Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00103

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 03-ны өдрийн 1560 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Бага оврын трактор, дагалдах хэрэгслийн хамт зээлээр өгсний төлбөр 4,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Хүнс хөдөө аж, ахуйн тариалан дэмжих сангаас 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Бот-2015/947 дугаартай бага оврын тракторыг зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг FT-250 маркийн бага оврын тракторыг анжисын хамт зээлээр авсан. Тухайн авсан 2 ширхэг тракторын үнийн дүнгийн 20 хувь буюу 1,000,000 төгрөг 2 ширхэг тракторын үнэ 2,000,000 төгрөгийг өгөөд үлдэх 2 ширхэг тракторын үнэ 8,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор жил бүр 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож 2 ширхэг бага оврын тракторыг авсан. Миний авсан 2 ширхэг тракторын нэгийг нь ******* надаар дамжуулж авхуулсан. ******* бага оврын тракторыг надад захихдаа урьдчилгаа тракторын үнэ болох 1,000,000 төгрөгт дүйцэхүйц хүнсний ногоо ачуулж явуулсан. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн тариалан дэмжих сангаас надад холбогдуулж 12,000,000 төгрөгийг шүүхэд хандаж нэхэмжилсэн. Уг нэхэмжилж байгаа мөнгөн дүн дээр үндсэн мөнгө 8,000,000 төгрөг дээр 4,000,000 төгрөг хүү нэмэгдээд нэхэмжлэл гаргасан.

******* нь надаар дамжуулж өөрөө авсан тракторын мөнгөний үлдэгдэл 4,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Би 2015 онд *******г хотоос Хүнс хөдөө аж ахуйн тариалан дэмжих сангаас бага оврын трактор худалдаж авна гэхээр нь өөртөө нэг бага оврын тракторыг *******д захиж авсан. Тухайн үед тракторын урьдчилгаа мөнгөнд 150 шуудай төмс ачиж явуулсан. Уг төмс нь тухайн үеийн ханшаар 3,000,000 төгрөг болно.

Би *******гээс төмсний зөрүү мөнгөө аваагүй. Дараа жил нь *******гийн ногооны 30 га, 20 га газруудад тариалалт хийж өгсөн. Би тухайн үед миний авхуулсан бага оврын тракторын үнэ болох 4,000,000 төгрөгийн өр дууссан гэж ойлгосон. Би *******д хонь, ямаа өгсөн. Надад зөрүүд нь ******* төмс манадаг багажаа өгнө гэж хэлчхээд өгөөгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *******аас 3,920,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 80,000 төгрөгөөр багасгасныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 78,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

4.1 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу талуудын хооронд бичгээр гэрээ байгуулсан байна гэдэг дүгнэлт бичсэн нь үндэслэлгүй бидний хооронд бичгээр гэрээ байгуулаагүй.

4.2 Хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тариалан эрхлэх дэмжих сангаас бага оврын трактор аваад өмчлөлдөө шилжүүлсэн байна гэжээ миний бие тариалан эрхлэн дэмжих сангаас тракторыг хүлээн аваагүй гэрээ байгаагүй.

4.3 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д  хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо шаардах эрх үүссэн үеэс тоолно гэтэл шаардах эрх үүсэх хугацаа нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс тооцно гэтэл шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гаргаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ын давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад бичвэрийн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

       1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд болсон үйл баримтыг зөв тодорхойлж, хууль зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж 2015 оны 09 дүгээр сард бага оврын трактор, дагалдах хэрэгслийн хамт зээлээр өгсний төлбөр 4,000,000 төгрөг, түүний хүү 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч ******* тус бага оврын тракторын төлбөрийн заримд нь хүнсний ногоо өгсөн, үлдэгдэл төлбөрт тодорхой тооны бог мал болон түүний ногооны талбайд тодорхой үнээр ажил гүйцэтгэж, төлбөрийг барагдуулсан гэж маргажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь  биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба 2015 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч ******* Хүнс,хөдөө аж ахуйн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлийн гэрээгээр FT-250  маркийн бага оврын трактор дагалдах хэрэгслийн хамт 2-ыг авч, хэлэлцэн тохиролцсоны дагуу нэгийг нь хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд хэн аль нь энэ талаар маргаагүй, талуудын хооронд амаар хийгдсэн хэлцлээс үзвэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг зөв үнэлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчдын нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй талаар заасан бөгөөд хариуцагч ******* зээлээр худалдаж авсан тракторын төлбөрийг төлсөн талаараа өөрөө нотолж чадаагүй байна.

Тухайлбал: Гэрч *******гийн “*******гийн өөрийнх нь малд ******* 1 ишигтэй ямаа, 5 тооны борлон тавьсныг мэдээгүй” гэсэн мэдүүлгээр тракторын төлбөрт хонь, ямаа өгсөн гэх хариуцагч *******ын тайлбар үгүйсгэгдэнэ.

Гэрч *******ын “*******гийн 30 га газрыг *******тай хамт хагалж, төмс тарьж өгч байсан, хэдэн төгрөгөөр ногоо тариалж өгч байсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлгээр талуудын хооронд гүйцэтгэх ажлын хөлсний талаар тодорхой үнэ хэлэлцэн тохиролцсон нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч *******гийн “...би түлшийг нь авч өгч тариалалт хийлгэсэн, тракторын төлбөртэй ямар ч хамааралгүй...” гэсэн тайлбарыг хариуцагч ******* үгүйсгэж чадаагүй болно.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай захирамжаар Хөдөө аж ахуйг дэмжих сан, ******* нарын хооронд 12,000,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд энэ өдрөөс нэхэмжлэгч *******д Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан шаардах эрх үүссэн байна.

Энэхүү эвлэрлийн гэрээгээр ******* нь Хөдөө аж ахуйг дэмжих санд хүү төлөхөөр тохиролцсон нь хариуцагч *******аас хүү шаардах үндэслэл болохгүй.

Учир нь нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч *******аас хүү шаардах боломжгүй гэж дүгнэсэн нь буруу биш юм.

Нэхэмжлэгч ******* тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа 80.000 төгрөгөөр багасгасан гэж үзэхээр  байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож буй дүнд уг 80,000 төгрөгийг оруулан тооцох байтал анхан шатны шүүх ...80,000 төгрөгөөр багасгасныг баталж, гэж тогтоох хэсэгт тусгасныг зөвтгөн бичвэрийн өөрчлөлт оруулах нь зүйтэй  байна.

Хариуцагч *******ын “... миний бие Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулаагүй, тракторыг сангаас хүлээж аваагүй, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүх хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын бичвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ ХЭСЭГ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 03-ны өдрийн 1560 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *******аас 3,920,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 80,000 төгрөгөөр багасгасныг баталж нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *******аас 3,920,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,080,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,263 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

       

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ

                                                                       ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА