| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/01818/И |
| Дугаар | 316/ШШ2026/00517 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 316/ШШ2026/00517
| 2026 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 316/ШШ2026/00517 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, компанийн байранд байрлах, ******* ОНӨААТҮГазар/РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, өөрийн байранд байрлах, Сэлэнгэ аймгийн ******* /РД:*******/-т холбогдох,
11,149,217.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГазрын хариуцагч Сэлэнгэ аймгийн *******т холбогдуулан гаргасан 11,149,217.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1 дүгээр зүйлийн 751.1-д Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, 751.1.1-д бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан тул тус иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Манай Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазар нь Эрчим хүчний тухай хууль журмын дагуу дулаан үйлдвэрлэн иргэд, байгууллагад түгээж дулаанаар ханган ажиллаж байна. Эрчим хүчний зохицуулах хороо 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр "Тариф батлах тухай" 458 дугаар тогтоол гаргасан. Тус тоггоолын 1-р хавсралтаар: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тарифыг баталсан, тус тогтоолын 2-р хавсралтаар: Цагааннуур сум, Алтанбулаг сум, Ерөө сумын Бугант тосгоны хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тарифыг баталсан.
Эрчим хүчний зохицуулах хорооны 458 дугаар тогтоолд заахдаа батлагдсан тарифыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай гэж заасан байна.
Сэлэнгэ аймгийн ******* нь 2021 оны 01-р сараас 2021 оны 12-р сарын 31-ны өдрийг хүртлэх хугацааны төлбөр болох /Дулаанаар хангасан 8 сарын төлбөр/ 11,149,217.18 төгрөгийг төлөөгүй байна. Энэ төлбөр нь Эрчим хүчний
зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Тариф батлах тухай
458 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан үнийн дүнгээр төлөх төлбөр юм.
Сэлэнгэ аймгийн ******* нь хуучин мөрдөгдөж байсан тариф буюу
Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот
тогтоолоор батлагдсан тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлсөн бөгөөд харин
шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа тарифт үнэлгээгээр дулааны төлбөрөө төлөөгүй тул
шинэ хуучин тарифын үнийн зөрүү болох 11,149,217.18 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.
Энэ төлбөр нь манай байгууллагын 2021 оны санхүүгийн тайланд тусгагдсан байдаг.
Иймд Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын газраас халаалтын төлбөр болох 11,149,217.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-аас Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.
Тус газар нь Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-аас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу гэрээнд заасан дулааны 2021 оны 01, 02, 03 дугаар саруудын төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, 2021 оны 04 дүгээр сарын төлбөрийг 2021 оны 04 дүгээр 30-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын төлбөрийг
2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, 2021.09 дүгээр сарын төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын төлбөрийг
2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын
төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ болон Нийгмийн даатгалын газрын шимтгэлийн өр авлага барагдуулах хамтран ажиллах гэрээний дагуу 100130090000 тоот дансанд Төрийн сангаар дамжуулан тус тус шилжүүлж тооцоо нийлснээр гэрээний үүргээ биелүүлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна.
******* ОНӨААТҮГ нь гэрээний үүргийн талаарх асуудлыг тухай үед
манай байгууллагад огт мэдэгдээгүй, мөн шүүхэд гомдол гаргах хугацаандаа
гаргаагүй буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан "гэрээний
үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж
заасан байх байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй
байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж эхлэхээр тогтоосон байна.
Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 1,444.2 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр,подвол,0-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 374.2 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 1,963.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг мөрдөж ажиллахыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ / Э.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосон байна.
5.2. Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар цэцэрлэгтэй 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын захирал Э.Эрдэнэбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
5.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна.
Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 2,166.1 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр,подвол,0-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 486.5 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 2,551.9 /НӨАТ-гүй/ төгрөг, халаалтын бус улиралд өрх тутамд 13,636.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ /Э.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосон байна.
Уг тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2019 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 4535 дүгээр бүртгэгджээ./Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. https://legalinfo.mn/mn/detail?lawId=14763/
6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Зохигчдын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн нэгжийн гэрээнээс үзвэл 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 1755м3 талбайг дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцжээ. Энэхүү гэрээний хугацаа 2026 оны 05 дугаар сарын 15-ны дуусгавар болохоор байна. Иймээс хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй байна.
7. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3.1.19-д хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, хариуцагч нь дээрх хуульд заасан хэрэглэгч байна.
8. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт хэрэглэгч нь зохицуулалтай халаалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар зохицуулалтгүй халаалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байна.
9. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ гэж, гэрээний 2.7-д эрчим хүчний зохицуулах газраас дулааныүнэ тариф төөрчлөлт оруулсан тухай түүнийг мөрдлөж эхлэхээс 15 хоногоос доошгүй хоногийн өмнө мэдээлэлийн хэрэгслээр мэдэгдэх ба мэдэгдснээс хойш 15 хоногийн дотор гэрээнд өөрчлөлт оруулна. Хэрэглэгч гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж тус тус заасан байна.
10. Талууд хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээний 6.1-д дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоог хэмжүүрээр, задгайгаар хийж, ЭХЗГ-аас буюу АЗДТГазраас батлагдсан үнэ тарифыг мөрдөнө гэж заасан гэж ба Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолтой маргаагүй байх тул халаалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар тооцон төлөхөөс татгалзах үндэслэлгүй юм.
11. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газраас дулааны эрчим хүчний төлбөрт 11,149,217.18 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгож шийдвэрлэв.
12. Хариуцагчаас дулааны нэхэмжлэх, төлбөрийн хүснэгт зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн боловч маргааны үйл баримтаас өмнөх хугацааны баримт байхаас гадна тухайн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,337.47 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газраас 193,337.47 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-ЭнергоОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын газраас дулааны эрчим хүчний төлбөрт 11,149,217.18 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,337.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын газраас улсын тэмдэгтийн хураамж 193,337.47 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ