Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2022/00098

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 04-ний өдрийн 135/ШШ2022/01393 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******өд холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 2,362,378 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ДС-11044366 тоот харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, ДС-11044366 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ард Аппликейшнд хүсэлт илгээн 1,140,000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, 2 дахь сараас сарын 5 хувийн хүүтэй зээлийг 6 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 6 сараар зээлийн гэрээний хугацааг сунгаж хуримтлагдсан хүүнд 486,58 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл болох 1,140,000 төгрөгийг 6 сарын хугацаагаар сунгуулсан ба “*******” ХХК-ийн зээлийн хүүг бууруулан сарын 3 хувийн хүүтэйгээр олгосон. Эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдөр 218,860.64 төгрөг төлөхөөр хуваарь гаргасан.

Гэвч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 25 сарын турш зөрчсөн.

Сунгалт хийснээс хойш ******* нь зээлийн үндсэн төлбөрт 2,000 төгрөгийн төлөлт хийсэн ба хүүний төлбөрт огт төлөлт хийгээгүй байна. “*******” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс зээлийн хүүг зогсоосон. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 1.5 дугаар зүйлийн 1.1.2-т заасныг үндэслэн зээлдэгч *******өөс үндсэн зээл 1,138,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,224,378 төгрөг буюу нийт 2,362,378 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие ******* нь ******* ХХК-аас 1,080,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй хэтэрхий өндөр хүүтэй дам дамаа хүн гуйж авсан зээл.

Зээл авснаас 3, 4 сарын дараа *******-ыг танайх шүүхэд өгчихөө гэж хэлсэн. Тухайн байгууллага өдийг хүртэл өгөөгүй хүү нь хэт өндөр болсны дараа шүүхэд өгч байгаа тул энэ өндөр хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасныг баримтлан хариуцагч *******өөс 1,138,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ард кердит ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,224,378 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,749 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 31,862 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ард кердит ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Билгүүн давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хариуцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.2.1-д бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд өөрийн санаачилгаар нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн заалт байдаг. Үүнийг үндэслэн гүйцэтгэх захирлын тушаалаар зээлийн хүүг 2 хувиар бууруулан 3 хувиар тооцсон.

2. Цахим зээлийн гэрээний 8.3 Гэрээний нэмэлт өөрчлөлт нь бичгээр үйлдэгдэж, талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж тооцогдоно. Талууд гэрээний нэмэлт өөрчлөлтийг цахимаар үйлдэж, цахим хэлбэрээр гарын үсэг зурж, эсхүл түүнтэй адилтгах байдлаар баталгаажуулна гэсэн заалт, мөн гэрээний 7.2 хариуцагч гэрээний 2.2-д заасан бүтээгдэхүүн үйлчилгээг авахдаа ББСБ үзүүлж буй цахим сувгийг ашигласан нь хариуцагч ББСБ-д өөрийн биеэр ирж төлбөр тооцооны баримтаар гүйлгээ хийлгэж үйлчлүүлсэнтэй адил тооцогдож хүчин төгөлдөр байна гэсэн заалтуудыг үндэслэн хариуцагчийн зээлийн хугацаа сунгах хүсэлтийг цахимаар баталгаажуулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болно.

3. Нэхэмжлэгчийн талын санаачилгаар 5 хувиар тооцож байсан хүүг 3 хувиар тооцож 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг зогсоосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх нь маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны  шүүх дүгнэв. 

3. Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч *******-д холбогдуулж  гэрээний үүрэгт 2,362,377.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

4. Хариуцагч ******* нь 1,080,000 төгрөгийн зээл авсан, зээлийн хүүг зөвшөөрөхгүй, өндөр хүүтэй тул зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй  гэсэн тайлбар гаргаж маргажээ. /хх-26/

5. Анхан шатны шүүх, хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-аас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,140,000 төгрөгийг зээлж авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

... талуудын хооронд Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсанаас үзэхэд зохигчид нь зээл авах талаар хэлцэл хийгдсэн байх боломжтой боловч Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56.5-т заасны дагуу хариуцагч ******* нь авсан мөнгөө буцаан өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч “*******” ХХК нь хүү нэхэмжлэх эрхгүй болно”  хэмээн дүгнэж, 

хариуцагч *******ийн зээлд төлсөн 2,000 төгрөгийг хасаж, зээлийн гэрээний үүрэгт 1,138,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,224,378 төгрөгийг хэрэгсэхгүй болгож /1,140,000 төг- 2,000 төг = 1,138,000 төг/ шийдвэрлэсэн байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Учир нь хэргээс судлахад:

6. Нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн болон банк бус санхүүгийн  үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-5/, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт /хх-6-8/ зэргээр тогтоогдож байна.

7. Хэрэгт авагдсан Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-9/, Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-10/, Хэрэглээний зээл /хх-11/, зээлийн дансны хуулга /хх-13/, эргэн төлөлтийн хуваар /хх-14/  зэрэг бичгийн баримтуудаас үзвэл:

 нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч *******  нарын хооронд  2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цахим зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг 6 /зургаан/ сарын хугацаатай байгуулсан, зээлдэгч *******ийн дансанд Ард Апп-аар дамжуулан 1,140,000 төгрөгийн зээл олгогдсон байна. Энэ талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар  гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Талууд нь харилцагчид үйлчилгээ үзүүлэх болон цахим зээлийн эрх нээх гэрээгээр 

-банк бус санхүүгийн байгууллага нь бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл болон хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд өөрийн санаачилгаар нэмэлт, өөрчлөлт оруулах,

-банк бус санхүүгийн байгууллагын зээлийн бүтээгдэхүүний хугацаа 1 сараас 12 сар хүртэл хугацаатай байх,

-зээлдэгч эрхийн хүрээнд ашиглах бүтээгдэхүүнээ Ард Апп-д сонгон цахим хэлбэрээр хүсэлт илгээх ба хүсэлт нь зээлдэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр саналд тооцогдох,

-зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн хөрөнгийг Ард Апп-д баталгаажсан зээлдэгчийн данс руу шилжүүлснээр зээлийг олгогдсонд тооцох,

          -зээлдэгч нь зээлээ эхний сард зээлийн эргэн төлөлт хийсэн тохиолдолд хүү тооцохгүй, харин  зээлийн эргэн төлөлтийг эхний сард хийгээгүй тохиолдолд 2 дахь сараас зээлийн үлдэгдэлд сарын 5 хувийн хүү тооцох,

-харилцагч буюу зээлдэгч гэрээний 2.2-т заасан бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа тус банк бус санхүүгийн байгууллагаас үзүүлж буй цахим сувгийг ашигласан нь харилцагч банк бус санхүүгийн байгууллагад өөрийн биеэр ирж, төлбөр тооцооны баримтаар гүйлгээ хийлгэж, үйлчлүүлсэнтэй адил тооцогдож, хүчин төгөлдөр байх,

-зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх,

-гэрээний нэмэлт өөрчлөлтийг цахимаар үйлдэж, цахим хэлбэрээр гарын үсэг зурж, эсхүл түүнтэй адилтгах байдлаар баталгаажуулах зэрэг нөхцөлүүдийг тохирсон байна.

8. Бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хийсэн гэж үздэг. /ИХ 43.2.1/

          Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т  Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

          9. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шаардлагын үндэслэл болгон   нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн зээлийн дансны хуулга, эргэн төлөлтийн хуваарь /хх-13,14/ зэргээс зээлийн хүүгийн тооцооллыг үзэхэд:

          2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,140,000 төгрөгийн зээл олгогдсон байх бөгөөд үүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл  хугацааны зээлийн хүүг 5 хувиар,  зээлийн хүүг бууруулсан хугацаанаас хойш 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр /зээлийн хүүг зогсоосон гэх/ хүртэл хугацааны зээлийн хүүг 3 хувиар тус тус зээл ашигласан хугацааны хүүг тооцсон байна.

          10. Нэхэмжлэгч талын хариуцагч буюу зээлдэгч *******ийн зээлийн хугацааг сунгах хүсэлтийг цахимаар баталгаажуулан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүүг 2 хувиар бууруулж, 3 хувь болгосон гэх тайлбарыг үгүйсгэж, няцаасан нотлох баримт болон тайлбарыг хариуцагч тал гаргаж, мэтгэлцээгүй байна. 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Энэхүү хуульд заасан үүргээ хариуцагч тал хэрэгжүүлээгүй.

12. Зээлдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,000 төгрөгийн төлөлт хийсэн байх ба үүнээс  үзвэл тэрээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэхээр байна.

13. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч  нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, төлбөрийг хугацаанаас өмнө шаардах эрхтэй.

14. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл, шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар  зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

            15. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, ... төлөх үүрэг хүлээх ба үүнийг хариуцлагын шинжтэй үүсдэг үүрэг гэж үзнэ.

16. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх  учиртай.

17. Иймд хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон дээр дурдсан үндэслэлүүд зэргээс зээлийн хүү өндөр гэх хариуцагч талын тайлбарыг хүлээн авч зээлийн хүүг багасгах буюу бууруулах боломжгүй,  харин  нэхэмжлэгч талын ...харилцагчид үзүүлж болох бүхий л хөнгөлөлтийг үзүүлсэн, зээлийн гэрээний зүйл заалтуудыг нягтлан  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэсэн. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 04-ны өдрийн 135/ШШ2022/01393 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасныг баримтлан хариуцагч *******өөс 1,138,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,224,378 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******өөс зээлийн гэрээний үүрэгт 2,362,377.42 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ард кредит  ББСБ”  ХХК-д олгосугай”  гэж,

Тогтоох хэсгийн 2 дэх заалтын  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,749 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 31,862 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 52,749 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 52,749 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай “ гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК –н  давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,936 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг  дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

                 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                                            ШҮҮГЧИД                           Я.ТУУЛ

     Х.БАЙГАЛМАА