Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр

Шүүгдэгч: Л.У  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигонбор овогт Лхагвасүрэнгийн Уад холбогдох  1829000000141 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

   Шүүгдэгч Л.У нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р баг Таван толгой хорооллын урд байрлах “Уужим-Од” ХХК-ийн кемпэд С.Энхбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас буюу ил задгай шээсэн гэх асуудлаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.У мэдүүлэхдээ: “...Шөнө унтахаасаа өмнө бие засаад зогсож байсан чинь нэг хүн намайг “хол очиж бие засаач” гэсэн тэгээд маргалдаад С.Энхбаатарыг 1 түлхээд, шанаа руу нь цохисон. Тэгсэн чинь хана налаад суухаар нь “босоод ир” гээд гараас нь татсан чинь босохгүй чирэгдээд байсан. Тэгж байхад хүмүүс гараад ирсэн... ” гэв.

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

Хохирогч С.Энхбаатарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл: Энхбаатар миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны 22-23 цагийн үед ажлаа хийгээд байж байтал 0053 ӨМӨ LX470 маркийн машины жолоочид байрлаж буй газрын үүдэнд битгий бие засаад бай гэсэн шаардлага тавьсны улмаас надад гар хүрсэн...”  гэх /хх-ийн 8 -р  хуудас/

Хохирогч С.Энхбаатарын: “... Уужи-Од ХХК-нд ажилладаг У гэх хүн миний ажиллаж амьдарч байсан кемпийн байрлаж амардаг өрөөний үүдэнд хөнгөнөөр бие засаад зогсож байсан юм улмаар би хараад “хол явж шээхгүй яасан ойрхон шээдэг юм” гээд хэлсэн чинь “миний шээж баахыг заадаг хэн бэ чи” гээд миний шилэн хүзүүний ард тал руу нэг удаа цохиод авсан тэгээд би урагшаа унатал миний цамцны ар талаас татаад намайг чирээд улмаар миний зүүн шанаа руу нэг өшиглөсөн тэгээд тархи руу хоёроос гурван удаа цохиж авсан тэгээд миний зүүн шанаа дотор язарч цус алдсан тухайн үедээ эмнэлгийн анхан шатны тусламж аваад одоогоор биеийн байдал сайжирч эдгэрсэн.”гэх мэдүүлэг /хх-н 12-14-р хуудас/

 Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №3505 дугаартай дүгнэлт: С.Энхбаатарын биед зүүн завжны дотор салстын язарсан шарх, тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-н 18-р хуудас/

Л.Уын яллагдагчаар өгсөн: “... намайг хол явж бие зас гэхээр нь би чамд ямар хамаатай юм гэж хэлээд бид хоёр маргалдсан. ...Би Энхбаатарын зүүн хацар руу нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас/

 Шүүгдэгч Л.Уын хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Л.Уын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/,

Шүүгдэгч Л.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26-28-р хуудас/,

Шүүгдэгч Л.Уын жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Л.У нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р баг Таван толгой хорооллын урд байрлах “Уужим-Од” ХХК-ийн кемпэд С.Энхбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас буюу ил задгай шээсэн гэх асуудлаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/, Хохирогч С.Энхбаатарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл: Энхбаатар миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны 22-23 цагийн үед ажлаа хийгээд байж байтал 0053 ӨМӨ LX470 маркийн машины жолоочид байрлаж буй газрын үүдэнд битгий бие засаад бай гэсэн шаардлага тавьсны улмаас надад гар хүрсэн...”  гэх /хх-ийн 8 -р  хуудас/, Хохирогч С.Энхбаатарын: “... миний шилэн хүзүүний ард тал руу нэг удаа цохиод авсан тэгээд би урагшаа унатал миний цамцны ар талаас татаад намайг чирээд улмаар миний зүүн шанаа руу нэг өшиглөсөн тэгээд тархи руу хоёроос гурван удаа цохиж авсан тэгээд миний зүүн шанаа дотор язарч цус алдсан тухайн үедээ эмнэлгийн анхан шатны тусламж аваад одоогоор биеийн байдал сайжирч эдгэрсэн.”гэх мэдүүлэг /хх-н 12-14-р хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №3505 дугаартай дүгнэлт: С.Энхбаатарын биед зүүн завжны дотор салстын язарсан шарх, тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-н 18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Л.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Энхбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчтой эвлэрч, хохирол төлбөрт 1,500,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Уад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Боржигонбор овогт Лхагвасүрэнгийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уыг 800 / найман зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 / найман зуун мянга /-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уад оногдуулсан 800 / найман зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 / найман зуун мянга /-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Л.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Энхбаатар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Л.Уын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА