Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч Г.Х

Шүүгдэгч Г.Б

Хохирогч Т.А түүний өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 1822002390105 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дэлгэрхангай сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр баг, аж ахуйн хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй гэх Харчин овогт Г.Б /регистрийн дугаар ЗД92072515/

 

          Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

    Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд иргэн Т.Агийн биед халдаж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

        Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Дэлгэрхангай сумын “Хул хайрхан” уулын тахилга наадам болсон. Тэр үед Т.А ах согтуу машин барьж яваад намайг мотоцикльтой байхад мөргөөд зогссон юм. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Дэлгэрхангай сумын соёлын төвийн баруун талд Т.А ахтай уулзаад та согтуу байхдаа машин барьж явахдаа болгоомжтой явахгүй бол хүн дайрч алах нь байна лээ шүү гэж хэлсэн чинь миний машин явах газраа явна гэж хэлэхээр нь уур хүрээд Т.А ахыг цохиж, өшиглөсөн юм. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

        Хохирогч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сумын төвд мотоциклийнхоо маниулыг хугалчихаад янзлуулах гээд найз Ц.Б хамт явж байтал Г.Б соёлын төвийн урдуур мотоцикльтой ирж зогсоод бууж ирээд шууд миний нүүррүү 2-3 удаа цохисон. Тэгэхэд би арагш суусан чинь нүүррүү өшиглөчихөөд яваад өгсөн. Тэгсэн Э.М гэхэд миний таньдаг эмэгтэй ирээд надаас яасан юм бэ гэж асуугаад намайг сумын төвийн эмнэлэгт үзүүлсэн. Миний нэг шүд унасан, нэг шүд хугарсан, 2 шүд суларсан байсан. Хөдөө байдаг дүүгийндээ байж байхад хотод байдаг эгч маань ирж намайг хотруу авч явж эмнэлэгт үзүүлж 3 шүд авахуулсан. Цагдаагаас ирж мэдүүлэг өгөх, шинжээч томилуулах зэргээр дуудагдаж Дундговь аймагт удаа дараа ирсэн. Өмгөөлөгч авсан учраас өмгөөлөгчийнхөө хөлсийг гаргуулна. Би маш их гомдолтой байна. Шүд хийлгэх гэсэн чинь үрэвсэлтэй учраас үрэвслээ эдгээж байж шүд хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. Би одоо 40 настай шүдгүй яваад баймааргүй байна. Шүдээ янзлуулах гэсэн чинь 4000000-5000000 төгрөг болно гэсэн болохоор шүдээ 5000000 төгрөгөөр үнэлнэ. Шүүгдэгчийг хотод ирээд миний шүдийг хийлгүүлээд өг гэж хэлсэн боловч ирж уулзаагүй. Надад эмчилгээний мөнгө огт өгөөгүй. Хэрэг болсноос хойш шүүгдэгч надтай нэг, хоёр удаа л уулзсан. Шүүгдэгчид зодуулаад унасан шүд маань миний өөрийн шүд байсан. Би хиймэл шүдтэй байсан зүйл байхгүй. Тиймээс би ирж, очсоны зардал, өмгөөлөгчийн хөлс, шүд хийлгэх 5 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

      

        -Гэрч Ж.Г: “...Би 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Дэлгэрхангай сумын төвд 19 цагийн үед халамцуу явган явж байгаад сумын төвийн баруун талын гэр хороололд байх гэртээ хүргүүлэх гээд Г.Бг мотоцикльтой явж байхаар нь дуудсан. Тэгээд Г.Бг дэлгүүрийн гадаа зогсоосон чинь дэлгүүрийн гадна манай сумын Т.А байж байсан юм. Би санаанд оролгүй мотоциклиос буугаад дэлгүүр орох гэтэл ард Г.Б, Т.А нар хоорондоо муудалцсан. Юунаас болж муудалцсаныг нь мэдэхгүй... Эргэж очоод Т.Агийн мөррүү нь гараараа түлхэж холдуулчихаад Г.Бг аваад явсан. Тухайн үед Т.Агийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл анзаарагдаагүй. Маргааш өглөө нь Т.Атэй тааралдсан чинь уруул нь хавдсан байсан. Г.Б Т.Аг зодож цохих үйлдэл хийж байхыг хараагүй. Тухайн үед Г.Б эрүүл харин Т.А согтуу байсан ба манай сумын Д гэх хүн харж байсан юм билээ. Маргааш нь Д гэх хүн надад болсон явдлыг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

 

        -Гэрч П.Д: “...Би 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Дэлгэрхангай сумын төвд 19 цаг өнгөрч байхад дэлгүүрийн гадна очтол Г.Б, Т.А нар маргалдаж байсан. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Хажууд нь Ж.Г зогсож байсан. Тухайн үед Г.Б эрүүл харин Т.А халамцуу байсан. Тэгээд намайг дэлгүүрийн гаднаас хөдлөхөд Г.Б Т.Агийн толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгэхэд Т.Агийн биед ямар нэгэн гэмтэл гэх зүйл анзаарагдаагүй. Би яарч байсан болохоор та нар болиоч гэж хэлчихээд яваад өгсөн юм. Ж.Г Г.Бгийн мотоциклийн ачмагийг дэрлээд согтуу байж байсан. Г.Б, Т.А нар урьд өмнө нь хоорондоо ямар харилцаатай байсаныг би мэдэхгүй. Т.Аг өөр хэн нэгэн хүн зодсон эсэхийг мэдэхгүй. Ж.Г хүн зодох тэнхэлгүй согтуу байсан. 2-3 хоногийн дараа Т.Атэй тааралдсан чинь уруул нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

        -Гэрч Э.Мийн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд сумын төвөөр явж байтал Т.Агийн дээд уруул нь хавдаад цус гоожсон байдалтай Ц.Б гэх залуугийн хамт холбооны баруун талд сууж байсан. Би хажуугаар нь гарахдаа Т.Агээс зүгээр эсэхийг асуухад ах нь хүнд зодуулчихлаа шүд байхгүй болчихсон юм шиг байна гэж хэлэхээр нь би сумын эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлсэн юм. Үүдэн хоёр шүд нь их сул хөдөлж байгаа харагдсан. Т.А тухайн үед архи уусан байсан. Согтуу байгаа нь мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

        -Гэрч Ц.Бын: “...Би Т.Атэй мотоциклийн маниул янзлуулах гээд сумын төвийн гудамжаар урагш чиглэлтэй алхаж байтал мотоцикльтой хоёр залуу ирээд Т.Агийн нүүр хэсэгт 2-3 удаа цохиход Т.А газар суутал нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Би тэр залууг чи яаж байгаа юм бэ гэсэн чинь яваад өгсөн. Ямар учраас Т.Аг зодсоныг нь мэдээгүй. Тэгээд сумын холбооны байшингийн хажуу талд сууж байтал нэг эмэгтэй хүн ирээд Т.Аг сумын эрүүл мэндийн төврүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

        -Гэрч М.Э: “...2018 оны 7 дугаар сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад эмнэлэгт хүнд зодуулсан гэх дуудлага ирлээ гээд эрүүл мэндийн төвийн сувилагч М.У мэдээлсэн. Би даруй очиж үзэхэд Т.Агийн баруун дээд уруул хавдартай, язарсан байдалтай сууж байсан. Үзлэг хийхэд зүүн дээд үүдэн шүд шинээр унасан, буйланд цус хуралт үүссэн баруун үүдэн 1 дүгээр шүд, 2 дугаар шүд сул хөдөлж, буйл нь хавдсан байсан. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Т.А шүд буйл өвдөж байна гэж хэлээд ирэхэд нь үзлэг хийхэд баруун дээд 1 дүгээр шүд унасан, 2 дугаар шүд их хөдөлсөн хэвээрээ байсан. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тодорхойлолт авахаар ирэхэд нь дахиж үзлэг хийхэд баруун дээд 2 дугаар шүд уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

 

        -Гэрч Т.А: “...Би 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын зүүн зүгт явж байтал Э.М гэх манай сумын хүүхэн таараад Т.А өчигдөр хүнд зодуулчихсан байна лээ. Би эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Та очиж ахыгаа үзээрэй гэж хэлсэн. Тэгээд сумын төврүү Номгонд байх хашаандаа очтол Т.А бие нь өвдсөн, хэвтэж байсан. Т.Агээс бие нь яаж байна гэж асуутал Г.Б намайг зодоод шүд унагаасан гэж хэлсэн. Хацар уруул нь хавдартай их зовиуртай байсан. Би Т.Аг авч яваад сумаас зүүн тийш 5 км орчим байх гэртээ аваачсан юм. Тэгээд шүдийг нь үзсэн чинь 1 шүд унасан, баруун үүдэн шүднээс дээш гурван ширхэг шүд их суларсан байсан. Орой шүд өвдөөд байна гээд ёолоод байсан чинь дахиад нэг шүд ойчсон байсан. Би шүдийг нь үзсэн чинь дахиад 2-3 шүд хөдөлж байсан. Маргааш нь бензин авахдаа эмнэлэгт дахиад үзүүлсэн. Өвчин намдаах эм авч өгөөд давхарлаад уусан хэрнээ өвдөөд байна гээд байхаар нь Улаанбаатар хот амьдардаг Б эгчрүүгээ хэлээд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Э, Н нар ирээд Т.Аг аваад явсан. Хотод үзүүлсэн чинь хөдөлсөн шүднүүдийг нь авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

        -Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 180200263 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтэд:

        “-Ирүүлсэн эмнэлгийн бичгээр Т.Агийн биед үүдэн дээд 2 шүдний сулрал, баруун дээд 2 дугаар шүдний ёзоорыг бүрэн авав гэсэн нь үзлэгтэй зөрсөн учир үнэлэх боломжгүй.

         -Үзлэгээр Т.Агийн биед зүүн дээд 1, баруун дээд 1,2,3 дугаар шүд унасан буйл хонхор бүрэн эдгээгүй байна.

          -Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт үлэмж хэмжээгээр нөлөөлөх тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мөн журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 52.3-т зааснаар хөдөлмөрийн чадварыг 15 хувиар бууруулна” гэх дүгнэлт /хх-ийн 41/

 

         -Шинжээч М.Б: “...Иргэн Т.Аг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр үзэхэд баруун нүдний дээд зовхи цус хурсан, эвэрлэгт 7, 10 цагийн түвшинд цус харвасан, зүүн хацарт зулгарсан, дээд уруул хавдсан, дээд уруулын дотор салстад цус хурсан, зүүн дээд 1 дүгээр шүд унасан, буйл хонхор, хонхор хэсэгтээ цустай, баруун дээд 1 дүгээр шүд ёзоор хэсгээр хугарсан, баруун 2, 3 дугаар шүд суларсан гэмтэл байсан. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-2 дахь хэсгээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үзэхэд баруун дээд 1 дүгээр шүдний ёзоор, баруун 2, 3 дугаар шүд суларсан байсныг эмнэлгийн аргаар авахуулсан гэсэн анамизтай үзлэгт тухайн шүднүүд байх түвшинд буйл хонхор тэгширч эдгээгүй байсныг үндэслэн, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-2 дахь хэсгээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулсан. Эхний үзлэгийн дүгнэлтэнд буюу 180200243 дугаартай дүгнэлтэнд 2, 3 дугаар шүдийг 3, 4 дүгээр шүд гэж шүдний байрлал заахад бичиглэлийн алдаа гаргасан байна. Дахин үзлэгт шүдний байрлалыг 2, 3 дугаар шүдээр тогтоосон. “Одуванчик” шүдний эмнэлгийн авсан шүдний үзлэгээр суларсан шүдний байрлалтай зөрүүтэй боловч суларсан шүдний тоо хугарсан шүд тэнцүү байна...” /хх-ийн 47/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

  Шүүгдэгч Г.Б 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд иргэн Т.Агийн биед халдаж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

  Иймд шүүгдэгч Г.Бг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, өөрт учирсан гэм хорыг арилгахыг хохирогч шаардах эрхтэй байна.

 

Хохирогч шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5958892 төгрөгийг нэхэмжилдэг ба шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд болох хохирогч Т.Агээс гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан хавтаст хэргийн 93-95, 97-105 дугаар хуудсанд авагдсан эмчилгээний зардлын баримтууд болон ирж, очсоны бензиний баримтуудыг үнэлж  шүүгдэгч Г.Бгаас 1091900 /нэг сая ерэн нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ад олгохоор, хавтаст хэргийн 92, 96 дугаар хуудсанд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул 118003 /нэг зуун арван найман мянга гурав/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 5000000 /таван сая/ төгрөгтэй холбогдох хэсгийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг хохирогчид үлдээхээр шийдвэрлэлээ. 

                                          

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:              

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Харчин овогт Г.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                                                                                                                               

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Бд  шүүхээс  тогтоосон  хугацаанд  торгох  ялыг  биелүүлээгүй  бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Г.Бгаас 1091900 /нэг сая ерэн нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 118003 /нэг зуун арван найман мянга гурав/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Т.А нь 5000000 /таван сая/ төгрөгтэй холбогдох хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Бгаас нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээхээр тогтсугай.

 

         7. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

         8.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Л.О