Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 522

 

Б.Л, Ө.Г, Д.Л,

С.Н нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар тогтоолтой, Б.Л, Ө.Г, Д.Л, С.Н нарт холбогдох 3312 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1937 оны байдлаар:

1. Б-ын Л, нас 34, лам, Дорноговь аймгийн Мандах сумын 6 дугаар баг, ам 10, хөрөнгө адуу 20, тэмээ 15, хонь 50, Өлгий хийдэд суудаг, гавж мяндагтай, түвд ном мэднэ, ял шийтгэл хүлээж яваагүй, халх.

2. Ө-ийн Г, нас 50, Өмнөговь аймгийн Галба сумын 6 дугаар баг, гавж мяндагтай, Цогцолын хийдийн хувилгаан зэрэгтэй, урьд ял шийтгүүлж яваагүй, түвд ном мэднэ, угсаа халх.

3. Д-ын Л, нас 53, Дорноговь аймгийн Өндөршил сумын 2 дугаар баг, Өлгийн хийд дээр суудаг гавж мяндагтай, ам бүл 5, хөрөнгийн хувь 10 шавь нар 70 гаруй, түвд ном мэднэ, угсаа халх, урьд ямарч цэрэгт яваагүй, ял шийтгэл хүлээж яваагүй.

4. С-ын Н, нас 77, Дорноговь аймгийн Өндөршил сумын 2 дугаар баг, ам бүл 11, хөрөнгийн хувь 100, Гандан хүрээнээ сууж байсан, аграмба мяндагтай, шавь нар 600 гаруй, түвд ном мэднэ, угсаа халх, ял шийтгэл хүлээж яваагүй.

Хувьсгалын эсэргүү лам нарын байгууллагад хамба Санжмятав, гавж Цэвээндорж нарын удирдлагаар эсэргүү бүлгэмийн гишүүнд элсэн орж, тус бүлгэмийн хуралд 3 удаа оролцож, Банчин богдыг цэрэг, зэвсгийн хамт ирүүлэх хэрэгт идэвхтэй туслалцаж, Банчин богдын хэрэглэлд зориулан өөрсдийн хувиасаа эд бараа болон хөрөнгө, мөнгө туслалцаж байсан. Өөрийн эсэргүү бүлгэмийн ажлыг хүчтэй болгохын тулд өөрийн итгэлтэй хүмүүст бүлгэмийн удирдагчдын заавар даалгаврын ёсоор цуурхал тараасан, Банчин богдыг залж ирүүлэх тухай хэрэглэлийг олж бэлтгэхийг оролдон дэмжиж явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 06 дугаар сарын  16-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44, 48 дугаар зүйлд заасныг баримтлан хөрөнгийг нь хурааж шийтгэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Улс төрийн хэрэгт холбогдуулан Б.Лийг 3 удаа, Ө.Гг 2 удаа байцааж, С.Наваан, Д.Л нарт 27/1937/ оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Шүүх цаазны бичгийн 43, 44, 48 дугаар зүйлүүдэд зааснаар ял төлөвлөн, шүүхэд шилжүүлж, хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэлх хугацаанд эдгээр 4 хүнийг нас барсан байхад нь Дорноговь аймгийн Ардын шүүх таслах 27/1937/ оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44, 48 дугаар зүйлд заасныг баримтлан Б.Л, аграмба мяндагтай С.Наваан, гавж мяндагтай Д.Л, хувилгаан Ө.Г нарын хөрөнгийг нь хурааж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд :

1. Б.Л, Ө.Г, С.Наваан, Д.Л нарыг эсэргүү бүлэгт элсэж, ямар даалгавар биелүүлж байсныг нотолж тогтоосон баримт хэрэгт байхгүй байхад Шүүх цаазны бичгийн 43, 44, 48 дугаар зүйлүүдэд зааснаар ял төлөвлөсөн.

2. Энэ хэргийн улмаас тухайн нийгэмд учирсан хор хохирол, гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоосон баримт хавтаст хэрэг байхгүй.

3. Ямар утгатай эсэргүү цуурхлыг хэзээ, хэнд, хаана, ямар байдлаар тараасан нь тодорхойгүй, энэ талаар шалгаж тогтоосон баримт байхгүй.

4. Өлгийн хийдэд төвлөрч байгуулагдсан хувьсгалын эсэргүү лам нарын бүлгэм байгаагүй болох нь тодорхой болж, Б.Лийн мэдүүлэгт илэрсэн Г.Раднаа, А.Сандаг, Ц.Өвгөнхүү, О.Данзанноров, З.Ёндонжамц, Д.Бөндөн, Д.Чоймбол, Д.Үржин, Л.Лувсандорж, Д.Цэвээндорж нарт холбогдох хэргийг Монгол Улсын дээд шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 298 дугаар тогтоолоор,

Д.Данзанчоймболын хэргийг БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тогтоолоор,

Л.Раднаагийн хэргийг хэлэлцээд Монгол Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 157 дугаар магадлалаар тус тус цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх нэр бүхий хүмүүсийг улс төрийн хэрэгт холбогдуулан хөрөнгийг нь хурааж, хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан баримтуудаас дүгнэвэл Баянжаргалын Лувсандаш, Өндөрийн Гэндэн, Дуламын Лувсандорж, Сосоржавын Наваан нарыг энэ хэрэгт 1937 оны 01 дүгээр сард баривчлан 1-3 удаа байцааж, 1937 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44, 48 дугаар зүйлүүдэд зааснаар ял төлөвлөсөн ба, хэрэг нь шүүхээр таслагдахаас өмнө нас барсан байхад нь Дорноговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны  6 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44, 48 дугаар зүйлд заасныг баримтлан хөрөнгийг нь хурааж, шийтгэсэн нь тэднийг улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Дорноговь аймгийн Ардын шүүх таслах 1937 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар тогтоолоос Баянжаргалын Лувсандаш, Өндөрийн Гэндэн, Дуламын Лувсандорж, Сосоржавын Наваан нарт холбогдох хөрөнгийг нь хурааж гэсэн заалтыг хүчингүй болгож, 3312 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Баянжаргалын Лувсандаш, Өндөрийн Гэндэн, Дуламын Лувсандорж, Сосоржавын Наваан нарыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Л, Ө.Г, Д.Л, С.Ннар ньхувьсгалын эсэргүү лам нарын байгууллагад хамба Санжмятав, гавж Цэвээндорж нарын удирдлагаар эсэргүү бүлгэмийн гишүүнд элсэн орж, тус бүлгэмийн хуралд 3 удаа оролцож, Банчин богдыг цэрэг, зэвсгийн хамт ирүүлэх хэрэгт идэвхтэй туслалцаж, Банчин богдын хэрэглэлд зориулан өөрсдийн хувиасаа эд бараа болон хөрөнгө, мөнгө туслалцаж байсан. Өөрийн эсэргүү бүлгэмийн ажлыг хүчтэй болгохын тулд өөрийн итгэлтэй хүмүүст бүлгэмийн удирдагчдын заавар даалгаврын ёсоор цуурхал тараасан, Банчин богдыг залж ирүүлэх тухай хэрэглэлийг олж бэлтгэхийг оролдон дэмжиж явсан” гэх үйл баримт нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Б.Л, Ө.Г, Д.Л, С.Н нарын үйлдэлд Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44, 48 дугаар зүйлүүдэд зааснаар ял төлөвлөсөн бөгөөд хэрэг шүүхээр таслагдахаас өмнө нас барсан байхад дээрх зүйл заалтыг баримталж хөрөнгийг хурааж шийдвэрлэсэн нь нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “Улсын дээд шүүх улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн этгээдэд холбогдох хэргийг хянан үзэж хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдвол хилс хэргийг хэрэгсэхгүй болгож уг этгээдийг цагаатгах, эсхүл хилс хэрэгт ял шийтгүүлсэн нь тогтоогдоогүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргах”-аар заажээ.

Б.Л, Ө.Г, Д.Л, С.Ннарт холбогдох 3312 дугаартай хэрэгт Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44, 48 дугаар зүйлүүдэд зааснаар ял төлөвлөсөн бөгөөд хэрэг шүүхээр таслагдахаас өмнө нас барсан, өөрөөр хэлбэл дээрх хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлээгүй, ял шийтгэл авах эсэх нь тодорхойгүй байхад хөрөнгийг нь хурааж шийдвэрлэсэн нь буруу.

Түүнчлэн дээрх хүмүүсийн гэм буруутай эсэх талаар тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй тул шүүхээс цагаатгах боломжгүй бөгөөд тэднийг цагаатгах эсэх асуудал нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар Улсын ерөнхий прокурорын газрын эрх хэмжээний хүрээнд байна.

Мөн Б.Л, Ө.Г, Д.Л, С.Ннарт холбогдох хэрэгт Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44, 48 дугаар зүйлүүдэд зааснаар ял төлөвлөсөн, шүүхээр орохоос өмнө нас барсан байхад шүүхээс тэдний хөрөнгийг хурааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул дээрх хөрөнгө хураасан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд прокурорын “... Дорноговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар тогтоолоос Баянжаргалын Лувсандаш, Өндөрийн Гэндэн, Дуламын Лувсандорж, Сосоржавын Наваан нарт холбогдох хөрөнгийг нь хурааж гэсэн заалтыг хүчингүй болгуулах” гэсэн хэсгийг хангаж,  “... 3312 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Б.Л, Ө.Г, Д.Л, С.Ннарыг улс төрийн хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах”-аар гаргасан дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар тогтоолд Баянжаргалын Лувсандаш, Өндөрийн Гэндэн, Дуламын Лувсандорж, Сосоржавын Наваан нарын хөрөнгө хураасан холбогдох заалтыг хүчингүй болгож, дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН