| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0137/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Ууганбат,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Л.Л,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Лхагважавын Лид холбогдох 1829002160131 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн автозамын 169 дэх км-т 44-91 ӨМА улсын дугаартай, 02-25 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий Нордбенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Д.Эрдэнэбаярын амь насыг хохироож хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ: “Миний үйлдсэн хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Би хохирогчийн төлөөлөгчид хохирол төлбөрт 23,265,000 төгрөг төлсөн байгаа. Би дахин хэрэгт холбогдохгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-р хуудас/
Хохирогч Д.Бат-Эрдэнийн өгсөн:”... Би осол болдог өдөр буюу 9 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед төрсөн ах нь болох Батмөнхөөс утсаар мэдсэн. “гомдолтой байна. Эхний ээлжид осол гаргасан жолоочоос оршуулгын зардалд гарсан 20,264,604 төгрөг нэхэмжилж байна. Бид оршуулгын зардалтай холбоотой баримтыг гаргаж өгсөн байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/
Цогцос болон түүний өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/
Гэрч Д.Батмөнхийн өгсөн: “...Эргээд явах үед нь нэг ачаатай шланз урсгал сөрөөд гараад ирсэн. Эрдэнэбаяр тэр урсгал сөрж орж ирсэн машин руу “чи яагаад урсгал сөрөөд байгаа юм бэ” гээд барьж байсан автиркаа шидсэн чинь чиргүүл рүү нь онож байгаа харагдсан. Талийгаач машин руугаа алхаад явж байтал араас нь нэг шланз орж ирээд талийгаачийн араас нь мөргөсөн. Шланзанд мөргүүлээд эргэж хараад мөргөсөн шланзны гүпэрээс зүүгдээд чирэгдээд 10 метр орчим яваад зогссон. Би “хоое яав” гэж хэлээд талийгаачийн машиныг тойроод гүйгээд очтол жолоочийн эсрэг талын гүпэрээс зүүгдчихсэн алцайгаад сууж байсан ба урд дугуй нь салтаа хоорондуур нь ороод гараад зогссон байсан. Мөргөсөн машины жолоочийг хартал машиндаа байгаагүй. Тэгэхээр нь би “жолооч нь хаана байна аа, машинаа ухраагаачээ” гэж хэлсэн чинь “би байна” гээд нэг залуу гараад ирсэн. Тэгээд машинаа ухраагаад талийгаачийг доороос нь авсан. Талийгаачийг гаргаж ирэхэд амьд байсан ба “өвдөөд байна шүү дээ, түргэн дуудаарай” гээд байсан. Тухайн үед сандраад цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Ойролцоогоор 9-10 цаг болж байсан байх”, “ би тэр мөргөсөн машины жолоочийг танихгүй. Нэг жоохон банди байсан. Мөргөсөн машин нь 44-91 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн автомашин байсан.” Ачаатай машинууд урагшаа хараад очерлоод зогсож байсан. Талийгаач машиныхаа жолоочийн талаар урагшаа машин руугаа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/
Гэрч Ц.Сансарын өгсөн: “...энэ үед 10 цаг орчим болж байсан ба очерын хажуугаар урсгал сөрөөд нэг машин өнгөрсөн. Тэр машин өнгөрөөд нэг их удаагүй байж байтал Батмөнх гэнэт “хөөе Эрдэнэбаяраа” гэж хэлэхээр нь би эргээд харсан чинь талийгаач Д.Эрдэнэбаяр замын зорчих хэсэг дээр урсгал сөрж явсан автомашины жолоочийн эсрэг талын урд дугуйны доогуур бөгсөн бие нь орчихсон. Өөрөө машины гүпэрээс барьсан байдалтай байж байсан. Батмөнх “машинаа ухраагаачээ” гээд хашхираад байсан. Тэр машины жолооч нь буугаад талийгаачийн хажууд зогсож байснаа машиндаа суугаад машинаа ухраасан. Талийгаачийн доогуур нь хөнжил хийгээд түргэн иртэл тэнд байлгасан. Талийгаачийг мөргөсөн машин урсгал сөрөөд зогссон, жолоочийн эсрэг талын урд дугуй цагаан шугаман дээр талийгаачийн бөгсөн биеийг дайрсан байдалтай зогсож байсан. Би тэр жолоочийн нэрийг нь мэдэхгүй. 44-91 ӨМА улсын дугаартай, Нордбенз маркийн автомашин байсан. Жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна...“гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/
Гэрч Б.Баттогтохын өгсөн:”...Тэгээд буугаад машиныхаа урдуур тойроод гараад ирсэн чинь миний машины баруун хойд талд Лийн жолоодож явсан машины баруун талын залуурын доод дугуйн доор нэг хүн салтаа хэсгээрээ дайруулсан байдалтай байж байсан. Тэр дайруулсан хүн нэг гараараа газар тулчихсан суугаа байдалтай нэг гараараа дээрээс татсан байдалтай байсан. Тэгээд намайг очиход Л машиныхаа хойгуур тойрч гарч ирсэн. Намайг харахад машиныхаа жолоон дээр байхгүй байсан юм. Би тэгээд Лийг ирэхээр нь “машинаа ухраагаач” гэж хэлж машиныг ухраалгасан. Намайг очиход тэр дайруулсан хүнтэй хамт байсан хоёр хүн зэрэг ирсэн юм. Машин жоохон ухраагаад нөгөө дайруулсан хүнийг өргөж машины урд гаргаж ирсэн. Тэнд байсан хүний нэг нь цагдаа, эмнэлэг дуудчихлаа гэж байсан...”гэх мэдүүлэг хх/-ийн 103-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 72 дугаартай шинжээчийн
Замын шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн :”...
Шүүгдэгч Л.Лийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Л.Лийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133-р хуудас/
Шүүгдэгч Л.Лийн жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125, 138-р хуудас/
Шүүгдэгч Л.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй туха лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, /хх-ийн 134-141-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн автозамын 169 дэх км-т 44-91 ӨМА улсын дугаартай, 02-25 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий Нордбенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Д.Эрдэнэбаярын амь насыг хохироож хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-р хуудас/, Хохирогч Д.Бат-Эрдэнийн өгсөн:”... Би осол болдог өдөр буюу 9 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед төрсөн
ах нь болох Батмөнхөөс утсаар мэдсэн. “гомдолтой байна. Эхний ээлжид осол гаргасан жолоочоос оршуулгын зардалд гарсан 20,264,604 төгрөг нэхэмжилж байна. Бид оршуулгын зардалтай холбоотой баримтыг гаргаж өгсөн байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/, Цогцос болон түүний өмсөж байсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/, Гэрч Д.Батмөнхийн өгсөн: “...Мөргөсөн машин нь 44-91 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн автомашин байсан.” Ачаатай машинууд урагшаа хараад очерлоод зогсож байсан. Талийгаач машиныхаа жолоочийн талаар урагшаа машин руугаа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/, Гэрч Ц.Сансарын өгсөн: “...44-91 ӨМА улсын дугаартай, Нордбенз маркийн автомашин байсан. Жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна...“гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/, Гэрч Б.Баттогтохын өгсөн:”...Машин жоохон ухраагаад нөгөө дайруулсан хүнийг өргөж машины урд гаргаж ирсэн. Тэнд байсан хүний нэг нь цагдаа, эмнэлэг дуудчихлаа гэж байсан...”гэх мэдүүлэг хх/-ийн 103-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 72 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 106-107-р хуудас/, Замын шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 124-р хуудас/ зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.Л нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогчийн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ “Л.Лаас оруулгын болон бусад зардлын мөнгө болох 23,265,000 төгрөгийг төлж барагдуулсан тул бидний зүгээс гомдолгүй гэж үзэж байна. Хожим ямар нэгэн маргаан гаргахгүй болно” гэсэн баталгаа гаргаж шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Л.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Л.Лийн ВСЕ ангиллын 1029845 тоот, мөн СЕ ангиллын 0039808 тоот мэргэшсэн жолооны үнэмлэхүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Лхагважавын Лийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жил жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Л.Л нь тэнсэгдсэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Лийн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л.Лийн ВСЕ ангиллын 1029845 тоот, мөн СЕ ангиллын 0039808 тоот мэргэшсэн жолооны үнэмлэхүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА