| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0311/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/316 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд,
Иргэний хариуцагч М.У,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 1838005420304 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.А.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт ... ХӨА улсын дугаартай Хуандай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар зүйлийн 2.2а “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ө.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт ... ХӨА улсын дугаартай Хуандай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ө.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 16 цаг 10 минутын орчим Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх ажлын газраасаа “Наяд” супермаркет орж зайрмаг хүргэж өгөхөөр ... ХӨА улсын дугаартай цагаан өнгийн автомашин жолоодож явсан юм. Тэгээд тасхийх чимээнээр буугаад хартал “Центр” худалдааны төвийн урд талын зогсоолд мөнгөлөг саарал өнгийн Аксент маркын автомашиныг мөргөсөн байдалтай байсан. Тэгээд би машинаасаа буугаад хартал миний унаж явсан машин урд гупер нь нугаларч салж унжсан, нөгөө мөргүүлсэн машин дотор жолоочийн суудал дээр тавь гаруй насны бололтой эрэгтэй чихнээс нь цус гарсан хойд талын суудал дээр мөн тавь гаруй насны эмэгтэй хүн хөдлөхөд зовиуртай байгаа бололтой “ёооё” гэж дуугарч байсан. Тэгээд би тэр хоёр хүнийг машинаас гаргаад 7038103 тоот дугаар руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд түргэний машин ирээд тэр хоёр хүнийг аваад явсны дараа цагдаа нар ирсэн. Тэр машин нь манай ажлын захирал болох У-н эзэмшлийн машин байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Хохирогч Ө.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Мөрөн сумын “Центр” худалдааны төвийн урд талын зогсоол дээр байрлуулан тавьсан машины арын суудлын баруун талд сууж байсан бөгөөд манай нөхөр Д.Б гаднаас машиндаа орж ирээд сууж байсан. Түүнээс хойших юмыг санахгүй байна, нэг сэрэхэд машин дотроо манарсан байдалтай сууж байтал нэг эрэгтэй хүн намайг татаад машинаас гаргасан. Миний биед хүндэвтэр хохирол учирсан. ...би нийт гарсан зардлаа нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 16:10 цагийн орчим Мөрөн сумын 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Центр” худалдааны төвийн урд талын зогсоолд мөнгөлөг саарал өнгийн, Гранд марк-2 загварын машинаа байрлуулчихаад “Центр” худалдааны төвийн 2 давхарт байж байтал гадаа чимээ гарахаар нь хартал миний ... ХӨҮ улсын дугаартай машиныг машин мөргөсөн байсан. ...Би өөрт учирсан хохирлоо А гэх залуугаар бүрэн нөхөн төлүүлсэн болохоор ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 35 дугаар хуудас/,
Хохирогч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би тэр өдөр .... УНҮ улсын дугаартай Ланд-200 маркын тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулан тавиад “Центр” худалдааны төв рүү ороод байж байтал манай ажилтан гаднаас орж ирээд танай машин доор шүргүүлчихсэн байна гэхээр нь би гараад хартал манай машин нэг жижиг тэргэнд шүргүүлчихсэн, зогсоол дээр машинууд мөргөлдсөн байдалтай байсан. ...Надад учирсан хохирлыг А гэх залуу төлж барагдуулсан. Тийм болохоор надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би “Центр” худалдааны төвөөс гарч ирээд урд талын зогсоол дээр нь байрлуулан тавьсан машиндаа суугаад юу болсныг санахгүй байна, нэг сэрээд хартал миний толгойны зүүн тал цус болчихсон бие даагдахгүй босож чадахгүй байдалтай цементэн дээр хэвтэж байсан бөгөөд намайг дамнуурган дээр дамжлаад түргэний машинд оруулж, эмнэлэгт хүргэсэн. Тэгээд эмнэлгийн яаралтай тусламжийн төвд миний чих болон чихний ар хэсэгт нийт 3 оёдол тавьсан. Би осол гарах үед ... ХӨВ улсын дугаартай Аксент маркийн машинаа зогсоолд байрлуулан тавьсан байсан. Миний машин зүүн хойд талаасаа мөргүүлж хамраараа урд талын хашлага мөргөж урд болон хойд хэсэг чихэгдэн баруун талаараа хажуу талд байсан машиныг мөргөж хаалга болон баруун урд гупер хонхойсон, дөрвөн дугуй жайжийж салж унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Иргэний хариуцагч М.У-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гадуур ажилтай явж байтал миний дор ажилладаг А гэх залуу над руу залгаад би осол гаргачихлаа гэж хэлсэн. Тэгээд би “Центр” худалдааны төвийн урд яваад очиход миний машинаар машин мөргөсөн байдалтай байсан. Тэгээд би А-с “чи яагаад осол гаргачихав аа” гэсэн чинь “тойрог тойроод нойрмоглочихжээ, яаснаа мэдэхгүй байна” гэж надад хэлсэн. Би 2018 оны 05 дугаар сарын эхээр борлуулалтанд явах хүн авна гэсэн зар өгсөн чинь А зарын дагуу ирээд би тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, танайд ажилд оръё гэхээр нь итгээд шалгалгүй ажилд авсан юм. Тэгээд би өөрийн эзэмшлийн ... ХӨА улсын дугаартай Леберо маркын машинаа жолоодуулан зайрмагны түгээгч хийлгэдэг байсан юм. Би А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг осол болсны дараа л мэдсэн. ...хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, Д.А ийм хэрэг үйлдсэндээ өөрөө харамсаж байгаа гэсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг нь шалгаагүй ажилд авсан нь буруу болсон” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч С.Батын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай:
1. 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Тоёота леберо маркын 2803 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар зүйлийн 2.2а-д “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэв.
2. Жолооч Д.А-н гаргасан үйлдлийг зам тээврийн осол гэж үзэв. Энэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтаар тогтоогдож байна.
3. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гадаад хүчин зүйл, замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхгүй байна.
4. Тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын талаар зам тээврийн ослын өмнө ямар байсныг шалгах боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 337 дугаартай:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-10 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Баянмөнхийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт ... ХӨА улсын дугаартай Хуандай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар зүйлийн 2.2а “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ө.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, үйл баримтын талаар агуулгын хувьд зөрүүгүйгээр мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтат мэдээллээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ болон түүний хувийн байдал “ам бүл 6, ээж, 2 дүү, эхнэр, охины хамт амьдардаг гэх Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/ зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.А нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Д.Д “Би өөрт учирсан хохирлоо А гэх залуугаар бүрэн нөхөн төлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Хохирогч Д.Н “...Надад учирсан хохирлыг А гэх залуу төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.А, хохирогч Д.Б, Ө.Г нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан: “...Д.А би Д.Б, Ө.Г нарт эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлсөн. Бэлнээр 1.500.000 төгрөг, 500.000 төгрөгөнд 2017 оны JI 7 маркын гар утас, 4.500.000 төгрөгөнд Н.Э-н эзэмшлийн Тоёота Надиа маркын ... УБҮ улсын дугаартай автомашин, нийт 7.200.000 төгрөгийн бэлэн мөнгө, эд зүйл өгсөн. Д.Б, Ө.Г бид нарын биеийн байдал сайжирч байна. Д.А-с эмчилгээний болон бусад зардалд 7.200.000 орчим бэлэн мөнгө болон эд зүйл авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно. Н.Э би дээрх мэдээлэл бүхий өөрийн эзэмшлийн автомашинаа Д.А-н өмнөөс хохирогч Ө.Г-н нэр дээр шилжүүлнэ” гэх эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.А-г хохирогч Д.Д, Д.Н, Д.Б, Ө.Г нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар Хуандай либеро маркын ... ХӨА улсын дугаартай автомашины эзэмшигч, иргэний хариуцагч М.У-аас шүүгдэгч Д.А-н хохирогч Б.Б-д учруулсан хохирлыг хувааж төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...Би засварын хөлсөнд төлөх мөнгө болох 65.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч Д.А, иргэний хариуцагч М.У нараас тус бүр 32.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 18380005420304 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Центр” худалдаа үйлчилгээний төвийн хяналтын камерын бичлэг бүхий Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.А-г автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.А-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.А, иргэний хариуцагч М.У нараас тус бүр 32.500 /гучин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.
6. Эрүүгийн 18380005420304 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Центр” худалдаа үйлчилгээний төвийн хяналтын камерын бичлэг бүхий Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН