Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 1838007480361 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Г-н 15 хонь, 5 ямааг хууль бусаар авч 1.330.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Г-н 15 хонь, 5 ямааг хууль бусаар авч 1.330.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "…09 дүгээр сарын дундуур би өөрийн хониноос хэдэн хонь байхгүй байхаар нь араас нь яваад Г-н эзэмшлийн хонины малчнаас асуухад мэдэхгүй гэж байсан. Хонинд нь шүүгээд цаагуур нь тойроход манай 4 хонь, тэдний 4 хонь, 1 ямаа салчихсан тусдаа цаана нь байсан. Тэгэхээр нь би тууж аваачаад хашиж байгаад маргааш нь хоньтойгоо нийлүүлж хэд хоноод дараа нь өөрийнхөө 14 хонь, 6 ямааны хамтаар тэр 4 хонь, 1 ямаатай нийт 18 хонь, 7 ямааг аймгийн төв рүү ачиж орсон. ...тэгсэн чинь Мах маркет бүр 11 сар хүртэл захиалгатай байсан. Тэгэхээр нь Ц, эхнэр Н нарынд аваачиж зүүн талын дал руу нь хөх өнгөөр будаж тэмдэглээд үлдээсэн. Энэ хонь, ямаануудыг харж байгаарай, очер дөхөхөөр нь ирж гаргуулъя гэж захиж үлдээсэн. ...Г гэх хүн нь өөрийнхөө 4 хонь, 1 ямааг таньж авсан байсан. Мөн Н-д миний оруулж тавьсан хонин дунд тэдний 3 хонь танигдаагүй үлсдэн байсан. Тэгээд тэрийг нь Г-той яриад энэ хонио авах юм уу гэхэд “одоо унаа унаш байхгүй гаргаж ирэх боломж байхгүй, та өөрөө наанаа учрыг нь олж дараа нь хониноосоо хохирол барагдуулж өгнө биз” гэж ярьсан. ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г-н хонь, ямааны оронд 12 хонь, 6 ямаа бэлнээр тоолж өгсөн. ...Би хийсэн хэрэгтээ ихээр гэмшиж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн төв рүү мал борлуулахаар ороод ...нэг танил айл малаа тоолж ялгаж байхаар нь яваад очиход манай хонь зүсээрээ байж байсан. Тэгэхээр нь эзнээс нь энэ манай хонь яагаад танай хонин дунд байгаа юм бэ гэхэд Н гэх хүн Б гэх хүн авчирч тавьсан гэж хэлсэн. Авчирсан хонинд нь шүүхэд манай имтэй 4 хонь, 1 ямааг хөх будгаар зүүн талын дал руу нь будаж тэмдэглэж орхисон байсан. ...би тухайн үед нарийн шүүж үзэж чадаагүй. ...би өөрийн эзэмшлийн хонь, ямаагаа нарийн тоолж үзэхэд 15 хонь, 5 ямаа, нийт 20 бог дутсан. Энэ тухай Б гэх хүнтэй уулзаж ярилцахад 10 гаруй хонь бас хэдэн ямаар ачиж ороод тэр айлд үлдээсэн гэж ярьж байсан. ...20 тооны бог малаас 4 хонь, 1 ямааг олсон” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”…2018 оны 09 дүгээр сарын 16-нд Б гэх хүн манайд ирээд хэдэн хонь хараад өгөөч, бойнд ортол нь гээд очертой байна, тэрийг болтол танайд харуулж байх гэсэн юм гээд 18 хонь, 7 ямаа зүүн талын дал руу нь сэрвээ дээрээс нь хөх будгаар бүгдийг нь будаад манай хонинд нийлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан  /хх-ийн 22 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838007480361 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Г-д учруулсан 1.330.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг гэх Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838007480361 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б-г 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Б-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.  

6. Эрүүгийн 1838007480361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.      

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.НЯМСҮРЭН