Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Гэрч П.М, Б.О,

Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ч-д холбогдох эрүүгийн 1838004080353 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Ч.

Шүүгдэгч Э.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн Б.С-г архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн Б.С-г архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...С над руу дайраад миний нүүр хэсэгт цохиод авсан. Миний хамраас цус гарахаар нь би зөрүүлээд С-н нүүр хэсэгт нь цохьсон. Тэгээд би гар руу нь цохиж өөрөөсөө тавиулаад явган сумын төв рүү явсан. Би С-н зүүн шанаа хэсэгт цохьсон. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...тэгээд бид дөрөв архи пивоо хувааж ууцгаасан. Тэгээд юу болсныг мэдэхгүй ухаан алдсан байсан. 2 хоногийн дараа юм шиг байна лээ сумын эмнэлэгт ухаан орсон. Ухаан ороход хамаг бие хөндүүр, нүүр, нүд хавдсан, зүүн хацар дээр шалбарсан байсан. ...одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11, 34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед гэртээ байж байтал манай ээж манай гэрт орж ирээд дүү чинь хүнд зодуулчихсан байдалтай цус нөжтэйгээ холилдсон гэртээ орж ирлээ гээд буцаад гараад явсан. Би ээжийн араас хэсэг байж байгаад аавын гэрт ороход манай дүү С орон дээр ухаан алдаад уначихсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. ...жолоочийн эсрэг талын хаалганаас Ч бууж ирээд би нэг цохисон юм намайг С заамдаад авахаар нь гаран дээр нь цохиж тавиулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч П.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ...С Ч руу дайраад байсан. Тэгэхэд нь Ч С-г нэг цохиод авч байх шиг байсан. ...Тухайн үед С-н хамраас бага зэргийн цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 14-ний орой ...М, С, Ч тэр гурав машинтай архи уучихсан сууж байсан. ...машинд сууж нөгөө гуравтай нийлж архинаас хамт уусан. Тэгээд машины хойд талын суудал дээр С бид хоёр морь мал яриад сууж байсан юм. Тэгтэл гэнэт миний нүүр рүү С цохиод авсан. Тэгэхээр нь би чи одоо яагаад байгаа юм бэ гээд бариад авсан. Тэгсэн дахиад миний хамар руу хоёр гурав цохиод авсан. Миний хамраас цус гараад байж байхад гаднаас Ч машины хаалга онгойлгоод бид хоёрыг салгаад С-г аваад гарсан” гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 241 дугаартай:

1.2. Б.С-н биед баруун хацар болон зүүн шуунд зулгаралт, тархины эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.

4. Б.С-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004080353 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Э.Ч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 58 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838004080353 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Э.Ч-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн 1838004080353 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.НЯМСҮРЭН