэлт баримтаар баталгаажсан болно.
Иймд "*******" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2021 онд хуучин үнэ тарифаар нэхэмжлэхээ ирүүлэн, төлбөрийг авч өр төлбөрийн батлагдсан үнэ тарифаар төлбөрийг тооцож зөрүү 79,543,551.03 төгрөгийн нэхэмжлэл тооцоогүй болохоо тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан байтал шинээр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй болно! гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазар нь хариуцагч ******* чуулгад холбогдуулан Тогтоосон тарифын дагуу дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр 2021 оны 1,2,3,4,10,11,12 дугаар саруудын дулааны эрчим хүчний төлбөр 79,543,551.03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хариуцагч ******* чуулга нь "*******" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2021 онд хуучин үнэ тарифаар нэхэмжлэхээ ирүүлэн төлбөрийг авч, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоолоор шинээр батлагдсан үнэ тарифийн талаарх албан ёсны мэдээллийг манай байгууллагад 2020, 2021 онуудад албажуулан ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж эхлэхээр тогтоосон байна.
Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 1,444.2 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр,подвол,0-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 374.2 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 1,963.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг мөрдөж ажиллахыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ / Э.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосон байна.
4.2. Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ нь ******* чуулгатай 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын захирал Э.Эрдэнэбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
4.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна.
Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 2,166.1 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр,подвол,0-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 486.5 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 2,551.9 /НӨАТ-гүй/ төгрөг, халаалтын бус улиралд өрх тутамд 13,636.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ /Э.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосон байна.
4.4. Уг тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2019 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 4535 дүгээр бүртгэгджээ./Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. https://legalinfo.mn/mn/detail?lawId=14763/
5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Зохигчдын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн нэгжийн гэрээнээс үзвэл 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 12531м3 талбайг дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцжээ.
6. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3.1.19-д хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, хариуцагч нь дээрх хуульд заасан хэрэглэгч байна.
7.Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт хэрэглэгч нь зохицуулалтай халаалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар зохицуулалтгүй халаалтын төлбөрийггэрээний үнээр төлнө. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байна.
8.Хариуцагч ******* чуулга нь 2021 оны 1,2,3,4,5,9,10,11,12 дугаар саруудын дулааны эрчим хүчний төлбөрт 79,543,551.03 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазрын няглан бодогчийн гаргасан тайлан тусгагдсан байна.
9. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ гэж, гэрээний 2.7-д эрчим хүчний зохицуулах газраас дулааныүнэ тариф төөрчлөлт оруулсан тухай түүнийг мөрдлөж эхлэхээс 15 хоногоос доошгүй хоногийн өмнө мэдээлэлийн хэрэгслээр мэдэгдэх ба мэдэгдснээс хойш 15 хоногийн дотор гэрээнд өөрчлөлт оруулна. Хэрэглэгч гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж тус тус заасан байна.
10. Талууд хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээний 6.1-д дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоог хэмжүүрээр, задгайгаар хийж, ЭХЗГ-аас буюу АЗДТГазраас батлагдсан үнэ тарифыг мөрдөнө гэж ба Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолтой маргаагүй байх тул халаалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар тооцон төлөхөөс татгалзах үндэслэлгүй юм.
11. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* чуулгаас дулааны эрчим хүчний төлбөр 79,543,551.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгож шийдвэрлэв.
12. Хариуцагчаас тооцоо нийлсэн акт, дулааны нэхэмжлэх, төлбөрийн хүснэгт зэрэг хэрэгт хамаарахгүй байх нотлох баримтаар судлаагүй болно.
13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,667.75 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* чуулгаас 555,667.75 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-ЭнергоОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хариуцагч ******* чуулгаас Дулааны эрчим хүчний төлбөр 79,543,551.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555,667.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* чуулгаас 555,667.75 төгрөгийг гаргуулан Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ