Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч Г.Х

Хохирогч Д.Б

Шүүгдэгч Ё.Д, түүний өмгөөлөгч Х.О нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ё.Дд холбогдох эрүүгийн 1822001070116 дугаартай хэргийг 2018 оны 11 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нисэхийн 87 дугаар гудамжны 3 тоотод оршин суух гэх, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан гэх Харнууд овогт Ё.Д /регистрийн дугаар ЗЕ87100316/

 

   Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ё.Д нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Ар жаргалант” гэх газар оршин суух Д.Бгийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ё.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр өдөр адуу тууж явж байгаад бензин, тос авах гээд Гурвансайхан сум орсон. Тэгээд Д.Бгийнд очиж хоносон. Өглөө явахдаа аягыг нь авчихсан юм. Аймаг явж байгаад Д.Б ахтай таархад надтай хамт явж байсан У /О.Т/ гэх залуу Д.Бгөөс 100000 төгрөг зээлээч гэж гуйсан. У мөнгийг нь өгчихнө гээд байхаар нь өгчихсөн юм байна гэж бодсон юм. Цагдаа дээр ирээд 100000 төгрөгөө нэхэмжлэхгүй байсан болохоор нь өгчихсөн байх гэж бодоод тоогоогүй. Мөнгөн аяга авсан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч адууны эрэлд явж байна гээд манайд ирээд намайг адуу харж байгаарай, би бензин, тосоо аваад ирье гээд явсан. Намайг малаа услаад байж байхад усан дээр архи аваад ирэхээр нь тэр архийг нь уусан. Өглөө нь Ё.Д адуугаа туугаад явлаа гэж байсан. Мөн надаас 100000 төгрөг авсан байсан. У /О.Т/ ер нь мөнгө авахаа болилоо гээд буцаагаад өгсөн байсан. Би мөнгөө аваад явах гэтэл шүүгдэгч надад өгчих, бензин, тосны мөнгө байхгүй, аймагт очоод дансруу чинь шилжүүлчихье гээд аваад явсан. Тэгээд 11 цагийн үед гэртээ ирээд цайгаа уух гэтэл миний аяга байхгүй байсан” гэв.

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/

 

-Гэрч Б.Б: “...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн үед “Мандал” худалдааны төвийн 1 давхарын 18 тоотод байх “Говийн магнай” барьцаалан зээлдүүлэх байранд сууж байхад хөдөөний бололтой хоёр залуу орж ирээд мөнгөн аяга тавъя гэж хэлэхээр нь ямар цагийн аяга юм бэ гэж асуусан чинь хуучны аяга байгаа юм гэж хэлсэн. Энэ мөнгөн аяга таны мөнгөн аяга мөн үү гэж асуухад би хөдөө явах гээд бичиг баримтаа орхичихсон байна, хамт явж байгаа залуу маань миний дүү байгаа юм. Энэ хүний бичиг баримтаар мөнгөн аягаа барьцаанд тавъя гэж хэлсэн. Гэтэл дүү гэх залуу нь надад 50000 төгрөг хэрэгтэй байгаа болохоор та нэмчих гэж хэлсэн. Тэгээд Ж.Г гэх залуу бичиг баримтаа үзүүлээд барьцаалан зээлдүүлэх гэрээн дээр гарын үсэг зураад мөнгө авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

-Гэрч О.Тийн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумаас адууны эрэлд гарч Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэр “Толийн булаг” гэх газраас 15 тооны адуу аваад явж байхад замд танилцсан Ё.Дын 9 тооны адуу байж байхаар нь хамт туугаад Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар баг, “Ар жаргалант” гэх газар нутагладаг Д.Б гэх айлд очсон. Бид хоёр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний шилжих шөнө Д.Б гэх айлд хоноод маргааш өглөө нь 7 цагийн үед явсан. Тэгээд аймагт ирээд айлд байж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

-Гэрч Ж.Г: “...2018 оны 3 дугаар  сарын 31-ний өдөр би аймгийн төвд Цагдаагийн газрын зүүн талд “Хорхой” гэдэг хочтой /нэрийг нь мэдэхгүй/ найзындаа байж байтал Ё.Д гэдэг залуу Өлзийт сумын “Буянт” гэх газраас адуу аваад явж байна гээд ирсэн. Тэгээд надад мөнгөн аяга ломбарданд тавих гэсэн юм, бичиг баримт байхгүй гэхээр нь би өөрийнхөө бичиг баримтаар “Говийн магнай” ХХК-ийн ломбарданд 100000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэр мөнгийг Ё.Д авсан. Айлд очоод байж байсан чинь цагдаа ирээд Ё.Дыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 

-Дундговь аймаг дахь Сайнцагаан сумын үнэлгээний комиссийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/

            -Дундговь “Говийн магнай” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 63-64/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч  Ё.Д 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Ар жаргалант” гэх газар оршин суух Д.Бгийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 1000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б, гэрч Б.Б, О.Т, Ж.Г нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ё.Дыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Б хэрэгтэй танилцсан баримт болон тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “алдсан хуучны мөнгөн аягаа олсон тул гомдол саналгүй” /хх-ийн 66/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ё.Д учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ё.Дд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Харнууд овогт Ё.Дыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ё.Дд 240 /хоёр зуун дөчин цаг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ё.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

  4. Шүүгдэгч Ё.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Л.О