Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 1602

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          Улсын яллагч Б.Алтанцэцэг,

          Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох 1717 00094 1895 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 08 сарын 18-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Туушин дэвжихүй” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 22 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигон овогт Г.Г /РД: /;

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Г.Г нь 2017 оны 11 сарын 23-ны өдөр Чойроос Улаанбаатар хот руу 98-57 ГСА улсын дугаартай Кроун маркийн тээврийн хэрэгсэлээр хүргүүлж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд талын засмал зам дээр буухдаа автомашин дотроос иргэн А.Намууны 3 ширхэг эмэгтэй гутлыг хулгайлж 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Намууны өгсөн: “Би тухайн үедээ 2017 оны 10 сард Турк улс руу яваад 14 хоноод ирсэн. Туркээс ирэхдээ хэдэн ширхэг зарах гутал авч ирсэн... ээж зарах гэж байсан 3 гутлыг жолооч Т.Сансар гэх хүнд өгч хот руу явуулсан байсан. 2018 оны 09 сарын 29-ний өдөр Г олдсон гэж дуулаад цагдаа дээр уулзахад Г миний хохирол болох 1,050,000 төгрөгийг 2018 оны 10 сард барагдуулахаа илэрхийлсэн...” гэх мэдүүлэг /хх.49/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Янжинсүрэнгийн өгсөн: “... Сансар гэх жолоочид 2017 оны 11 сарын 23-ны өдөр Чойроос Улаанбаатар хот руу эмэгтэй хүний 3 гутал өгч явуулсан, охин Намуун 2017 оны 09 сард Европын орнуудаар явж байгаад 2017 оны 10 сард ирсэн. Тэгэхдээ эдгээр зарах гутлуудыг авч ирсэн” гэх мэдүүлэг /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сансарын өгсөн: “... Ер нь би хот хооронд тиймэрхүү дайвар 3,000-5,000 төгрөгөөр авч явдаг. Би 2017 оны 11 сарын 23-ны өдөр Чойроос 4 хүнтэй явсан. Хамгийн сүүлд нэг залуу Нарантуул захын зүүн урд үзүүр засмал зам дээр буусан... Г.Г гэх залуу миний автомашины багажинд байсан хүний дайж явуулсан цагаан тортой гутлыг авсан юм билээ” гэх мэдүүлэг /хх.16-17/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх.25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гын гэрчээр өгсөн: “... би арын хаалгыг онгойлгоод ар дээр байсан үүргэвчээ авсан. Тэгтэл жолооч арын багажнаас цагаан тортой юм аваад миний пүүгээний хажууд шидсэн. Тэр цагаан тортой зүйлд гутлын өсгий харагдсан. Тэгэхээр нь би хогоо хаяж байгаа юм байна даа гэж бодсон. Тэгээд би цагаан тортой гутлыг аваад Туул эгчийн гэрт орсон. Туул эгчид сая Чойроос ирсэн жолооч гаргаад тавихаар нь хаяж байгаа юм байна гэж бодоод аваад ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.55/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Г.Г нь 2017 оны 11 сарын 23-ны өдөр Чойроос Улаанбаатар хот руу 98-57 ГСА улсын дугаартай Кроун маркийн тээврийн хэрэгсэлээр хүргүүлж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд талын засмал зам дээр буухдаа автомашин дотроос иргэн А.Намууны 3 ширхэг эмэгтэй гутлыг хулгайлж 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Намууны өгсөн: “... ээж зарах гэж байсан 3 гутлыг жолооч Т.Сансар гэх хүнд өгч хот руу явуулсан байсан. 2018 оны 09 сарын 29-ний өдөр Г олдсон гэж дуулаад цагдаа дээр уулзахад Г миний хохирол болох 1,050,000 төгрөгийг 2018 оны 10 сард барагдуулахаа илэрхийлсэн...” гэх мэдүүлэг /хх.49/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Янжинсүрэнгийн өгсөн: “... Сансар гэх жолоочид 2017 оны 11 сарын 23-ны өдөр Чойроос Улаанбаатар хот руу эмэгтэй хүний 3 гутал өгч явуулсан, охин Намуун 2017 оны 09 сард Европын орнуудаар явж байгаад 2017 оны 10 сард ирсэн. Тэгэхдээ эдгээр зарах гутлуудыг авч ирсэн” гэх мэдүүлэг /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сансарын өгсөн: “... Хамгийн сүүлд нэг залуу Нарантуул захын зүүн урд үзүүр засмал зам дээр буусан... Г.Г гэх залуу миний автомашины багажинд байсан хүний дайж явуулсан цагаан тортой гутлыг авсан юм билээ” гэх мэдүүлэг /хх.16-17/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх.25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Г гэрчээр өгсөн: “... Тэгтэл жолооч арын багажнаас цагаан тортой юм аваад миний пүүгээний хажууд шидсэн. Тэр цагаан тортой зүйлд гутлын өсгий харагдсан. Тэгэхээр нь би хогоо хаяж байгаа юм байна даа гэж бодсон. Тэгээд би цагаан тортой гутлыг аваад Туул эгчийн гэрт орсон...” гэх мэдүүлэг /хх.55/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд Г.Г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Г.Г үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч А.Намуун нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Г.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Г.Г нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Г үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Г.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Г.Гд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Энэ хэрэгт Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Гд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

          4. Энэ хэрэгт Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Намуун нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР