Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 05

 

                                                                                                                                                                                                                                                                   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би Увс аймгийн , иргэн Уураг овгийн М.Т ирүүлсэн “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б  холбогдох, захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч М.Т  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2005 онд Увс аймгийн Байгаль орчны албаны амьтан ургамлын асуудал /биологийн төрөл зүйл/ хариуцсан ажилтны ажлын байрны сонгон шалгаруулалтанд шалгалт өгч тэнцэн томилогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, тасралтгүй 12 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд хариуцсан ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэр өөрчлөгдөөгүй хэвээр байгаагаас гадна аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны А/505 тоот захирамжаар Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц орон тоог баталсан. Энэхүү бүтэц орон тоонд миний хариуцсан ажпын байр батлагдсан байна.

         Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь намайг 2016 оны 9 сарын 8-ны өдөр албан өрөөндөө дуудан "таны хийж байгаа ажлыг авна дээрээс таныг соль гэж байна өөр ажилд оч" гэдэг шаардлагыг тавьсан. Улаангом сумын байгаль хамгаалагчийн ажил санал болгосн. Миний хувьд зөвшөөрөхгүй байгаагаа БОАЖГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б т 2016 оны 9 сарын 12-ны өдөр хувийн өргөдлөөр хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй.

         Миний ажиллаж байгаа албан тушаал нь биологийн төрөл зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн би ТЗ-5-аар цалинждаг. Гэтэл байгаль хамгаалагч бол ТЗ-2-оор шатлалтай гэдгийг хэлсэн. Тэгвэл ус, хог, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн бол гэсэн. Тэгэхэд би энэ ажлын байруудад тус бүр төрийн жинхэнэ албан хаагчид ажиллаж байгааг сануулж, би 1-рт, тушаал буурахгүй, 2-рт, ТЗ-5-н шатлалаар өөр асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдвол миний үндсэн ажлын байр хөндөгдөж, миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэдгийг хэлсэн.

      Түүнчлэн өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэж тодорхой амжилтанд хүрсэн, Монгол Улсад жишиг туршлага загвар болсон нутгийн иргэдэд түшиглэсэн агнуурын менежментийн бодлого хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг минь үгүйсгэн өөрийн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргана, би мэднэ гэх үүднээс хандан дарамт шахалт үзүүлж энэ талаар бусдаас өөрийнх нь буруу үйлдэлийг холбогдох хүмүүс сануулахад тэр намайг ингэж хэллээ, та намайг буруу ойлгуулсан байна гэх мэтчилэн өөрөөс нь хамаарах буруу үйлдлийн төлөө намайг буруутгах гэж оролдох зэргээр удирдах албан тушаалтны байр сууринаас ажлын байран дахь дарамт шахалтыг удаа дараа үзүүлж сэтгэл санааг минь тайван бус байлгаж хэвийн ажиллаж амьдрах Үндсэн хуулиар заагдсан эрх минь ноцтойгоор зөрчигдөж явсаар 11 сарын 15-ны өдөр жирэмсэн байснаа зулбасанд амь нас, эрүүл мэндээр хохирсонд маш их гомдолтой байна.

       Миний ажлын байрыг өөрчилсөн хууль бус шийдвэрийг 2016 оны 9 дүгээр сарын 13-нд гаргасан байсан. 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр байгууллагын хурал дээр бүтэц орон тоо өөрчлөгдсөн шийдвэрийн дагуу М.Т  хог хаягдлын асуудал хариуцана гэж хэлсэн. Миний ажлын байрыг өөрчилсөн хууль бус шийдвэр болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б гаргасан тушаалыг хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Х  надад 10 сарын 5-ны өдөр хүлээлгэж өгсөн. Төрийн албаны хуульд заасан зүйл заалтыг зөрчиж, намайг зөвшөөрөөгүй байхад хүчээр тулган хүлээлгэж өгсөн. Иймд төрийн албаны шалгалт өгч тэнцэж орсон хуучин албан тушаалдаа ажиллах хүсэлтээ БОАЖГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр гаргаж хариу аваагүй тул Увс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 10 сарын 12-ны өдөр өргөдөл гаргаж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 2016 оны 09 сарын 13-ны Б/25 тоот дугаар тушаалын 2 хавсралтын өөрт холбогдох хэсгийг зөвтгөж өгөх өргөдлийг гаргасан боловч байгууллагын даргын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна. Таныг сэлгэн ажиллуулсан байна. Биологийн төрөл зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр буцаан томилох боломжгүй гэсэн хариуг 2016 оны 11 сарын 04-ны өдөр ирүүлсэн учраас Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо. Иймд Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/25 тоот ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгон, төрийн албаны шалгалт өгч орсон Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилохыг даалгаж өгнө үү.

        Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б  2016 оны 09 сарын 13 өдөр Б/25 тоот ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан "хууль дээдлэх, хуульд үндэслэх, ашиг сонирхлын зөрчилгүй байх, иргэд хуулинд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох" зэрэг зарчмууд болон хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчиж гаргасан захиргааны акт байгаа тул дээрхи тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн М.Т г тус газрын Агаарын бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаал нь М.Т-ийн   эрх зүйн байдлыг дордуулаагүй, тушаалаас хамаарч цалин хөлс, цалингийн шатлал буураагүй болно. М.Т нь биологийн төрөл зүйл хариуцан ажиллаж байхдаа ургамлын төрөл зүйлээр ямар нэгэн ажил хийгээгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, удирдлагатай ёс зүйгүй харьцдаг. Мөн төрийн албан хаагч нь өөр ажил хавсран гүйцэтгэж болохгүй байхад төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж Гулзат газар нутгийн сүлжээ төслөөс гэрээ байгуулан сар бүр 380.000 төгрөгийн цалин авч байсан зэрэг алдаа дутагдал гаргаж ажиллаж байсан болно гэжээ.

         Гуравдагч этгээд М.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М. Ч миний бие улсад 15 дахь жилдэ ажиллаж байгаагаас байгаль орчны салбарт 9 дэх жилдээ ажиллаж байна. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй. Би төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, төрийн ажил үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж ажиллаж ирсэн. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Байгаль орчин аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б  2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн албан тоотдоо: Нэхэмжлэгч М.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч түүнийг биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр, тухайн ажлын байр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М.Ч агаарын бохирдол, хог хаягдал, хорт бодис хариуцсан мэргэжилтнээр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн Б/04, Б/05 дугаар тушаалуудаар тус тус томилов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч М.Т  нь “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, томилох тухай” Б/25 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн баталгаажсан ажлын байр болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг маргааны талаар Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд гомдлоо гаргаж, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн, нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыг хангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

         Хариуцагч захиргааны байгууллага болох Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, албан тоот ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд байх бөгөөд хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

        Энэ хэрэгт бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдээр татагдсан иргэн М.Ч  нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 12 сарын 05-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар тус газрын Улаангом сумын байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, улмаар мөн газрын даргын Б/39 дүгээр тушаалаар, мөн өдрөө маргаан бүхий ажлын байранд томилогджээ. Ингэхдээ гуравдагч этгээд нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн ТЗ-2 ангилалын албан тушаалд ажиллаж байсан ба түүний ангилалын шатлалыг ахиулж ТЗ-5 ангилалын албан тушаал буюу маргаан бүхий ажлын байранд томилсон байна.

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхдөө нэхэмжлэгч М.Т г урьд нь эрхэлж байсан Биолигийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр, уг албан тушаалд томилогдсон байсан гуравдагч этгээд С.Ч г Агаарын бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан мэргэжилтнээр тус тус томилж, 2017 оны 1 сарын 19-ний өдөр Б/04, Б/05 дугаартай тушаалуудыг гаргажээ. Энэ тохиолдолд гуравдагч этгээд М.Ч  эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байна гэж шүүхээс үзлээ. Учир нь тэрээр урьд нь сумын байгаль хамгаалагч ТЗ-2  ангилалаар ажиллаж байсан бол одоо ангилал дотроо шатлал ахиж, албан тушаалд томилогджээ.

        Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй буюу бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

      Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна. Тэгэхээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.

           Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Т  ирүүлсэн “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн М.Төгөлдөрийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б  холбогдох /124/2016/0045/з индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Т ээс  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                                У.БАДАМСҮРЭН