Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/319

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Н.О, М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О, М.Б нарт холбогдох эрүүгийн 1838003610387 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.О.

Монгол Улсын иргэн, М.Б.

Шүүгдэгч Н.Ойгонболд, М.Биханз нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэн Ч.Амарсанаагийн эзэмшлийн Тэнхлэг маркийн мотоциклийг хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О, М.Б нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэн Ч.А-н эзэмшлийн Тэнхлэг маркийн мотоциклийг хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ... архи ууж нэлээд согтоод хашааны буланд сууж байтал Б энэ чиний мотоцикль шиг санагдаад байна чиний мотоцикль уу гэхээр нь би очиж тэр мотоциклийг нь үзээд биш байна нөгөө улаан мотоцикль байна гэсэн. Тэгсэн Б утас нийлүүлж байгаад тэр мотоциклийг асаахаар нь би араас нь түрээдэх гээд тэр мотоциклийг унаад араар нь би суугаад хамт явсан. Б бид хоёр тэр улаан мотоциклийг унаж явж байгаад засмал замын нөгөө талд гаргаад данхраадаад үлдээчихсэн. Хүний юмыг хэлэлгүй унаж авч явсандаа харамсаж байна. ...гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ...шар дэлгүүрийн үүдийг тогшоод онгойлгохгүй болохоор нь буцаад явж байсан чинь гудамжинд улаан өнгийн мотоцикль байж байсан. О энэ мотоциклийг унаад явъя гээд бид хоёр тэр мотоцикль дээр яваад очтол О ингэж мотоцикль асаадаг юм гээд мотоцикль асаах гэж үзээд асахгүй байхаар нь дүүгийнх рүүгээ яваад мотоциклио унаад хүрээд ирсэн. ...О-н ахынх нь дүү хүрч ирээд мотоциклийг унаад явсан. Би тэр улаан мотоциклийг О-н мотоцикль шиг санаад чиний мотоцикль уу гэхэд О биш байна нөгөө улаан мотоцикль байна гэхээр нь би утас нийлүүлж байгаад тэр мотоциклийг асаасан. ...бид хоёр улаан мотоциклийг унаж яваад засмал замын нөгөө талд гаргаад данхраадаад үлдээчихсэн. ...би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,

          Хохирогч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө мотоциклиороо гадуур явж байгаад консны тросс тасраад хашааныхаа гадаа гражны хаалга салхинд онгойгоод байхаар нь хаалга руу мөргүүлсэн байдалтай орхиод ...23 цаг өнгөрч байхад М заанаар гэртээ хүргүүлж ирсэн. ...мотоциклио хашаанд оруулаагүй гэртээ ороод унтсан. Өглөө 07 цагийн орчим босоод хөдөө явахаар гараад мотоциклио хартал миний мотоцикль байхгүй болчихсон байсан. ...О намайг нааш ир дөхөөд ир гэхээр нь хажууд нь очоод зогстол найз нь чиний мотоциклийг авсан нь үнэн. ...Би О-с чи тэгээд ганцаараа унаж явсан юм уу гэж асуутал мотоцикль чинь түлхүүргүй байсан, Б толгойных нь утсыг оролдож байгаад залгасан. Тэгээд би маньюлдаж асаагаад Б-г араараа суулгаад нэг их хол явалгүй унтраад асахгүй болсон. Чиний мотоцикль консны тросс тасарсан байсан гэж хэлсэн. ...2 хоногийн дараа хэсгийн төлөөлөгч дуудаад мотоцикль чинь олдсон ирж хүлээж ав гэж утсаар хэлсэн. ...би 1 жил орчим ашигласан болохоороо 1.200.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,                                                                             

Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагаас 01:00 цагийн хооронд байх гэж бодож байна ...би өөрийнхөө машинтай явж байгаад анх олж хараад нэг нь архи ууж яваад орхисон юм байх алга болчихож магадгүй гэж бодоод өөрийнхөө машиныг хашаандаа оруулж тавиад буцаж алхаад гудамжныхаа үзүүрт ирж мотоциклийг босгоод түрж хашаандаа оруулж тавьсан юм. ...хэсгийн төлөөлөгчид очиж мэдэгдтэл шөнө хулгайд алдагдаад олдохгүй байсан мотоцикль байгаа юм гэж хэлсэн. ...Би анх очоод түлхээд хэсэг яваад гэрэл тусгаад хартал толгойных нь утас цухуйчихсан байхаар нь хартал толгойны утсыг нь холбосон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.О, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.О, М.Б нарыг учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч Ч.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.О, М.Б нар нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 53 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.  

Эрүүгийн 1838003610387 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О, М.Б нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Н.О, М.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.О, М.Б нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, М.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.О, М.Б нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, М.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.  

 

      6. Эрүүгийн 1838003610387 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НЯМСҮРЭН