Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0581

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 07 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0581

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

М.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Б.Б нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нарын давж заалдах гомдлоор, М.О нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Б, улсын байцаагч Л.О нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М.О 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Б.Б, улсын байцаагч Л.О нарын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07, 23-02-18/09 дугаар актуудын М.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр:

“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.3.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.5, 14.4.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.О хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Б.Б, улсын байцаагч Л.О нарт холбогдуулан гаргасан “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07 ,23-02-18/09 дугаар актуудын М.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч М.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...23-02-18/06 актыг хуульд нийцсэн зөв гэж дүгнэсэн үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүх “...С.О гэдэг хүнийг даргын дээрх тушаалаар цахилгааны инженерээр ажилд авсан, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тушаалаар чөлөөлсөн гэх баримтууд байгаа боловч С.О тус байгууллагын цахилгааны инженер техникийн ангид ажиллаагүй, харин түүний нэрийг нэмж бичсэн цагийн балансад үндэслэн цалин бодож олгодог байсан нь хэрэгт авагдсан. 2017 оны 2, 3, 4, 5, 6, 7 дугаар сарын ажлын цагийн бүртгэл, баланс, картын цалин, С.О цалинтай чөлөө хүссэн 2017 оны 2 дугаар сарын 8, 5 дугаар сарын 10-ны өдрийн өргөдөл, гэрч А.Б “...чөлөө олгох журам байгаагүй болохоор цалинтай чөлөө олгох тушаал гаргаагүй...”, гэрч Р.Э “...инженер техникийн ангийн цагийн бүртгэлд цагийн бүртгэл, балансыг би гаргаж өгдөг. С.О гэдэг хүн манай ангид ажиллаагүй, миний гаргасан цагийн балансын доор С.О гэж нэрийг нэмж бичсэн байна. Цагийн бүртгэлээ гаргаад боловсон хүчинд хүлээлгэн өгдөг байсан...” гэх мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж, актыг хуульд нийцсэн, үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр болсон гэж шийдвэрлэсэн.

23-02-18/07 актыг хуульд нийцсэн зөв гэж үзсэн үндэслэлийн тухайд: Д.О Х.Х, Б.М нартай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, Д.О төгөлдөр хуур хөглөсний, Х.Х шинэ жилийн баярын арга хэмжээнд амьд хөгжим тоглуулсны хөлс гаргаж өгөхдөө тэднийг ажилд авсан тушаал гаргаж, ажлын цагийн тодорхойлолт, цагийн балансад нэрийг нь оруулж цалин олгодог байсан болох нь хэрэгт автагдсан тушаалууд, ажлын цагийн тодорхойлолт, цагийн баланс, гэрч П.Ч “...Д.О төгөлдөр хуур хөглөдөг манай театрт амралтын өдрөөр ирж 6 төгөлдөр хуур хөглөсөн хөлсийг нь Х.Х манай үндсэн хөгжимчнөөр ажилладаггүй, харин театрын шинэ жилийн үйл ажиллагаан дээр хамтлагаараа ирж дуулж хөлсийг нь тус тус олгохын тулд тушаал гаргаж, цалин олгосон гэж дарга тайлбарлаж байсан. Б.М танихгүй цагийн бүртгэл дээр хүний нэр бичээд байгаа нь сонин байна...” гэх, Б.М “...миний бие “Гэрэлт амин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвд 2005 оноос хойш одоог хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байна. Нөхөр Х.Х ажлын хөлсөө Хаан банкны миний нэр дээр байдаг дансаар авсан” гэх тайлбаруудаар тус тус тогтоогдож байгаа гэж дүгнээд миний тайлбар үндэслэл болгосон дүрэм журмыг анхаарч үзсэнгүй

Нэхэмжлэгч миний бие шүүх хуралдаанд 23-02-18/06, 23-02-18/07 актад эдгээр 3 хүнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэсэн гэрээ байгуулаагүй ба хүний нөөцийн ажилтан ийм тушаал гарснаа мэдээгүй нэг ч өдөр ажиллаагүй хүнд цагийн балансад нэрийг нь оруулж цалин бодож олгосон гэсэн зөрчил, буруу шийдвэр гаргасан, цалин бодож олгосон дарга А.Б, нягтлан бодогч М.О нараар хувь тэнцүүлэн төлүүлэх гэсэн шийдвэрээс өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, үйл баримт нотлох баримт, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дүрэм журмаа тайлбарласан боловч байцаагч, шүүх аль аль нь ялгаж зааглаж шалгаж үзээгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэн шийдвэрлэж нягтлан бодогч буруутай байна гэсэн нь ойлгомжгүй байна.

Манай байгууллагын дарга А.Б шийдвэрээр бичиг хэргийн ажилтан А.Б ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сараас жирэмсний амралтаа авснаас хойш дарга А.Б төрсөн дүү 2-4 cap хүртэл, түүний нарийн бичиг байсан Ж.Х 4-8 сард, 8 сараас хойш ажиллаж байгаа түүний хамаатан Б.М нар ажилд авах, томилох чөлөөлөх, чөлөө олгох тушаалтай холбогдох асуудлыг шийдвэрлэж боловсруулдаг бөгөөд надад ажилд авсан томилсон тушаалыг авчирч өгдөг.

Цалингийн хүснэгтэд ажилтны цагийн бүртгэлийг бүртгэсэн ангийн багш болон хянасан хүний нөөцийн менежер, даргын гарын үсгээр баталгаажсан тамга тэмдэгтэй хүснэгт баримт надад орж ирдэг.

Дээрх тушаал болон баталгаажсан цагийн бүртгэл нь санхүүгийн анхан шатны баримт болдог учраас цалинг олгосон тухайгаа тайлбарлаж, байгууллагын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бүх ажилчдын хурлаар батлагдсан “Залуучууд театрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.12-т “Ажлын цагийн нэгдсэн бүртгэлийг харуул хамгаалалтын ажилтан, угтагч бүртгэх ба хүний нөөцийн менежер, ангийн багш нар тусгайлан давхар бүртгэж цахим бүртгэл, нэгдсэн бүртгэлтэй тулган, нарийвчлан гаргасан цагийн балансаар цалин бодогдоно”, 3.13-т “Ажлын цаг бүртгэл, ашиглалтын байдалд захиргаа, УСЗ /уран сайхны зөвлөл/, Хүний нөөцийн менежер хяналт тавина” гэж тус тус зохицуулснаар цалин олгох процесс бодит байдал дээр явагддаг бөгөөд энэ журмын дагуу надад ирүүлсэн цагийн бүртгэлд үндэслэн цалин бодогдсон.

Өөрөөр хэлбэл дотоод журмаар олгогдсон эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг бүрэн зурагдсан, батлагдсан тамга тэмдэгтэй цагийн бүртгэл ба ажилтны тушаал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж заасанд нийцэж байсан. Мөн С.О 2 удаагийн цалинтай чөлөө авах тухай өргөдлийг даргаас хүний нөөцийн менежерт цохолт хийгдсэн байтал нягтлан бодогч надад мэдэгддэггүй, надаас нуусан зэрэг нь тэдний нууж хийсэн үйл ажиллагаанд би оролцож байгаагүй харуулж байгаа юм. Гэрчээр асуугдсан А.Б дээрх хууль зөрчсөн үйл явдлыг удирдан зохион байгуулж, санхүүгээс нууж хийсэн, албан тушаалаа ашигласан ашиг сонирхлын зөрчилтэй хүний хувьд шүүхэд нягтлан бодогч бүгдийг мэдэж хийсэн гэх байр сууриар намайг хамтарч хийсэн болгож, бодит байдлаас өөрөөр тайлбарладаг төдийгүй түүний хүсэл зоригт нийцүүлсэн бусад мэдүүлэг ч хэрэгт авагдсан.

Мөн байгууллагын бичиг хэрэгт захиргааны зөвлөлийн хурлаар шинээр ажилтнуудыг авах томилох тухай асуудал хэлэлцэгдэж байгаагүй, ийм баримт байхгүй байтал нягтлан бодогч тушаал гаргасан, боловсруулсан, шинэ хүмүүсийг мэднэ, цагийн баланс дээр нэр нэмж бичсэн, дарга хүмүүсийг ажилд авах талаар нягтлан бодогчоос асуусан, зөвлөсөн гэх мэт журам баримтад нийцэхгүй гэрчийн мэдүүлгүүдийг шүүгч өөрөө өрөөндөө асууж авснаар хэрэгт авагдсан байдаг.

Миний байдлыг дордуулах агуулгатай, тодорхойгүй, таамаглаж байгаа болгонтой хөөцөлдөх боломжгүй байсан учраас энэ хууль бус ажлыг удирдаж хийсэн дарга А.Б, М.Е нарыг нэмж асуулгасан.

Залуучууд театрын хөдөлмөрийн дотоод журмын 7.1-т “дарга 3-аас дээш өдөр” 7.2-д “Удирдах албан тушаалтнууд ажилтанд чөлөө олгосон тухайгаа заавал шат дараалан мэдэгдсэн байна. Урьдчилан мэдэгдээгүйгээс байгууллагад хохирол учирвал чөлөө олгосон албан тушаалтанд хариуцлага тооцно” гэж заасан байхад гэрч А.Б “...чөлөө олгох журам байгаагүй болохоор цалинтай чөлөө олгох тушаал гаргаагүй” гэсэн хэрэгт авагдсан журмыг зөрчсөн таашаа мэдүүлгийг үнэлж, дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй, энэхүү дүгнэлт нь А.Б мэдүүлгийг үнэн зөв гэж түүнд үндэслэн хэргийг шийдвэрлэж байна гэж ойлгоход хүргэж байна. Шүүх хуралдаан дээр холбогдох журмыг судлуулж, холбогдох тайлбараа гаргасан боловч миний тайлбарыг огт үнэлээгүй, орхигдуулсан. Хэрэв буруу гэж үзсэн бол холбогдох дүгнэлт шийдвэрийн үндэслэлд тусгагдаагүй.

Иймд төсвийн шууд захирагчийн эрх мэдлээрээ тушаал шийдвэрээ гаргасан, эрх бүхий албан тушаалтнуудаар баталгаажсан санхүүгийн анхан шатны баримтад холбогдуулж шүүх дүгнэлт хийсэнгүй, харин зөв буруу гэрчийн мэдүүлэг, хуульд байхгүй заалт зэргийг үндэслэл болгон үнэлж, нягтлан бодогчийг буруутгасан байцаагч нарын дүгнэлт хуульд нийцэж гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхээс 23-02-18/09 актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд нийцсэн зөв гэж үзсэн үндэслэлийн тухайд:

Байцаагч нарын “санхүү бүртгэлд тусгаагүй зориулалт бусаар зарцуулах боломж олгосон” гэж тодорхойлсон зөрчлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт 23-02-18/09 актад холбогдох талуудын тайлбар, нотлох баримт, болсон үйл явдлыг Санхүүгийн хяналтын шалгалтын өмнөх дараах цаг хугацааг зааглахгүйгээр бөөнд нь нэг өгүүлбэрт багтаан үнэлсэн.

Ямар баримтыг хэрхэн үнэлээд үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй болсон байх тул шүүхийн дүгнэлтийг хувааж, тухай бүрт холбогдох тайлбарыг дахин гомдолдоо бичиж байна. Шүүхийн шийдвэрт “...Дархан-Уул аймгийн Залуучууд театрын 40 жилийн ойн арга хэмжээ 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр болохтой холбогдуулан Залуучууд театрын даргын 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 56 дугаар тушаалаар ажлын хэсэг томилсон ба уг ажлын хэсгийн “Хандив цуглуулах ажлын дэд хэсэг”-ийг дарга А.Б ахлан, гишүүдэд М.Е, М.О нар оролцож...” гэжээ. Нягтлан бодогчийн хувьд тухайн үед бэлэн мөнгөөр орж ирсэн бүх хандивуудыг нэмэлт санхүүжилтийн дансаар авч зарцуулалтанд хяналт тавьж, мөн бэлэн бусаар орж ирж байсан сэтгүүл сонин, энгэрийн тэмдэг гэх мэт бараа материалыг үнэ төлбөргүй орлогоор бүртгэн авч байсан. Хамтран ажиллах гэрээний талаар даргаас асууж тодруулдаг байсан ба холбогдох баримт гэрээ шаардлагатайг сануулж, анхааруулж байсан.

Хандив цуглуулах ажиллагааг эхлүүлж маркетингийн ахлах менежер М.Е “Н” ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан 40 жилийн баярын 55 хүний 2.391.500 төгрөгийн хүндэтгэлийн хүлээн авалтыг тус компани хариуцсан нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дүгнэлт, 08/03 дугаар албан бичиг, хүлээн авалтанд үйлчилсэн меню зэргээр актад холбогдох үйл баримтуудыг менежер М.Е хийж гүйцэтгэснийг шүүх үнэлсэн.

Тэрээр өөрийн болон даргын танилтайгаа ярилцаж хийсэн байдаг ба энэ үйл ажиллагааны талаар санхүүд ямарч баримтыг ирүүлж байгаагүй, хожим баримтыг нөхөн хийж, Санхүүгийн шалгалтын дараа санхүүгийн анхан шатны баримтуудыг байгууллагад авчирч өгсөн нь хэрэгт баримтаар авагдаж энэ талаар шүүх хуралдаан дээр баримтыг заан тодруулж, нэхэмжлэгчээс тайлбараа гаргасан.

“...“У” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг кассын зарлагаар бэлнээр хүлээн авсан” гэжээ. “У” ХХК-тай ямар тохиролцоо, ажил үйлчилгээ хийсэн талаар нягтлан бодогчид мэдэгдээгүй, ямар нэг санхүүгийн анхан шатны баримт ирүүлээгүй энэ нь Санхүүгийн шалгалтын үеэр М.Е компьютероос байцаагч Л.О олж илрүүлснээр энэ талаар мэдсэн.

М.Е 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” болон кассын баримтыг менежер 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр санхүүд авагдсан боловч дээрх гэрээ нь дүгнэгдээгүй байснаас бүртгэлд тусгагдаагүй. Энэ талаар хариуцагч, нэхэмжлэгч аль аль нь шүүх хуралдаан дээр тодорхой ярьсан. Өөрөөр хэлбэл нягтлан бодогчид Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу бүртгэлд тусгах баримт мэдээлэл байгаагүй болох нь шүүхийн өмнө хэлэлцэгдсэн.

Ийнхүү ямар нэг баримт бүртгэлгүй ажил гүйлгээг тайланд тусгаагүй нь нягтлан бодогчийн буруу гэж дүгнэсэн байцаагчийн актыг зөв гэж шүүх дүгнэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримтын бүртгэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж заасантай нийцэхгүй байна.

“А” ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан 40 жилийн ойн баярын хүлээн авалтыг 1.500.000 төгрөгийн бүтээгдэхүүнээр дэмжин ажиллах болж 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний дүгнэлтээр 100 хувь гэж дүгнэсэн байхад 1.356.460 төгрөгийн зарлагын баримт гаргаж өгсөн гэжээ.

Санхүүгийн хяналтын байцаагч нар менежер М.Е компьютерыг ашиглаж байхдаа мэдээллээс нь “А” ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г мэдэж түүнээс гэрээний эх хувийг авсан байдаг. Уг нь энэ гэрээ баримт нь санхүүд ирсэн байх ёстой. Гэтэл М.Е өөрийн найз байсан шалтгаанаар санхүүд ямар ч баримт өгөөгүй байсан ба энэ талаар мэдсэн бие 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гэрээг хүлээн авсан тэмдэглэл үйлдэж авсан зарлагын баримтыг шаардаж 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр авсан. Энэ үйл баримт шүүх хуралдаан дээр тодорхой хэлэлцэгдсэн байтал шүүх нягтлан бодогчийг дээрх ажил үйлчилгээг нотолгоогүй байх үед тайланд тусгах ёстой байсан гэж дүгнэх нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцэхгүй байна.

Мөн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн гэрээг дүгнэсэн гэх баримтаас үзвэл 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр гэрээг хааж дүгнэсэн нь шинэ жилийн баярыг 9 сард хийсэн мэтээр агуулгын алдаатай, зөрчилтэй, үнэн зөв гэж үзэх боломжгүй, нөхөж алдаатай хийсэн баримт болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл үнэн зөв бус бодит байдлаас зөрүүтэй хяналт шалгалтын дараа нөхцөл байдалд тааруулж үйлдсэн баримт байдаг.

Түүнчлэн гэрээ дүгнэгдсэнээр буюу зарлагын баримтаар ямар ажил үйлчилгээ хийгдсэн болох нь тодорхой болж энэ нь үнийн дүнтэй нэр төрөл нь тодорхой үнэн зөв санхүүгийн анхан шатны баримт болсноор бүртгэлд тусгагдах үндэслэл болно.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.21-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх.санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 20 дугаар зүйлийн 20.1.4-д “Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэж нягтлан бодогч хуулиар хүлээсэн үүрэгтэй. “У” ХХК-тай хамтран ажиллах гэрээг хариуцагчаас гаргаж өгөөгүй ч гэсэн “З” амралтанд 150 хүний байр хоолны зардалд 2.131.500 төгрөг, 1 автобус 150.000 төгрөгөөр хөлсөлж нийт 2.281.500 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн нь “З” амралтын газрын кассын орлогын ордер, харилцан туслалцаа бартер, хамтран ажиллах гэрээгээр хийгдсэн ажлын жагсаалтаар батлагдсан гэжээ.

“У” ХХК-тай гэрээ баримт байхгүй болохыг байцаагч актандаа үндэслэл болгосон ба ийнхүү үнийн дүн бүхий баримт мэдээлэл байхгүй байхад нягтлан бодогч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар бүртгэх боломжгүй мэдээлэл байхгүй байсныг илэрхийлдэг.

Энэ талаар шүүх хуралдаанд хэлэлцэгдэж дарга А.Б Т өөрийн найзтайгаа тохиролцсон тухай мэдүүлсэн, байгууллагаар дамжаагүй “З” амралтын газарт нэг хоног 150 хүнийг амруулсан байх ба байр хоолны зардлыг найзаараа төлүүлсэн байдаг. Нягтлан бодогчийн хувьд А.Б хувийн харилцаагаар найзтайгаа юу ярьж тохиролцсоныг мэдэх боломжгүй байсан бодит нөхцөл байдлыг байцаагч нар болон шүүхэд тайлбарласан боловч шалгалтын дараа тодорхой болсон.

“А” ХХК-тай /Конпорт зочид буудал/ тооцоо нийлсэн дансаар Залуучууд театр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд 2.443.416 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд шалгалтын дараа 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 1.373.500 төгрөгийн тайлан 993.000 төгрөгийн үйлчилгээг тухай Компортод үзүүлэх тухай “Хамтран ажиллах гэрээ” гаргаж өгснөөс үзэхэд 2.366.500 төгрөгийн үйлчилгээг авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч 2.310.000 төгрөгт акт тавьсан байна гэжээ.

Хариуцагч нар менежер М.Е компьютероос гарч ирсэн мэдээлэл болох буудлын төлбөрт 2.310.000 төгрөг гэсэн бичилтийг үндэслэн 23-02-18/09 тоот актанд “К” ХХК-ийн өгсөн 2.310.000 төгрөгийг буудалд хэдэн хүн хэдэн хоног ямар үнэтэй хэдэн төгрөгийн өрөөнд хэдэн хүн орж ямар хоол хэзээ идсэн гэсэн үндсэн баримтгүй гэсэн зөрчил тодорхойлж нягтлан бодогч санхүү бүртгэлд тусгаагүй зориулалт бусаар зарцуулах боломж олгосон гэж акт тогтоосон ба шүүгч үндэслэл бүхий гэж үзсэн.

Гэтэл “К” ХХК гэж байхгүй, “К” ХХК-иас 2.310.000 төгрөг өгсөн үйл баримт байхгүй нөхцөл байдлыг актад тусгасныг шүүх зөв гэж үзсэн төдийгүй шалгалтын дараа би М.Е шаардаж байж “А” ХХК-ийн зочид буудлын гэрээ тооцооны баримтыг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр авсан бөгөөд ийнхүү 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн буудлын тооцооны баримтын 1.373.500 төгрөг дээр 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн үлдэгдлийг хэрхэн төлөх тохиролцооны гэрээний 993.000 төгрөгийг нэмж тооцоод 2.366.500 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн гэж бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн.

Ийнхүү зөрүүтэй дүгнэлт тооцоог хийгээд байгаа нь байцаагчийн актад бичигдсэн үг, тоо, тооцоо, үндэслэл болон шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Эцэст нь нягтлан бодогч миний бие гэрээг дүгнэж анхан шатны баримтууд ирүүлээгүй үед бүртгэлд тусгах боломжгүй болохыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 20 дугаар зүйлийн 20.1.4-т “Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэж заасныг дурдах байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, зөрүүтэй байдал болон хавтаст хэрэгт авагдсан баримт актын хууль зүйн үндэслэл шүүхийн шийдвэрийн үндэслэл зэрэгт харьцуулан дүгнэлт хийж байцаагчийн болон шүүхийн дүгнэлтийг давж заалдах журмаар хянаж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А дээрх шийдвэрийг мөн эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

1.Хариуцагчаас гаргасан захиргааны акт нь Захиргааны ерөнхий 40 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй гэсэн нэхэмжлэгчийн үндэслэлд дүгнэлт хийгдээгүй.

2.Маргаан бүхий актын үндэслэл болон хууль зүйн үндэслэл нь зөв эсэхийг шүүхээр хянуулахыг хүсч шүүх хуралдаан дээр тайлбар гаргасан боловч шүүх захиргааны актад тусгагдаагүй хууль зүйн заалтуудаар нэхэмжлэгчийг буруутгаж дүгнэсэн төдийгүй актуудыг хуульд нийцсэн гэж дүгнэсэн.

3.Хариуцагчаас захиргааны акт гаргахдаа үндэслэл болгосон нотлох баримт болон үйл баримтад дүгнэлт хийлгэхийг хүссэн боловч уг актыг гарснаас хойш цаг хугацаанд бий болсон үйл баримт болон нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт өгснөөр актыг үндэстэй байна гэж үзсэн.

4.Ашиг сонирхлын зөрчилтэй буюу баримтаас зөрүүтэй мэдүүлэг гаргасан гэрчийн мэдүүлгийг үндэслэлээ болгосон.

5.Актын үндэслэл бодит байдалд хэрэгжих боломжгүй байдлыг харгалзаж үзээгүй, зөрчлийг тодорхойлсон байдлыг хянаж үзээгүй.

6.Маргаж буй захиргааны актуудын алдааг засаж дахин актуудыг гаргаж Сангийн яаманд өгсөн байдлын талаар нэхэмжлэгчээс эх сурвалжаа зааж тайлбарласан. Өөрөөр хэлбэл 2 өөр хэлбэртэйгээр акт нь гарч, нэг нь танилцуулагдаж нөгөө нь Сангийн яаманд засагдсан хэлбэртэйгээр хадгалагдаж байгаа нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч нарын акт хаанаас хэнээс гарч байгаа нь ойлгомжгүй төөрөгдүүлсэн бланктай, шүүх хүртэл урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэгдэх эсэхэд төөрөлдөж хэргийг үүсгэж байсан хариуцагч нар хуулиар олгосон эрх хэмжээг Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлэх үүрэгтэй, зөрчлийг тодорхой байдлаар актад тусгаж нягтлан бодогчийг буруутгаж байгаа хуулийн заалтыг тодорхой заах хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн шаардлага хангаагүй хуульд нийцээгүй байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч М.О Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаагийн хувьд 2014-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн цалингийн зөрчилд ногдуулсан төлбөрийг хувь тэнцүүлэн хариуцах нь цаг хугацааны хувьд ч, ажил үүргийн хувьд ч зүй ёсны хэрэг болно.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “ерөнхий нягтлан бодогч” гэдгийг нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогч байхаар тодорхойлсон.

Улсын ахлах байцаагчийн 2018 оны 23-02-18/06, 23-02-18/07 дугаар актаар тогтоогдсон зөрчил буюу нэр бүхий хүмүүсийг ажиллаж байсан мэтээр, эсхүл театрын төгөлдөр хуурыг хөглөсний, мөн 2017 оны шинэ жилийн арга хэмжээнд тоглолт хийсний ажлын хөлсийг цалингийн сангаас олгохын тулд тэдгээрийг ажилтнаар авч, хөлсийг цалин хэлбэрээр олгох ажиллагаанд нягтлан бодогч ямар ч оролцоогүй, эсхүл эдгээрийг мэдээгүй, мэдэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.

Хэдийгээр ажилчдыг ажилд авах, чөлөөлөх эрх байгууллагын даргад байдаг ч, нягтлан бодогчийн хувьд түүнд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, мөн даргын шийдвэрийг тухайн үед хууль бус гэж үзэж байсан тохиолдолд биелүүлэхгүй байх талаар ямар арга хэмжээ авсан болох нь тодорхойгүй, үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, мөн 20.1.5-д зааснаар “энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага үндэслэлгүй хариуцлага хүлээлгэсэн, эсхүл ажлаас нь чөлөөлсөн гэж үзвэл холбогдох байгууллагад эрхээ хамгаалуулахаар хүсэлт гаргах” эрхтэй байдаг.

Иймд театрын даргын 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 19 дүгээр тушаалаар С.О цахилгааны инженерээр томилсон боловч нэг ч өдөр ажиллагаагүй түүнд 2-8 дугаар сард нийтдээ 3.020.459 төгрөгийн цалин;

2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 37 дугаар тушаалаар Д.О концертмейстрээр томилсон боловч мөн л огт ажиллаагүй түүнд 19 хоногийн 487.587 төгрөгийн цалин;

2017 оны 12 сарын 1-ний өдрийн 131 дүгээр тушаалаар Х.Х, Б.М нарыг хөгжимчнөөр томилж, тус бүрт нь 536.912 төгрөгийн цалин бодож олгосонд ерөнхий нягтлан бодогч зохих хэмжээгээр буруутай талаарх анхан шатны шүүхийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол болон Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111, 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааварт тус тус үндэслэж хийгдсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Үнэхээр цахилгаанчин С.О өдөр тутам харилцах ажлын шаардлагагүй, өөрөөр хэлбэл түүнийг ажиллаж байгаа эсэхийг мэдээгүй, мөн ажлын цагийн тодорхойлолтыг ангийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нар гаргаж, байгууллагын дарга баталгаажуулсны үндсэн дээр тухай бүр цалинг олгож байсан гэж үзвэл байгууллагын өмнө санхүүгийн хариуцлага хүлээх албан тушаал хашдагийн хувьд актад заасны дагуу өөрт ногдох хэсгийг төлж, барагдуулсны дараа цагийн бүртгэлд нэмж нэрийг нь бичсэн буруутай этгээдээс төлбөрөө нэхэмжлэх нэхэмжлэгчийн эрхийг энэхүү шийдвэр, магадлал хязгаарлахгүй болно.

Харин Д.О төгөлдөр хуур хөглөсөн ажлын хөлсийг, Х.Х шинэ жилийн арга хэмжээнд амьд хөгжмийн хамтлаг тоглуулсны хөлсийг төлөхдөө тэдгээрийг болон Х.Х эхнэр Б.М хамтаар тус тус үндсэн ажилтан мэтээр цалин олгох байдлаар шийдвэрлэсэн нь буруу, үүнд нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах, байгууллагын мөнгөн хөрөнгийг зөв зохистой ашиглах, тэдгээрт хяналт тавих, батлагдсан орон тоог нарийн чанд баримтлан ажилчдын цалин хөлсийг цаг хугацаанд нь олгох зэрэг эрх хэмжээ, чиг үүрэгтэйгээс гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах энэхүү эрх хэмжээ нь түүнээс гарах аливаа зөрчилд зохих хариуцлага хүлээх болохыг тодорхойлсон агуулгатай зохицуулалт юм.

Иймд улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06,  23-02-18/07 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах давж заалдах гомдол үндэслэлгүй.

2.2016 онд Залуучууд театрын 40 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг тус театрын даргын мөн оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 56 дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан, уг тушаалын хавсралтаас үзэхэд хандив цуглуулах дэд хэсгийг байгууллагын дарга ахалж, гишүүдэд маркетингийн ахлах менежер М.Е, нэхэмжлэгч ерөнхий нягтлан бодогч М.О нарын зэрэг бусад хүмүүс томилогджээ.

Хариуцагчаас нэр бүхий хуулийн этгээдээс авсан хандивын 9484,0 мянган төгрөгийг санхүү бүртгэлд тусгаагүй, зориулалтын бусаар зарцуулах боломж олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэгчээр хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар Залуучууд театр нь соёлын үйлчилгээ эрхэлдгийн хувьд хандив авч болох ч, уг зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх, мөн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор л хандив авч болохоос бус “ой тэмдэглэх” зорилгоор хандив авахыг уг хуулийн 25.5 дахь хэсэгт зааснаар хориглосноос гадна актын үндэслэл болсон Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3.6-д хандив болон тусламжийн орлогоор ой тэмдэглэх, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байхыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон байна.

Нэгэнт хуулиар хориглосон хандивын үйл ажиллагааг байгууллагын даргын шийдвэрээр зохион байгуулсан нь тогтоогдсон энэ тохиолдолд актад заасанчлан уг хандивыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл хуулиар зөвшөөрснөөс өөр зориулалтаар авсан хандивын мөнгийг ашиглаагүй байх тохиолдолд хураах, харин тодорхой зорилгоор ашигласан тохиолдолд хууль зөрчсөн арга хэмжээг зохион байгуулах шийдвэр гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Мөн санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлээгүй ч нэхэмжлэгч тухайн хандивыг хувьдаа ашиглаагүй, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зарим ойн арга хэмжээний санхүүжилтийн дийлэнх нь бэлэн бусаар хийгдсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.1.2, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.О “санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, харин үлдэх шаардлагыг хангаж, улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/09 дүгээр актын М.О холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгч М.О, түүний өмгөөлөгч П.А нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН