Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 203/МА2022/00039

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр Дугаар 203/МА2022/00039 Даланзадгад сум

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******д хариуцагдах

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2022/00380 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д хариуцагдах,

Зээлийн гэрээний үүрэгт 32,617,534 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага:

1.а. Зээлийн гэрээний үүрэгт 32, 000,000 төгрөг гаргуулах тухай

1.б. хохиролд 617,534 төгрөг гаргуулах тухай

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

Хүргэн ах ******* нь уул уурхайн тээвэрт ашиглах зорилгоор том оврын Хово маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж авахад тус болооч, хэрэгтэй үед чинь буцаагаад өгье гэж хэлээд 3 өдөр дараалан утас /амаар/-аар гуйсан тул 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 11,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүйгээр тус тус зээлж, дансаар шилжүүлэн өгсөн юм.

Зээлийн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дууссан бөгөөд *******д хандаж удаа дараа зээлээ буцаан төлөхийг шаардаж, сануулсан боловч саналыг маань хүлээж авахгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд *******гаас 32 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч талд зээлийн гэрээний маргаанаа шийдвэрлүүлэхээр өөр орон нутгаас ирж очих жолооч, төлөөлөгчийн нэмэлт зардал гарч нэхэмжлэгч *******ад хохирол нэмэгдсэн юм. Бусад хохирол буюу зочид буудал гэх мэт зардал баримтгүй тул нэхэмжлээгүйг тайлбарлах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч *******гаас зээлийн гэрээнээс учирсан хохиролд 32,617,534 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч талын татгалзал, түүний үндэслэл: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эхнэр маань хүнд өвчний улмаас нас барж 4 өнчин хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гэж өөрийн чадлаар хичээж байна. Миний энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэл гаргаж их хэмжээний төлбөр шаардаж байгаад харамсаж байна. Буяны ажлын дараа ямар нэгэн үл ойлголцол маргаан үүсгэх нь Монгол ёсонд нийцэхгүй гэж үзэж би өөрийн байр суурь, нэхэмжлээд байгаа мөнгөний талаар маргаан үүсгэлгүй өнөөдрийг хүрсэн цаашид ч эв эеийг хичээн харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандахыг эрмэлзэж байна.

******* нь эхнэртэйгээ 61,000,000 төгрөгийн машин авахаар ярилцсан. Машиныг ганцаараа аваагүй. Хүчээр 1,000,000 төгрөг гаргаагүй. ******* гээд хүнтэй нийлж машин худалдаж авахаар тохирсон. Тэгээд хадгаламжаасаа мөнгө авах гэхэд 59,000,000 төгрөгийн хадгаламжид 10,000,000 төг байсан. Бусад мөнгө нь талийгаачийн ээж болон ахынх нь данс руу шилжиж мөнгө байхгүй болсон байсан.

Нийт 32,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. 1,000,000 төгрөгийн тухайн үед мөнгөгүйн улмаас эмчилгээнд зориулах гээд дүүгээс нь өөрийнхөө дансаар шилжүүлж авсан, 31,000,000 төгрөг нь ******* гэдэг хүний данс руу шилжсэн.

Энэ мөнгийг ******* бүтнээр нь тээврийн хэрэгсэл аваагүй.

Талийгаачийн ажил явдлын үеэр буяны мөнгө гэж бэлнээр нэлээн мөнгө цугласан. Үүнийг ээжийнх нь дансаар өгсөн. Нийтдээ 40,000,000 гаруй төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг дүүд нь өгөх мөнгө гэж тооцож байгаа.

******* нь 31,000,000 төгрөгийг би төлөх үндэслэлгүй. Яг би өөрөө аваагүй. Үүнийг талийгаач эхнэрийн дүүгээсээ авсан мөнгө гэжээ.

 

4. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон зурхайч овогт Цэсэнжавын ******* /регистрийн дугаар: *******/-аас 32,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Түмэнбаярын Баярбат /регистрийн дугаар: *******/-д олгож, нэхэмжлэгч *******ын хариуцагч *******гаас 617,534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143/Ш32022/00256 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1-3 заалтыг хүчингүйд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 126 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 317 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

1. Хариуцагч Б.*******гийн хувьд тус шүүхийн шийдвэрт дурдсанчлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Б.******* нь эхнэртэйгээ ярилцаад хадгаламжид байгаа мөнгөөрөө том оврын автомашин худалдаж авахаар болоход тэдний хадгаламжид байсан 59,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хадгаламжид нь байсан.

Мөнгө нь алга болсон талаар Б.******* нь эхнэрээсээ асуухад эхнэр нь дундын хадгаламжийн дансанд хадгалагдаж байсан мөнгийг хадгаламж барьцаалсан зээл хийгээд өөрийн ээж болон бусад ах дүү нартаа шилжүүлсэн байдаг.

Ингээд эхнэр нь үрээсэн мөнгөө дүүгээсээ машин авах тул би өөрийн бусдад шилжүүлсэн мөнгөө дүү *******аас авахаар болсон байдаг.

*******аас Б.*******гийн зээлсэн гэх 31,000,000 төгрөгийг Б.******* нь өөрийн дансаар болон бэлнээр хүлээн аваагүй. Худалдан авсан гэх тээврийн хэрэгсэл нь Б.*******гийн өмчлөлд байхгүй.

Зээлдэгч нь мөнгө, эд хөрөнгө зээлдэх санал гаргаад зээлдүүлэгч нь зээлдэгчийн саналыг хүлээн авч мөнгө эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор хуульд зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 31.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Б.Баярбатад олгох шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийн гар утсандаа үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд шүүхээс нэхэмжлэгч *******ын утсанд үзлэгийг хийсэн. Үзлэг хийсэн ажиллагааг өмнө нь буюу хуралдаан дээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж байхгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд уг нэмэгдүүлсэн шаардлагатай хариуцагч тал 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр танилцсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасан бөгөөд хариуцагчаас хариу тайлбар ирүүлэх хугацааг дуусгалгүй нэхэмжлэлийн хувь гардуулсан өдрөө шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг хууль буруу тайлбарласан.Талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байтал хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу.

Нэхэмжлэгч Баярбат миний бие 32,000,000 төгрөгийг *******д зээлдүүлсэн бөгөөд хариуцагч ******* нь өөрөө шилжүүлэн авах нэр бүхий хүний дансыг өгч, тухайн дансаараа шилжүүлэн авсан.

Зээл авах хэлцлийг талууд амаар хийсэн болох нь харагдана. 32,000,000 төгрөг өгөхдөө хүү тохиролцоогүй, хүү авах хүсэл зориг байгаагүй, хүргэн ахдаа туслах гэж зээлдүүлсэн. Энэ нөхцөлд зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хуульд заагаагүй. Тэгэхээр зээлийн гэрээг хүүгүй, амаар тохиролцсон.

Хариуцагчийн төлөөлөгч үүнийг нь буруу тайлбарлаж байна. Үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлсэнгүй.

Талуудын хооронд үүссэн эрх зүй харилцаа, эрх, үүрэг нь зээлийн гэрээний эрх зүйн харилцаа болохоос зээлсэн мөнгөө цааш нь хэрхэн зарцуулах, тээврийн хэрэгсэл хэний эзэмшилд байх, тэдэнтэй ямар хэлцэл хийсэн, эхнэртэйгээ юу гэж ярилцсан, тэдний гэр бүлийн харилцаа, буян хандив тусламж, тэдний хоорондох бусад асуудал болон хадгаламжийн мөнгийг хэрхэн ярилцсаныг нэхэмжлэгч мэдэхгүй, мэдэх боломжгүй.

Миний бие 2019.04.08-ны өдрөөс эхлэн Австрали улсад ажиллаж амьдарч байгаа тул эдгээр нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, тусдаа өөр эрх зүйн харилцаа байх тул зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдүүлэгчээс 32,000,000 төгрөг зээлдэгч *******д шилжүүлэн өгсөн болох нь түүний тавьсан санал, шилжүүлэн авах данс, нэр, үнэ, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдох ба зээлдүүлэгч шилжүүлсэн мөнгийг шаардах эрхтэй.

Гар утсанд үзлэг хийсэн ажиллагааг хариуцагч буруутгажээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул нэхэмжлэгч Баярбат миний хүсэлтээр миний утсанд үзлэг хийсэн, тэр үзлэгийг хийлгэхээр миний бие өөрийн утсан дахь хариуцагчтай харилцсан харилцаа нь нэг ижил зүйл юм. Иймд үүнийг буруутгах үндэслэл болохгүй.

Шүүх 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч талд гардуулж танилцуулан гарын үсгээр баталгаажуулсан ба хариуцагч тал танилцаж нэмж гаргах тайлбар, баримт гаргаагүй хүлээн зөвшөөрч шүүх хуралдааныг зарлуулснаар намайг 2022 он 8 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаанд ирэхийг шүүхээс дуудсан болно.

Тухайн шүүх хуралд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч зуурдаар нас барсан тул өөрийн биеэр хүрэлцэн ирж утсандаа үзлэг хийлгэн өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд орсон.

2022 оны 02 дугаар сард анхан шатны шүүх хуралдаанд орохоор өглөө Улаанбаатар хотоос гарсан. Хотоос аймаг хүртэл 1 талдаа 650 км гэж тооцсон ба ирж очихын 1,300 км замыг туулахад 16 цаг зарцуулсан.

Өглөөгүүр зам дагуух үйлчилгээний газрууд, дэлгүүр нээгдээгүй байна гэж тооцсон, өглөө эрт гарах тул амжихгүй урд өдөр нь УБ хот 12 хүний, жолооч, төлөөлөгч/-оос замын хүнс, бензин шатахуун авсан болно, хуралд ороод буцахад мөн л зарлага Өмнөговь аймагт гарсан тул хавсаргасан баримтыг 1 бүрчлэн судалж өгөхийг хүсч байна. Үүнд, огноо, газар хугацаа зэргийг шүүх хуралдаан болсон өдөртэй харилцуулахад давхцан харагдах болно.

Эдгээр хохирол нь хариуцагч *******гийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирч гарсан хохирол юм. Үүнийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шийдвэрлэх учиртай, орхигдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хохирлыг нэмж шийдвэрлэж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй, харин анхан шатны шүүх маргаантай харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,000,000.0 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 617,534 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. /хэргийн 01, 114 дүгээр хуудас/

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан гаргасан байна.

Хэрэгт *******аас д, гээс д олгосон итгэмжлэл авагдсан /хэргийн 46,47 дугаар хуудас/.

Шүүхэд нэхэмжлэгч ******* нь нас барсан, анхны итгэмжлэгдсэн төлөөлөгч гээс татгалзаж өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухайгаа бичгээр мэдэгдэж, өөрөө шүүх хуралдаанд оролцсон байна. /хэргийн 129 дүгээр хуудас/

 

3. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ *******д машин авахад нь зориулж 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрт нь, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000.0 төгрөгийг, 6 дугаар сарын 23-ны өдөр 11,000,000.0 төгрөгийг өөрийнх нь хэлсний дагуу ******* гэдэг хүний данс руу шилжүүлсэн тул зээлсэн мөнгөө гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу 32,000,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, үлдэх 617,534 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шийдвэрийн зарим буюу 31,000,000 төгрөг гаргуулсан хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

5. Шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 143/ТМ2022/00399 дугаартай тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гаргуулах үндэслэлээ дэмжиж тайлбарлаагүй байх ба уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүх нь энэ шаардлагын талаарх нэхэмжлэлийн болон шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүгнэлт өгөхгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжих талуудын буюу диспозитив зарчимд нийцнэ гэж үзэв.

Мөн энэ шаардлагыг хариуцагч *******д 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гардуулж, 14 хоногийн дотор хариу ирүүлэхийг даалгасан боловч уг хугацаа дуусахаас өмнө хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасныг буюу хариуцагчаас тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэж үзэхээр боловч энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ******* өөрөө хүсэлт гаргаж байгаагүй байх тул шүүхээс хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болохгүй. Иймд энэ тухай гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. /хэргийн 138 дугаар хуудас/

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж данс: , харилцагчийн нэр: Түмэнбаяр Баярбат, ...2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 зарлага, Баяраа орлого, *******, Хаан төв банк..., ...2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000.00 зарлага. ******* машины төлбөр шилжүүлэв, *******, Хаан төв банк..., ...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 11,000,000.0 зарлага, ******* машины төлбөр, шилжүүлэв, *******, Хаан төв банк... гэх мэдээлэл авагдсан Голомт банк, теллер.50 гэсэн тэмдэг дарагдсан Голомт банкнаас гаргасан дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн байна. /Хэргийн 03-04 дүгээр хуудас/

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг татгалзсан боловч ******* гэх хүнд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 31,000,000.0 төгрөгийг шилжүүлэхдээ бичигдсэн ******* машины төлбөр, шилжүүлэв гэсэн мэдээлэл нь өөрт нь хамааралгүй болохыг няцаагаагүй харин уг мөнгөний талаар ...31,000,000 төгрөг нь ******* гэдэг хүний данс руу шилжсэн. ...Үүнийг эхнэр нь дүүгээсээ авсан мөнгө ... гэх агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь тайлбарласан нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. /хэргийн 146 дугаар зүйл/.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 31,000,000 төгрөгийг өөрийн дансаар болон бэлэн мөнгөөр хүлээн аваагүй, гэх гомдол үндэслэл муутай.

 

7. Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцож байхдаа ...нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Эхнэр маань хүнд өвчний улмаас нас барж, өнчин хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гэж өөрийн чадлаар хичээж байна. Миний энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэл гаргаж их хэмжээний төлбөр шаардаж байгаад харамсаж байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна./хэргийн 17 дугаар хуудас/

Тэрээр хоёр удаагийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд татгалзсан үндэслэлийн талаар тодорхой тайлбар гараагүй нь, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...******* нь би энэ машиныг авч байгаа юм гээд зургаа авхуулаад явуулсан байдаг... гэх, хариуцагч ******* нь ...Энэ машин нь найзтайгаа нийлж авсан машин. Тэгээд нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ нотлох баримтуудаар хариуцагч ******* тухайн үед автомашин авах зорилготой байсан нь тогтоогдож байх тул ******* нь машин авах зориулалтаар мөнгө зээлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарын агуулгыг үгүйсгэх боломжгүй байна. /хэргийн 51-52, 64, 146 дугаар хуудас/

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ..талийгаачийн ажил явдлын үеэр буяны мөнгө гэж нэлээн мөнгө цугласан. Үүнийг талийгаачийн ээжийнх нь дансаар өгсөн. Нийтдээ 40,000,000 төгрөг гаруй төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг *******гийн хувьд дүүд нь өгөх мөнгө гэж тооцож байгаа гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хэргийн 146 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг тайлбар нь хариуцагч *******г гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо ...худалдан авсан гэх тээврийн хэрэгсэл нь *******гийн өмчлөлд байхгүй... гэж тайлбарлаж байх боловч зээлийг ашиглах зориулалтыг тухайлан заасныг шүүхэд нотлоогүй тул энэ тайлбарт дурдсан үндэслэл маргаанд хамааралгүй.

 

8. Хэрэгт дансны хуулга, хариуцагчийн тайлбараас өөр нотлох баримт авагдаагүй.

 

9. Шүүх нь хэргийн оролцогч нарт эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулсан, улмаар тэдний хүсэлтээр хэд хэдэн удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан байх тул хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзнэ.

Иймд шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзнэ.

 

10. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсэх тул ******* нь гэрээний дагуу *******аас авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

Анх мөнгө шилжүүлсэн үйл баримт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх иргэний эрх зүйн харилцааны зээлийн гэрээний агуулгад заасан шинжид нийцэж байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар маргааныг шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт Давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтээсээ татгалзаагүй тохиолдолд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран уг арга хэмжээ хэвээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хүсэлтийг хангаж Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143/ШЗ2022/00256 дугаар захирамжаар хариуцагч *******гийн эд хөрөнгө буюу мөнгийг 32,000,000.0 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авчээ. /хэргийн 25, 32 дугаар хуудас/

Гэтэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний талаар ямар нэгэн хүсэлт гараагүй байхад шүүх нь шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 3 дахь заалтаар дээрх шүүгчийн захирамжийн 1-3 дахь заалтыг хүчингүй тооцож шийдвэрлэснийг хуульд нийцээгүй хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэл болох ч нэхэмжлэгч талаас энэ тухай гомдол гаргаагүй тул шийдвэрийн уг заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

 

12. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч гийн хүсэлтээр түүний гар утас дахь мэдээлэлд үзлэг хийсэн ажиллагаа тэмдэглэгдсэн боловч шүүх уг ажиллагаагаар тогтоогдсон үйл явцыг шийдвэрийн үндэслэл болгоогүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийсэн ажиллагааг өмнө нь буюу шүүх хуралдаан дээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж байхгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

13. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 317950 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 19,176.0 төгрөг нийт 337126 төгрөг төлсөн нь хуульд нийцсэн байна. /хэргийн 07, 115 дугаар хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг зөвшөөрөх агуулга бүхий тайлбар гаргасан боловч уг мөнгийг хүлээн авсан, буцаан төлөх үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй байх тул нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн гэх боломжгүй байна.

Иймд уг 1,000,000.0 төгрөгт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

14. Давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2022/00380 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1... гэснийг 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 316920/ гурван зуун арван зургаан мянга есөн зуун хорь/ төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ