Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 203/МА2022/00041

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 07 өдөр Дугаар 203/МА2022/00041 Даланзадгад сум

 

 

 

Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, *******д

хариуцагдах иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 143/ШШ2022/00436 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д хариуцагдах,

зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ийн давж заалдах гомдлоор 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэлийн шаардлага:

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ******* нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А/16 дугаартай тушаалаар *******-д агуулахын менежер албан тушаалд томилогдон ажиллах хугацаандаа Улаанбаатар хотод гэр, оронгүй түрээсийн байраар амьдарч байна, ар гэр хэцүү байна та надад 30,000,000 төгрөг 3 жилийн хугацаатай хувиасаа түр зээлээч гэж удаа дараа гуйсны дагуу 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Голомт банкны ******* дугаарын данснаас *******ийн Хаан банкны ******* дугаарын дансанд Гэндэн ******* зээл, *******, Хаан төв банк гэсэн гүйлгээний утгатай 30,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай амаар тохиролцож зээлж шилжүүлсэн болно.

Миний бие нь 2019, 2020, 2021 онд 30 000 000 төгрөгийг буцааж төлөх талаар *******өөс шаардаж байсан ба ******* нь одоогоор боломжгүй байна гэдэг байсан.

Гэтэл ******* нь манай *******-ийн агуулахын менежерээр ажиллаж байх хугацаандаа миний итгэлийг алдаж байнга архи, дарс ууж, ажил тасалж, хариуцсан агуулахаас их хэмжээний эд хөрөнгийн дутагдал гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба дээрх асуудал нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4, 17.1 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно.

Иймд миний бие 2018 онд *******д 3 жилийн хугацаатай зээлдүүлсэн 30,000,000 төгрөгийг *******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

30,000,000 төгрөгийг зээлж аваагүй болно.

Анх надад 2017 оны 6-р сард *******-ийн захирал ******* Манай компани Оюутолгой ХХК-д сэлбэг, бараа материал нийлүүлэх тендер авч, гэрээ хийсэн боловч туршлагатай ажиллах боловсон хүчин манайд алгаа, чи манай компанид нэг сарын 2,500,000 төгрөгийн цалинтай, агуулахын менежерээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хотод ирж ажиллаач, ах нь чамд орон байрны асуудалд тусалж байрны урьдчилгаа өгнө гэсэн санал тавьсны дагуу би 2017 оны 7 сарын 1-ээс *******-д агуулах менежерээр ажилд орсон.

Ийнхүү 2018 оны 5 сард миний охин Э.Нандин-Эрдэнэ /******* миний бие хамтран зээлдэгч нь болно/ Улаанбаатар хотод ипотекийн зээлээр орон сууцны байр авсан бөгөөд тэр үед ******* захирал амласан ёсоороо байрны урьдчилгаа 30,000,000 /гучин сая/ төгрөгийг буцалтгүй тусламж болгон өгсөн.

Тусламжийн мөнгөө миний ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлэхдээ гүйлгээний утгыг зээл гэж шилжүүлснийг лавлаж асуухад Эрдэнэцэцэг эгч чинь /эхнэр нь/ мэдвэл хэцүү шүү дээ. Чи ойлгоорой гэж хэлсэн.

Мөн Голомт банканд Тус компанид агуулахын менежерээр ажилладаг *******д Буцалтгүй тусламж болгон олгосон 30,000,000 /гучин сая/ төгрөгийн гүйлгээний утгыг Зээл гэж бичсэн болно гэсэн тайлбар хүргүүлсэн байдаг

Би тухайн үед нь ******* захиралд Энэ их мөнгийг хүнээс зүгээр авах хэцүү байна. Анх тохиролцсон ёсоор миний 2,500,000 төгрөгийн цалингаас суутгаж 1,000,000 төгрөгөөр тайлагнаж байгаа, цаашид ч хэвээрээ цалингаас суутган авахыг хүсэж байна гэсэн.

Тэрээр энэ саналыг минь зөвшөөрсөн бөгөөд цаашид гарт авах цалинг чинь шатлалтайгаар өсгөнөө гэсэн.

Ингээд 2017 оны 7 сараас 2020 оны 9 сар хүртэл 38 сар ажилласны дараа ******* захирал надад хэлэхдээ 30,000,000 төгрөгийг төлж дууссан гэж үзье, чиний цалинг анх тохирсон ёсоороо 2,500,000 / төгрөг болгоё гэсэн.

Харин миний хувийн тооцооллоор бол би энэ мөнгийг давуулан төлсөн байгаа юмаа. /Хавсралт материал №3 "Аман тохиролцоог цалин"-гийн суутгалын тооцоолол/ Дээрх тайлбар нотолгоондоо үндэслэн Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. ******* захирал энэ 30 000 000 төгрөгийг урьд өмнө удаа дараа төлөхийг шаардаж байсан хэмээн нэхэмжлэл дээрээ худал ташаа бичсэн нь утга учиргүй зүйл юмаа. Яагаад гэвэл миний гарт олгох цалингаас суутгаж авах бүрэн эрх нь байсан шүү дээ. Мөн намайг *******-д их хэмжээний эд хөрөнгийн дутагдал гаргасан, байнга архи дарс уудаг хэмээн илтээр гүтгэн, дайрч доромжлон, хүний нэр төрд халдсан шинжтэй зүйлсийг дурдсан нь миний санаанд нийцэхгүй байна. Яагаад гэвэл намайг анх ажилд ороход *******-аас надад хүлээлгэн өгсөн бараа материал, болон бүртгэл жагсаалт байхгүй учир надад дутаасан болон хохироосон эд хөрөнгө байхгүй. гэжээ.

4. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******өөс 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бат- Эрдэнэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: *******-ны захирал ******* миний орон сууц худалдан авахад дэмжлэг болгон 30,000,000 /гучин сая/ төгрөгийг буцалтгүй тусламж болгон олгосон. Энэ мөнгийг шилжүүлэн өгсний дараа Голомт банканд шилжүүлсэн үндэслэлээ заахдаа өөрийн 2018 оны 5 сарын 23, 5 сарын 28-ны өдрийн тус тус бичсэн тодорхойлолтдоо энэ мөнгийг буцалтгүй тусламж болгон олгосон гэж тус тус хүсэл зоригоо илэрхийлжээ.

Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дурдсан мөнгийг зээл байсан гэж гүтгэн шаардлага гаргасныг шүүх хүлээж авч шийдвэрлэхдээ дараах процессын алдаа гаргасан байна.

Тодорхойлох нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлага дээр үндэслэн хавтаст хэрэгт цугларсан бүх баримтуудыг хянан үзэхээс гадна зохигчийн эрхийг эдлүүлж, шүүхэд гарган өгсөн баримтууд дээр тулгуурлан гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, гаргаж өгсөн баримтуудыг шалгуулах арга хэмжээ аваагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүд зөрчигдсөн байна.

2. Хариуцагч миний гаргаж өгсөн зарим баримтыг орхигдуулсан, дутуу судалсан нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн алдаа гаргажээ.

Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг дутуу үнэлсэн байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх, татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт материал гаргаж өгөх боломж олгоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч *******ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

30,000,000 төгрөгийг авсан нь үнэн. энэ мөнгийг цалингаараа төлсөн. Санхүүгийн тайлан, цалин дээр суутгал нь харагддаггүй. цалин яаж нэмэгддэгийг би мэднэ.

Байрны урьдчилгааг буцалтгүй тусламж гэж өгсөн. Энэ албан бичиг нь байгаа гэв.

7. Хариуцагч *******ийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Зээл, бэлэглэл, эсвэл буцалтгүй тусламж байсан уу гэдэгт ярихгүй. яагаад 2 удаа дөрөв, тав хоногийн зайтай энэ бол буцалтгүй тусламж мөн гэсэн бичгийг өөрөө гаргаж өгсөн бэ гэдэг эргэлзээтэй нөхцөл байдлыг шалгаж барагдуулаагүй, нотлох баримт үнэлэх журам зөрчигдсөн.

Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэнтэй холбоотой яригдаж байгаа. Бидний хувьд хэрэгсэхгүй болгох тухай шаардлага тавихгүй, дахин хэлэлцүүлж өгөөч, энэ асуудал дээр маргая гэж үзэж байна гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нь шүүх хуралдааны тэмдэглэл, эрх, үүрэг танилцуулсан байдал, шүүх хуралдааны явцад эрх, үүргийг тайлбарласан, хэргийг материал танилцуулсан баримт зэргээр харагдана. Хариуцагч уг мөнгийг зээлж авснаасаа хойш банкнаас ипотекийн зээл авахаар материал бүрдүүлж өгсөн боловч урьдчилгаа мөнгөгүй зээл төвлөрсөн байна. Банкны шаардлагад нийцэхгүй тул банкны шаардлагад нийцүүлэхийн тулд бичиг хийж өгсөн асуудал яригдана. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30, 000,000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч ******* нь 30,000,000 төгрөгийг зээлж аваагүй, тусламж хэлбэрээр авсан гэж уг төлбөрийн хариу төлбөр дээр маргасан байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэх мөнгөний хэмжээний талаар маргаагүй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй.

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөнөөс шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:

4.а. Шүүх ...30,000,000 төгрөгийг Гэндэн *******д зээл гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байна, ...банкны ...баримтын гүйлгээний утга гэсэн хэсэгт ...зээл гэж бичигдсэн... гэж дүгнэсэн боловч хэргийн 02 дугаар хуудсанд авагдсан банкны баримтад гүйлгээний утга бичигдээгүй байх тул шүүхийн дүгнэлтийг нотлох баримтад үндэслээгүй гэж үзнэ.

4.б. Хариуцагч ******* нь татгалзлаа өөрийг нь ажиллуулж байгаа ******* захиралтай компаниас амьдрах нөхцөлийг хангах зорилгоор хариу төлбөргүйгээр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн агуулгаар илэрхийлж, үүнийгээ нотолж *******-аас 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Голомт банканд хүргүүлсэн гэх нотариатчаар гэрчлүүлсэн бичмэл баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэн гэж мэтгэлцсэн байна. /хэргийн 15-р хуудас/ Шүүх уг бичмэл нотлох баримт нь маргаанд хамааралтай эсэхэд буюу түүний хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийгээгүй байгаа нь шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу үйлдэгдээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Дээрх бичмэл баримтад нотариатч баримт бичгийн хуулбар гэрчилсэн баталгааны тэмдэг, тамга дарагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан Бичмэл нотлох баримтыг ...хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр боловч уг гэрчилсэн баримт бичгийн захирал гэсэн хэсэгт тухайн хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдсан байдал тодорхой харагдахгүй байх тул уг баримтыг нотлох баримтад тавигдах шаардлага хангасан гэхэд эргэлзээ төрүүлж байна.

Харин энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан ...Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан ажиллагааг шүүхээс хэрэгжүүлэх боломжтой байсан байна.

4.в. Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хөдөлмөрийн харилцаа үүссэн тухай тайлбарлаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Шүүх хөдөлмөрийн гэрээний харилцааг зээлийн гэрээний харилцаанаас тусгаарлах шаардлагатай гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн цалингийн суутгалын тооцоо /хх-18 тал/ гэх тайлбарын талаар дүгнэсэн. Иймд шүүхийг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэв.

Иймд хариуцагчийн нотлох баримтыг дутуу үнэлсэн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.

5. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 143/ШШ2022/00436 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ